Open iToim app
Эрүүл монгол | 9 мин уншина

Б.Болдсайхан: Үе мөч нь өвддөг хүмүүс намар, хавартаа эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй

Б.Болдсайхан: Үе мөч нь өвддөг хүмүүс намар, хавартаа эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 23
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Орой болохоор хурууны үеэр өвддөг. Энэ үе мөчний өвчин мөн үү?
-Ер нь үе өвдөж байна гэдэг үе мөчинд өөрчлөлт гарч байна гэсэн үг. Ялангуяа Монголд хавар, намарт цаг агаар тогтворгүй, хүйтэн, дулаан ээлжилдэг учир өвчин сэдрэх нь элбэг. Тийм учраас үе мөч нь өвддөг хүмүүс хавар, намар сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тухайлбал, энэ хүн пенициллин-жи эхэлсэн байгаа байх гэж бодож байна. Уг тариа үе мөчний өвчнүүдийг үүсгэдэг шалтгааныг тасална. Том хүн пенициллин-жи-г 2.4 саяар 21 хоног нэг удаа нэгээс хоёр жил тасралтгүй хийх хэрэгтэй. Мөн аспирин 100-г хоолны дараа нэг жил тогтмол уух ёстой. Хавар 14-20 хоногийн хугацаанд ибупрофейн ч юм уу, эмчээс зөвлөгөө аваад үрэвсэл дардаг, өмчин намдаах эм хавсарч уух ёстой. Дархлаа зохицуулах эм давхар уух ёстой. Үе мөч өвддөг хүн хавартаа бие гайгүй байсан ч эмчилгээ хийх нь зүйтэй.
-Хэрэв жирэмсэн бол дээрх эмчилгээг хийж болох уу?
-Жирэмсэн бол дээрх эмчилгээг хийж болохгүй. Урагт нөлөөлөхгүй эмүүдийг сонгож хэрэглэх хэрэгтй. Аспирин их хэрэглэвэл цус алдаж зулбах аюултай.
-Но-шпа, парацетамол хоёулаа өвчин намдаах эм мөн үү. Юугаараа ялгаатай вэ?
-Энэ уг нь буруу асуулт. Аль нь ч байсан эмч биш хүн үүнийг тийм тохиолдолд, тэрийг тэр өвчинд гэж өөрөө мэдээд уух эмч бол биш. Ялангуяа но-шпа. Парацетамол бол зарим оронд эмийн сангуудад, бүр хүнсний дэлгүүрт ч гэсэн зардаг. Харин но-шпа бол эмчийн заавраар, эмчийн жороор авч уудаг эм. Тэгэхээр ийм асуулт асуугаад, өөрөө дур мэдэн авч уух гэж байгаа бол буруу юм.
Ер нь бол энэ хоёр эм хоорондоо өөр. Парацетамол бол өвчин намдаах, үрэвсэл дарах, халуун буулгах, зовиур намжаах үйлчилгээтэй. Гэхдээ харьцангуй зөөлөн. Но-шпа бол гилгэр булчинг сулруулдаг эм. Тэгэхээр гэдэс зангирсан тохиолдолд, эсвэл цөсний, давсагны булчинг сулруулах зорилгоор эмчийн заавраар уудаг. Но-шпаг зарим хүн шүдээ өвдөхөд хүртэл зуучихсан явж байдаг. Энэ бол инээдтэй хэрэг. Яагаад гэвэл, но-шпаг амандаа зуухаар аманд үйлчилдэг, уухаар ходоодонд үйлчилдэг эм биш. Адилхан ууж байж дотроос нь үйлчилдэг. Хоёрдугаарт, но-шпаг ерөөсөө дураараа ууж болохгүй.
-Жин яагаад нэмэгддэггүй вэ. Яаж ч хичээсэн таргалахгүй юм?
-Яагаад жингээ нэмнэ гэж байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь хүнд стандарт жин гэж байдаггүй. Хүнийг туранхай горзгордуу, намхан пагдгар-хүчирхэгдүү биетэй, эсвэл дунд зэргийн гэж гурав ангилдаг. Дунд зэргийн хэв шинжтэй хүн өөрийнхөө өндрөөс 100-г хассантай адил жинтэй байх ёстой. 170 см өндөр хүн 65-70 кг жинтэй байвал хэвийн гэж үзнэ. Горзгордуу хэв шинжтэй хүн 115-ыг хасч, пагдгардуу биетэй хүн 90-г хасахад хэвийн жинтэй байна гэж ойлгож болно.
