Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна.
-Оготнын баас буюу барагшун хүний биед сайн гэдэг. Яагаад?
-Барагшуны оготнын баас гэдгийг мэдэж байна гэдэг нь эртнээс монголчууд хэрэглэж байсны баталгаа. Ихэнх оронд муми гэж нэрлэдэг. Алтайн нуруу, говийн хадтай газар амьдардаг, Асар ховордсон оготнын төрөл л дөө. Шавьж, газрын ургамал идэж амьдардаг мөртлөө алт зэрэг ховор эрдэс, металл оршдог газарт суурьшдаг сонин амьтан. Олон өрөө тасалгаатай нүхэнд амьдардаг ч бие засдаг ганцхан газартай байдаг онцлогтой. Тэр нь олон арван жил нар, салхи зэрэг байгалийн үзэгдэлд цэвэршсээр ховор металл, микроэлемент нь үлдэж хоцордог. Түүнийг хүмүүс авч хэрэглэдэг. Гэхдээ хамгийн их хэрэглэдэг өвчин гэж бий. Ясны хугарал, элэг цөс, ходоод гэдэсний өвчин болон бөөрний замын өвчинд их сайн. Сүүлийн үед шахмал уусмал хэлбэрээр бэлтгэдэг болсон.
-Барагшуныг эрүүл хүн хэрэглэж болох уу?
-Хаврын ядаргаатай тарчиг цагт бага тунгаар хэрэглэж болно. Өдөрт нэг тун ч юм уу долоон хувийн уусмалыг нэг халбага ууж болох юм.
-Шилжилтийн насан дээр хатиг, батгандаа их шаналдаг. Энэ үед цусаа солиулах сайн гэдэг. Судаснаас цус аваад пенициллинтэй хольж өгзгөнд шахдаг. Энэ хэр сайн арга вэ?
-Энэ магадгүй өнгөрсөн зууны хориод оны үед Европт туршиж байсан арга. Манайд яаж яваад ирчихсэн юм бүү мэд. Хар ухаанаар бодоход хүний гарын цус гартаа, бөгснийх нь тэндээ байна гэж байхгүй. Зүрхээр дамжаад үргэлж эргэлдэж байдаг. Ингээд бодвол энэ нь бөөгийн маягийн эмчилгээ юм шиг байгаа юм. Одоо бал онигоо шахуу юм.
Үсний хувьд ярихад цуг нь цэцгийн сав шиг ууттай, түүнийг нь тэжээж байдаг тослогийн булчирхайнууд байдаг. Түүн дотор нян орж үржвэл булчирхайн тос гарах суваг нь битүүрч үрэвсдэг. Түүний улмаас идээт үрэвсэл үүсэхийг батга гээд байгаа юм. Энэ нь үрэвссээр арьсны доод талд том идээт ужиг болохоор нь хатиг гэж нэрлэдэг. Үүнийг дээрх аргаар эмчилж болохгүй.
Түүний оронд шинжилгээ өгч, ямар антибиотикаар дарагдахыг тодорхойлж, эм уух, тослог багасгах саван хэрэглэх, метилийн спиртээр арчих зэргээр эмчлэх нь зөв. Шилжилтийн насанд хүний биеийн бүх гормон өөрчлөгдөж байдаг учраас үнэр, тосны булчирхайнууд ч огцом хөгжин идэвхиждэг.
-Миний хэл сүүлийн үед өнгөртөж бэржгэр, цагаан өнгөтэй болоод байна. Энэ юутай холбоотой вэ?
-Хэл бол хүний улаан хоолойноос авахуулад ходоод, нарийн бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах бүх системийн толь нь болдог. Хүний хэл чийгтэй, ягаан, өнгөргүй, элдэв амт үнэргүй байвал хүн хоол боловсруулах систем зүгээр бйна гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв хэл нь бэржгэр, цагаан өнгөртэй бол ходоод, бүдүүн гэдэсний ямар нэг өвчин байх магадлалтай. Хоёрдугаарт, хоол нь сайн зохицохгүй байж болох юм. Тиймээс дотор эрхтнээ үзүүлэх хэрэгтэй.
-Жин яагаад нэмэгддэггүй вэ. Яаж ч хичээсэн таргалахгүй юм?
-Яагаад жингээ нэмнэ гэж байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь хүнд стандарт жин гэж байдаггүй. Хүнийг туранхай горзгордуу, намхан пагдгар-хүчирхэгдүү биетэй, эсвэл дунд зэргийн гэж гурав ангилдаг. Дунд зэргийн хэв шинжтэй хүн өөрийнхөө өндрөөс 100-г хассантай адил жинтэй байх ёстой. 170 см өндөр хүн 65-70 кг жинтэй байвал хэвийн гэж үзнэ. Горзгордуу хэв шинжтэй хүн 115-ыг хасч, пагдгардуу биетэй хүн 90-г хасахад хэвийн жинтэй байна гэж ойлгож болно.
Дээр хэлснээр тооцож үзэхэд хэвийн жингээсээ хэтэрхий бага байвал туранхай гэж үзнэ. Эрүүл мэнд, гоо сайханд нь нөлөөлөхүйц байгаа бол шалтгааныг нь олох хэрэгтэй. Ингэхдээ хамгийн энгийнээс эхлэх зөв. Хангалттай хоол идэж, амарч чадач байна уу. Мөн бүдүүн гэдэсний ямар нэг өвчин бий юу гэдгээ шинжлүүлэх хэрэгтэй. Хэрвээ огцом жин хасаад байвал сүрьеэ, хавдар байгаа юм биш биз гэж эхлээд заавал муу талаар нь бодоход гэмгүй. Ямар нэг өвчин зовиургүй бол бидний хэдгээр цагаан хорхойгоо шалгуулахаар очих хэрэгтэй. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэсч үү гэдгийг үзүүл. Бамбай булчирхай нь бодисын солилцооны идэвхийг давхар хариуцаж байдаг учир таргалах, турахад бас нөлөөлнө. Гэхдээ таргалалт олон өвчний үүр болдог учраас болж өгвөл туранхай талдаа байсан нь дээр гэж зөвлөмөөр байна.
-Монгол хүний ген сайн учраас гахайн томуу тусахгүй гэж өнгөрөөнө гэж яриад байгаа. Бас зарим хүн спиртийн төрлийн зүйлийг уугаад байхад үүнээс хол байх магадлалтай гэж яриа гараад байсан. Энэ бол зүгээр хошигнож байгаа, тийм үү?
-Наадахыг чинь шоглож ярьсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл, гахайн томуугаар нэлээд хэдэн хүн өвдсөн. Тэгэхээр бид гахайн томуу юм уу, бусад вирусээр өвддөггүй тийм онцгой зүйлийн хүмүүс биш болох нь батлагдчихлаа шүү дээ. ДОХ-оор бас тэгж ярьж байсан. Архины тухайд бол мэдэхгүй. Тийм судалгаа хийгдээгүй. Гэхдээ архи бага тунгаар уувал маш сайн эм. Өөрөөр хэлбэл, хоолны дараа 37 граммаас багаар уувал сайн. Хоёрдугаарт, женшень, аспирин, архи гурваас өөр хамгийн бага гаж нөлөө өгдөг, бүх эрхтэн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг эм байхгүй. Гэхдээ архины муу тал нь бүгдээрээ мэдэж байгаа. Эмийн тунгаас бага зэрэг ихэдвэл, аспириныг 10 давхарлаад уувал, шууд цус алдаад үхнэ. Тэрэнтэй адилхан архийг 37 граммаас илүү гурав нугалаад уувал хүн наркоз авсантай адилхан болдог, мэдрэл нь ч, элэг нь ч хордоод хэлэдэг. Хэрвээ архийг зөв тааруулж, улаан дарсыг 50 граммаар, шар айргийг 330 мл-ээр орой болгон уувал ханиадны үед урьдчилан сэргийлэхээс гадна, хоол боловсруулах систем, зүрх судасны системд тайвширч амрахад сайнаар нөлөөлдөг.
-Шилэн дээр зурах ч юм уу, айж цочих, эсвэл нэг их таатай байдлаас үс өрвийх шиг болдог доо. Энэ ямар учиртай мэдрэмж вэ?
-Бид шимпанзе өвгөөсөө аль эрт 1.5 сая жилийн трэтээ салсан ч биологийн талаасаа нэг төрлийн хөгжсөн сармагчин шүү дээ. Хэдийгээр үс ноос арилсан ч гэлээ, бидний шинж тэмдгийг илэрхийлж байдаг эр, эм хүйс, бэлгийн бойжилтод хүрснийг илтгэх суга умдаг, цээжний үс үлдсэн. Бусад үс нь арилсан боловч шар үсний хэмжээнд бүхий биед үс байгаа. Түүнийг байнга хөдөлгөж байдаг булчингууд бас бий. Хүнд айдас төрөхөөр тэр булчингууд ажиллаад үсийг босгодог. Чоно, нохой хүн рүү ч юм уу, араатан амьтан руу үсээ босгож, архираад дайрдагтай адил юм. Энэ нь биднийг сармагчин гэдгийг харуулж бйгаа хэрэг.
-Цианит натри, мөнгө усны хор гээд байна. Энэ талаар мэргэжлийн хүнээс энгийн тайлбар хүсч байна?
-Цианит натри, мөнгөн усны аль аль нь хүнд металл, хорт бодис. Тэгэхээр хүний биед нэг л орвол цусанд байгаа амин чухал үүрэг гүйцэтгэдэг уургуудтай холбогдоод салдаггүй. Энэ нь шээс, нус, цэр, хөлс зэргээр гардаггүй гэсэн үг юм. Их хэмжээгээр хүний биед орвол шууд амь насанд нь хүрдэг. Мэдрэлийн систем, элэгний үйл ажиллагааг дарангуйлна. Хүний ордлого тайлах хэвийн үйл ажиллагааг зогсооно. Бага тунгаар хүний биед орсон тохиолдолд удаан хугацаагаар гүн хордлогод оруулах аюултай байдаг. Мөн мэдрэлээс авахуулаад ходоод, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, элэг бөөр зэрэг эрхтнүүдийн дутагдалд оруулдаг.
Цианит натри, мөнгөн усыг эрүүл мэндийн хуулиар бол халууны шил хагарахад л түргэн дуудаж хамгаалуулдаг байсан бол алт угааж буй хүмүүс литр, литрээр нь хэрэглэж амь насаа хорлож байна гэдгийг сануулах хэрэгтэй.
-Зарим өвчинд амьтны мах сайн гэж сонссон. Зүрхэнд туулайн зүрх, ходоодонд чонын ходоод гээд л. Энэ үнэхээр сайн уу?
-Зүрх өвдөхөд туулайн зүрх сайн гээд хүмүүс бараг л зүрхийг нь цохилуулж байгаад залгисан байдаг нь зүгээр олсныг огт сонсоогүй. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Туулайн зүрх хүний ходоод, нарийн гэдсэнд очоод аминхүчлүүд нь нүүрс ус болтлоо бүгд задарчихдаг. Туулайн зүрхэнд эмчилгээний эффект болохоор бодис олдсон юм байхгүй. Харин чонын ходоодыг тэр дор нь цэвэрлээд залгих юм бол тухайн хүний саяхан идсэн хоолыг шингээхэд тус болж болох л юм. Учир нь, энэ нь маш хүчирхэг ходоод. 5-10 зг мах, арьс арьс үс ходоодонд орсон байхад зад шингээхээр бодис чонын ходоодонд агуулагдаж байдаг. Харин ходоодны шархыг бол эмнэж чадахгүй юм. Ер нь уншигчдадаа хандаж хэлэхэд чонын ходоод, туулайн зүрх, мах ч бай болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь, чонын дархлаа шиг хүний биед тийм дархлаа байдаггүй учир заавал ходоод, махыг нь идэх гэсний хэрэггүй. Одоо үед хүнийг бүрэн эмчилж чадахаар техник, технологи бий болсон. Ялангуяа ходоодны шарх бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм.
-Но-шпа, парацетамол хоёулаа өвчин намдаах эм мөн үү. Юугаараа ялгаатай вэ?
-Энэ уг нь буруу асуулт. Аль нь ч байсан эмч биш хүн үүнийг тийм тохиолдолд, тэрийг тэр өвчинд гэж өөрөө мэдээд уух эмч бол биш. Ялангуяа но-шпа. Парацетамол бол зарим оронд эмийн сангуудад, бүр хүнсний дэлгүүрт ч гэсэн зардаг. Харин но-шпа бол эмчийн заавраар, эмчийн жороор авч уудаг эм. Тэгэхээр ийм асуулт асуугаад, өөрөө дур мэдэн авч уух гэж байгаа бол буруу юм.
Ер нь бол энэ хоёр эм хоорондоо өөр. Парацетамол бол өвчин намдаах, үрэвсэл дарах, халуун буулгах, зовиур намжаах үйлчилгээтэй. Гэхдээ харьцангуй зөөлөн. Но-шпа бол гилгэр булчинг сулруулдаг эм. Тэгэхээр гэдэс зангирсан тохиолдолд, эсвэл цөсний, давсагны булчинг сулруулах зорилгоор эмчийн заавраар уудаг. Но-шпаг зарим хүн шүдээ өвдөхөд хүртэл зуучихсан явж байдаг. Энэ бол инээдтэй хэрэг. Яагаад гэвэл, но-шпаг амандаа зуухаар аманд үйлчилдэг, уухаар ходоодонд үйлчилдэг эм биш. Адилхан ууж байж дотроос нь үйлчилдэг. Хоёрдугаарт, но-шпаг ерөөсөө дураараа ууж болохгүй.