Халх гол чөлөөт бүсийн талаар ХХАА-н сайд Р.Бурмаа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Дорнод аймгийн удирдлагууд, Халх гол сумын Засаг дарга болон ХҮН-ын төлөөлөл оролцлоо. "Халх гол”-д чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Тус төслийг УИХ долдугаар сарын 9-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахын тулд Халх голын 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах юм. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газарт, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Уг чөлөөт бүстэй холбоотой үл ойлголцол үүсээд байгаа билээ. Тиймээс ХХАА-н сайд Р.Бурмаа чөлөөт бүстэй холбоотой судалгаа, мэдээллийг танилцуулсан юм.
Тэрээр “Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд Дорнод аймагт 5.4 сая га нь оногдож байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр есөн аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна. Тодруулбал, Халх гол суманд хайгуул хийх зөвшөөрөл олгсон талбай нь783 мянган га газар бөгөөд Халх гол чөлөөт бүсийн талбайтай давхацаж байна. Энэ газар нутгийг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй.
1996-2009 оны хооронд 13 жилийн хугацаанд газрын тосны хайгуул хийсэн БНХАУ-ын төрийн өмчийн "Петро Чайна" компанитай хамтарсан "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь Газрын тосны 19, 21 талбайд олборлолт хийж, түүхий газрын тосыг БНХАУ руу экспортолж байна. Өнөөдрийг хүртэл 24 тэрбум ам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн компани нь байгаль орчны хариуцлага хүлээдэггүй , дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь экспортолж байна. Тэнд 3500 гаруй ажилчин ажиллаж байгаагийн 3010 нь хятад ажилчин байна. Зөвхөн нэг баррель газрын тос олборлоход 10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна. Хэрвээ бид уг бүс нутагт хайгуул хийх талбайг тэлбэл тэнд зөвхөн хариуцлаггүй уул уурхайн ул мөр үлдээд зогсохгүй эдийн засагт үлдэц өгөөж багатай, ажлын байр нэмэгдүүлэхгүй , дэд бүтэц бий болохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороотой үлдэх юм. Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мянга га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгууллахыг даалгасан байдаг. Гэтэл орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр Халх гол сум нь 51 мянган га газрыг газар тариалан, 36 мянган га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон байна. Харин сансрын хиймэл дагуулаар авсан зурагт бууснаар газар тариалангийн зориулалтаар 58 мянган га газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж байна. Газар олголт замбараагүй, хяналтгүй байх өөр нэгэн шалтгаан нь хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар газар ашиглалт нь Хүнс, хөдөө аж ахуйн яам, хамгаалах нь АЖБОНХ Яам, бүртгэл нь Барилга хот байгуулалтын яам, хяналт, шалгалт нь Шадар сайдын мэдэлд тус тус байгаа нь газрыг хяналтгүй, бүртгэлгүй олгож байна. Жишээлбэл, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр Халх гол суманд нийт 13 аж ахуйн нэгжид 51900 га , эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 36000 га газрыг олгосон байдаг. Эдгээрээс зөвшөөрөгдсөн талбайгаа хэтрүүлэн ашиглаж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байна. Тухайлбал, Дорнод гурил ХХК нь 2734 га газрын зөвшөөрөлтэй атал энэхүү зөвшөөрөгсөн талбайгаасаа бараг 3000 га-аар илүү буюу 5900 га талбайг эзэмшиж байна. Мөн Нью Ариг Ус компани 3658 га газрын зөвшөөрөлтэй боловч нийт тариалсан талбайн хэмжээ нь 9630 га газар буюу 5972 га-аар хэтрүүлэн ашиглажээ.
Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болно. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон хэдий ч одоог хүртэл олон улсад байтугай, хөрш орнуудаараа малын гоц халдварт өвчингүй гэдгээ батлуулж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн салбарын хамгийн потенциал өндөртэй гэгдэх махны экспортыг хийж чадахгүй байна. Одоо бол цөөн тооны адуу хөлөөр нь экспорлохоос хэтрэхгүй байгаа. 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна. Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, хамгийн урт хугацаанд судлагдсан бүс нутаг юм. Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрынэкспедиц судалгаа хийж Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгч байв. Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна. Ийм хэмжээний үйлдвэрлэл хийхэд хорио цээр, хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Энэ бүс нь 500 мянган га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд Халх гол чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй юм" гэлээ.
Тэрээр цааш нь "Хятад ажилчид их хэмжээгээр орж ирнэ гэсэн мэдээлэл их гараад байгаа. Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын нийт гурван хувиас илүүгүй байхыг тогтоолдоо дурдсан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачидбайх юм. Тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-с дээш хувийг заавал Монгол хүнэ зэмших ёстой гэж тусгасан. Олон улсын жишгээр чөлөөт бүс бий болгосон газарт дэд бүтэц хурдтай хөгждөг. Үүний адилаар Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулагдаснаар тус бүс нутагт зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцүүд хөгжинө. Эдгээр нь Төрөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний талаар бодлогод орсон байдаг. Тус чөлөөт бүсэд 197 км урттай 35 кв-ийн цахилгаан шугам татах ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.