Дээр хэлснээр тооцож үзэхэд хэвийн жингээсээ хэтэрхий бага байвал туранхай гэж үзнэ. Эрүүл мэнд, гоо сайханд нь нөлөөлөхүйц байгаа бол шалтгааныг нь олох хэрэгтэй. Ингэхдээ хамгийн энгийнээс эхлэх зөв. Хангалттай хоол идэж, амарч чадач байна уу. Мөн бүдүүн гэдэсний ямар нэг өвчин бий юу гэдгээ шинжлүүлэх хэрэгтэй. Хэрвээ огцом жин хасаад байвал сүрьеэ, хавдар байгаа юм биш биз гэж эхлээд заавал муу талаар нь бодоход гэмгүй. Ямар нэг өвчин зовиургүй бол бидний хэдгээр цагаан хорхойгоо шалгуулахаар очих хэрэгтэй. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэсч үү гэдгийг үзүүл. Бамбай булчирхай нь бодисын солилцооны идэвхийг давхар хариуцаж байдаг учир таргалах, турахад бас нөлөөлнө. Гэхдээ таргалалт олон өвчний үүр болдог учраас болж өгвөл туранхай талдаа байсан нь дээр гэж зөвлөмөөр байна.
-Шилжилтийн насан дээр хатиг, батгандаа их шаналдаг. Энэ үед цусаа солиулах сайн гэдэг. Судаснаас цус аваад пенициллинтэй хольж өгзгөнд шахдаг. Энэ хэр сайн арга вэ?
-Энэ магадгүй өнгөрсөн зууны хориод оны үед Европт туршиж байсан арга. Манайд яаж яваад ирчихсэн юм бүү мэд. Хар ухаанаар бодоход хүний гарын цус гартаа, бөгснийх нь тэндээ байна гэж байхгүй. Зүрхээр дамжаад үргэлж эргэлдэж байдаг. Ингээд бодвол энэ нь бөөгийн маягийн эмчилгээ юм шиг байгаа юм. Одоо бал онигоо шахуу юм.
Үсний хувьд ярихад цуг нь цэцгийн сав шиг ууттай, түүнийг нь тэжээж байдаг тослогийн булчирхайнууд байдаг. Түүн дотор нян орж үржвэл булчирхайн тос гарах суваг нь битүүрч үрэвсдэг. Түүний улмаас идээт үрэвсэл үүсэхийг батга гээд байгаа юм. Энэ нь үрэвссээр арьсны доод талд том идээт ужиг болохоор нь хатиг гэж нэрлэдэг. Үүнийг дээрх аргаар эмчилж болохгүй.
Түүний оронд шинжилгээ өгч, ямар антибиотикаар дарагдахыг тодорхойлж, эм уух, тослог багасгах саван хэрэглэх, метилийн спиртээр арчих зэргээр эмчлэх нь зөв. Шилжилтийн насанд хүний биеийн бүх гормон өөрчлөгдөж байдаг учраас үнэр, тосны булчирхайнууд ч огцом хөгжин идэвхиждэг.
-Үс унахад самар сайн цөм гэдэг нь ямар учиртай вэ. Самранд ямар витамин байдаг вэ?
-Би яг ингэж зөвлөдгийг сонсоогуй юм байна. Сүүлийн үеийн анагаах ухаанд хоол тэжээлийн ухаан их хөгжиж байгаа. Тэрэнд самар хамгийн моодонд орж байгаа. Яагаад гэхээр, бух төрлийн самрыг судалж узэхэд хамгийн сайн эрдэс бодистой, хамгийн сайн ханаагуй хучилтэй, хамгийн их уурагтай, тэр нь хоорондоо маш зөв зохицолгоотой байгаа нь тогтоогдсон юм байна. Тэр байтугай самар идэхээр турдаг гэж ярьдаг. Жаахан жаахнаар, хөдөлмөр гаргаад идэхээр өлсдөггуй, өлсөхгуй болохоор элдэв янзын боов талх идээд байхгуй гэж ярьдаг. Самранд хүнийг тайвшруулдаг, тархины уйл ажиллагааг сайжруулдаг янз янзын уургийн пептидийн бодисууд байдаг. Ялангуяа тархи мэдрэлийн эд эсууд их төлөв өөх тос ба уургийн бодисын нийлбэрээс бүрдсэн байдаг. Мэдрэлийн эсүүдэд хэрэгтэй бодисууд самранд маш их байдаг. Тэр дундаа манай хуш модны самар бол хамгийн сайн чанартай нь. Тийм ч учраас хушны самар хамгийн амттай. Том грек самар юм уу, хушга идэж байснаас самрын ганц ширхэг жижиг чөмөг идэхэд хэчнээн гоё амттай байдаг билээ. Тэр амт нь тийм ч учиртай юм. Хятадад ч, Европт ч манай хушны самар маш өндөр унэтэй байдаг. Тэгэхээр зөвхөн ус унахад ч биш, ер нь хушны самар хүнд их хэрэгтэй юм билээ. Самар сайн идэж байх хэрэгтэй. Болвол Монголын хушны самрыг идэж байх нь зүгээр.
