Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

​Б.Болдсайхан: Цус харвахгүй, шигдээс болохгүй гэж архи уудаг нь буруу

​Б.Болдсайхан: Цус харвахгүй, шигдээс болохгүй гэж архи уудаг нь буруу
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 16
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа дотор эрхтэн тэр дундаа зүрхний өвчлөлийн талаар түлхүү ярилаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.   
-Зүрхний эмч намайг зүрхний хэм алдагдалтай гэсэн. Ямар дэглэм баримтлах вэ?
-Зүрхний хэм алдагдал гэдэг дан онош байхгүй. 3үрхний хэм алдагдал нь дотроо зуу шахам төрөлтэй. Тэрнээс хамгийн түгээмэл тохиолддог арваад төрөл байдаг. Тийм учраас дэглэм, эмчилгээ ярихаас өмнө зүрхний ямар хэм алдагдал вэ гэдгийг тогтоолгох ёстой. Үүнийг тогтооход амархан. Нэгдүгээрт, бодит үзлэг, хоёрдугаарт зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй. Шаардлагатай бол 24 цагийн, магадгүй ачаалалтай бичлэг хийлгэж болно. Эдгээрийн дагуу зүрхний хэм алдагдлын төрлийг хангалттай тодорхойлж чадна. Түүний дараа л эмчилгээ, дэглэмийн тухай ярина. Заавал гyравдугаар эмнэлэг гэлтгүй зүрхний бичлэг хийж байгаа аль ч эмнэлэгт очоод эмчдээ үзүүлэхэд оношийг зөв тавих боломжтой өвчин. Түүндээ таарсан эмийг уух хэрэгтэй. Гэхдээ хэм алдалт болгон өөр өөр эмчилгээтэй. Зарим нэг хэм алдалтад уудаг эм нөгөөдөө эсрэг заалттай байх нь бий. Тийм учраас оношоо заавал зөв тогтоолгосны дараа эмээ ууж, дэглэмээ барих ёстой.
-Мэдрэлийн гаралтай зүрхний өвчин гэж байдаг уу. З2 настай, эмэгтэй. Эмчилгээ хийлгэж байгаа ч байнга толгой өвддөг. Өнгөрсөн долоо хоногт миний даралт 40, 80 болоод, хоёр хоногийн дараа 140, 180 болсон. Эмч харвалт өгөхийн өмнө даралт ингэж хэлбэлздэг гэж хэлсэн. Үнэн үү?
-Мэдрэлийн гаралтай зүрхний өвчин гэж байна  аа. Бүр "нервозын зүрх" ч гэж байдаг. Ер нь сүүлийн үед олдож байгаа ихэнх зүрхний өвчнийг мэдрэлийн гаралтай гэж хэлж болно. Яагаад гэхээр даралт ихдэх, зүрхний титэм судасны нарийсах өвчин явж явж амьтанд бараг байдаггyй. Харин сүүлийн үед гэрийн тэжээмэл амьтан муур, нохой хүнтэй адилхан хэвтээд хөдлөхөө болилоо, таргалтлаа идээд, гэрийн дуу чимээнд айж цочдог болсноос болоод зүрхний титэм судасны нарийсах өвчинтэй болсон гэж үздэг. Тэрнээс хээрийн амьтанд дээрх өвчин байдаггүй. Тэгэхээр би өмнө нь олон зөвлөгөөндөө, ялангуяа буга, чоно ярьж байхдаа хэлсэн. Буга руу чоно дайрахад хоёулангийн судсанд адреналины шуурга болдог. Гэтэл хүн бол байгаль дээрх амьтан шиг ноцолдоод юм уу, хөөцөлдөөд тэрийгээ шатааж чадахгүй, судсууд нь агшиж, булчингууд нь чангараад, зүрх нь дэлсээд эхэлдэг. Уг нь баахан бодисууд ялгараад ирэхэд, тэндээсээ өөх тосоо дайчилж шатаах ёстой л доо. Өөх тос, глюкоз тэмцээн ноцолдооны энерги болох естой. Гэтэл тэр нь хэрэглэгдэхгүй болохоор судасны ханандээр өөх тос хуримтлагдаж, тэр нь удвал сүүлдээ хатуураад давс болдог. Үүнийг судас хатуурах өвчин гэдэг. Тэгэхээр энэ нь явж явж эцсийн эцэст мэдрэлийн гаралтай гэсэн үг. Тэгэхээр 32 настай эмэгтэй хүнд одоогоор ямар нэгэн байдлаар судас хатуурах ч юм уу, даралт ихдэх, зүрхний титэм судас нарийсна гэж байхгүй. Үзээд өгье гэсэн ч үнэхээр байхгүй. Тийм болохоор энэ хүн цаашдаа хэрвээ ийм өвчтэй болмооргүй байгаа бол, нэгдүгээрт, аль болох тайван байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв тийм их стресстэй, мэдрэлд нөлөөлдөг ажил хийдэг бол үдээс хойш, оройдоо дасгал хийж байх ёстой. Тэгвэл өдөржин биедээ хуримтлагдсан стрессийн тэр бодисуудаа оройдоо шатаана гэсэн үг. Асуултад хэлсэн шиг даралт нь 40, 80 болоод, тэгснээ огцом 140,180 болсон гэдгийг би худлаа хэмжсэн байх гэж бодож байна. 32-той эмэгтэй хүний даралт тайван байхад хэмжсэн бол 80, 40 бараг болохгүй. Зөвхөн цус багадалттай, их тамирдсан хүнд л болно. Хоёрдугаарт, тайван байгаа 32-той эмэгтэй хүнд даралт 180, 140 болно гэж байхгүй. Маш их уурласан, эсвэл таван давхар руу гүйгээд гарсан үедээ хэмжихэд ингэж гарч магадгүй. Энэ асуулттай холбоотойгоор хэлэхэд хүмүүс даралтыг үргэлж таг тогтсон 120, 80 байх ёстой гэж боддог. Гэтэл хүний даралт бол үргэлж өөрчлөгдөж байдаг. Өглөө орондоо хэвтэж байхад магадгүй 110, 70 байж болно. Өндийгөөд босох хооронд 150 болоод, буцаад буугаад ирнэ. Тааламжгүй үг сонсвол даралт 160, 170 болж, зүрхний цохилт 100 гараад ирнэ. Тайвшрахаар таван минутын дотор зүгээр болдог. Тэгэхээр хамгийн түрүүнд даралтаа зөв үзэж байх хэрэгтэй.
-Цус багадалт, зүрх хоёр ямар холбоотой вэ?
-Энэ хоёр шууд холбоотой. Цус хүний биед бүх л төрлийн тээврийн үүргийг гүйцэтгэж, хүчилтөрөгч хоол тэжээл, уургийн бодис, бодисын солилцооны үлдэгдэл хортой бодис гээд бүх л зүйлийг тээж явдаг. Хүчилтөрөгч зөвхөн цусаар дайгдаж зүрхэнд очдог. Тэгэхээр цус багадах гэдэг нь цусан дотор эритроцит, үүн доторхи гемоглобин, гемоглобин доторхи төмрийн хэмжээ багадна. Төмөр өөрөө хүчилтөрөгчийг өөртөө нааж авч явж байдаг. Тэр нь багадчихвал зүрх өвдөнө. Яагаад гэвэл, хүний биед байгаа бүх цусны 20 хувь нь зүрхэнд очдог. Хамгийн их ажилладаг эрхтэн бол зүрх, тархи. Энэ хоёр нийлээд хүний биед хэрэглэгдэж байгаа бүх хүчилтөрөгчийн 40 хувь нь, үлдсэн бие 60 хувийг хэрэглэдэг байх нь. Их юм бодож сэтгэж байхад тархи бүр 50 хувь хүртэл, гүйж харайж, биеийн хүчний ажил хийж байхад зүрх ч 50 хувь хүртэл хэрэглэнэ. Зүрх 300-хан грамм эрхтэн мөртлөө хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг. Тэгэхээр цус хүчилтөрөгчөө зөөх нь багадвал зүрх өвдөнө. Монгол эмэгтэйчүүдийн гурван хүний нэг нь төмөр багадалтын цус багадалттай. Үүнээс болж зүрх өвдлөө гэж ирэх нь их. Тиймээс цусан дахь гемоглобин ямар байгааг үзүүлж байх хэрэгтэй.
