Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

"Болор цом"-ын эзэн тодорлоо

"Болор цом"-ын эзэн тодорлоо
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 3
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмыг энэ жил 33 дахь удаагаа зохион байгууллаа. Их зохиолч Д.Нацагдоржийн 100 жил, Д.Сэнгээгийн 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог 33 дахь удаагийн "Болор цом"-ын эзнээр яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тодорсон юм. 

Тус наадмын эхний шатанд 156 найрагч бүртгүүлж шүлэг найргаа ирүүлснээс хоёрдугаар шатанд Б.Алтанхуяг, М.Амархүү, Н.Батболд, Б.Батсайхан, Б.Баттулга, Л.Батцэнгэл, Б.Батхүү, Т.Баянсан, Б.Болорцэрэн, Б.Буянбадрах /Ховд/, М.Билэгсайхан, Л.Ганзул, Д.Гансүрэн /Хэнтий/, Э.Гантулга, Ц.Гончиг /Хөвсгөл/, Ч.Дамдиндорж, Н.Мөнхбаяр, Н.Минжинсайхан, С.Начин, П.Нямлхагва, М.Отгонбаяр, Б.Тогмид /Өвөрхангай/,Ай.Төмөр-Очир, Д.Түвшинцэцэг, Б.Чулуунцэцэг, М.Уянсүх, С.Ууганбаяр, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэбаатар, О.Эрдэнэбүрэн, Э.Уран -ӨМӨЗО, Т.Энххад-ӨМӨЗО гэсэн 33 яруу найрагч шалгарч үлдсэн юм.
1983 онд анх зохиогдсон жил Д.Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Д.Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Б.Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тус тус тэргүүлж байжээ. Мөн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ц.Хулан, Ц.Бавуудорж, Б.Галсансүх, Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир гээд олон арван найрагч Янжинлхамын эзэн болж байсан юм. Ингээд 33 дахь "Болор цом"-ын эзэн Ц.Эрдэнэбаатарын сүүлийн шатанд уншсан шүлгийг хүргэж байна.
СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн