Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

​“Босоо хөх монгол”-ынхон БНХАУ-ын иргэнийг дарамталж 30 сая төгрөг авчээ

​“Босоо хөх монгол”-ынхон БНХАУ-ын иргэнийг дарамталж 30 сая төгрөг авчээ
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 19
Өөрсдийгөө эх орончид гэж нэрлэдэг “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын дөрвөн гишүүн Хятадын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрынхан тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг, Ц.Баяраа, Б.Батбаяр, Ц.Буяндүүрэн нарыг саатуулан шалгаж эхэлжээ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид даваа гаригт саатуулсан байна.

“Босоо хөх монгол” төрийн бус байгууллага Баянгол дүүрэгт байрлах “Улаанбаатар палас”-ын Их танхимд өнгөрсөн бямба гаригт “Эх орончдын анхдугаар чуулган”зохион байгуулсан. Тус арга хэмжээг зохион байгуулахын өмнөх өдөр буюу 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр дээрх дөрвөн хүн манай улсад бизнес эрхэлдэг БНХАУ-ын иргэн Ж-г сүрдүүлж мөнгө авчээ. Энэ мөнгийг паласт үйл ажиллагаа зохион байгуулахдаа ашигласан уу, хувьдаа завшсан уу гэдгийг тогтоохоор шалгаж байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Паласт болсон арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэлсэн байна лээ.

Бид зарим эх сурвалжаас мэдээлэл цуглууллаа. БНХАУ-ын иргэн Ж нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын дэлгүүртэй нэгэн юм байна. Хэрэг гардаг өдөр Э.Төмөрхуяг, Ц.Баяраа, Б.Батбаяр, Ц.Буяндүүрэн нар нь нэгэн эмэгтэй хамтаар Ж дээр ирж “Танай компани Монгол Улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэдээс энэ талаар гомдол ирсэн учраас шалгалт хийхээр ирлээ” гэжээ. Ингээд компанийн захирал Ж-г машиндаа суулган авч явжээ. Тэрхүү машин нь хөх өнгийн Тоёота Кроун маркийнх байсан талаар 100 айл дахь барилгын материалын дэлгүүрийн орчимд байсан хүмүүс хэлж байна.
Ингээд БНХАУ-ын иргэн Ж-г 30 сая төгрөг олж өг гэж дарамталсан байна. Ж тэр өдөртөө мөнгө хайж өөрийн найзтай хамт 100 айлын барилгын материалын “Цогт” дэлгүүрийн эзэн Д-ээс 30 мянган юаныг 20.00 цагийн үед бэлнээр авчээ. Мөн өөрийн данснаасаа Хүүхдийн 100-д байрлах Голомт банкны салбараас 21 сая төгрөг авч “Босоо хөх монгол”-ын Удирдах зөвлөлийн гишүүдэд өгчээ. Манай улс Монгол Улсад хөл гишгэсэн гадаадын иргэнийг өөрийн иргэнтэй адилтган хуулиараа хамгаалдаг. Бусад улс ч тийм байхыг эрмэлздэг. Гэтэл “эх орончид” гэж өөрсдийгөө дөвийлгөдөг “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын удирдлагууд нь гадаадын иргэнийг ийнхүү сүрдүүлэн мөнгө авсан байна.

Цаашлаад тэд БНХАУ-ын иргэн Ж-г машиндаа суулган “АСА цирк”-ийн урд талд байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станцын тэнд зогсчээ. Ингээд Ж-г хуурамч бичиг баримтад гарын үсэг зурахыг даалгасан байна. Цагдаагийнхан монгол болон хятад хэлээр бичигдсэн дээрх баримтыг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Тэрхүү бичигт, “Ж би Монгол Улсын иргэн Э.Төмөрхуягаас авсан барилгын материалын төлбөрт 30 сая төгрөг өгч, өрөө барагдууллаа” гэж бичсэн байжээ. “Босоо хөх монгол”-ынхон дээрх баримтыг Ж-гээр хүчээр бичүүлэн, хурууны хээг нь даруулсан талаар хохирогч цагдаагийн байгууллагад мэдүүлсэн юм байна.
Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар, бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн гэх үндэслэлээр Э.Төмөрхуяг, Ц.Баяраа, Б.Батбаяр, Ц.Буяндүүрэн нарыг Эрүүгийн хуулийн 149.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.

“Босоо хөх монгол” зэрэг хас тэмдэг зүүсэн залуучууд гадаадын иргэнийг дээрэлхдэг, дарамталж мөнгө авдаг, биед нь халддаг асуудал хэдэн жилийн өмнөөс дуулдаж эхэлсэн. Яг факт баримтаар тогтоогдоод шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдол цөөн. “Босоо хөх монгол”-ынхон бол “бидний нэрийг бариад дээрэм, шантааж хийдэг” гэж тайлбарладаг юм билээ.
Монголын газар нутагт гадаадын иргэнийг хууль зөрчүүлэхгүй, монгол хүнийг нутагт нь дээрэлхүүлэхгүй гэх тэдний ярьдаг зүйл зөв л дөө. Тэд Монгол дахь гадаадын компанид эрх нь зөрчигдөн ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, хууль хяналтын байгууллагад тусалсан удаа бий нь бий. Учраа мэдэхгүй хүүхдүүд, залуучууд тэдгээр хас тэмдэгтэй залуучуудыг бараг л “үндэсний баатар” гэж ойлгоцгоож байна. “Босоо хөх монгол”-ынхныг уриалбал буу шийдэм, хутга зэвсэг барьж гараад вьетнам, хятад, солонгосуудыг зодохоос сийхгүй террор этгээдийг тэд л бэлтгэж байна.
Төр нь гадаадын иргэдийн дураар авирлахыг зогсоож дийлэхгүй, эсвэл хүсэхгүй байгаа бол “мафи” нь төрийнхөө өмнөөс чихэнд нь биш маханд нь ойлгуулж өгдөг явдал дэлхийн зарим улсад байна аа байна. Гэхдээ Монгол Улс тиймдээ тулаагүй байна. Тэгээд ч соёлт XXI зуунд хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд ингэж дээрэнгүй, шударга бус хандаж болохгүй. Хөрш орнуудын итгэлцэл, гадаад харилцаанд муугаар нөлөөлнө. Монголд хятадууд, солонгосууд ажиллаж гэр бүлээ тэжээж байгаатай адил монголчууд ч харийн нутагт ахуй амьдралаа дээшлүүлэхээр хэцүү бэрхийг туулаад амьдарч л байгаа гэдгийг тэд бодох хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүйгээр “эх оронч” баг зүүгээр рекетээр хөлжихийг хүсч байгаа бол төр төмөр нударгаа үзүүлэхээс яах вэ.
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Э.ГАНЗОРИГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн