Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

​Б.Болдсайхан: Хүүхэд төрөхдөө тархиндаа авсан гэмтлийг тархины даралт гэдэг

​Б.Болдсайхан: Хүүхэд төрөхдөө тархиндаа авсан гэмтлийг тархины даралт гэдэг
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 30
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Тархи яагаад хөдөлдөг вэ. Тархи хөдлөхөөр хөл урт богино болж, нүд том жижиг болдог гэдэг үнэн үү?
-Тархи хөдөлнө гэдэг тархины бүх эд эс гэмтэж байна гэсэн үг. Яагаад гэхээр тархи хамгийн нандин эрхтэн. Хүний биед байгаа, байгалиас заяасан цорын ганц бив битүү ясан авдартай эрхтэн. Битүү хадгалахдаа гурван давхар хальсан дотор, хальснуудынх нь дундуур ус гүйсэн нарийн бүтэцтэй. Тархи их сайн бүрэлдсэн тараг шиг. Эсвэл цэлцгэнүүр шиг зөөлөн бүтэцтэй. Түүнийг хүчтэй зүйлээр цохиж доргиохоор цохисныхоо яг эсрэг талын ханыг мөргөдөг. Түүнээсээ болоод тархины эд эсүүд гэмтдэг. Дух руу цохисон байхад дагзанд доргилт үүснэ. Үүнээс болж олон шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, биед ерөнхий өөрчлөлт орно. Ухаан алдах, тархи толгой дүйрэх, бөөлжих, өвдөх, хүзүү хөших, нүүр ам муруйх зэрэг өөрчлөлт гардаг. Мөн нүд том жижиг, хөл урт, богино болдог. Учир нь нүд ам тойрсон булчингуудыг удирдаж байгаа хоёр талын мэдрэлийн нэг талынх нь цочроосноос тэнцвэргүй болчихож байна гэсэн үг. Монголчууд харин толгой, тархи хөдлөхөд сайн эмчилгээ хийдэг. Бариа эмчилгээ сайн үр дүн өгдөг.
-Тархи хөдөллөө гээд бариач бариад зүгээр болгочихдог. Үүнийг анагаах ухаанд хэрхэн үздэг вэ?
-Олон янзын бариа байдаг. Үүнд зөвхөн судасны урсгалыг сайжруулахаас эхлээд тархины эд эсийн түвшин хүртэл. Тархи хөдлөхөд хүчтэй биш энгийн бариагаар анагааж болно. Монголчууд үүнийг өөрийн арга болгоод хөгжүүлсэн. Хүний тархи руу очиж байгаа гүрээний судас нь хүний төвөнхийн хажууд ирээд хоёр салаалдаг. Гүрээний төвөнхийн түвшингээс хоёр дахин том хэсэг нь гавал дотор оролгүй гавлын гадна талын зөөлөн эдүүд болон хамар, нүд арьс, өөх, булчин зэрэг рүү ордог. Тэгэхээр хэдийгээр гавлын гадна талд массаж хийж байгаа ч гэсэн энэ нь судсыг дагасан мэдэрлүүддээ, цаашлаад дотор талдаа байгаа судсандаа нөлөөлдөг. Энэ нь массаж хийхэд гавлын ясны гадна талд байгаа мэдэрлүүддээ таатай нөлөөлж дотор талынх нь цусан хангамжийг сайжруулж байна гэсэн үг.
-Миний тархины судсыг нарийсалтай гэсэн. Энэ ноцтой өвчин үү. Толгой үе үе маш хүчтэй өвддөг. Өвдөхдөө долоо хоног ч үргэлжилдэг. Эм уугаад ч намддаггүй. Тархины судасны нарийслыг яаж эмчилдэг вэ. Сармис сайн гэж үнэн үү?
-Эмэгтэй хүнд тархины судас нарийсах өвчин бараг тусдаггүй. Харин эрэгтэй хүнд хоёр, гурав дахин их тохиолддог. Тархины судас нарийссаныг тархины судасны ангиограммаар л тогтооно. Судсан дотуур будагч бодис шахаж, зургийг нь авч харж болно. Тэрнээс биш толгой өвдөхөөр л судас нарийссан гэж онош тавьж болохгүй. Тэр тусмаа эдгээр шинжилгээгээр нотлоогүй л бол тийм өвчин байхгүй.
-Зургаан сарын өмнө хүнд зодуулж гэмтэл авсан. Саяхан гэнэт татаж унасан. Толгойд гэмтэл авсанаас хожуу үеийн илрэл болж, татдаг гэж ярьдаг. Унаж татдаг эпиленси гэж ямар өвчин бэ?
