Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Би хоёр удаа шарласан. Миний элгийг бага зэрэг,тууралттай гэсэн. Одоогоор ямар эмчилгээ хийлгэж, ямар эм уух вэ?
-Энэ хүн А вирусээр шарласан биш байх гэж бодож байна. А вирусээр үүсгэгдсэн шар өвчнөөр өвчлөөд эдгэсэн бол элэгний хатуурал болох нь харьцангуй гайгүй. А вирус бол 97-98 хувьд хүний биеэс гараад явчихдаг. Тэгэхээр хэдэн жилийн дараа тэр хүний элэг шарлаагүй юм шиг дахин нөхөн төлждөг. Хоёрдугаарт, дахин шарлахгүйгээр дархлаа үүссэн байдаг. Тэгэхээр хоёр удаа шарласан гэхээр нэг нь А, нөгөө нь В, магадгүй С ч юм уу өөр өөр вирусээр хоёр удаа өвдсөн байх. В, С вирусээр шарлавал элэгний хатуурал үүсэх магадлал илуу. Өвчилсөн хүмүүсийн 30 орчим хувьд нь хатуурал үүсдэг.
-Элэгний хорт хавдартай хүн ингэний хоормог ууж болох уу?
-Болно. Ингэний хоормог бол их сайн чанарын сүүний нэг. Уургийн найрлага өндөртэй. Хортой бөгөөд эсрэг заалт байхгүй. Ихээр нэг дор уувал их өтгөн, уураг ихтэй, амархан исэлддэг учраас цээж хорсох, шингээхэд амаргүй байж магадгүй. Бага багаар уувал биед хамгийн сайн тэжээлтэй байж болно. Гэхдээ эмчилгээний ямар нэгэн чанар байхгүй. Зөвхөн ингэний сүү ч биш, бусад сүү ч дотроо хүний биед, ялангуяа элгэнд хамгийн зохистой хэлбэрээр өөх тос, уургийн найрлагатайгаа байдаг учраас сайн. Элэгний өвчтэй, хавдартай, элэг хатуурсан, шарласан хүмүүст аливаа сүүн эмчилгээ сайн байдаг. Тийм учраас монголчууд улаан үнээний сүү, цагаан ямааны сүү, цагаан гүүний сүү уу гэдэг учиртай. Үр хүүхдээ тэжээх зориулалттай хамгийн төгс найрлагатай хоол бол сүү. Тэгэхээр хавдартай хүнд сайн тэжээл болж чадна.
-Элэгний архаг өвчинтэй хүн ингэний хоормог ууж болох уу?
-Болно. Ер нь элэгний архаг өвчтэй хүн аль болох сүү хэрэглэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл, элэгний гол үйл ажиллагааны нэг нь фосфолипидууд гэж фосфор агуулсан фосфолипопротейдүүд гэж уураг, өөх тос агуулсан нэгдлүүдийг гаргаж, түүгээрээ хүний бүх эд эсийн мембраныг, мөн мэдрэлийн эсүүдийг төлжүүлж байх ёстой. Тэр үйл ажиллагаа нь элэгний архаг өвчний үед алдагддаг. Тийм учраас элэгний өвчтэй хүмүүсийн арьс, салст хуурайшдаг, мартах санах нь амархан болдог гэдэг. Тэр фосфолипидууд, фосфолипопротейдууд сүүнд их байдаг. Болдог бол эхийн сүү ууж байвал элгэнд сайн. Хамгийн шингэцтэй, тэжээлтэй, бараг эмчилгээ болж болно. Ерөөс ингэний хоормог уухад эсрэг заалт байхгуй. Харин амархан исэлддэг учраас ходоодны үрэвсэлтэй юм уу, шархтай хүмүүст эхэндээ эвгүй байж магадгүй. Уугаад байвал ходоод харин ч гайгүй болох ёстой. Ходоодны шархтай хүмүүс ингэний хоормог дангаар нь уусаар байгаад зүгээр болдог тохиолдол нэлээд байдаг.
-Хавдартай хүмүүст судас боох эмчилгээ хийдэг. Энэ хэр үр дүнтэй сайн эмчилгээ юм бол, өвчнийг хэр удаан барьдаг вэ?
-Элэгний хавдартай хүнд судас боох эмчилгээ хийдэг. Нэг сегмент дотор багтаж байрласан багавтар хавдрын үед хийдэг эмчилгээ. Бага гэдэг нь 10 см-ээс ихгүйг хэлнэ. Судас боох эмчилгээ үр дүнгээ өгнө өө. Хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөнө гэсэн үг. Тэгэхээр элэгний хавдар тэжээлгүй болоод үхнэ гэсэн үг. Бөглөхийн өмнө эмнэлгийн нөхцөлд, судсаар нь, зөвхөн тэр хэсэгт нь хавдрын эд эсийг үхүүлдэг химийн эмчилгээ хийдэг.
-Элэг ЭХО-д цайрч харагддаг нь юуных вэ?
-Элэг цайрч харагдах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ЭХО гэдэг нь хүний арьснаас авахуулаад арьсан доорхи эдийг нэвтлээд элгийг харж байгаа. Тэгэхээр арьсан доороо зузаан өөхтэй, тарган хүний элэг цайрч харагдана. Ихэнх шалтгаан нь ийм байдаг. Хүмүүсийн 30-40 хувь нь таргалалттай болсон шүү дээ. Ер нь бол элэг хатуурсан бол бас ингэж цайрч харагддаг. Гэхдээ зөвхөн ЭХО-д хараад хатуурсан гэж онош тавьж огт болохгүй. Элэгний үйл ажиллагааг лабораторийн шинжилгээгээр үзэж байж онош тогтоох ёстой.
-Элэгний циррозтой хүн өглөө, оройд сүү ууж байвал сайн гэдэг юм билээ. Яагаад?
-Ер нь сүүг өглөө, орой гэлгүй хэзээ ч гэсэн ууж байвал хэрэгтэй. Миний бодлоор хорвоод байгаа хамгийн сайн хоолыг нэрлэ гэвэл сүү, өндгийг хэлнэ. Сүү бол эх амьтны үр хүүхдээ тэжээх гэж бүхий л хэрэгтэй уураг, өөх тос, витамин, микроэлемент, тэр байтугай дархлааны бодисуудыг бүгдийг нь агуулсан ач тустай гайхамшигтай тэжээл. Үүнээс илүү хоолыг хүн төрөлхтөн хэзээ ч дахиж хийж чадахгүй. Эхийн сүүнээс илүү сүүг шинээр зохион бүтээнэ гэж байхгүй. Тэгэхээр сүү бол хамгийн сайн хоол. Үргэлж хэрэглэж байх ёстой. Дундговь, Өвөрхангай, Булганд зун нь зөвхөн айраг уудаг айлууд бий. Хоол ч идэхгүй, ундаа ус ч уухгүй. Тэр хүмүүс хамгийн эрүүл чийрэг байдаг. Тэгэхээр сүү бүгдийг орлож чадна. Өндөг бас тийм. Гэхдээ өндөг бол дотроо үр хөврөлөө хадгалаад, дэгдээхэй болод биеийг хүртэл тэжээхээр зориулагдсан болохоор сүүнээс хэт их өндөр уургийн бодисуудын агуулгатай болохоор харин хэмжээтэй хэрэглэх ёстой. Өдөрт хоёр, гyрваас илүүг идээд хэрэггүй болов уу. Харин хүнд дасгал хийж байгаа тамирчдад, эсвэл бодибилдингийн тамирчид, өглөө оройд таван км гүйдэг хүмүүс дөрөв таван өндөг идэж болно. Тэгж байж уургаа хангалттай авна. Үүнтэй зохицуулаад бусад хоолоо тааруулах ёстой.
-Циррозонд хэрээний элэг сайн гэж сонссон. Үнэн үү?
-Хэрээний элэгний тухайд мэдэхгүй. Элэг бол хамгийн сайн хоолны нэг. Тийм ч учраас монголчууд дээр үед гөрөөсний ч юм уу, буриадууд дөнгөж гаргасан үхрийн элгийг түүхийгээр нь иддэг байсан. Яагаад гэвэл элэгний үндсэн зориулалтын нэг бол нөөцийн эрхтэн. Дотроо уургийн, нүүрс усны, витамины гээд хүний биед хэрэгтэй хамаг нөөцийг агуулж байдаг. Товчоор хэлбэл, агуулах. Хамгийн эхний нөөц бол эсэд, цусанд явж байдаг. Энэ нөөц барагдаад, бид өлсөхөд эс эхлээд өөрийн дотор байгаа глюкозыг, дараа нь цусанд байгаа глюкозыг хэрэглээд, тэгээд элэгнээс уураг, бусад элементүүдээ авч эхэлдэг. Элгэнд байгаа глюкогоныг глюкоз болгон авч ашигладаг. Түүнтэй адил уураг ч бас тийм. Хэрээний элэг бусад амьтныхаас онцлог гэж мэдэхгүй. Хоол идэхгүй архи уувал элгэнд шууд муугаар нөлөөлнө. Элгээ идэж эхэлдэг.
-Биеэр улаан толбо гарахаар элэг муудсаны илрэл гэдэг ортой юу?
-Улаан толбо гарахаар л элэг муудлаа гэж ойлгож болохгүй. Зөвхөн улаан толбо гэдэг үгээр оношлох боломжгүй юм. Гэхдээ арьс, хэл, чих зэрэг толь эрхтнүүд хүний эрүүл эсэхийг харуулдаг. Дөчөөс дээш насанд мэнгэ, ургацаг, толбо гарах нь элбэг. Энэ нь арьс хөгширч эхэлсний шинж юм. Их төлөв хүний элэг муудсан тохиолдолд бие дээгүүр судсан од шиг толбо гарч ирдэг. Мөн жижиг улаан, хүрэн толбууд гарсан байдаг. Энэ нь хүний элэгний хоргүйжүүлэх, уураг үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа буурсантай холбоотой.