Монгол Улсын зөвлөх инженер, УУХҮ-ийн яамны Геологийн бодлогын ахлах мэргэжилтэн Д.Болдтой геологи, хайгуулын салбарын талаар ярилцлаа.
-Гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт ёс дэх удаагаа болох юм байна. Энэ жилийн чуулга уулзалтын гол онцлог юу вэ?
-"Монголын геологи, хайгуул" 2017 оны чуулга уулзалтаар өнөөдрийн байгаа хууль эрхзүйн орчны талаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа ярилцана. Чуулганд оролцохоор орон нутгийн иргэд нэлээд ирж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг нэг бүрчлэн ярина. Энэ чиглэлд Засгийн газар, орон нутаг, иргэд ямар ажил хийх ёстой байгааг талаар ярьж, нэгдсэн ойлголтод хүрнэ. Өмнөх геологи, хайгуулын чуулга уулзалтын хүрээнд олон улсын сургалт, семинар зохион байгуулж байгаагүй. Энэ удаа гадаадын мэргэшсэн зөвлөх инженерүүд ирж сургалт хийнэ. Газрын доорх метан хийн чиглэлээр нарийн судалгаа хийгдэнэ. Түүнчлэн, чуулга уулзалтын үеэр бизнес уулзалт хийхээр төлөвлөж байна. Засгийн газрын хуралдаанаар “Алт -2 хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, алтны томоохон хүдрийн биет, зооно, зангилаануудыг гаргаж, алт олборлогчдод санал болгоно. Алтны хайгуулын лиценз сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд өргөдөл юм уу, сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагааг явуулах боломжийг нээнэ.
-Алт олборлолтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэж Сангийн яам болон Монголбанк тооцож байгаа. Нөгөө талд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам геологи, хайгуулын салбарт шинээр алтны орд илрүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ. Энэ жилийн хувьд бэлэн ямар төслүүд байгаа вэ?
-Манай яам жилд дунджаар алт олборлолтыг 2-3 тоноор нэмэхээр төлөвлөж байна. Ингэхдээ хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ. Нөөц нь батлагдсан алтны А лицензтэй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярьж байна. Хайгуулын талбайд ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжиж, улсын эрдэс баялгийн санг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Монголд хөрөнгөө оруулъя, хайгуул хийе гэсэн гадна, дотнын компаниуд хэр байгаа вэ?
-Геологи, хайгуул судалгааны ажилд Канадын технологи, шинэ дэвшилтэд инновацийг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна. Канад, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрдэс баялгийн салбарт геологи хайгуулын ажлыг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уул уурхай, газрын тосны чиглэлд Канадын хөрөнгө оруулалттай хоёр том төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн хүрээнд технологио шинэчлэх, боловсон хүчнээ сургах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Улсын төсвөөс 9.3 тэрбум төгрөгийг төсөвлөж, газрын ховор элементийн бөөгнөрөл, геологийн сэдэвчилсэн судалгааг хийж байна. Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, алтны өндөр нөөцтэй орд хаана байна, Монгол Улсад шаардлагатай геологийн зураглалыг нэмж зохионо. 2017 онд геологи хайгуулын ажил нь үргэлжлэх 38, шинээр найман төсөл эхэлнэ. Цаашид баруун зүгт буюу Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн урд зүгт геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар 1950 гаруй хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
-Гацууртын алтны ордыг хөдөлгөх талд дээр танай яам юу хийж байна вэ. Хөрөнгө оруулагч талтай уулзаж санал солилцож байгаа юу?
-Энэ сард багтаан Гарцууртын алтны ордын лиценз эзэмшигчид нөөцөө дахин тогтоолгож Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх ёстой. Гацуурт нь стратегийн орд учраас Засгийн газар, яам, Ашигт малтмалын газар, бусад мэргэжилтнүүд нөөцийг албан ёсоор тогтоолгох ёстой. Лиценз эзэмшигч "Сентерра гоулд" компанид албан ёсоор үүрэг өгсөн байгаа. Хайгуулын ажлын зардал нэлээд багассан бөгөөд 2015 оны байдлаар 132 тэрбум болсон байгаа.