-Зүрх өвдөхөөр архи уудаг. Архи яаж нөлөөлөх вэ?
-Ингэх тохиолдол гардаг. Ялангуяа даралт ихсэхээр хүмүүс архи уугаад байдаг. Миний бодлоор энэ буруу. Цус харвахгүй, шигдээс болохгүй гэж архи уудаг нь буруу . Яагаад гэхээр, архи уухаар хүн улайдаг. Улайна гэдэг нь хүний нөөцөнд байсан судсууд ажиллаж эхэлж байна гэсэн үг. Ер нь зүгээр байхад тархины ч бай, зүрхний ч бай, арьсны 100 судасны 70 орчим нь нөөцөнд байдаг. 30 нь ажиллаж байдаг. Гэнэтийн эрсдэл тохиолдох, цочирдох, ачаалал нэмэгдэх үед тэдгээр нөөц судаснууд ажиллаж эхэлдэг. Гүйж харайх, архи уухад улайж байгаа нь нөөцөнд байсан 70 судас ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр саунд суухад зүрх дэлсдэг. Тэгэхээр 30 судас ажиллаж байсан бол 50 нэмж ажиллахад 80 судас ажиллахад зүрхний ажиллагаа хоёр дахин их ачаалал авах нь ээ дээ. Архи уухад яг ингэдэг. Нүүр нь улайгаад, судаснууд тэлэгдээд ирнэ. Зүрхэнд илүү ачаалал өгнө. Тэгэхээр архи уух ёсгүй.
-Үзэмний шүүс өдөр бүр уух сайн уу. Даралт, зүрхэнд сөргөөр нөлөөлдөг гэж сонссон юм байна?
-Өдөр болгон үзэмний шүүс ууж болохгүй . Ялангуяа эрүүл хүн. Үзэмний шүүсийг өдөр бүр ихээр ууж эхэлбэл сайнгүй нөлөөтэй. Цусанд калийн хэмжээ тодорхой түвшинд л байх ёстой. Түүнээс ихсээд ирвэл зүрхний хэм алдуулах, зүрхний цохилт удаашрах, магадгүй зүрх муутай хүмүүст зүрх зогсох хуртэл хүндрэл гарч болно. Даралтад онцгой нөлөө байхгүй. Харин үзэмний шүүсийг ямар хүн уух ёстой вэ гэхээр шингэн их алдсан ангаж цангасан, гүйлгэсэн, зүрхний өвчнөөс болоод удаан хугацаагаар, хоёр долоо хоногоос дээш хугацаанд хаван хөөх эм уусан хүн уух ёстой.
-Зүрх үе үе салгалаад байдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Яг юуг хэлж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс хоёр юмыг л ихэвчлэн ингэж ярьдаг юм. Нэгдугээрт, зүрхний хэм алдахыг хэлдэг. Хэм алдалт бол харьцангуй түгээмэл байдаг. Ялангуяа хоолойны өвчнөөс болоод зүрхэнд, зүрхний хавхлаганд өөрчлөлт гарсан хүмүүсийн 20-30 хувьд тохиолддог. Тэгэхээр зүрхний сайн, уртхан бичлэг хийлгэ. Энэ нь хэм алдалт байгаа эсэхийг тодорхойлно. Хэм алдалт дотроо 90 гаруй төрөл байдаг. Аль нь гэдгийг тогтоох хэрэгтэй. Зүрхний бичлэгээр тогтоож болмооргүй байвал бүтэн 24 цагийн турш бичлэг хийлгэж болно. Нэгдүгээр болон гуравдугаар эмнэлэг, мөн Олимпийн хороонд ийм бичлэг хийдэг. 3арим үед зүрхний цусан хангамж тасалдаад байвал хүмүүс ингэж ярьдаг. Гүнзгий амьсгал авмаар болж, цээж давчдаад, дотор салганаад байгаа юм шиг болдог. Залуу хүн бол харьцангуй гайгүй байх. 50-аас дээш насны хүн бол зүрхний цусан хангамж сайн байна уу, үгүй юу гэдгийг давхар шалгуулах ёстой.
-Компьютерийн хор зүрхэнд муугаар нөлөөлөх үү?
-Компьютерийн дэлгэц эн тэргүүнд нүдэнд муугаар нөлөөлдөг. Нүдээ байнга цавчилдаг болохоос гадна хараа муудна. Мөн мэдрэлд маш их ачаалал өгдөг. Зүрхэнд гайгүй байх аа.
-Зүрх муутай хүн их эвшээлгэдэг үү. Нойр хүрээгүй үедээ ч эвшээлгээд байдаг?
-Зүрх муутай биш, харин цус багатай хүн их эвшээлгэдэг. Ер нь цус багатай, тамирдсан хүн эвшээлгэдэг. Тэгэхээр цусаа, цусан дахь төмрийн хэмжээг шалгуулах ёстой. Шинжилгээгээр уураг ямар байгааг тодорхойлуулах хэрэгтэй. Хэрэв эмэгтэй хүн бол сарын тэмдгийн үед ч юм уу, ямар нэгэн байдлаар цус их алддаг юм биш байгаа. Түүнийг шалгуулна. Ингээд хэрэв энэ бүхнийг шалгуулаад өөрчлөлт байхгүй бол ядарсантай холбоотой байж болох юм. Хавар хүмүүс их ядардаг. Аминдэм, хүн орхоодой уух хэрэгтэй. Биеийн хөдөлгөөн дасгал хийх хэрэгтэй.
-Зүрхний хэм алдагдал ямар нэг өвчний үр дагавраар илрэх үү. Зүрх яахаараа хэмнэлээ алддаг вэ?
-Зүрхний хэм алдалт бол үндсэн хэд хэдэн шалтгаанаас үүсдэг. Хамгийн их тохиолддог нь хоолой өвдсөнөөс болж, зүрхний дотор давхарга үрэвссэн үед, манайхны хэлдгээр, ревматизм зүрхэндээ орсон үед зүрхний хэм алдагддаг. Гэхдээ энэ үед тосгуур чичирхийлэл гэдэг хэм алдалт маш их тохиолддог. Өөр нэг том шалтгаан нь хүний насжих өөрчлөлтийн үед зүрхний хэм алдагдал их гардаг. Зүрхний хэм алдагдал маш олон хэлбэртэй. 96 ч гэдэг, ер нь бол 100-гаад төрлийн хэм алдагдал байдаг. Хэм алдалтын төрлөөсөө болоод зарим нь маш хүнд, хүний амь насанд хүрнэ.
Үүнээсээ болоод шууд үхэж ч болно. Гайгүй зарим нь олон жилээр эмчийн хяналтад байгаад байж болдог. Тийм учраас нэгдсэн эмчилгээ гэж байдаггүй. Зүрхний эмчид үзүүлж, бичлэг хийлгэн, 24 цагийн зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй. Мөн зүрхний электро-физиологийн шинжилгээ гэж тусдаа судсан дотуур шинжилдэг шинжилгээ байдаг.
-Бамбай булчирхайн өөрчлөлт заавал зүрхэнд нөлөөлөх үү?
-Бамбай булчирхайн олон өвчин байдаг, Монгол орон далайн түвшнээс тодорхой хэмжээний өндөрлөгт оршдог учраас нарны хэт ягаан туяаны үйлчилгээ өндөртэй. Түүнээс болж усанд байгаа йод амархан задарч алга болдог. Иймээс хүмүүс йодын дутагдалд орох нь элбэг. Бамбайн үйл ажиллагаа ихэссэн тохиолдол их байдаг. Дөч гаруй насны эмэгтэйчүүдэд бамбай, дотоод шүүрлийн булчирхайн жигд үйл ажиллагаа буураад эхэлдэг. Ийм өөрчлөлтүүд хамгийн их тохиолддог. Энэ гурав гурвуулаа зүрхэнд дам нөлөөлдөг. Ер нь бамбай булчирхайн өөрчлөлт гарахад мэдрэл, зүрх, бодисын солилцоонд заавал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тиймээс бамбай булчирхайн өөрчлөлттэй хүн заавал булчирхайн эмчээс гадна зүрхний эмчийн хяналтад байх ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн