Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

​Б.Болдсайхан: Охид 15 наснаас өсөх нь багасдаг бол, хөвгүүдийн өсөлт эхэлдэг

​Б.Болдсайхан: Охид 15 наснаас өсөх нь багасдаг бол, хөвгүүдийн өсөлт эхэлдэг
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 30
-Хүүхдийн өсөлт юунаас болж зогсдог вэ. Охин маань есдүгээр анги. Биеэр намхан, бас сарын тэмдэг нь ирэхгүй байгаа нь юутай холбоотой юм бол?
-Есдүгээр ангийн хүүхэд гэхээр 15,16 настай хүүхэд байгаа болов уу. Ер нь хүүхдийн өсөлт, бэлгийн нэг, хоёрдугаар шинж тэмдгүүд харилцан адилгүй хугацаагаар илэрдэг. Зарим хүүхдийнх эрт илэрдэг бол заримынх нь 17,18 хүрсэн ч жаахан хүүхдээрээ байдаг. Хоёр асуулт байна. Нэгдүгээрт, биеэр намхан, хоёрдугаарт сарын тэмдгийн тухай асуусан байна. Тусад нь хариулах хэрэгтэй. Зарим хүүхдийн сарын тэмдэг хүүхдэрхүү байдлаас нь болоод оройтдог. Сандрах хэрэггүй. Харин намхан байх тухайд 15-16 нас хүрсэн охин цаашид 1-2 см л өсөх байх. Гэхдээ өсөхгүй хэрнэ биеийнх нь хөгжил эмэгтэйлэг чанар нь хөгжинө. Бүр санаа зовохоор намхан, өөрөөр хэлбэл, 150 см-ээс нэлээд намхан бол эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гарын сарвууны ясны рентген зураг авахуулж, ясны өсөлтийн зон нь байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, өсөлтийн зон нь байвал өсөлтийн даавар тарьж болно. Тэгвэл өндөр болно.
-Өсөлтийн булчирхай гэж байдаг уу?
-Ийм булчирхай байдаг. Гэхдээ дангаараа биш, өнчин тархины нэг хэсэгт өсөлтийг хариуцсан зон бий. Тэнд хүний өсөлтийн даавар ялгарч байдаг. Зарим хүн санаж байгаа байх. Сталлоне Австралийн хилээр орохдоо өсөлтийн гормон олныг авч яваад баригдан шийтгүүлэх гэж байна гэж нэгэн үе ярьж байсан. энэ гормон нь хүүхдийн бага насанд өсөлтийг хариуцдаг. Мөн хүний биеийн чадал тэнхээ, булчингийн хэмжээ, чалхыг хариуцаж байдаг. Тэгэхээр зөвхөн бага насны хүүхдийн өсөлтийн үед л байгаад бусад үед алга болчихдог гэсэн үг биш. Хүнд байж л байдаг. Харин өнчин тархиндаа хавдартай болсон хүмүүс их том биетэй, өндөр өсгөлүүн болчихдог. Дэлхийн хамгийн өндөр гээд байгаа 2.40 см хүн бол зүгээр нэг өндөр хүн биш. Өнчин тархины хавдартай хүн байгаа. Ер нь хүн 1.9 см-ээс өндөр болно гэдэг гол төлөв өнчин тархины буюу өсөлтийн зоны хавдартай холбоотой гэсэн үг.
-Охин маань одоо 18 настай. Сүүлийн хоёр жил бараг өсөөгүй. Хүүхдийн өсөлтийн гормон гэж байдаг уу хаан хийлгэж болох вэ?
-18 настай хүүхэд өсөхгүй байна гэдэг нь хэвийн үзэгдэл. Учир нь охидын шилжилтийн нас хөвгүүдийнхээс нэгээс хоёр, заримдаа гурван жилээр түрүүлж явдаг. Өөрөөр хэлбэл 11-15 насанд нь бэлгийн бойжилтын хоёр дахь үе юм уу, шилжилтийн, эсвэл өсөлтийн нас аль аль нь давхцаад өнгөрдөг. 18 настай охин өснө гэж бараг байхгүй. Ховорхон тохиолдолд хожуу өсөлттэй байдаг. Бэлгийн бойжилт нь хожуу хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ хүүхдийн гарын сарвууны рентген зургийг авахуулж, өсөлтийн зон нь үлдэж үү гэдгийг шалгуулах хэрэгтэй. Хэрэв өсөлтийн зон үлдсэн бол механик доргилттой дасгал, биеийн тамираар хичээллэж, өсөлтийн гормон хэрэглэж болно. Гэхдээ 18 настай охин хүүхдийн өсөлтийн зон зогссон байх магадлал бараг 99 хувьтай байдаг.
-15 настай хүүхэд өсөхгүй байна. Энэ насны хүүхдийн өсөлтөд юуг анхаарах вэ. Өсөлтийн зураг хаана авдаг вэ?
-Эрэгтэй, эмэгтэйгээс нь шалтгаалж 15 настай хүүхдийн өөр өөр байдаг. Охид 15 наснаас дээш өсөх нь харьцангуй бага байдаг. 2-3 см л өсдөг. Харин бэлгийн хоёр дахь шинж тэмдгийн өсөлтүүд явж байдаг. Хөвгүүдийн хувьд 15 насанд өсөх нас байдаг. Ер нь хүн бүхэнд заагдсан өсөлтийн нас гэж байдаггүй. Тухайн хүний онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Охидын хувьд сарын тэмдэг нь эрт, хожуу ирэхээс шалтгаалж өсөлт нь явагддаг. Сарын тэмдэг нь эрт ирвэл эрт л өснө. Хожуу ирвэл орой л өснө гэсэн үг. Өсөлтийн зургийг хаана ч авахуулж болно. Гарын сарвууны зургийг авахуулаад чөмөгтэй яснуудын хоёр үзүүрт байгаа өсөлтийн зонуудыг эмчээр уншуулж харуулдаг. Ингээд дасгал, кальци, витаминаас авахуулаад өсөлтийн даавар нөхөх бэлдмэл, эмчилгээ хийдэг.
-Гарын сарвуун дахь ясны өсөлтийн зон нь байна уу гэдгийг шалгах ясны рентген зургийг хаана авахуулж болох вэ?
-Аль ч эмнэлгийн рентгений хэсэг дээр зургаа авахуулж болно. Тэгээд эмчээс нь зөвлөгөө авахад өсөлтийн зон байгаа эсэхийг хэлээд өгнө. Шилжилтийн насны хүүхдүүд, тодруулбал, 15-25 насны хүнийг л үзнэ шүү дээ. Түүнээс дээш насны хүмүүст өсөлтийн зон хаагдсан байдаг. Үзүүлэх шаардлага ч байхгүй.
-Бэлхүүснээс доош мэс засал хийхдээ голчлон нугасанд мэдрэл алдуулах тариа хэрэглэдэг болсон гэх юм. Энэ нь дэвшилтэд арга уу. Хүний биед ямар нэг сөрөг нөлөөтэй юу?
-1960 –аад оны үеэс Монголд хэрэглэж байгаа уламжлалт арга. Үндсэн хоёр хэсэгтэй. Нугасны хатуу хальсны гадна талд мэдээ алдуулах, нугасны хөндийд мэдээгүйжүүлэлт гэж бий. Сүүлийн үед нугасны мэдээ алдуулалтыг их хэрэглэж байгаа. Энэ нь хуучин хэрэглэдэг байсан бүдүүн төмөр, түүний дундуур явдаг голч, хэрэглэдэг эм нь бүдүүн тоймын байсан нь өөрчлөгдсөн бололтой. Нэг хэрэглээний зүүн нь найдвартай, чанартай бас эмтэйгээ хамт ирдэг болсон. Хамгийн түгээмэл хэрэглэж байгаа нь хүйснээс доош хөлийн булчин, яс, шулуун гэдэс, геморрой, савны болон давсаг, аарцагны хагалгаанд ашигладаг. Сүүлийн үед цээжний хөндийн зарим хагалгаанд ч хэрэглэдэг болсон. Ташаан толгойн хоорондох түвшинд мэдээ алдуулах нь харьцангуй аюул багатай. Энэ үед өвдөлт мэдрэгдэхгүй. Бүх хагалгааны өмнө өвчтөнд шингэн залгаж, зүрх судас, даралтыг хэмжих мониторинтой холбоод, хүчилтөрөгчөөр хангасны дараа суугаагаар нь бөгтийлгөнө. Их төлөв нурууны 2-3 дугаар нугалмын хооронд мэдээ алдуулдаг нь хоорондоо зай ихтэй байдгийнх. Энэ хэсэгт мэдрэлийн судлууд байхаас нугас байдаггүй. Нугасны гадна талын мэдээ алдуулалт нь үйлчлэлийн хувьд бараг адилхан. орж, гарч байгаа бүх мэдрэлийн судал дээр мэдээгүйжүүлэлт явагддаг байх юм. Өвчтөний хувьд төв мэдрэлийн системийг дарангуйлахгүй, элгэнд ямар нэг нөлөөгүйэнгийн арга.
-Хийсвэр хийлгэж, нугасандаа мэдээ алдуулж байхад хөлөө л эхэлж хөдөлгөдөг юм билээ. Тийм тохиолдолд гарч байсан уу?
- Аль ч хагалаа наркозын өмнө өвчтөнд хаагуур, ямар мэдээ алдуулалт хийх, хэдий хийх зүсэлт хийх вэ гэдийг сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байдаг. Төв мэдрэл ажиллаж байхад биеийн аль нэг хэсгийг мэдээгүй болохыг мэдэрнэ гэдэг тийм таатай зүйл биш. Гэхдээ одоо тийм тохиолдол маш бага.
-Манайхан нугасны ус авахуулах муу гээд л байдаг. Нугасны усыг ямар тохиолдолд авдаг вэ. Яаж авдаг вэ?
-Нугасны ус авах, нугасаар мэдээ алдуулах, нугасны усанд шинжилгээ хийх гээд нэлээн олон мэс ажилбар байдаг. Тэрнээс болоод хүндрэл гарлаа гэдэг яриа хүмүүсийн дунд нэлээн байдаг. Яг эмнэлгийн нөхцөлд нугасны ус авахаар хатгадаг. Нугасанд мэдээ алдуулахаар хатгадаг цэг дээр тэр хавьд нь нугас байдаггүй. Нугаснаас гарсан, доошоо гарсан салаанууд явж байдаг. Тэгэхэдээ бүр хөл, гарын нь мэдрэлжүүлдэг нугасны мэдрэлийн судал ч биш, аарцаг, ахар сүүл рүү очсон, хэрэглэгдэхгүй байгаа тэр нугасны мэдрэлийн үзүүрүүд байдаг. Нугасанд хатгалт хийхийн өмнө ямар нэгэн судсанд шингэн хийх систем залгаж, давсны уусмал явуулаад, эм тариа хийдэг. Даралтыг хянаж, хүчилтөрөгчийн хангамжийг хэмжиж байх ёстой. Нурууны таван нугалмын хоёр, гурав дахийн эсвэл гурав, дөрөв дэхийн хоорондуур хийдэг. Энэ түвшинд нугас ирээд дуусдаг. Нугасны хөндийн гадуурхи хатуу хальсыг нэвтлээд, мэдээ алдуулах тариа хийдэг. Менингит юм уу,менингококкцемийн халдварын үед эндээс шингэнийг нь авч болдог. Нугасанд мэдээ алдуулах, шингэн авахтай төстэй өдөр тутам эмнэлэг дээр хийдэг арга бол нугасны хатуу хальсанд мэдээ алдуулдаг. Нэг нь хатуу хальсыг нэвтлээд нугасны шингэн рүү орлдог, нөгөө нь гадна талд нь хийдэг. Кесвороос авахуулаад биеийн доод хэсэгт байгаа гэмтлийн хагалаа манай тасагт бол судасны хагалгаа гээд бүгдийг нь нугасны мэдээ алдуулалтаар хийж болдог. Нугас хатгалыг ч мэдрэлийн тасгуудад их хийдэг. Хүндрэл бараг байдаггүй, байх ч магадлал багатай. Нугас байхгүй учраас нугас хатгана гэж байхгүй, гарч байгаа жаахан үзүүрүүд хүний бие рүү очихгүй, ууцны ясан дотроо дуусчихдаг тийм хэсэг. Анагаахын хэллэгээр морины сүүл гэдэг юм. үүрэг нь байхгүй болчихсон гэсэн үг.
-Өвчнийг тодруулах тулд нугасны ус авдаг. Гэхдээ энэ нь хөдөлгөөнгүй болох зэрэгт огт нөлөөгүй гэж ойлголоо. Тухайн хүүхэд тархиндаа ямар нэгэн эмгэгтэй байснаас л цөөхөн тохиолдолд ийм харамсалтай зүйл болдог гэсэн үг үү?
-Эмчийн буруу, энэ ажиллагааг хийх нь буруу гэсэн зүйл байхгүй. Магадгүй эмч буруу хөдлөөд нэвт хатгачихсан ч гэсэн ямар ч гэм учруулах нугас тэр хэсэгт байхгүй. Яг энэ хэсэгт байдаг мэдрэлийн төгсгөлүүдэд нугас байхгүй, хүний хөлийг ч мэдрэлжүүлдэг. Сүүлийн үед нугас хатгах хамгийн сайн хэрэгслээр бүх эмнэлгийг хангасан. Хоёрдугаарт, эцэг эхээс нь танай хүүхдийн нугасны усыг хатгаад авмаар. Болох уу, үгүй юу гэж асуух зүйл огт биш. Эмнэлгийн заалтаар гарцаагүй хийх ёстой зүйл гэж байдаг. Огт хийж болохгүй гэсэн заалт ч байдаг. Энэ заалтаа л дагах ёстой. Харин эцэг, эхчүүдэд ийм үйлдэл хийх гэж байна гэдгийг хэлэх, мэдээлэх ёстой. Нугасны хатгалт хийхээс гадна нугасны мэдээ алдуулалт хамгийн түгээмэл болж байгаа. Жишээлбэл, манай эмнэлэг дээр өдөрт 10 гаруй хүн ордог. Төрхүүд дээр ч олноор хийгддэг. Үүнээс болоод сүүлийн 10, 20 жил ямар нэгэн хүндрэл гараагүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн