"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад ийн хариулж байна.
-Дүү маань гэрлээд таван жил болж байгаа ч хүүхэдтэй болохгүй байна. Үргүйдлийг тогтоох шинжилгээ хаана хийлгэж болох вэ. Ялангуяа эрэгтэй хүнд?
-Эрэгтэй хүний үргүйдэл олон шалтгаантай байдаг. Эр хүний үрийн шингэн дотор нэг удаагийн гаралтад 400 мянгаас хоёр сая орчим сперматозоид байдаг. Энэ тоо хангалттай байна уу, сперматозоид болгон хангалттай хөдөлгөөнтэй байна уу, толгой сүүлний хэлбэр хэвийн байна уу гэдгийг тогтоолгох хэрэгтэй. Жишээ нь, сүүл нь ихэнх нь хугархай байх тохиолдол бий. Тэгвэл энэ нь өндгөн эстэй уулзах хүртэл хол замыг туулж чадахгүй, эргэлдэх хөдөлгөөн хийгээд байдаг. Тэр байтугай үрийн шингэн дотор сперматозоид байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлох ёстой. Зарим хүнд байхгүй тохиолдол ч бий. Багадаа гахайн хавдраар өвдөж, тэрнээсээ шалтгаалж төмсөгний үрэвсэлтэй болж, улмаар төмсөгний ихэнх хэсэг нь сорвижсон бол тийм байдаг. Үүнийг аль ч лабораторид тодорхойлуулж болно. Үүнээс цааш шинжлүүлье гэвэл эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн заг хүйтэн, төмсөгний хавдар тусч байсан уу, гахайн хавдраар өвдөж байсан уу, багадаа төмсөг нь хожим бууж ирсэн үү гэдгийг шинжлүүлж мэдэх шаардлагатай. Гэхдээ эрэгтэйчүүдийн үргүйдэл ховор байдаг. Тиймээс эхнэртэйгээ шинжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн бараг 10 хүний 1-2 нь үргүйдэлтэй байх нь бий. Энэ нь өндгөн эс бүр байхгүйдээ биш, гол төлөв үрэвслийн гаралтай, труба бөглөрсөн, үр тогтсон ч аборт хийлгэж байсны улмаас сав нь үр тогтоохоо больсноос шалтгаалдаг. Тэгэхээр хоёулаа шинжлүүлсэн нь зөв байх.
-Бэлгийн чадавхийг дээшлүүлэх эмийг хааяа ууж хэрэглэхэд дотор эрхтнүүдэд хортой нөлөөлөх үү?
-Ямар эм уухаас шалтгаална. Хүн орхоодой, бугын цусан эвэр зэрэг нь дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлөхгүй. Гэхдээ ийм эмүүд бэлгийн чадавхийг айхтар сайжруулж чадахгүй. Ёханбэгийн төрлийн эмүүдийг ууж болно. Гэхдээ их уувал даралт унагах сөрөг талтай. Виагра бол харьцангуй гайгүй. Дасал болдоггүй, муу нөлөөгүй. Зөвхөн бэлэг эрхтнээс гадна бүх бие, тархи, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг. Гэхдээ тархи, зүрхний судас нарийссан, судас тэлдэг нитритийн нитросорбидын төрлийн эм ууж байгаа хүн хамаагүй хэрэглэж болохгүй. Тэгвэл огцом инфаркт болох магадлалтай.
-Надад түрүү булчирхай томролтын шинж тэмдэг илрээд байна. Удаан, ойр ойрхон шээх, зарим үед шээсний дараа гүйцэд шээгээгүй мэдрэмд төрөх юм. Өөр өвдөх зовиургүй. Хоёр удаа эм ууж үзсэн. Эхнийх нь Энэтхэгийг Гималайн эмийн үйлдвэрийн ногоон алаг хайрцагтай эм. Нөгөө нь Моносынх. Өөрчлөлт ер мэдрэгдсэнгүй. Энэ өвчнөөс ангижрах дасгал хөдөлгөөн, эмчилгээний арга байдаг болов уу?
-Түрүү булчирхай үндсэндээ хоёр янзаар өөрчлөгддөг. Хатуурч хатангиршиж, дотроо гүйж буй шээсний сувгийг гаднаас нь хавчиж нарийсгаж өөрчлөгддөг. Нөгөөх нь ямар нэгэн хэлбэрээр томрох, тэр нь үрэвслийнх байж болно, эсвэл өөрийнх нь эд эсүүд томорсн улмаас дарсан гэх хоёр хэлбэрээр. Нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, тогтоолгох хэрэгтэй. Түрүү булчирхайн тухай хэлэхэд сонин болгонд Хонконгд, Солонгост тийм эм уугаад, эмчилгээ хийлгээд эдгэрсэн гэх зарлал байдаг. Итгэж болохгүй. Түрүү булчирхайд уудаг эм цөөхөн. Простатин гэж зориулалтын эм бий. Тэрийг ууж болно. Мөн Африкт ургадаг модны холтсоор хийдэг ёханбэй гэдэг эм бий. Түрүү булчирхайн үрэвслийн хэт томролтын үрэвслийг дарна, сексийг ч бас сайжруулах ёстой. Даралт ихтэй хүний хувьд уухад зүгээр нэг эм бий. Альфарецепторын блокаторууд гэсэн нэртэй. Энэ эм харьцангуй сайн нөлөөтэй. Тэгээд болохгүй бол шөнөдөө гурваас дээш шээдэг, үргэлж шээс үлдсэн мэт зовиуртай байвал мэс засал хийлгэсэн нь дээр. Дурангаар ч хийдэг. Нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын эмч нарт ханд. Тэрнээс биш захын хүний үгээр эм авч уугаад зүгээр болохгүй.
-Түрүү булчирхайн дасгал хөдөлгөөний тухайд?
-Дасгал хөдөлгөөнөөр үүнийг эмчлэх арга бараг байдаггүй. Монголчуудын дээр үеийн уламжлалт ганц дасгал л байдаг. Хүмүүс бохирч суудаг даа. Нэг өсгийгөө босгоод, нөгөө хөл дээрээ суух. Хөлийн өсгий түрүү булчирхайн дээр таарахаар суудаг. Тэр дасгалыг үргэлж хийж байвал түрүү булчирхайг дарж байнгын дасгал болно. Гэхдээ үүнийг шөндөө гурав хүртэл шээдэггүй, зовиур багатай хүмүүс хийж болох юм. Энэтхэгийн иогийнхон бохирч суухийг нэвтрүүлж, бүр монгол суудал гэж нэрлэн, түрүү булчирхайд зориулсан дасгал болгосон байдаг. Тэр нь өрөөсөн хөлийн өлмий дээрээ суух. Нөгөө хөлийн өсгийг түрүү булчирхайд тааруулж, өлсийгөө газар тулж сууж байгаа хөлийнхөө өвдгөн дээр тавиуд суух юм. Энэ тийм амар биш. Тэгэхээр эхний удаад хоёр гараараа юм тулаад хийж болно. Өдөрт 1-2 удаа.
-Аав маань 80 нас хүрч байгаа. Түрүү булчирхайн томролттой, үе үе эм авч уудаг. Мэс заслын аргаар түрүү булчирхайг авч болох уу. Авахуулснаар сөрөг үр дагавар гарах уу. Хаана хандвал зүгээр вэ?
-Түрүү булчирхайн томролт 80-тай эрэгтэйчүүдийн бараг гурван хүний хоёрт тохиож байж магадгүй. Хэвээ шөнө хоёр гурваас олон босдог, шээхэд маш төвөгтэй байдаг, их дүлүүлдэг, яаж ч дүлж шээгээд үлдчихдэг, ойр ойрхон шээдэг бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. Тиймгүй бол сайн эмүүд эмийн санд байгаа. Эмимпекс дээр жишээ нь, тамсол, простратит, ёоханбэ зэрэг эм бий. Мөн альфаблокатр гэж байдаг. Үүнийг даралт өндөртэй хүнд л хэрэглэж болдог. Даралт өндөр биш бол төвөгтэй. Хэрвээ үрэвсэлтэй бол үрэвслийн эсрэг энгийн эмчилгээ хийлгэж, антибиотик, үрэвслийн эсрэг эмүүд ууж болдог. Ингээд намдахгүй зовиуртай байх юм бол хагалгаа хийлгэж болно. Хагалгаа янз бүр. Шээсний сүвээр, хэвлийгээс нь дурангаар хийж болдог. Нээлттэй хийж болно. Хагалгаа хийлгэхдээ тулбал нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын тасагт очоод эмч нараас зөвлөгөө аваарай. Тэд бараг өдөр бүр ийм хагалгаа хийдэг, туршлагатай.
-Түрүү булчирхайг авахуулчихвал бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү. Нойрны эм их уувал бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлөх үү?
-Бэлгийн сулрал, түрүү булчирхай хоёр хоорондоо шууд холбоотой биш. Бэлгийн сулрал бол юуны түрүүнд сэтгэл санааны сулрал байдаг. Өөрөөр хэлбэл, би чадахгүй нь, би хөгширч байна, бүдүүн гүзээтэй болчихож гэдэг ч юм уу, иймэрхүү бодлоос болоод сэтгэд санааны сулрал болдог. Яг жинхэнэ биологийн буюу өөрийнх нь чадавхи буугаагүй байдаг. Миний эрхтний хэмжээ жижигхэн болов уу, би секстээ сайн болов уу гэж 100 эр хүнээс 100 нь эргэлзэж байдаг. Тохиолдлоор нэг удаа эрхтэн хөвчирч босоогүйгээс сэтгэл санаагаар унах тохиолдол гардаг. Ер нь ялгах арга энгийн. Зарим өглөө сэрэхэд эрхтэн чинь хөвчирч байна уу. Тэгж байвал эрхтэн хэвийн, сэтгэл санаа болохгүй байна гэсэн үг. Ийм үед мэргэжлийн секслогич, сексопатологич эмчид хандсан дээр. Жинхэнээсээ бэлгийн сулралтай бол эрэгтэй хүнд тестостерон дааврын хэмжээ багассан үед илэрч болно. Тестостерон гэдэг нь эрэгтэй хүнийг эрэгчин амьтан байлгадаг шинжүүдийг бүрэлдүүлдэг, шилжилтийн насны үед хоолой бүдүүн болж, булчин том болж, төвөнх гарч ирж, сахал ургадаг гээд энэ бүхнийг хариуцдаг дааврууд юм. Энэ даавар аажимдаа 40, 50 гараад ирэхээр буурч эхэлдэг. Үүнийг лабораторид шинжлүүлж болно. Хэвийн үед 2-10 байдаг. Ер нь хүмүүст дунджаар 4-8 байхад хэвийн гэж үздэг. 8-аас дээш бол цээж, биеэрээ үстэй, толгой халзан болж, үүний улмаас зүрхний судас нарийсдаг, таргалдаг гэх мэт дам нөлөө гаргах нь бий. Нойрны эм бол бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлнө. Нойрны эм тархины бор давхаргыг дарангуйлдаг. Тэгэхээр нойрны эм хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлдаг л юм бол бас бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлнө.
-Тэмбүү гэдэг ямар өвчин бэ?
-Энэ өвчний үүсгэгч нь спираль хэлбэртэй палидум гэж бактери байдаг. Дээхнэ үед дэлхий даяар тэмбүү өвчин түгээмэл байсан. Одоо янз бүрийн эм бэлдмэл гарсан ч хамгийн түгээмэл тархсан өвчний нэг хэвээр байна. АНУ-д насанд хүрсэн 1000 хүн тутмын 9 нь халдвар авсан байхад Хойд Африкт хамгийн бага, 6 байна. Төв Азид 11, харин Зүүн Азид хамгийн их буюу 1000 хүн тутамд 16 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Манай орны хувьд нэлээд бага болсон нь тандалт судалгаа, эмчилгээ сайн байдагтай холбоотой. Тэмбүүгийн анхны шинж эрэгтэй хүний бэлэг эрхтэн дээр яр гарснаар илэрдэг . Энэ нь хатуу боловч өвчин зовиургүй байдаг нь хүний өвдөлтийн мэдрэлүүдийн төгсгөлийг дарангуйлж “алчихдаг”-тай холбоотой. Эмэгтэй хүнд ч мөн адил. Түүнээс гадна арьс, үен дээр гарах нь бий. XX зууны дунд үед хүртэл түгээмэл байсан энэ өвчнийг анагаах антибиотик гаргаж авснаар илт багассан. -Тэмбүүд баригдсан монголчуудыг орос “ах нар” өвчнөөс салгасан гэж яриад байдаг юм билээ?
-1950-1960-аад оны үед манайд эмч,бага эмч нарын хүрэлцээ бага байсан нь үнэн. 1946 онд анхны 13 төгсч байлаа шүү дээ. Энэ үед оросууд нэг, хоёрдугаар экспедиц гэж гаргаад, өвчтиэй хүмүүст үзлэг хийж, эм тариагаар сайн дарж авсан. Харамсалтай нь, бүх хүнд халдварт шар өвчнийг тараасан. Энэ нь тариураар голдуу тарсан байдаг. Монголчууд хүн бүр аяга, хутга, алчууртай явдаг байсан болохоор ийм өвчнийг мэддэггүй байж. Одоо Монголд зүрхний өвчний дараа хавдар, тэр дотроо элэгний вирусын халдварт гепатитын гор гарч байгаа нь энэ. Тэмбүүгийн эхний шатыг мэдэхгүй байх юм уу, нууж хаагаад өнгөрвөл гурван долоо хоногийн дараа шарх, яр алга болоод нууц байдалд орно. Биеийн дотор талаар тэнэж яваад хаагуур ч гараад ирж магадгүй. Арьсан дээр улаан гүвдрүү гарч, хатиг шиг голомтолж гардаг. Эмч нарт хандаж, эрт оношлуулах чухал. Эмчилгээ нь тодорхой бөгөөд үр дүн нь хурдан гардаг. Пеницилин G-г хоёр өдөр тарих, сүүлийн үед орж ирсэн азетирил эмийг уухад нам дарагдаж, бүрэн эмчлэгдэнэ. Даруй эмчлэхгүй бол хүүхэд удамшлын тэмбүү өвчинтэй төрөхөөс гадна лавширвал хүний яс, тархи, зүрх рүү ч ордог. Үүнийг гурав дахь үе гат гэж үзэж болно. Хүний хамрын яс мөгөөрстэй болохоор амархан идэгддэг. Дээхнэ хамаргүй чавганц нар хаа нэг таардаг байсан даа. Оношилгоо бол харьцангуй сайн шүү, манайд.