Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа тархи мэдрэлийн талаар иргэдээс ирсэн асуултад хариуллаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Тархины цусан хангамж багасах нь юутай холбоотой вэ. Яаж сайжруулах вэ?
-Тархины цусан хангамж багасах тохиолдолд бага. Хамгийн чухал эрхтэн учраас хамгийн найдвартай цусан хангамжтай байдаг. Гэхдээ хүн ялангуяа 60-аас дээш насны хүмүүс тархи руу очиж байгаа дөрвөн гол судас юм уу, эсвэл хоёр гол судсыг гаднаас нь дарах, эсвэл дотроосоо нарийсч хатуурах үед цусан хангамж нь багасдаг. Тэгэхээр гол шалтгааныг л эмчлэх хэрэгтэй. Судас хатуурахын эсрэг идэвхтэй амьдралын дэглэмтэй байх хэрэгтэй . Мөн аспирин ууж, цус өтгөрч, бүлэн үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Цусан хангамжийг яльгүй сайжруулах эмүүд байдаг. Гэхдээ энэ дашрамд хэлэхэд, циннаризн зэрэг эмийг өөр оронд хэрэглэдэггүй юм шүү . Аспирин ялангуяа трентал зэрэг бүх биеийн бичил цусан хангамжийг сайжруулах зориулалттай эм ууж болно. Мөн хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. -Цус харвах гэж ярьдаг. Энэ өвчний эх сурвалж нь юу байдаг юм бэ. Харвасан хүн эдгэрэх магадал хэр өндөр байдаг бол?
-Цус харвах түгээмэл өвчний нэг. Монголчуудын үхлийн шалтгааны гуравт харвалт бичигддэг шиг санагдаж байна. Хүний тархинд тухайн хүний биед эргэлдэж байгаа цусны 20 хувь нь очиж байдаг. Тэр утгаараа тархи маш ажилсаг эрхтэн. Бас хамгийн их ажиллаж байгаа учраас тэнд халалт бий болдог. Түүнийг хөргөхийн тулд цусан хангамж их шаардагддаг. Иймээс цусны судсан дотор ямар нэг өөрчлөлт гарахыг цус харвалт гэдэг. Энэ нь хоёр янзын эх сурвалжтай байж болно. Эхнийх нь судас хагаралгүй дотроосоо бөглөрдөг. Шалтгаан нь цусан дотор ямар нэгэн бүлэн явж байгаад тархинд очих судсыг бөглөж болзошгүй. Эсвэл настай хүний хувьд судас хатуурч нарийсаад, тэр хэсэгт нь жижиг бүлэн ирээд хаачихаж магадгүй. Энэ нь гаднаас харахад судас бүтэн боловч хаа нэгтээ битүүрээд цусанд тэжээл очихоо болихыг хэлдэг. Хоёр дахь нь судас хагарах явдал. Энэ нь хатуурсан судас даралт ихсэх, хүнд юм өргөж ачааллаа нэмэгдүүлэх зэргээс болж хагарч, цус гадагшлах, түүнээс улбаалан тархин дахь бусад судсыг дарах, цусан хангамж муудах бүлэн үүсэх шалтгаан болдог байна. Түүнээс гадна эрүүл саруул хүн амын 10 хувьд тохиолдож болох анеризм буюу тархины судсан дээр жижиг цүлхэн байдаг. Энэ нь цусан хангамж даралтын огцом өөрчлөлтөөс шалтгаалан хагарсан байж болзошгүй. Ерөнхийдөө судас хагарах ийм үндсэн хэдэн шалтгаан байдаг. Үүний улмаас толгой өвдөх, ухаан алдах, хоёр болон нэг тал мэдээгүй болохоос гадна том судас хагарвал үхэлд хүргэж ч болзошгүй. Их төлөв тархины дунд хэсгийг тэжээдэг судсууд дээр энэ өвчин тохиолддог. Энэ үед хэл яриагүй, өрөөсөн тал мэдээгүй болох шинж тэмдэг илэрдэг. Оношлогоог эдгээр шинж тэмдгээс гадна өвчтөний зовиурыг сонсч, компьютер томограф хийж болно. Ангиограмм буюу хүний тархи руу явж байгаа судсанд будагч бодис хийгээд кино зураг авч байгаа юм шиг харж болдог. Цус харвалт болсны дараа тархины энэ судсаар тэжээгдэж байсан хэсэгт үхжилт үүсдэг. Энэ үхэжсэн хэсгийн эргэн тойронд бас тодорхой хэмжээгээр цусан хангамж мууддаг. Үүнийг эмчлэхийн тулд цүлхэн дээр нь хавчуур тавих, тархинд тарсан цусыг авах зэрэг мэс заслын эмчилгээ хийдэг. -Тархины эд эс дахин бий болохгүй ч сэргээх арга байдаг уу?
-Монголын анагах ухаанд хөгжөөгүй хэд хэдэн салбар бий. Түүний нэг нь психореабилатаци буюу нөхөн сэргээх үйл ажиллагаа юм. Цус харвалт юм уу тархины хагалгааны дараа ой санамжийг сайжруулдаг арга хэмжээг авах сэтгэл зүйчид манайд байхгүй тул тухайн өвчтөний ар гэрийнхэн л сайн авч явах хэрэгтэй. Тэгвэл тодорхой хэмжээгээр сэргэх магадлалтай.
-Хүн зөнөнө гэж ярих юм. Энэ нь тархины эд эстэй холбоотой юу?
-Тархины эд эс нэмэгдэхгүй улам цөөрдөг. Түүний л нөлөө. Орон зай, цаг хугацааны баримжаа мэдрэмжээ алдах хэмжээнд хүрч, тархи хэвийн ажиллаж чадахаа больсон гэсэн үг. Энэ нь янз бүрийн өвчин, тархины үйл ажиллагааны идэхтэй явагдахаа больсон гээд олон шалтгаанаас болно.
-Хагалгаанд орж наркоз хийлгэсэн хүмүүс дараа нь мартамхай болдог гэдэг. Энэ хэр бодитой яриа вэ?
-Тархи яагаад хөтөлдөг вэ. Тархи хөдлөхөөр хөл урт богино болж, нүд том жижиг болдог гэж үнэн үү?
-Тархи хөдөлнө гэдэг нь тархины бүх эд эс гэмтэж байна гэсэн үг. Яагаад гэхээр тархи бол хүний хамгийн нандин эрхтэн. Хүний биед байгаа байгалиас заяасан цорын ганц бив битүү хадгалагдахдаа гурван давхар хальсан дотор, хальснуудынх нь хоорондуур ус гүйсэн нарийн бүтэцтэй. Тархи их сайн бүрэлдсэн тараг шиг эсвэл цэлцэгнүүр шиг зөөлөн бүтэцтэй. Үүнийг хүчтэй зүйлээр цохиж доргиохоор цохисныхоо яг эсрэг талын ханыг мөргөдөг. Түүнээсээ болоод тархины эд эсүүд гэмтэнэ. Дух руу цохисон байхад дагзанд доргилт үүснэ. Үүнээс болж олон шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, биед ерөнхий өөрчлөлт орно. Ухаан алдах, тархи толгой дүйрэх, бөөлжих, өвдөх, хүзүү хөших, нуур ам муруйх зэрэг өөрчлөлт гардаг. Эдгээр шинж тэмдгийн нэг нь нүд том жижиг, хөл урт богино болох юм. Яагаад тэгж байна гэхээр нүд ам тойрч байгаа булчингуудыг удирдаж байгаа хоёр талын мэдрэлийн нэг талынх нь цочирсноос тэнцвэргүй болчихож байна гэсэн үг. Монголчууд харин толгой тархи хөдлөхөд сайн эмчилгээ хийдэг. Гэхдээ ул руу цохих зэргээр хатуу эмчлэх нь буруу. Бариа эмчилгээ толгой хөдлөлтөд сайн үр дүн өгдөг. -Би саяхан эмчид үзүүлтэл HPV вирустай байна гэсэн. Энэ чухам ямар вурис вэ. Их ховор тохиолддог вирус гэх юм?