-Сармисны үрэл хэрэглэх сайн гэх юм. Яг юунд сайн бэ, гадуур янз бурийг худалдаж байна. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ?
-Сармисны аль ч бэлдмэл сайн. Дан сармисаараа ч тэр. Капсултай болгосон, спиртэн хэлбэрээр ч байдаг. Аль ч хэлбэр нь хүний биед сайн нөлөөтэй. Сүүлийн арав, хорин жил дэлхийн улс орнууд сармисны судалгаа их хийж байгаа. Хүний биед маш сайн үйлчилгээ үзүүлдэг.Эхнийх нь антиоксидант үйлчилгээ. Аль ч эсийн гадна талын мембранууд дээр хэт исэлдэх процесс явагддаг. Тосоор бол хурших юм даа. Тэрний эсрэг эс болгоны мембраны гадна давхаргыг хэт исэлдэлтээс Хамгаалдаг гэсэн үг. Залуугаар нь,гэмтээхгүй, эрүүл сайн эс байлгах нь, хөгшрөлтөөс хамгаапна. Нас уртасгана, хоол шингээлтийг сайжруулна, залуу эрч хүчтэй байлгана. Үндсэн механизм нь энэ. Тэгэхээр аль болоххэрэглэжбайх хэрэгтэй. Монголчууд унэрээс нь их төвөгшөөдөг. Тийм хүмүүс капсулаар нь хоолны өмнө хэрэглэх нь арай дээр. Яг хоолны өмнө уугаад, араас нь хоол идвэл харьцангуй гайгүй. Эсвэл араас нь үнэр дарах юм идэж, ууж болно. Зүрхэнд ямар нэгэн өөрчлөлттэй, өөрчлөлтгүй ч ямар нэгэн эрсдэлтэй, саахар, жин ихтэй, хөдөлгөөн багатай хүмүүс, ер нь эрүүл хүн ч хэрэглэж байхад хамгийн сайн юмны нэг. Хэрэглэж байгаарай гэж хэлмээр байна.
-Борц идэх сайн уу. Гэр хороололд хийсэн борц идэх нь хүний биед сөргөөр нөлөөлөх үү?
-Борц бол ХХIзуунд ч дээрдүүлэх аргагүй хамгийн сайн хоол. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр ямар ч химийн бодис ороогүй, экологийн цэвэр бутээгдэхүүн. Хэрэггүй бодисууд нь бүгд нар салхины урсгалаар алга болоод зөвхөн цэвэр уургийн концентрац хүний биед очдог. Энэ нь орчин үеийн сансрын нисэгчдийн хоолтой адил юм. Айраг ч гэсэн энэ зууны хамгийн өндөр биотехнологийн түвшинд хийгдсэн бүтээл. Айраг, борцноос илүү сайн хоол хийх бараг бололцоогүй. Борцыг орон болгонд хийгээд байж болдоггүй. Монголын өндөрлөгт хуурай, салхитай, сэрүүн орчинд хийдэг. Японд ч юм уу, Африкт хийнэ гэж байхгүй. Харин Америкт индианууд хийдэг юм билээ. Гэхдээ манай борц шиг чанартай борц биш зуны хонины хатуу борцорхуу юм хийдэг. Гэр хороолол тийшээ утаа униар орж байгаа байх. Гэхдээ харьцангүй гайгүй. Өнгөц давхарганд нь л орж байгаа болохоор гайгүй гэж бодож байна. Тиймээс хөдөө, хот, гэр хороолол гэлтгүй борц хийж идэж байх хэрэгтэй. Борц бол хамгийн сайн мах. Зоорины махнаас ч илүү чанартай сайн мах гэж хэлмээр байна.
-Шар айраг саахарын өвчинд нөлөөлдөг уу. Шар айраг уусны маргааш саахарын шинжилгээ өгөхөөр их гараад байдаг?
-Нөлөөлнө. Хэрвээ шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлнө. Яагаад гэвэл, шар айраг бол хүмүүсийн хэлдгээр шингэн талх гэдэг нь зөв л дөө. Талхтай адил улаанбуудайг соёолжтой хамт исгэж хийсэн болохоор шингэн талх гэсэн үг. Тэгэхээр талх идэж байна гэдэг нь өөрөөр хэлбэл маш их хэмжээний нүүрс ус авч байна гэсэн үг. Нүүрс ус нь глюкоз юм уу глюкозтой адил бүлгийн молекулуудаас тогтдог. Тэгэхээр шар айраг их хэмжээгээр уувал шууд нөлөөлж, саахар ихэсгэнэ, бас таргалуулна. Хэрэв шар айргийг бага хэмжээгээр буюу өдөрт нэг лаазнаас илүүгүй, 330 мл уувал харьцангуй гайгүй. Саахарт нөлөөлөөд байхгүй. Харин ч эсрэгээр биед сайн, хоол шингээнэ, унтаж амрахад сайн. Тэгэхээр хэмжээг нь л сайн тааруулах хэрэгтэй. Зөвхөн шар айраг ч биш хоол тэжээлийн хувьд бид сайн тааруулж чаддаггүй учраас маш олон тарган хүнтэй, маш их саахарын өвчтэй, хөдөлгөөний хомсдолтой, даралт зүрхний өвчтэй хүмүүстэй болоод байна.
-Оготнын баас буюу барагшун хүний биед сайн гэдэг. Яагаад?
-Барагшуны оготнын баас гэдгийг мэдэж байна гэдэг нь эртнээс монголчууд хэрэглэж байсны баталгаа. Ихэнх оронд муми гэж нэрлэдэг. Алтайн нуруу, говийн хадтай газар амьдардаг, Асар ховордсон оготнын төрөл л дөө. Шавьж, газрын ургамал идэж амьдардаг мөртлөө алт зэрэг ховор эрдэс, металл оршдог газарт суурьшдаг сонин амьтан. Олон өрөө тасалгаатай нүхэнд амьдардаг ч бие засдаг ганцхан газартай байдаг онцлогтой. Тэр нь олон арван жил нар, салхи зэрэг байгалийн үзэгдэлд цэвэршсээр ховор металл, микроэлемент нь үлдэж хоцордог. Түүнийг хүмүүс авч хэрэглэдэг. Гэхдээ хамгийн их хэрэглэдэг өвчин гэж бий. Ясны хугарал, элэг цөс, ходоод гэдэсний өвчин болон бөөрний замын өвчинд их сайн. Сүүлийн үед шахмал уусмал хэлбэрээр бэлтгэдэг болсон.
-Барагшуныг эрүүл хүн хэрэглэж болох уу?
-Хаврын ядаргаатай тарчиг цагт бага тунгаар хэрэглэж болно. Өдөрт нэг тун ч юм уу долоон хувийн уусмалыг нэг халбага ууж болох юм.
-Зарим өвчинд амьтны мах сайн гэж сонссон. Зүрхэнд туулайн зүрх, ходоодонд чонын ходоод гээд л. Энэ үнэхээр сайн уу?
-Зүрх өвдөхөд туулайн зүрх сайн гээд хүмүүс бараг л зүрхийг нь цохилуулж байгаад залгисан байдаг нь зүгээр олсныг огт сонсоогүй. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Туулайн зүрх хүний ходоод, нарийн гэдсэнд очоод аминхүчлүүд нь нүүрс ус болтлоо бүгд задарчихдаг. Туулайн зүрхэнд эмчилгээний эффект болохоор бодис олдсон юм байхгүй. Харин чонын ходоодыг тэр дор нь цэвэрлээд залгих юм бол тухайн хүний саяхан идсэн хоолыг шингээхэд тус болж болох л юм. Учир нь, энэ нь маш хүчирхэг ходоод. 5-10 зг мах, арьс арьс үс ходоодонд орсон байхад зад шингээхээр бодис чонын ходоодонд агуулагдаж байдаг. Харин ходоодны шархыг бол эмнэж чадахгүй юм. Ер нь уншигчдадаа хандаж хэлэхэд чонын ходоод, туулайн зүрх, мах ч бай болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь, чонын дархлаа шиг хүний биед тийм дархлаа байдаггүй учир заавал ходоод, махыг нь идэх гэсний хэрэггүй. Одоо үед хүнийг бүрэн эмчилж чадахаар техник, технологи бий болсон. Ялангуяа ходоодны шарх бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн