Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан иргэдийн асуултад хариулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
-Хүмүүс амьд ус гээд өөрийнхөө юм уу, ээжийнхээ усыг уудаг. Юу нь сайн юм бол?
-Шээс бол хүний ялгадас. Нус, цэр, баас зэрэг нь хүний биед хэрэггүй болсон, бодисын солилцооны үлдэгдэл зэрэг хортой бодисуудыг ялгаруулж байгаа. Хүнийг машин гэж зүйрлэвэл эдгээрийг утаа нь гэж зүйрлэж болно. Гэхдээ унд байхгүй үед шээсийг хэрэглэдэг байсан. Жишээлбэл, дээр үед бадарчид зүүн гарын говийг туулаад уух юмгүй болчихсон үедээ уудаг байсан байх. Тэрнээс биш хажууд Хатан туулын ус, крантаа онгойлгоход ариутгасан ус байхад ялгадсаа уух нь тохиромжгүй байх гэж бодож байна. Зарим хүн биеэн дээр гарсан ургацаган дээр баас түрхдэг гэл үү. Энэ бол дэмий. Баас бол хүний хэрэггүй болсон үлдэгдэл. Ингэж түрхсэн хүн сепсист ороод үхэж ч магад. Шээсийг шинжлээд хэрэгтэй бодис нэг ч байхгүй нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь хүний ид шидэнд итгэдэг, сүсэг бишрэлтэй холбоотой байж болох юм. Хятадууд “Монгол орны чонын мах биед сайн гэсэн” гээд, бид ч гэсэн байхгүй зүйлээ мөрөөддөгтэй адил юм л даа. Аль болохгүй боль гэснийг туршиж байдаг хүний зан биз. Гэхдээ гуйхад шээс мэт ялгадсаа хэрэглэхээ больсон нь дээр, биеэ арчаад, бүх шээсээ хурааж байдаг хүмүүс ч бий гэдэг. Ядаж л өөрөө болоод гэр орон чинь нийтийн жорлон шиг үнэртэж байх болно. Шинжлэх ухаан эмнэлэг хөгжөөд шээснээс хамаагүй найдвартай, баталгаатай эмчилгээ, урьдчилаан сэргийлэх арга бий болсон шүү дээ. Би хар домын судраас сонирхоод үзэж байхад бөөрөнд хамгийн ашигтай эмчилгээ гэвэл “нисч байгаа өлөн бүргэдийн шээсийг халуунаар нь уух” гэж байна лээ. Тэгэхээр бодвол сөнөөгч онгоцоор өглөө үүрнээсээ нисч яваа бүргэдийг дагаад шээнгүүт нь онгоцны цонхоор шээсийг нь аваад халуунаар нь уух ёстой байх л даа. Тэр үед энэ домын судрыг зохиож байсан хүн магадгүй өлөн шээс ямар ч ашиггүй учраас хэрэггүй юмыг ойлгуулах гэж ийм бүтэхгүй санааг хэлж байсан байх гэж бодож байна. -Хүмүүс архи, пиво уусны маргааш шартлаа гэж ярьдаг. Шартах гэдэг юунаас үүдэлтэй юм. Шарталтыг 100 граммаар тайлдаг гэдэг нь хэр үндэстэй вэ. Шартахгүй байх сайн арга байдаг уу?
-Шартах гэдгийг хоёр талаас нь ярих хэрэгтэй. Ямар үед шартах вэ гэхээр, архинд донтох өвчний хоёрын Б гэдэг шатанд гарч ирдэг. Эрүүл хүн биш, архинд донтох өвчтэй болох үед гарч ирдэг шинж тэмдэг. Олонх хүн би архичин биш, архинд донтох өвчтэй болоогүй гэж боддог. Гэтэл хэрэг дээрээ хэрэв архигүй байж чадахгүй, архи уух дуртай болсон, шартталаа, тасартлаа эсвэл гурван долоо хоногоор архи уумаар санагддаг бол тийм болсон гэсэн үг. Түүнээс цааш гурвын А руу ороод ирвэл архи даахаа болино, архигүй амьдрахаа болино, гэр орныхоо эд зүйлийг зардаг, амьдралаа ажлаа бүгдийг зарж амьдралгүй болдог тэр шат руугаа орно гэсэн үг. Тэгэхээр шартана гэдэг аль шатанд яваагаа мэдэх бас нэг сайн шинж тэмдэг. Хоёрт, шартана гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг вэ гэхээр, архины гол үндсэн химийн элемент нь этанол гэх спирт байгаа. Энэ спирт хүний биед орж ирэхэд элэг түүнийг хоргүй болгодог. Яагаад гэвэл, хүний биед тэр этанол юм уу, архинд ашигтай юм ер байхгүй. Тэгэхээр энэ хорыг элэг хоргүйжүүлдэг байх нь. Элэг ерөөс биед орж ирж байгаа бүх хорыг цэвэрлэж шүүж, гадагшлуулж байдаг ганц лаборатори. Гэтэл элэг тэр архийг хоргүй болгоод биеэс гаргаж чадахгүй болоод, хүний элэг, зүрх, мэдрэл нь тэр чигээрээ биеэрээ архинд хордож байгаа тэр үзэгдлийг шартах гэдэг. Тэгэхээр энэ эфирийн наркозын хоёр дахь үетэй адилхан байдаг. Хагалгаа хийдэг наркозын тухай ярьж байна шүү. Хагалгаа хийдэг наркоз дөрвөн үетэй байдаг. Тэрний хоёрдугаар үед орж байгаатай адил. Архинд тасарч байна гэвэл наркозын гуравдугаар үед орж байна гэсэн үг Өөрөөр хэлбэл, архи уугаад тасарсан байгаа хүнд хагалгаа хийхэд мэдэхгүй, наркозгүйгээр хагалгаа хийж болно гэсэн үг. Үүнийг яагаад хэлж байна гэхээр, хүмүүс амьдралдаа нэг, хоёр юм уу, гурван удаа хагалгаа хийлгэчихээд би гурван удаа наркоз авсан учраас толгой муу болж, мартамхай, хүний нэр санахаа больчихож гэж ярьдаг шүү дээ. Гэтэл жилд хорь, гучин удаа шартдаг, хорддог, тасардаг гэхээр тэр хүн жилд гучин удаа хагалгаанд орсон юм шиг наркоз авч байна гэсэн үг. Зурагтаар ч хоолонд, жимсэнд тэдэн хүн хордлоо гээд гардаг. Гэтэл яг үүнтэй адилхнаар архинд асар олон хүн хордож байгаа. Тэр нь шарталт, тасралт. Тэгэхээр биеэ сайн дураараа, өөрөө ингэж хордуулж, сайн дураараа өдөр болгон юм уу, баяр болгоноор наркозонд орж болохгүй гэж хэлмээр байна. Элэг тэр этанолыг буюу архийг ерөөсөө хоргүйжүүлж чадахаа больж эхэлж байна. Сүүлдээ өөрөө хордоод, элэгний үрэвсэл болоод, сорвижилт хатуурал буюу цирроз болдог. Монголд элэгний хавдар нэг номерын үхлийн шалтгаан болж байгаа. Үүнийг үндсэн шалтгаан нэг нь Монголд архидалт маш их байна. Тийм учраас баяраар хүмүүсийг шартахгүй, тасрахгүй, үүнийг эмнэлгийн хэлээр орчуулбал архины хордлогод орохгүй, өөрийгөө сайн дураар наркозод оруулахгүйгээр баярлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Харин тун багаар, өдөрт архи 37 граммаар, дарс 100 граммаар, шар айраг бол нэг аягаар уувал, баярын үеэр тэвчихээ болилоо гэхэд гурван хундагаас илүүгүй уувал эрүүл хүний элэг тэрий даагаад гарна, тэр байтугай сайн нөлөө ч үзүүлнэ. Харин арван хундага орсон бол даахгүй. Үүнтэй холбоотойгоор шарталт тайлах тухай асуулт ирж таарна. Шарталт тайлах ямар ч арга байхгүй. Хагалгаа хийвэл сорвигүй хагалгаа хийж чадахгүйтэй адил шүү дээ. Хүний арьсыг зүсэх л юм бол сорви үүсч, үлдэж л таараа. Түүнтэй адилхан хордсон л бол хүний биед хор нь явж байгаа. Тэрийг ямар нэг арын хаалгаар, үрэл уугаад юм уу алга болгоно гэж ерөөсөө байхгүй. Зуун грамм уугаад гайгүй болно гэдэг нь дахиад 100 грамм уухаар согтоод наркозын эхний шатанд ороод мэдээгүй, мэдрэл нь муудаж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр хүн хордсон, өвчний зовиуртай байгаагаа мэдэхээ больж эхэлж байна гэсэн үг. Энэ бол өөрөө өөрийгөө хуурч байгаа хэрэг. Шарталтыг архиар тайлах бол архичин болох, донтох өвчний хүндрэх ганцхан үндсэн зам нь болдог. Зовиур шаналгаагаа харьцангуй багасаж болно. Аспирин уух, шингэсэн юм сайн ууж болно. Тэглээ ч гэсэн шарталт заавал байна. Үүнийг би яагаад хэлж байна гэхээр, АНУ-ын зүрхний ассоциациас маш том судалгаа явуулсан. Шарталт тайлах сайн арга байна уу гээд. Үүнийг шинжлэх ухааны төвшинд судлаад, үнэхээр байхгүй юм байна аа, хордлого бол хордлого, энэ цаг хугацааны явцад аажмаар элгийг цэвэрлээд цөс, өтгөн, шээс, хөлсөөрөө гарахаас өөр ямар ч арга байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би ийм судалгаа явуулсанд гайхаад байсан юм. Яагаад гэхээр, хүний биед байгаа хорыг ямар нэгэн аргаар илбээр алга болгох тухай судална гэдэг бол гэнэн судалгаа. Тэгэхээр шарталтыг биед хоргүйгээр, ганцхан юм уугаад дарчихдаг арга байхгүй. Тиймээс шартахгүй буюу архинд хордохгүй л байх хэрэгтэй. -Архийг өдөрт тогтмол 50 грамм, мөн аспирин С-г тогтмол уувал зүрх, даралтад сайн гэж үнэн үү?
-Сайн чанарын архийг өдөр бүр оройн хоолны дараа 37 граммыг уух сайн. Элэг, зүрх, хоол боловсруулах эрхтэн, тархи гээд бүх эрхтэнд сайн. Харин 37 граммаас хэтрүүлбэл муу. 37 грамм гэдэг нь жижиг хундагаар нэг гэсэн үг байх нь. Яагаад заавал 37 грамм гэж асууж магад. Үүнийг би санаасаа зохиосон юм биш. Америкт 400 мянган хүнд хийсэн асар том судалгааны үр дүнд гаргасан дүгнэлт.
Аспирин С-гийн тухайд тогтмол өдөр бүр уувал сайн. Гэхдээ мөн л баг тунгаар, 80-125 мгр-аар орой бүр ууж, ходоод, бүдүүн гэдэсний хавдар тусах магадлал бага. Түүнчлэн зүрхний шигдээс болох магадлал 10-20 хувь, тархинд цус харвах магадлал 20-30 хувь, эрт хөгшрөх, судас бөглөрөх магадлал мөн 20-40 хувиар багасна. Барууны орнуудад 50-иас дээш насны хүмүүс өдөр тутам аспирин С-г тогтмол ууж хэвшсэн байдаг. Тийм хүмүүст зориулж тусгай зориулалтын 500-100 ширхгийн савлагаатайг худалддаг. Яг аспирин С гэж асуусан нь зөв. Дан аспирин бол ходоодонд нөлөөлөх талтай. Америкт ходоод хамгаалах эмтэйгээ хамт байдаг.
-Хавдрыг анагаахад сармис сайн гэж үнэн үү. Бас судас хатуурахаас сэргийлдэг гэх юм?
-Бүх зүйлд сайнаар нөлөөлдөг аспирин, архи, хүн орхоодой зэрэг цөөхөн эмт бодисын нэг нь сармис мөн. Үнэхээр биологийн идэвхтэй бодис ихтэй, маш хүчтэй антиоксидант. Исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас урт удаан хугацаанд залуу байлгах, судас хатуурахаас сэргийлэх, зүрхийг сайн ажиллуулах, хоол сайн боловсруулах, элгэнд сайн гэх мэт бүх зүйлд жигд сайн. Хавдрыг анагаахад сайн гэдгийг мэдэхгүй. Сармис зүрхэнд сайн нь судалгаагаар тогтоогдсон. Тэгэхээр аль болох сармис ихтэй хоол идэж байх нь зөв байх.
-Хэл бол дотор эрхтний толь гэдэг байх аа. Хэлний өнгөр бэржийх нь юутай холбоотой юм бол оо. Минийх үе үе бэржийгээд байх юм?
-Хэл бол ходоод гэдэсний замын өвчлөлийг таних оношилгооны хэрэгсэл гэж анагаах ухаанд үздэг. Гэхдээ аль хэсэг гэдгээс их шалтгаална. Жишээ нь, хэл хоёр хажуугаас нь бэржийгээд шүдний ор гараад пэмбийгээд байвал бөөр муу , хэлний үзүүр хэсгүүдээр жижигхэн тод бор хар туяатай цэгүүд гарвал зүрх муугийн шинж. Харин хэл гол хэсгээрээ, ялангуяа уг руугаа том том бэржгэртэй өнгөртэй байвал бүдүүн гэдэсний үрэвсэлтэй шинж. Үндсэн их биеийн хэсэг нь хуулсан юм шиг өнгөргүй болоод, улаан, ягаан болоод байвал ходоод муу байна гэдэг. Хэрвээ энэ хүнийх шиг бэржийгээд байвал магадгүй нарийн гэдэс муугийн шинж байж болно. Гэхдээ энэ бол өнгөцхөн, үзлэгийн үеийн онош гэдгийг санаарай. Үүнээс цааш шинжилгээ хийлгэж, эмчид үзүүлж оношоо тодотгох ёстой. Хоолоо зөв тохируулж бага болгох хэрэгтэй. Хоол ихэдсэн үед хэл өнгөртөх нь их.