-Ховор биш л дээ, эмэгтэйчүүдэд байдаг вирус. Тодруулбал, умайн хүзүүнд нэлээд байдаг. Энэ вирусын тун хэт өндөр байвал цаашид хавдар үүсэх магадлалтай гэж зарим судлаач эмч ярьдаг. Гэхдээ энэ вирусын нэг онцлог нь нэлээд тохиолдолд тодорхой хугацааны дараа өөрөө алга болчихдог. Их хурдтайгаар хавдар үүсгэдэг гэж сонсоогүй.
-Хүн бүрт хорт хавдрын нян байдаг гэж сонссон. Бие сулрах дархлаа багасахад өвчин болж хувирдаг гэж үнэн үү?
-Сонирхолтой асуулт байна. Хорт хавдрын нян гэж байхгүй. Ямар ч эд эсэд хавдар тохиолдож болно. Би оюутан байхдаа энэ сэдвээр итгэл тавьж байсан. Хүний эрхтэн, эд эс бүрт хавдар үүсгэж болохуйц ген байдаг. Яагаад гэвэл хүний бие махбодийн тоолж баршгүй олон эс бол цорын ганц үр тогтсон өндгөн эсээс хуваагдлын замаар үүссэн байдаг. Тийм учраас анхны үр тогтсон өндгөн эс эхний дөрвөн сарын хугацаанд бараг хорт хавдраас илүү айшигтай хурдацтайгаар төлжиж байж ургийг бий болгодог. Энэ процессыг удирддаг ген бий. Ураг бүрэлдсэнээс хойш дөврөн сарын дараа энэ ген унтаа байдалд ордог. Тэр үед энэ ген “хэрэггүй болдог” ч магадгүй тухайн хүнийг том болсон хойно нь аль ч эрхтэнд нь идэвхижвэл хавдрын эс үүсдэг байх гэж 20 гаруй жилийн өмнө тавьсан онолын илтгэлдээ бичиж байсан. Сүүлийн үед энэ нь батлагдаж байгаа юм шиг байна лээ. Хоёрдугаарт, хүний биеийн дархлаа сулрахад хавдрын эс төлждөг гэдэг нь зөв. Хүний биед өдөр тутам хэдэн зуун сая эс шинээр төлжиж байдаг. Бидний бүх арьс гуужиж шинээр үүсч байгаа, булчингууд, өөх элэг ч мөн адил. Ер нь мэдрэлийн эд эсээс бусад нь бүгд шинээр үүсч төлжиж байдаг. Энэ явц дунд сая орчим эс хэвийн биш гентэй байдаг. Тэр нь хавдрын ч юм уу, эсвэл өөр ажиллах чадваргүй эс байж болно. Тэгвэл дархлааны системийн хамгийн гол үүргийн нэг нь гаднаас биет орж ирэхээс хамгаалахаас гадна дотоодын хэвийн биш гентэй эсүүдийг устгаж байх үүрэгтэй. Тийм учраас биеэ чанга чийрэг дархлаагаа хүчтэй байлгах хэрэгтэй.
-Нойр хүрэхгүй хөрвөөдөг, эсвэл унтаж байгаад ойр ойрхон сэрэх нь бий. Үүний ялгаа нь юунд байна вэ?
-Нойргүйдэл янз янз байдаг л даа. Ерөөсөө нойргүй болчих нь хүнд хэлбэртээ орсон гэсэн үг. Орондоо хэвтсэн даруйдаа унтаж чаддаггүй хүмүүс бий. Эсвэл унтаж байгаад шөнө дунд сэрдэг нойрны дунд хэсэгт нойр алдагдаж болно. Бас нойрны төгсгөл хэсэгт нойр алдагдах нь бий. Өөрөөр хэлбэл, өглөөгүүр унтаж чадахаа байчихдаг. Эсвэл дөрөв дэх хэлбэр нь унтсан ч бие амарч чадахгүй, унтсан унтаагүй хоёрын хооронд байгаад өглөө босоход бие нь амраагүй байдаг. Нойр бол хоёр давалгаалсан шинжтэй. Хоёр, хоёр цагийн хэлбэлзэлтэй байдаг. Тархины үйл ажиллагаа хоёр цаг гүн, хоёр цаг хөнгөн унтаад, дахин хоёр цаг гүн унтах гэх мэтээр сөөлжиж байдаг юм. Үүрээр гол төлөв хамгийн гүн унталтдаа ордог. Энэ үедээ хүн их зүүдэлдэг. Нойргүй байлаа гэхэд ядаж өглөөгүүр, үүрээр хоёр, гурван цаг ч гэсэн маш сайн гүн унтвал амарч чадна.
-Ер нь нойр хүрэхгүй байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
-Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй. Хэтэрхий өлсөөд эвсэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарч гарч, болохгүй бол гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй. Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж, унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байршуулах хэрэгтэй. Ор дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй. Орой унтахын өмнө 100, 200 гр халаасан улаа дарс, эвсэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө. Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтдаг зөв эм бол люминал . Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй. Ямар нэг юм тоолж их стресстэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандвал надаас хамаагүй дээр, сайн зөвлөгөө өгөх байх. -Нэгэнт стресс туссан хүн стрессээс хэрхэн яаж ангижрах вэ?
-Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэ г, судас, булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Тэр бодисуудын илүүдэл хүний биеэр шуурч байдаг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал, өвчин тусдаг. Тиймээс болж өгвөл байгалийн амьтан шиг тэрийгээ хэрэглэж устгах ёстой. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийж буга чоно хоёрын ноцолддог, зугтдаг, хөөдөг тэр үйлдлийг л ямар нэгэн байдлаар хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Америкийн кинонууд дээр гардаг даа. Брокерууд юм уу, оюуны ачаалал ихтэй хүмүүс ажлаа тарсны дараа хоорондоо теннис тоглодог. Эсвэл сквош гээд жижигхэн резинэн бөмбөг тоглодог. Их гүйдэг, хөлөрдөг тоглоом байдаг. Тэгэхээр өдрийн турш хуримтлагдсан бодисоо тэгж л зарцуулах өөр арга байхгүй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний биеийн хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчих тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Түрүүний хэлж байсан бодисуудыг бүгдийг устгаад, хэрэглээд, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргачихаж байна гэсэн үг л дээ. Гэхдээ өдөр бүр саунд орно гэж байхгүй. Гурав дахь сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Гэхдээ байгалийнх нь, өөрийнх нь сайн арга биш. Яагаад гэвэл байгаль дээр амьтан жилд нэгээс хоёр удаа л ороо ордог. Ихэвчлэн нэг удаа. Тэр үедээ л сексийн идэвхтэй үйл ажиллагаа явагддаг. Гэтэл хүн, сармагчин, дельфин гээд оюун ухаан нэлээд хөгжсөн амьтад бол сексийн үед хүний тархинд, биед таатай мэдрэмж төрүүлдэг эндорфин зэрэг бодисыг дахин дахин үүсгэх гээд жилийн турш хэрэглэдэг болчихсон. Тэгэхээр үүнийг зөв хэрэглэж болох юм. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно , хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Хүн ер нь бие махбодь, сэтгэл санаа, тэр байтугай оюун ухаанаа ч гэсэн дасгалжсан чадавхитай байлгаж чадах юм бол стресстэх нь арай гайгүй байдаг. Хүний дасан зохицох чадварын босготой, 6-8 дахин их ачаалал авдаг. Хэрвээ хүн таргалаад, хөдөлгөөнгүй, ууртай уцаартай байх юм бол энэ босго нам л байна гэсэн үг. Бага хэмжээний цочрол үзүүлэхэд л улам их стресст орсон байсан ч даван туулах чадвартай болдог. Мөн йогийн дасгалууд хийж болно. Үүний механизмыг европын анагаах ухаанд үздэггүй. Ямар ч байсан тэр үлдэгдэл бодисуудыг биеэс зайлуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнээс өөр арга байхгүй. Шинжлэх ухаанд арын хаалга, хааны зам байхгүй гэдэг шиг стресс тайлах өөр арга байхгүй. Байгалийн жамаараа л гаргах хэрэгтэй.