Улаанбаатар Сонгдо эмнэлгийн их эмч Б.Болдсайхан зүрхний өвчний талаарх иргэдийн асуултад хариуллаа.
-Зүрх өвдөхөөр архи уудаг. Архи яаж нөлөөлөх вэ?
-Ийм тохиолдол их гардаг. Ялангуяа даралт ихсэхээр хүмүүс архи уугаад байдаг. Миний бодлоор энэ буруу. Цус харвахгүй, шигдээс болохгүй гэж архи уудаг нь буруу. Яагаад гэхээр, архи уухаар хүн улайдаг. Улайна гэдэг нь хүний нөөцөнд байсан судсууд ажиллаж эхэлж байна гэсэн үг. Ер нь зүгээр байхад тархины ч бай, зүрхний ч бай, арьсны 100 судасны 70 орчим нь нөөцөнд, 30 нь ажиллаж байдаг. Гэнэтийн эрсдэл тохиолдох, цочирдох, ачаалал нэмэгдэх үед тэдгээр нөөц судаснууд ажиллаж эхэлдэг. Гүйж харайх, архи уухад улайж байгаа нь нөөцөнд байсан 70 судас ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр саунд суухад зүрх дэлсдэг. Тэгэхээр 30 судас ажиллаж байсан бол 50 нэмж ажиллахад зүрхний ачаалал хоёр дахин их ачаалал авах нь ээ дээ. Архи уухад яг ингэдэг. Нүүр нь улайгаад, судаснууд тэлэгдээд ирнэ. Зүрхэнд илүү ачаалал өгнө. Тэгэхээр архи уух ёсгүй гэсэн үг шүү дээ.
-Нойр муудах нь зүрхэнд нөлөөлөх үү?
-Нойр муудах нь хамгийн түрүүнд мэдрэлд нөлөөлнө. Хүн дээд тал нь 72 цаг нойргүй байж чадна. Би өөрөө 72 цаг нойргүй байж үзсэн. 73 дахь цаг дээрээ юм ярьж байхдаа унтаад байсан. Ер нь нойр муутай удаан хугацаагаар явбал зүрхэнд муу. Зүрх ч туйлдаж ядардаг эрхтэн шүү дээ.
-Бамбай булчирхайн өөрчлөлт заавал зүрхэнд нөлөөлөх үү?
-Бамбай булчирхайн олон өвчин байдаг. Монгол орон далайн төвшнээс тодорхой хэмжээний өндөрлөгт оршдог учраас нарны хэт ягаан туяаны үйлчилгээ өндөртэй. Түүнээс болж усанд байгаа йод амархан задарч алга болдог. Иймээс хүмүүс йодын дутагдалд орох нь элбэг. Бамбайн үйл ажиллагаа ихэссэн тохиолдол их байдаг. Дөч гаруй насны эмэгтэйчүүдэд бамбай, дотоод шүүрлийн булчирхайн жигд үйл ажиллагаа буураад эхэлдэг. Ийм өөрчлөлтүүд хамгийн их тохиолддог. Энэ гурав гурвуулаа зүрхэнд дам нөлөөлдөг. Ер нь бамбай булчирхайн өөрчлөлт гарахад мэдрэл, зүрх, бодисын солилцоонд заавал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Тиймээс бамбай булчирхайн өөрчлөлттэй хүн заавал булчирхайн эмнээс гадна зүрхний эмчийн хяналтанд заавал байх ёстой.
-Панангин гэдэг эмийг зүрхний ямар өвчинд уудаг вэ. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд энэ эмийг 2-3 ширхгийг уувал сайн гэж үнэн үү?
-Панангин нь үндсэндээ кали агуулсан эм. Гол эмчилгээ нь энэ. Тэгэхээр энэ эмийг хаван хөөх эм уусны улмаас цусанд калийн хэмжээ багассан үед уух ёстой. Хоёрдугаарт, зүрхний тодорхой хэм алдалтын үед богино хугацаагаар ууж болдог. Түүнээс биш 40-өөс дээш насны хүн удаан хугацаагаар ууж болохгүй. Тэгвэл цусанд кали ихэснэ. Түүнээс болж зүрхний хэм алдагдах, цохилт нь удаашрах, магадгүй бүр зогсох хүртэл аюултай. Гайгүй байлаа гэхэд, бөөрөнд чулуу үүсэх, мэдрэл цочромтгой болох гэх мэт муу нөлөөтэй. Тийм учраас өөр тохиолдолд ер ууж болохгүй.
-Зүрхний өвчин удамшина гэж байдаг уу?
-Энэ нь зүрхний дөрөв, таван үндсэн бүлэг өвчний нэг нь. Үүн дотор бүгдийг тоочвол 70,80 төрлийн хэм алдагдал байдаг. Арваад төрлийнх нь хамгийн түгээмэл тохиолддог. Тийм учраас эмчлэхээс өмнө ямар төрлийнх, мөн ямар учир шалтгаантай, хэр аюултай, ямар характертай юм гээд энэ тэргүүнд оношоо л зөв тогтоох ёстой. Үүний тулд зүрхний сайн, урт бичлэг хийлгэ. Мөн хоёрдугаарт. 24 цагийн бичлэг хийх хэрэгтэй. Ийм бичлэг хийлгэвэл ачаалалтай үед, хоол идсэн, уурласан, тайван үед, ялангуяа үүрээр, эсвэл хүнд биеийн хүчний ачаалал хийх үед зүрхний хэмнэл яаж өөрчлөгдөж байгааг тогтоолгох хэрэгтэй. Мэргэжлийн эмч үзээд, зүрхний аль хэсэгт, ямар өөрчлөлт гарсан байна гэдгийг, мөн энэ нь хэр аюултайг тогтоож байж эмчилгээ хийнэ. Эдгээр нь хоорондоо маш их ялгаатай эмчилгээтэй. Эн тэргүүнд зөв оношлуулах ёстой.
-Шүд цоорох нь яагаад зүрхэнд нөлөөдөг вэ?
-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Хүнийг амьсгалах, хоол идэх тоолонд тэр нянгууд бие руу нь урсч орж байдаг гэсэн үг. Түүнээс болж хүний зүрхнээс гадна бусад эрхтэнд нөлөөлнө. Зүрх муутай хүмүүст шүдний өвчин маш аюултай. Зүрх муутай гэдэг нь органик өөрчлөлттэй, зүрхэндээ цоорхойтой, эсвэл зүрхний хавхлагийн гажигтай хүмүүс шүү дээ. Ийм өвчтэй хүмүүс шүдээ эмчлүүлэхийн өмнө ба хойно таван хоногийн турш заавал антибиотик ууж байх ёстой. Тэгэхгүй бол шүдийг эмчлэхээр оролдох үед маш их нян цус руу орж байдаг. Эрүүл хүний дархлааны систем эдгээр няг цэвэрлээд гаргадаг бол зүрхэндээ органик өөрчлөлттэй хүмүүст яг тэр өөрчлөлттэй хэсэгт нь нян суучихдаг. Тиймээс болгоомжтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.
-Хүний зүрх өвдөхөд таргалдаг уу?
-Уг эсрэгээрээ. Хүн таргалснаар зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж болно. Хаванг таргалалтаас ялгах хэрэгтэй.
-Зүрхний хаванг яаж арилга вэ?
-Зүрхний хаван гэж тусдаа ганц төрлийн хаван байдаггүй. Мөн нэг л янзын эмчилгээ хийж болохгүй. Зүрхний хаван бол хөлнөөс эхэлдэг. Гэхдээ энэ нь зүрх үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болж, зүрхний дутагдлын бараг гурав дахь шатанд орсон байна гэсэн үг. Энэ үед нэгдүгээрт, эмчээр ямар төрлийн зүрхний дутагдал байгааг оношлуулах нь зүйтэй. Зүрхэнд ирж байгаа ачаалал их байж болно. Эсвэл зүрх өөрөө муудсан, зүрхний дараагийн хэмийн ачаалал ихэдсэн байж болно. Энэ гурав хавсарсан байж ч болно. Тийм учраас эхлээд учир шалтгаанаа олоод ачааллыг багасгах уу, зүрхийг дэмжих үү гэдгийг шийдэж байж эмчийн туслалцаатайгаар хавангаа хөөгөөд, дараа нь эмчийн заавраар өөрөө эмээ ууж сурах хэрэгтэй. Түүнээс биш, зүрхний хаван гэхээр л шээсээр хөөх эм ууж болохгүй .