Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Б.Болдсайхан: Хэрвээ оройд нойр хүрэхгүй байвал....

Б.Болдсайхан: Хэрвээ оройд нойр хүрэхгүй байвал....
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 18

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Гар хөлийн шөрмөс байнга татах нь юутай холбоотой вэ?
-Нэгдүгээрт, цусан дахь калийн хэмжээ багасвал ийм шинж өгдөг. Мөн кальци багассан үед ийм шинж илэрдэг. Гуравдугаарт, магнизм багадвал нүүрний булчингууд, нүдний зовхи татдаг. Энэ бүхнийг шинжилгээгээр шалгуулаад, эмчээс зөвлөгөө авч, мизроэлементүүд жижиг, булчингуудыг ашгаах цочроох процесст оролцож байдаг. Үзэмний шүүс уух сайн. Эмийн сангаас магнизм, кальци авч ууж болно. Өсвөр насны хүүхэд, 45-аас дээш насны хүмүүст элбэг тохиолддог. Энэ насны хүмүүс сүү, тараг ууж, кальци нөхөж байх хэрэгтэй. Дунд насны хүмүүст дээрх шинж илэрч байгаа бол дээр хэлсэн микроэлементийн дутагдлуудтай холбоотой байж болох юм.
-Зогсолтгүй хэхрэх нь юутай холбоотой вэ?
-Үүнд хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, энэ хүний дотоод сайнгүй байна гэсэн үг. Ходоодонд исэлдэх процесс хүчтэй явагдаж, хий их ялгарснаас зогсолтгүй хэхэрнэ. Тиймээс ходоодоо оношлуулах хэрэгтэй. Магадгүй хүчиллэг нь багассан байж болно. Байцаа ч юм уу, амархан исэлдэг хоол идсэний дараа хий гараад байж болно. Хоёрдугаарт, улаан хоолой, ходоод хоёрын хооронд буцааж дээшээ хий юм уу, ходоодны доторхи шингэнийг гаргахгүй хааж байдаг тусгай булчин хаалт байдаг. Хүний амнаас эхлээд улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэс гээд зөвхөн доошоо чиглэх хөдөлгөөн байдаг атал зарим тохиолдолд ходоод арванхоёр гэдэс нь эргэх чиглэлийн хөдөлгөөн үүсгэдэг. Тэрнээс болж цээж хорсох, хэхрэх, гашуун оргиулах, цөс амтагдах нь мэдэгддэг. Үүнийг эмчлүүлэх ёстой.
-Яс сийрэгжилтийг яаж эмчлэх вэ. Манай хүүхдийг эмч нар үзээд яс сийрэгжилттэй гэсэн?
-Яс сийрэгжилтийг зогсоох ганц л эмчилгээ бий. Кальци уух. Энэ нь өсөлтийн насны хүүхдүүдэд, мөн 50-иас дээш насны хүмүүст тохиолддог. 11-16 насны охид, хөвгүүд хурдан өсөх үед кальциа нөхөж авч чаддаггүй. Хөл гар нь өвдөх энэ үед эцэг эх нь өсөлтийн өвдөлт зүгээр гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь өвчин ч биш кальци дутагдаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Ийм үед хүүхдэд хоногт 400 мг-аас нэг грамм кальци, 500 гр-аас нэг литр сүү, тараг уулгаж байх ёстой. Дээр нь хөдөлгөөн сайн хийж байх ёстой. Хөдөлгөөнгүйгээс болж бас ясны сийрэгжилт ихэсдэг. 50-иас дээш насны бүх хүн даавар нөхөх эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Яс сийрэгжихээр ясны гадна тал нь хатуу, нимгэн дотор тал нь сийрэг болчихдог. Амархан хугардаг. Настай хүмүүс явганаас унаж сүүжээ хугална гэдэг нь ердөө л яс сийрэгжсэнийх.
-Хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилтэд нөлөөлдөг гэж ярьдаг. Хүүхдүүд гол төлөв газтай ундаа уух дуртай байдаг. Эцэг эхчүүд ч авч өгөөд байдаг. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?
-Ундааны хий бол агаарт ч байдаг, нүүрсхүчлийн хий СО2 шүү дээ. Түүгээр л хийжүүлдэг. Тэрнээс болж яс сийрэгжинэ гэж байхгүй. Хэрэв хийжүүлсэн ундаанаас болж яс сийрэгждэг бол бидний амьсгалж байгаа агаарт байгаа СО2 ч ясыг сийрэгжүүлэх ёстой болно. Тэгэхээр тэрнээс болохгүй. Харин яс сийрэгжилт нь хөдөлгөөн, хоол, таргалалттай холбоотой. Нүүрс ус ихтэй талх, боов, чихэртэй ундаа гэх мэт хоол хэрэглээд түүндээ цадаад, хүний биед хэрэгтэй уураг, мах, сүүгээ бага хэрэглээд ирэхээр ясанд очиж байгаа уургийн хэмжээ ч багасдаг. Ясанд хэрэгтэй кальци, уураг багасаад ирэхээр нөхөх бодис байхгүй учир сийрэгжих процесс явагддаг. Хүний яс сийрэгжихээр гадна талдаа хатуу ч гэсэн дотор талдаа тамхины цаас шиг нимгэн болсон байдаг. Иргэд зөвхөн чөмөг яс сийрэгшдэг гэж боддог. Гэтэл хүний бүх яс сийрэгждэг юм шүү дээ.
-Тархины цусан хангамж багасах нь юутай холбоотой вэ. Яаж сайжруулах вэ?
-Тархины цусан хангамж багасах тохиолдолд бага. Хамгийн чухал эрхтэн учраас хамгийн найдвартай цусан хангамжтай байдаг. Гэхдээ хүн ялангуяа 60-аас дээш насны хүмүүс тархи руу очиж байгаа дөрвөн гол судас юм уу, эсвэл хоёр гол судсыг гаднаас нь дарах, эсвэл дотроосоо нарийсч хатуурах үед цусан хангамж нь багасдаг. Тэгэхээр гол шалтгааныг л эмчлэх хэрэгтэй. Судас хатуурахын эсрэг идэвхтэй амьдралын дэглэмтэй байх хэрэгтэй . Мөн аспирин ууж, цус өтгөрч, бүлэн үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Цусан хангамжийг яльгүй сайжруулах эмүүд байдаг. Гэхдээ энэ дашрамд хэлэхэд, циннаризн зэрэг эмийг өөр оронд хэрэглэдэггүй юм шүү . Аспирин ялангуяа трентал зэрэг бүх биеийн бичил цусан хангамжийг сайжруулах зориулалттай эм ууж болно. Мөн хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.
- Харвасан хүн эдгэрэх магадал хэр өндөр байдаг бол?
-Цус харвах түгээмэл өвчний нэг. Монголчуудын үхлийн шалтгааны гуравт харвалт бичигддэг шиг санагдаж байна. Хүний тархинд тухайн хүний биед эргэлдэж байгаа цусны 20 хувь нь очиж байдаг. Тэр утгаараа тархи маш ажилсаг эрхтэн. Бас хамгийн их ажиллаж байгаа учраас тэнд халалт бий болдог. Түүнийг хөргөхийн тулд цусан хангамж их шаардагддаг. Иймээс цусны судсан дотор ямар нэг өөрчлөлт гарахыг цус харвалт гэдэг. Энэ нь хоёр янзын эх сурвалжтай байж болно. Эхнийх нь судас хагаралгүй дотроосоо бөглөрдөг. Шалтгаан нь цусан дотор ямар нэгэн бүлэн явж байгаад тархинд очих судсыг бөглөж болзошгүй. Эсвэл настай хүний хувьд судас хатуурч нарийсаад, тэр хэсэгт нь жижиг бүлэн ирээд хаачихаж магадгүй. Энэ нь гаднаас харахад судас бүтэн боловч хаа нэгтээ битүүрээд цусанд тэжээл очихоо болихыг хэлдэг. Хоёр дахь нь судас хагарах явдал. Энэ нь хатуурсан судас даралт ихсэх, хүнд юм өргөж ачааллаа нэмэгдүүлэх зэргээс болж хагарч, цус гадагшлах, түүнээс улбаалан тархин дахь бусад судсыг дарах, цусан хангамж муудах бүлэн үүсэх шалтгаан болдог байна. Түүнээс гадна эрүүл саруул хүн амын 10 хувьд тохиолдож болох анеризм буюу тархины судсан дээр жижиг цүлхэн байдаг. Энэ нь цусан хангамж даралтын огцом өөрчлөлтөөс шалтгаалан хагарсан байж болзошгүй. Ерөнхийдөө судас хагарах ийм үндсэн хэдэн шалтгаан байдаг. Үүний улмаас толгой өвдөх, ухаан алдах, хоёр болон нэг тал мэдээгүй болохоос гадна том судас хагарвал үхэлд хүргэж ч болзошгүй. Их төлөв тархины дунд хэсгийг тэжээдэг судсууд дээр энэ өвчин тохиолддог. Энэ үед хэл яриагүй, өрөөсөн тал мэдээгүй болох шинж тэмдэг илэрдэг. Оношлогоог эдгээр шинж тэмдгээс гадна өвчтөний зовиурыг сонсч, компьютер томограф хийж болно. Ангиограмм буюу хүний тархи руу явж байгаа судсанд будагч бодис хийгээд кино зураг авч байгаа юм шиг харж болдог. Цус харвалт болсны дараа тархины энэ судсаар тэжээгдэж байсан хэсэгт үхжилт үүсдэг. Энэ үхэжсэн хэсгийн эргэн тойронд бас тодорхой хэмжээгээр цусан хангамж мууддаг. Үүнийг эмчлэхийн тулд цүлхэн дээр нь хавчуур тавих, тархинд тарсан цусыг авах зэрэг мэс заслын эмчилгээ хийдэг.
Сүүлийн үед цус харваагүй байхад нь илрүүлсэн цүлхэнг гамма туяагаар шарж эмчлэх арга олон улсад нэвтэрч байна. Ялангуяа цүлхэн үүссэн үед түгээмэл хэрэглэдэг боловч манайд одоохондоо орж ирээгүй байгаа. Бага зэрэг харвалтын үед хагалгаа хийх шаардлагагүй. Нөхөн сэргээх эмчилгээг идэвхтэй хийх боломжтой. Энэ үед өвчтөн, ар гэрийнхний уйгагүй хичээл зүтгэл онцгой үүрэгтэй. Цус харвачихсан гээд зүгээр сууж болохгүй. Дасгал уйгагүй хийгээд байх юм бол өөр төвүүд нь хөл гарыг нь удирддаг удирдлагын үүргийг гүйцэтгээд явчихдаг. Энэ процесс хоёроос дээш жил үргэлжилнэ. Тэсвэр тэвчээртэй байж чадвал бүрэн сэргэх боломжтой. Хоёр жилээс цаашилбал гарсан өөрчлөлтийг эргүүлэх боломж багасч байна гэсэн үг.
-Тархины эд эс дахин бий болохгүй ч сэргээх арга байдаг уу?
-Монголын анагах ухаанд хөгжөөгүй хэд хэдэн салбар бий. Түүний нэг нь психореабилатаци буюу нөхөн сэргээх үйл ажиллагаа юм. Цус харвалт юм уу тархины хагалгааны дараа ой санамжийг сайжруулдаг арга хэмжээг авах сэтгэл зүйчид манайд байхгүй тул тухайн өвчтөний ар гэрийнхэн л сайн авч явах хэрэгтэй. Тэгвэл тодорхой хэмжээгээр сэргэх магадлалтай.
-Хүн зөнөнө гэж ярих юм. Энэ нь тархины эд эстэй холбоотой юу?
-Тархины эд эс нэмэгдэхгүй улам цөөрдөг. Түүний л нөлөө. Орон зай, цаг хугацааны баримжаа мэдрэмжээ алдах хэмжээнд хүрч, тархи хэвийн ажиллаж чадахаа больсон гэсэн үг. Энэ нь янз бүрийн өвчин, тархины үйл ажиллагааны идэхтэй явагдахаа больсон гээд олон шалтгаанаас болно.
-Хагалгаанд орж наркоз хийлгэсэн хүмүүс дараа нь мартамхай болдог гэдэг. Энэ хэр бодитой яриа вэ?
-Зөв бодол. Яагаад гэвэл наркозын үед хүний төв мэдрэлийн систем буюу бор тархийг тариагаар давамгайлж зохиомлоор унтуулдаг . Гэхдээ хогийн цэг дээр амьдарч байгаа хүмүүсийг хар л даа. Гэтэл зарим нэг нь тархиндаа процессор суулгаад ч юм уу бидний төсөөлшгүй өөр төвшинд амьдрах гэж тэмүүлж явна. Ийм л сонин зүй тогтлоор амьдарч, хөгжиж байна. Тэдний ой санамж ч шал өөр байгаа.
-Тархи яагаад хөтөлдөг вэ. Тархи хөдлөхөөр хөл урт богино болж, нүд том жижиг болдог гэж үнэн үү?
-Тархи хөдөлнө гэдэг нь тархины бүх эд эс гэмтэж байна гэсэн үг. Яагаад гэхээр тархи бол хүний хамгийн нандин эрхтэн. Хүний биед байгаа байгалиас заяасан цорын ганц бив битүү хадгалагдахдаа гурван давхар хальсан дотор, хальснуудынх нь хоорондуур ус гүйсэн нарийн бүтэцтэй. Тархи их сайн бүрэлдсэн тараг шиг эсвэл цэлцэгнүүр шиг зөөлөн бүтэцтэй. Үүнийг хүчтэй зүйлээр цохиж доргиохоор цохисныхоо яг эсрэг талын ханыг мөргөдөг. Түүнээсээ болоод тархины эд эсүүд гэмтэнэ. Дух руу цохисон байхад дагзанд доргилт үүснэ. Үүнээс болж олон шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, биед ерөнхий өөрчлөлт орно. Ухаан алдах, тархи толгой дүйрэх, бөөлжих, өвдөх, хүзүү хөших, нуур ам муруйх зэрэг өөрчлөлт гардаг. Эдгээр шинж тэмдгийн нэг нь нүд том жижиг, хөл урт богино болох юм. Яагаад тэгж байна гэхээр нүд ам тойрч байгаа булчингуудыг удирдаж байгаа хоёр талын мэдрэлийн нэг талынх нь цочирсноос тэнцвэргүй болчихож байна гэсэн үг. Монголчууд харин толгой тархи хөдлөхөд сайн эмчилгээ хийдэг. Гэхдээ ул руу цохих зэргээр хатуу эмчлэх нь буруу. Бариа эмчилгээ толгой хөдлөлтөд сайн үр дүн өгдөг.
-Ер нь нойр хүрэхгүй байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
-Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй. Хэтэрхий өлсөөд эвсэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарч гарч, болохгүй бол гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй. Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж, унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байршуулах хэрэгтэй. Ор дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй. Орой унтахын өмнө 100, 200 гр халаасан улаа дарс, эвсэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө. Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтдаг зөв эм бол люминал . Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй. Ямар нэг юм тоолж их стресстэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандвал надаас хамаагүй дээр, сайн зөвлөгөө өгөх байх.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн