Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан иргэдийн асуултад хариулж байна. Энэ удаа хаврын ядаргаа, эмчилгээний талаарх асуултад хариуллаа.
-Хавар, намар витамин С, витамин В-гийн комплекс, пенициллин G-г тариулах, дусал шингэн хийлгэх сайн гэдэг. Энэ талаар та ямар хариулт өгөх вэ?
-Өөрсдийн нь ойлголтоор баахан витамин, эмийг биедээ жоорлож аваад зун, өвөлтэй залгая гэж бодож байх шиг байгаа юм. Гэтэл ямар ч витамин, дусал 24 цаг битгий хэл 12 цаг биед байдаггүй. Ер нь витаминыг дусал, тариагаар хэрэглэх буруу . Бусад дусал ч мөн.Түүний оронд борцтой будаатай цайгаа чанаж уух нь биед хамаагүй ашигтай. Нөгөө талаар, монголын өвлийн урт өдрүүд дуусч, хүний бие ядардаг. Дээр нь зооринд удаан хадгалагдсан мах, ногоонд витамины хэмжээ багассан байдгаас ядаргаанд ордог. Тиймээс витаминыг ууж нөхөж болно. 3ургадугаар сарын эхэн үе хүртэл, халиар, жууцай гарч иртэл витамин ууж болно. Пенициллин G-гийн хувьд стрептококкийн халдвар авч, хоолой өвддөг, үүнээс улбаалж үе меч, зүрх, бөөр өвдөг хүмүүс хэрэглэнэ үү гэхээс энэ нь ядаргааны тариа ерөөсөө ч биш. Пенициллин G нь яг пенициллинтэй адилхан, гэхдээ үйлчлэх хугацаа нь 21 хоног байдаг нянгийн эсрэг антибиотик шүү дээ. 3өвхөн эмчийн заалтаар стрептококкийн архаг халдвартай хүн л хэрэглэх ёстой. Пенициллин G гэж ярьсан дээр нэг зүйлийг нэмж хэлье. Хоолой өвдөг, түүнээс болж үе мөч, бөөр, зүрх, элэг зэрэг бусад эрхтэнд нөлөөлсөн өвчтөн хавар, намар анхаарч эмчилгээ хийлгэх ёстой. Ялангуяа хавар. Аспирин, пенициллин G-г эхний хоёр, гурван жилд тасалж болохгүй. Дээр нь витамин заавал уух хэрэгтэй. Мөн дархлааг тэнцвэржүүлж өгдөг эм ууж, ханиад томуугаас сэргийлэх ёстой. -Хаврын улиралд тэгвэл ямар эмчилгээ, сувилгаа хийх хэрэгтэй байдаг юм бэ?
-Хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг учраас хавар эмнэлэгт хэвтэж, ганц нэг дусал ч болов хийлгээд авъя гэдэг. Энэ бол өвдөөгүй байж эмчилгээ хийлгэн, нэг талаар өөрийгөө, нөгөө талаар эмнэлгийн хуудас, мөнгө зүгээр үрж, нийгмээ хорлож байгаа хэрэг. Хүн юуны өмнө сэтгэлээрээ өвддөг. Өөрийгөө өвчтэй гэж ойлгох нь сэтгэл зүйн хувьд жинхэнэ өвдөхөөсөө хортой юм. Тэгээд түүнийгээ дасал болгоод, хавар, намартаа заавал нэг хэвтдэг, "засвар хийлгэдэг" гэж ярьдаг. Ер нь бол хавартаа хүн биеэ арчлах ёстой. Юуны өмнө сайн унтаж байх нь чухал. Хоёрдугаарт, витамин аминдэм сайтай монгол хоол, жишээ нь хярамцаг, банштай цай, борцтой шөл, халиар халгайтай хоол, үхрийн сүүний уураг зэрэг хүнсийг өргөн хэрэглэх хэрэгтэй. Түүнээс гадна одоо цагт янз бүрийн аминдэм элбэг болсон болохоор шинэ жилээс хойш наадам хүртэл буюу шинэ ногоо, цагаа гартал витамин, аминдэмийг ашиглаж болно. -Полиглюклин гэдэг дуслыг ямар үед хийлгэх нь зөв бэ?
-Өмнө нь ч дусал хийвэл зүрхэнд нөлөөлөх үү гэж асуусан байсан. Полиглюклиныг зөвхөн даралт багассан үед, шооконд орсон хүнд л цусны эзлэхүүнийг нөхөх зорилгоор хийх ёстой. Хоёрдугаарт, полиглюклиныг хийлгэхдээ хүмүүс халаагаад байдаг. Халаавал л реакци өгдөг. Бусад үед зүгээр. Реополиглюклин, гемодез хоёрын тухай би хүмүүст битгий хийлгэж байгаарай гэж зарлах гээд байна л даа. Дэлхийн практикт эмчилгээнээс хасагдсан. Яагаад гэвэл, энэ нь нэлээд том молекултай полисахаридын нэгдлүүд байдаг. Хүний цусан дотор хогийн машин шиг макрофаг гэдэг эсүүд байдаг. Энэ эсүүд гаднаас орж ирж байгаа болон хүний биеийн задралын илүүдэл хогуудыг залгиж устгадаг юм. Тэгэхээр энэ нь цусыг цэвэрлэгч маш хэрэгтэй эс. Гэтэл реополиглюкин болон гемодезын бурэлдэхүүнд байгаа өндөр найрлагатай полисахаридыг залгиад макрофагууд нь цадчихдаг учраас үндсэн үүрэгт ажлаа хийж чадахгүй болдог. Энэ хоёрыг бусад оронд хэрэглэхээ больчихсон. Энэ гурваас гадна 0,9 хувийн натри хлорид, таван процентын глюкоз гэж нэг нь давсны, нөгөө нь чихрийн уусмал бий. Энэ хоёрыг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.Тамир тэнхээ олох, ядаргаа тайлах, дархлаа сайжруулах ямар ч үйлчилгээ байхгүй. Ялангуяа 400 гР таван процентийн глюкозыг хийлээ гэхэд 96 хувь нь хүний биеийн эс рүү ороод өөх болж хувирдаг. Дөрвөн хувь нь энергийн зарцуулалт болоод гарчихна. Хоёрхон цагийн дотор хүний биеэс алга болдог. Тэгэхээр нөөцөлж, тамир тэнхээгээс сайжруулна гэсэн ойлголт байхгүй. 0.9 хувийн натри хлор юм уу, рингерийн уусмалыг харин эмчийн заавраар шингэн алдсан үедээ бусад эм тариаг уусмалтай хийх шаардлагатай үед хэрэглэдэг.
-Мацаг барих биед ашигтай юу?
-Мацаг барих их ашигтай. Ялангуяа тогтнол нэг хоногоор мацаг барих нь зүгээр. Мацаг барих янз янзын л арга байдаг. Нэг өдөр хоол идэхгүй, зөвхөн юм уугаад явах, эсвэл махан хоол идэхгүйгээр хөнгөн зууш, жимс ногоо идэж, тараг уугаад явдаг хагас мацаг байхад хуурай мацаг гэж бас бий. Хоол ч идэхгүй, ус ч уухгүй явна гэсэн үг. Мөн нартай үед юм идэхгүй, орой, өглөөдөө жаахан юм иддэг хүмүүс ч бий. Аль аль нь хүний биед ашигтай. Яагаад гэвэл шархадсан буга, чоно, ер нь амьтад хоол идэхээ больчихдог тухай улгэр домогт ч гардаг, анчид ч ярьдаг. Шархадсан чоно бага зэрэг өвс идэж, ус уудаг, харин буга рашаан бараадаад хэвтчихдэг. Хүн ч гэсэн ханиад томуу хүрэх, өвдөхдөө хоол идэх дургүй болоод өлсөөд эхэлдэг. Ингэснээр хүн, амьтны бие организм хамаагүй хөнгөрдөг. Яг нарийн хэлбэл хүн өөрийнхөө өвчтэй, хэрэггүй эд эсийг задалж хэрэглээд идэж эхэлдэг. Мацаг барих үед яг ийм механизм болдог. Биед байгаа илүүдэл эд эсээ энерги болгож хэрэглэж эхэлдэг. Дараа нь магадгүй өвчтэй, өөрчлөлттэй байгаа эд эсүүдээ идэж хэрэглэнэ.
Түүнээс гадна хүний биед дайчлах чадварууд гэж бий. Тэр чадваруудаа дасгалжуулж эхэлнэ. Шооконд орсон хагалгаанд орсны дараахь үед хүний бие өөр дэглэмээр ажилладаг. Цэргийн онц байдал зарласан гэдэг шиг. Өөрийн чадавхийг нэмэгдүүлж ажилладаг. Тийм л дэглэм рүү орно. Тиймээс хэврээ мацаг барьж сурсан бол энэ хугацаагаа уртасган, жилдээ нэг хоёр удаа бүр хагас сарын хугацаатай болговол хүний биед үнэхээр ашигтай. Хэрэггүй өвчтэй илүүдэл эсүүдийг устгаад ирэхээр бие өнгөрч, ухаан санаа саруулсаар үр дүнгээ өгнө. Тийм учраас дорнын бүх анагаах ухааны сургууль, тэр байтугай гүн ухааны сургууль хүртэл оюутнуудаа мацаг заавал бариулдаг байсан. Монголчууд эрт дээр үед баг үд хүртэл юм иддэггүй байснаар толгой нь сэргэлэн байдаг гэдэг. Тэгэхээр ялангуяа ном сурч байгаа хүмүүст энэ нь хэрэгтэй.
-Зөгийн бал таргалуулдаг уу?
-Зөгийн балыг их хэмжээгээр хэрэглээд байвал чихэрлэг учраас таргалуулна. Тэр байтугай хүнд сахарын өвчин үүсгэх хэмжээнд хүртэл нөлөөлж болно. Гэхдээ нялуун амттай учраас хүн тэгж их хэмжээгээр идэж чаддаггүй. Зөв хэрэглэвэл, тухайлбал, өглөө, өдөр, орой өдөрт гурван удаа буцалсан усанд найруулаад, эсвэл сүүтэй уувал тураах нөлөө үзүүлдэг гэж хуучин монгол дорно дахины анагаах ухаанд хэлсэн байдаг. Тэр байтугай зөгийн бал бол турах хамгийн сүүлийн үеийн найдвартай арга гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зөгийн бал уугаад хоолоо багасгавал их сайн эрчимтэй турдаг. Зөгийн бал хүнийг таргалуулж, тураах увидастайгаас гадна хүний биед хоргүй. Тэжээлийн бөгөөд микроэлементийн бух талаас тамир тэнхээ өгөх сайн талтай.