"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан эмч уншигчдын асуултад ийн хариулж байна.
-Хүүхнүүд сав хазайх гэж ярьдаг. Бариач нар тэмтэрч үзээд, сав хазайжээ, барилаа, зүгээр боллоо гэдэг. Сав үнэхээр хазайдаг эрхтэн үү. Үүнийг бариач нар мэддэг юм уу, эсвэл европ анагаах ухаанд бас байдаг ойлголт уу. Сав хазайсныг яаж мэдэх вэ?
-Хэдэн зууны сая жилийн турш хүний бие хувьсан өөрчлөгдөхдөө үргэлж төгөлдөржиж байдаг. Хамгийн аюулгүй байдал руу хөгждөг. Үүний нэг жишээ бол сав. Хамгийн чухал эрхтэн тархи. Тархийг битүү авдран дотор хийгээд олон давхар гялгар уутаар бүрж, гялгар уутны хоорондуур ус гүйлгэж хамгаалсан байдаг. Дараагийн чухал эртхэн зүрхийг бас төмөр торон дотор хийгээд, хоёр талаас нь уушгиар, доороос нь дотор эрхтнээр хамгаалж, дээрээс нь хүзүүгээр тагласан байдаг. Үүнтэй ижил гурав дахь чухал эрхтэн сав. Хүн бий болж төрдөг савыг тархи, зүрхийг хамгаалсантай адил тааз гээд хүний аарцагны хагас битүү саванд хийсэн байдаг. Бариачийн байтугай хэрийн юм гаднаас цохиход нөлөөлөхгүй байхаар бүтэцтэй. Дээрээс ньдотор эрхтнүүд, доороос нь хөл залгасан. Тэгэхээр хамгийн найдвартай хэсэгт байна. Яагаад гэхээр саванд хүүхэд байдаг учраас хамгийн найдвартай газар байх ёстой. Сав хазайх гэж ярьж байна. Савнаас хоёр тийшээ хоолой явдаг. Хоолойн үзүүрт зангидсан гар шиг зүйл нь өндгөвч байдаг шүү дээ. Сав жирийн үедээ тахианы өндөг шиг хэмжээтэй, 75 гр хавьцаа жинтэй байдаг. Жирэмсний хамгийн сүүлийн сард үүнээс 50 дахин томордог. Хүний хоёр тал үргэлж өөр байдаг шүү дээ. Үүнтэй адил сав ч гэсэн үргэлж нэг, хоёр градусаар өөрчлөгдөж байдаг. Эмгэг гэж хэлэхээр өөрчлөлт их төлөв үрэвслээс болдог. Савны хоолойн үрэвсэл тахийлгаад сорвижоод нэг тийшээ татсан тохиолдлууд байдаг. Айхтар их татаж чадахгүй. Шөрмөс шиг өргөн холбоос дээр бэхэлгээтэй байдаг болохоор. Харин хазайснаасаа болоод жирэмсэлж чадахгүй байна гэдэг ойлголт бараг байхгүй. Ялангуяа хүүхнүүд сав хойшоо хазайсан гэнэ, хазайсан болохоор жирэмслэхгүй байна гэж ярьдаг. Сав урагшаа хазайсан хэлбэртэй байдаг болохоор хойш хазайна гэж байхгүй. Үүнийг бариач бариад гаднаас нь хазгай бурууг мэднэ гэдэг бараг боломжгүй байх. Дорнын анагаах үзэж байхад савны судлал гэж байдаг. Гэхдээ хазайсан байна уу гэдгийг мэдэх бараг боломжгүй. Савны өвчин байна уу, халуун, хүйтэн байна уу гэдгийг мэдэж болно. Мэдлээ ч гэсэн эргэн тойронд нь давсаг байна, шулуун гэдэс, өргөн холбоос байна, тэгээд тойроод битүү аарцаг яс байхад гаднаас нь бариад тэгшилнэ гэдэг ойлголт байхгүй. Ингэж чадаж байгаа бариач нээрээ байх юм бол магадгүй арслантай авдар дотроо байгаа дэрээ гаднаас нь илж байгаад эргүүлж байгаатай ялгаа байхгүй. Хүүхүүд үнэхээр сав хазайсан гэж бодож байгаа бол ЭХО-д харуулах хэрэгтэй. Нүдээр харж байгаа юм шиг харж болно шүү дээ. Тэгэхээр сүүжний гаднаас бариулна гэж битгий мөнгөө зараарай. Эмэгтэй хүний аарцаг тааз базах дуртай бариач тэгж ярьж байх магадлал өндөр. Жирэмсний үеийн сав бол арай өөр байдаг. Гэлээ ч байрлалаараа л байрлана. Энэ байрлал жаахан өөрчлөгддөг тохиолдол гэвэл хэт их явснаас болоод хүүхэд жаахан доошилдог. Доошлуулахгүй гээд монгол дээлний бүсийг доороос нь тосож чангалж бүсэлдэг шүү дээ. Одоогийн жирэмсний хувцас ч гэсэн доороос сойсон хэлбэртэй болсон бйна лээ. Хүүхэд доошилсон бол хөлөө сойж амрах хэрэгтэй. Бас их явснаас болж сав агшиж цохирч, чангарч байж болно. Ийм тохиолдолд барих юм бол бүр илүү агшиж, магадгүй зулбах тохиолдол гарна. Үүний оронд эмэгтэйчүүдийн төрөхийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дээр нь сайхан амарч, санаа сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Төрөх эмэгтэйчүүд өөрийнхөө эрүүл мэндийг бариачид даатгаад, саваа гаднаас нь хүүхэдтэйгээ бариулж базуулаад байна гэдэг өөрийнхөө болон хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулж байна гэсэн үг юм шүү. Эсвэл хэн нэгэн гаж донтонд өөрөө мөнгөө төлөөд таашаал өгч ч байж мэднэ.
-Би 35 настай. Гурван удаа хийсвэр хийлгэж, сүүлчийнхэнд нь саваа боолгосон. Одоо ганцхан хүүхэдтэй. 13 настай. Дахин хүүхэд гаргах боломж байгаа болов уу?
-Дахин жирэмслэх боломжгүй. Саваа биш савны хоёр хоолойгоо боолгосон байх. Хоёуланг нь боолгосон юм боло уу, нэг нь юм болов уу. Асуулт тодорхойгүй байна. Хэрэв нэгийг нь боолгосон бол жирэмслэх боломжтой. Хоёуланг нь бол боломжгүй. Гурван удаа хийсвэр хийлгэсэн бол дахин жирэмслэх хэрэггүй байх аа. Эсвэл эмчийн маш сайн хяналтан дор дахин нэг үзээд алдсан ч яадаг юм. Дахинд нэг кесарево хийлгэнэ л биз.
-Жирэмслэлтийг таслан зогсоохын тулд 72 цагийн дотор уудаг эмийг сард 2-3 удаа ууж болох уу?
-Ер нь бол хүсмээр эм биш. Маш өндөр тунтай өндгөвчний бөгөөд савны дааврууд агуулж байдаг. Сард 2-3 битгий хэл жилд ийм хэмжээгээр уух муу. Энэ эмийг ууснаар сарын тэмдэг огцом өөрчлөлт өгдөг, хүчтэй тоормослож зогсоож байгаа муу арга. Хоёрдугаарт, үүнээсээ болоод таргалж, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг өөрчлөлтүүд гардаг. Энгийн найдвартай өөр аргууд байдаг. Календарь хөтлөх, бэлгэвч хэрэглэх нь биед хор нөлөөгүй.
-Дүү маань гэрлээд таван жил болж байгаа ч хүүхэдтэй болохгүй байна. Үргүйдлийг тогтоох шинжилгээ хаана хийлгэж болох вэ. Ялангуяа эрэгтэй хүнд?
-Эрэгтэй хүний үргүйдэл олон шалтгаантай байдаг. Эр хүний үрийн шингэн дотор нэг удаагийн гаралтад 400 мянгаас хоёр сая орчим сперматозоид байдаг. Энэ тоо хангалттай байна уу, сперматозоид болгон хангалттай хөдөлгөөнтэй байна уу, толгой сүүлний хэлбэр хэвийн байна уу гэдгийг тогтоолгох хэрэгтэй. Жишээ нь, сүүл нь ихэнх нь хугархай байх тохиолдол бий. Тэгвэл энэ нь өндгөн эстэй уулзах хүртэл хол замыг туулж чадахгүй, эргэлдэх хөдөлгөөн хийгээд байдаг. Тэр байтугай үрийн шингэн дотор сперматозоид байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлох ёстой. Зарим хүнд байхгүй тохиолдол ч бий. Багадаа гахайн хавдраар өвдөж, тэрнээсээ шалтгаалж төмсөгний үрэвсэлтэй болж, улмаар төмсөгний ихэнх хэсэг нь сорвижсон бол тийм байдаг. Үүнийг аль ч лабораторид тодорхойлуулж болно. Үүнээс цааш шинжлүүлье гэвэл эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн заг хүйтэн, төмсөгний хавдар тусч байсан уу, гахайн хавдраар өвдөж байсан уу, багадаа төмсөг нь хожим бууж ирсэн үү гэдгийг шинжлүүлж мэдэх шаардлагатай. Гэхдээ эрэгтэйчүүдийн үргүйдэл ховор байдаг. Тиймээс эхнэртэйгээ шинжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн бараг 10 хүний 1-2 нь үргүйдэлтэй байх нь бий. Энэ нь өндгөн эс бүр байхгүйдээ биш, гол төлөв үрэвслийн гаралтай, труба бөглөрсөн, үр тогтсон ч аборт хийлгэж байсны улмаас сав нь үр тогтоохоо больсноос шалтгаалдаг. Тэгэхээр хоёулаа шинжлүүлсэн нь зөв байх.
-Бэлгийн чадавхийг дээшлүүлэх эмийг хааяа ууж хэрэглэхэд дотор эрхтнүүдэд хортой нөлөөлөх үү?
-Ямар эм уухаас шалтгаална. Хүн орхоодой, бугын цусан эвэр зэрэг нь дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлөхгүй. Гэхдээ ийм эмүүд бэлгийн чадавхийг айхтар сайжруулж чадахгүй. Ёханбэгийн төрлийн эмүүдийг ууж болно. Гэхдээ их уувал даралт унагах сөрөг талтай. Виагра бол харьцангуй гайгүй. Дасал болдоггүй, муу нөлөөгүй. Зөвхөн бэлэг эрхтнээс гадна бүх бие, тархи, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг. Гэхдээ тархи, зүрхний судас нарийссан, судас тэлдэг нитритийн нитросорбидын төрлийн эм ууж байгаа хүн хамаагүй хэрэглэж болохгүй. Тэгвэл огцом инфаркт болох магадлалтай.
-Надад түрүү булчирхай томролтын шинж тэмдэг илрээд байна. Удаан, ойр ойрхон шээх, зарим үед шээсний дараа гүйцэд шээгээгүй мэдрэмд төрөх юм. Өөр өвдөх зовиургүй. Хоёр удаа эм ууж үзсэн. Эхнийх нь Энэтхэгийг Гималайн эмийн үйлдвэрийн ногоон алаг хайрцагтай эм. Нөгөө нь Моносынх. Өөрчлөлт ер мэдрэгдсэнгүй. Энэ өвчнөөс ангижрах дасгал хөдөлгөөн, эмчилгээний арга байдаг болов уу?
-Түрүү булчирхай үндсэндээ хоёр янзаар өөрчлөгддөг. Хатуурч хатангиршиж, дотроо гүйж буй шээсний сувгийг гаднаас нь хавчиж нарийсгаж өөрчлөгддөг. Нөгөөх нь ямар нэгэн хэлбэрээр томрох, тэр нь үрэвслийнх байж болно, эсвэл өөрийнх нь эд эсүүд томорсн улмаас дарсан гэх хоёр хэлбэрээр. Нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, тогтоолгох хэрэгтэй. Түрүү булчирхайн тухай хэлэхэд сонин болгонд Хонконгд, Солонгост тийм эм уугаад, эмчилгээ хийлгээд эдгэрсэн гэх зарлал байдаг. Итгэж болохгүй. Түрүү булчирхайд уудаг эм цөөхөн. Простатин гэж зориулалтын эм бий. Тэрийг ууж болно. Мөн Африкт ургадаг модны холтсоор хийдэг ёханбэй гэдэг эм бий. Түрүү булчирхайн үрэвслийн хэт томролтын үрэвслийг дарна, сексийг ч бас сайжруулах ёстой. Даралт ихтэй хүний хувьд уухад зүгээр нэг эм бий. Альфарецепторын блокаторууд гэсэн нэртэй. Энэ эм харьцангуй сайн нөлөөтэй. Тэгээд болохгүй бол шөнөдөө гурваас дээш шээдэг, үргэлж шээс үлдсэн мэт зовиуртай байвал мэс засал хийлгэсэн нь дээр. Дурангаар ч хийдэг. Нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын эмч нарт ханд. Тэрнээс биш захын хүний үгээр эм авч уугаад зүгээр болохгүй.
-Түрүү булчирхайн дасгал хөдөлгөөний тухайд?
-Дасгал хөдөлгөөнөөр үүнийг эмчлэх арга бараг байдаггүй. Монголчуудын дээр үеийн уламжлалт ганц дасгал л байдаг. Хүмүүс бохирч суудаг даа. Нэг өсгийгөө босгоод, нөгөө хөл дээрээ суух. Хөлийн өсгий түрүү булчирхайн дээр таарахаар суудаг. Тэр дасгалыг үргэлж хийж байвал түрүү булчирхайг дарж байнгын дасгал болно. Гэхдээ үүнийг шөндөө гурав хүртэл шээдэггүй, зовиур багатай хүмүүс хийж болох юм. Энэтхэгийн иогийнхон бохирч суухийг нэвтрүүлж, бүр монгол суудал гэж нэрлэн, түрүү булчирхайд зориулсан дасгал болгосон байдаг. Тэр нь өрөөсөн хөлийн өлмий дээрээ суух. Нөгөө хөлийн өсгийг түрүү булчирхайд тааруулж, өлсийгөө газар тулж сууж байгаа хөлийнхөө өвдгөн дээр тавиуд суух юм. Энэ тийм амар биш. Тэгэхээр эхний удаад хоёр гараараа юм тулаад хийж болно. Өдөрт 1-2 удаа.
-Аав маань 80 нас хүрч байгаа. Түрүү булчирхайн томролттой, үе үе эм авч уудаг. Мэс заслын аргаар түрүү булчирхайг авч болох уу. Авахуулснаар сөрөг үр дагавар гарах уу. Хаана хандвал зүгээр вэ?
-Түрүү булчирхайн томролт 80-тай эрэгтэйчүүдийн бараг гурван хүний хоёрт тохиож байж магадгүй. Хэвээ шөнө хоёр гурваас олон босдог, шээхэд маш төвөгтэй байдаг, их дүлүүлдэг, яаж ч дүлж шээгээд үлдчихдэг, ойр ойрхон шээдэг бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. Тиймгүй бол сайн эмүүд эмийн санд байгаа. Эмимпекс дээр жишээ нь, тамсол, простратит, ёоханбэ зэрэг эм бий. Мөн альфаблокатр гэж байдаг. Үүнийг даралт өндөртэй хүнд л хэрэглэж болдог. Даралт өндөр биш бол төвөгтэй. Хэрвээ үрэвсэлтэй бол үрэвслийн эсрэг энгийн эмчилгээ хийлгэж, антибиотик, үрэвслийн эсрэг эмүүд ууж болдог. Ингээд намдахгүй зовиуртай байх юм бол хагалгаа хийлгэж болно. Хагалгаа янз бүр. Шээсний сүвээр, хэвлийгээс нь дурангаар хийж болдог. Нээлттэй хийж болно. Хагалгаа хийлгэхдээ тулбал нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс заслын тасагт очоод эмч нараас зөвлөгөө аваарай. Тэд бараг өдөр бүр ийм хагалгаа хийдэг, туршлагатай.
-Түрүү булчирхайг авахуулчихвал бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү. Нойрны эм их уувал бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлөх үү?
-Бэлгийн сулрал, түрүү булчирхай хоёр хоорондоо шууд холбоотой биш. Бэлгийн сулрал бол юуны түрүүнд сэтгэл санааны сулрал байдаг. Өөрөөр хэлбэл, би чадахгүй нь, би хөгширч байна, бүдүүн гүзээтэй болчихож гэдэг ч юм уу, иймэрхүү бодлоос болоод сэтгэд санааны сулрал болдог. Яг жинхэнэ биологийн буюу өөрийнх нь чадавхи буугаагүй байдаг. Миний эрхтний хэмжээ жижигхэн болов уу, би секстээ сайн болов уу гэж 100 эр хүнээс 100 нь эргэлзэж байдаг. Тохиолдлоор нэг удаа эрхтэн хөвчирч босоогүйгээс сэтгэл санаагаар унах тохиолдол гардаг. Ер нь ялгах арга энгийн. Зарим өглөө сэрэхэд эрхтэн чинь хөвчирч байна уу. Тэгж байвал эрхтэн хэвийн, сэтгэл санаа болохгүй байна гэсэн үг. Ийм үед мэргэжлийн секслогич, сексопатологич эмчид хандсан дээр. Жинхэнээсээ бэлгийн сулралтай бол эрэгтэй хүнд тестостерон дааврын хэмжээ багассан үед илэрч болно. Тестостерон гэдэг нь эрэгтэй хүнийг эрэгчин амьтан байлгадаг шинжүүдийг бүрэлдүүлдэг, шилжилтийн насны үед хоолой бүдүүн болж, булчин том болж, төвөнх гарч ирж, сахал ургадаг гээд энэ бүхнийг хариуцдаг дааврууд юм. Энэ даавар аажимдаа 40, 50 гараад ирэхээр буурч эхэлдэг. Үүнийг лабораторид шинжлүүлж болно. Хэвийн үед 2-10 байдаг. Ер нь хүмүүст дунджаар 4-8 байхад хэвийн гэж үздэг. 8-аас дээш бол цээж, биеэрээ үстэй, толгой халзан болж, үүний улмаас зүрхний судас нарийсдаг, таргалдаг гэх мэт дам нөлөө гаргах нь бий. Нойрны эм бол бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлнө. Нойрны эм тархины бор давхаргыг дарангуйлдаг. Тэгэхээр нойрны эм хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлдаг л юм бол бас бэлэг эрхтний хөвчрөлд нөлөөлнө.