-Хүний бие организмын хамгийн чухал эрхтэн тархи. Тархи 1300 грамм байдаг. Хамгийн чухал эрхтэн учраас хүн зүрх, тархи хоёроо их сонин хадгалсан байдаг. Тархийг жишээ нь гавлын яс гээд бив битүү авдранд дөрвөн давхар гялгар хальсаар ороогоод, хальс болгоных нь хооронд шингэн гүйлгээд хадгалсан байгаа. Уг нь яаж ч сэгсэрсэн гэмтэхгүй байгаа биз. Зүрхийг сараалжин том авдран дотор хийгээд урдаас нь баатруудын толь гэдэг шиг өвчүү хийж өгөөд, хоёр талаар нь уушгаараа зөөлөвч хийгээд, дээд доод талаар нь хүзүү, хэвлийн эрхтнээр тагласан байдаг. Гэтэл тархины нандигнан хамгаалсан гадна талын дөрвөн давхар хальснаас болоод эпилепси гэж өвчин үүсдэг. Дөрвөн давхар бүрхүүлийн давхар болгоны хооронд шингэн явж байдаг. Ялангуяа судаслаг давхрын доогуур хамгийн их шингэн явдаг. Тэр шингэн нь нугасны шингэнтэй бас нийлдэг. Цөөнгүй тохиолдолд хүүхэд төрхдөө тархиндаа гэмтэл аваад, тархины дөрвөн давхаргын аль нэгэнд цус харвах юм бол хоорондоо наалдчихдаг. Манайхны тархины даралт гээд байгаа нь тэр.
-Тархинд цус харвах гэж юу гэсэн үг вэ?
-Тархинд цус харвах гэдэг хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт, тархины судас дотроосоо бөглөрөх. Үүнээс болоод уг судасны цусаар хангах ёстой байсан хэсгүүд тэжээлгүй болоод үхэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, тархинд байдаг хоёр жижиг цүлхэнгүүд ямар нэгэн байдлаар хагарснаас болоод судсаар цус гүйхгүй, тэжээх ёстой байсан хэсэг үрждэг. Мөн гарсан цус өөрөө тархин дотор даралт үүсгэж, үхжил үүсэхийг хэлж байгаа юм. Эдгээрийг тархинд цус харвах гэж нэрлэдэг.
-Эгч маань унахдаа толгой руугаа хөшиглүүлчихсэн юм. Гэтэл маргааш нь толгойных нь энэ тэнд хавдаж, нөгөөдөр нь шалаа угааж байгаад өндийхөд хоёр нүд нь хүнд зодуулсан юм шиг хөхөрсөн байсан. Энэ тархины хүнд гэмтэл үү?
-Их айхтар шинж тэмдгүүд ярьж байна. Тархины мэс заслын эмчид үзүүлсэн нь дээр байх. Ер нь ингэж хоёр нүд хөхрөөд байгаа, тэгээд гэмтлийн улмаас гэж байгаа бол тархины суурь ясны хугарал байх магадлал өндөртэй. Тийм болохоор манай эмнэлгийн тархины гэмтэл, мэс заслын эмч нарт үзүүлж, тархины зураг авахуулах, комьютерийн бичлэг хийлгэх, тархины суурь яс хугарсан байна уу гэдгийг шалгуулах хэрэгтэй.
-Өглөө бүр, ялангуяа өвлийн улиралд нойтон үстэй гадагш гарах нь тархины судас нарийсахад нөлөөлөх үү?
-Өдөр бүр, ялангуяа өвөл нойтон үстэй гарвал шууд утгаараа тархины судас нарийсахгүй ч үс амархан гэмтэнэ, хөлдөнө, амархан хугарамтай болж хуйханд өөрчлөлт гарна. Яагаад гэхээр нойтон үстэй гарахаар ус ууршиж, зүгээр байгаагаас илүү хүний гавлын гадраганаас, арьснаас ус ууршиж, дулаан шингэлт явагддаг. Тэрнээс болоод үснээс гадна арьс хүртэл гэмтэнэ. Түүнээс биш яг тархийг тэжээдэг, өөрийнх нь дотор талын судас үүнээс болж нарийсна гэж байхгүй.
-Кесарево хагалгаагаар төрсөн хүүхдүүд эхийн хэвлийд байсан дулаан уур амьсгалаас гэнэт агаарт гараад ирэхээр тархины даралттай болдог гэдэг. Энэ үнэн үү?
-Манайхны яриад байгаа тархины даралт гэдэг бол кесарево хагалгаатай бараг холбоогүй. Кесарево хийсэн тохиолдолд тархины даралттай болох магадлал хамгийн бага. Төрөлт бол ерөнхийдөө 10-аад цаг явагддаг. Хүүхдийн тархи аарцаг руу орж ирээд, аарцган дотор бүтэн эргээд гарч ирэхэд 10-аад цаг болдог. Хоёрдугаарт, энэ үед хүүхдийн тархинд хамгийн их даралт ирдэг. Тийм учраас хүүхдийн тархи заадастай, зулайтай байдаг. Тэр нь төрөх замаар явахад толгой багтдаггүй учир, хоорондоо яс нь зөрж жижгэрдэг. Тэгээд ч багтахгүй учраас эргэлдэж байдаг. Магадгүй энэ үед нь хүүхдийн тархи бага зэргийн гэмтэл, жижиг цус харвалтууд үүсэх магадлал байдаг. Ийм үед үүссэн тархины гэмтлүүдийг тархины даралт гэж нэрлэдэг. Кесаревогийн үед ийм юм байхгүй. Тэгэхээр тархины даралт үүсэх магадлал хамгийн бага. Нэг муу тал бий кесарево өөрөө их цусархаг хагалгаа. Ургийн ус гарч ирнэ, савны цус гарч ирнэ, тэрнээс хэвлий рүү орчихдог. Хичнээн сайн тусгаарлалаа ч магадгүй цус орчихоод наалдац үүсэх тохиолдол нэлээд байдаг. Их бага хэмжээгээр наалдац үүссэнээс өтгөн хатдаг ч юм уу, гэдэс дүүрээд байдаг болдог. Тэрнээс сэрхийлэхийн тулд эрт хөдлөх ёстой. Гэдсээ сайн хөдөлгөх хэрэгтэй. Өөрөө эрт хөдөлгөөнд орох ёстой. Ер нь бол гэдэсний дасгал сайн хийж байхгүй бол, эсэргээр бодоод гэдэстэй, гүзээтэй болчихсон байдаг. Дөнгөж 22,23-тай эмэгтэй төрчихөөд, би л төрчихсөн гэсэн шиг гэдэстэй болоод таргалчихсан байдаг.
-Их амархан мартах нь юутай холбоотой вэ?
-Хүний мартах санах, харанхуй, гэрэл гэгээ гээд байгаль, нийгмийн ямар ч процесс тэнцвэртэй байдалд байдаг. Нэг тийшээ хэтэрхий хэлбийвэл дараа нь нөгөө тийшээ хэлбийнэ гэсэн үг. Тэгэхээр хүний мартах, санах яг л тийм тэгш байдаг. Ер нь хотод амьдардаг хүмүүс илүү мартамхай болоод байгаа. Гэтэл бидний аав, ээжүүд маш хурц ой санамжтай байдаг. Өнөөдөр бид хэтэрхий их мэдээлэл авч маш их зүйл санаж байна. Өдөр тутмын сонин, радио, зурагтаар болон хоорондоо ярьж мэдээлэл цуглуулж байна. Бараг бидэнд зориулаагүй тийм их мэдээллийг авдаг. Байгалийн эволюцийн явцад биднийг ийм их мэдээлэл авна гэдгийг тооцоолоогүй. Иймээс мэдээлэл авахтай зэрэгцээд заавал мартах шаардлагатай болсон. Тэгэхээр мартах гэдэг сайн, хэрэгтэй процесс. Сайн мартаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол санахаа болино гэсэн үг. Хэрэв юм мартах нь сэтгэл түгшээж, бараг ах дүү, найз нөхдийн нэрийг мартаад байвал энэ хүн өөрийнхөө авч байгаа мэдээлэлд хязгаар тогтоох хэрэгтэй гэсэн үг. Хэрэгтэй хэрэггүй сонин уншиж, суваг үзэхээ больж, амарч байх хэрэгтэй. Хангалттай унт. Тэгвэл марталт арай гайгүй болно.
-Хүн өдөрт гурван цаг унтах нь хангалттай гэсэн судалгаа байдаг гэж сонссон. Байнга ингэж унтах нь найман цаг унтаж байгаа мэт бие мах боди амарч чадах уу. Цөөн цагаар унтах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Үүнийг нотолсон судалгаа байхгүй. Сансарт ийм туршилт хийсэн л дээ. Амжилтгүй болсон. Хоногт найман цаг унтдагийг болиулаад найман цаг ажиллаж, дөрвөн цаг амрах дэглэмээр хоёр долоо хоног болоод хүний биед маш их өөрчлөлт гарч, хий юм харах зэргээр нөлөөлсөн. Ер нь хүний физлогийн унтаж, сэрэх процесс бол хүний эволюцийн хөгжлийн хэдэн тэрбум жилийн хугацаанд төгөлдөржих явцад бий болсон процесс. Тиймээс үүнийг хэдхэн сарын дотор сольж болохгүй. Бие махбодь, сэтгэл зүйд маш ноцтой, гүнзгий нөлөөлж, эвдрэл үүсгэж болно. Гурван цаг унтах нь найман цаг унтсан юм шиг амарч чадахгүй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн