Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Б.Болдсайхан: Нялх, нярайг өдөр бүр усанд оруулах харин ч эрсдэлтэй

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 3
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа дотор эрхтэн тэр дундаа бөөр, ходоодны өвчлөлийн талаар төлхүү ярилаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.

-Нярай хүүхдийг өдөр бүр усанд, тэр бүү хэл цайнд, шөлөнд оруулдаг. Ингэж өдөр бүр угаах зөв үү. Үнэхээр шөл, цайнд оруулахаар хүүхдийг ядаргаа арилдаг гэж үнэн үү?
-Монголчууд хүүхдийн угаалга гээд, хэзээ угаах нь тодорхой, бүр ёслол хүртэл үйлддэг байлаа. Долоо хоног дээр нь, нэг сартайд нь угаадаг байсан. Хүүхдийн угаалгын баяр гэж хийдэг байсан. Сарын дараа нэг угаачихаад, хүүхдээ хүнд харуулж блох нь гэж үздэг бйсан. Би бас гайхаад байдаг юм. Монголчууд яаж тэрийг мэддэг байсан юм бол гэж. Хүүхэд эхийн хэвлийд аквариум дотор байж байгаад гарч ирдэг. Иймээс эхний нэг сарын турш халуунаа өөрөө зохицуулах чадваргүй байдаг. Арьс салст, амьсгал зүрх бүх юм нь гадаад орчиндоо тэнцэж амжаагүй, дархлаа суужчадаагүй байдаг. Сарын дараа харьцангүй гайгүй дархлаа нь тогтворждог. Үүнийгээ эхээсээ ч авна, өөрийнх нь дархлааны систем нь ч хөгжөөд ирдэг. Тэгээд сар болоод хүүхдээ хүмүүст үзүүлдэг. Одоо ч бараг монголчуудаас өөр үндэстэн тэгдэггүй байх шүү. Гэтэл өнөөдөр монголчууд төрөв үү, үгүй юу эрүүл согтуу хүн орж ирээд хүүхдийг нь үнсээд байх юм. Дээр үед тэгдэггүй байсан нь шинжлэх ухааны маш нарийн үндэслэлтэй байж. Угаах нь хүртэл тусдаа зан үйл байсан. Үүнийг сөрөөд, ялангуяа хотод хүүхдээ төрсний маргааш угааж, зүлгэж байх ёстой гэж яриад байх юм. Тэрнээс болоод арьсан дээгүүр нь улан юм туураад, нураад байна яах вэ гэдэг. Нэг онигоо бий. Увсын эмгэнийг та хэзээ хамгийн сүүлд усанд орсон бэ гэхэд азарган борооноор нэг нороод авсан даа гэж. Долоо хоногт нэг удаа усанд орж байхгүй яасан юм гэхэд “Би ямар галуу шувуу биш дээ” гэсэн гэдэг. Гэтэл хэрэг дээрээ эмгэний зөв. Хүний арьс таван давхаргатай. Тэрэн дээрээ хамгийн гадна талын өөрийн гэсэн хүчил, шүлтийн тэнцвэртэй, өөрийн гэсэн тослогтой, хамгаалагдаад байж байдаг. Гурав хоноод нэг хуурч байдаг. Тэр байтугай өөрийгөө хамгаалах бактериудтай байдаг. Гэтэл өдөр бүр зүлгэж угаагаад, хамгаалалтын давхарга, хүчил шүлт, тос, бактериудаа хуулж аваад байвал ямар ч хамгаалалтгүй болно. Маш амархан үрэвсдэг, өөрчлөгддөг, хөгширдөг, тэр байтугай цагаан арьстнуудад тохиолддог арьсны хавдар тусах ч магадлалтай. Тийм учраас Увсын эмгэний зөв. Том хүн ч бай, хүүхэд ч бай 4-5, долоо хоногт нэг удаа л маш сайн зүлгэж угааж болно. Ялангуяа нялх, нярайг өдөр бүр усанд оруулах нь маш их эрсдэлд оруулдаг. Өвдүүлнэ, хариад хүргэнэ, арьсан дээр нь элдэв янзын юм гаргана. Арьсан дээр дархлааны бодисууд ч байдаг юм шүү дээ. Тэрийг угаагаад хаячихаж байгаа юм. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд долоо хоногт хоёроос дээшгүй усанд ороход л болно. Хотод хиртэй толгойтой, элдэв үнэр гаргаад явж болохгүй. Тийм учраас ядаж толгойгоо, цавь, хөлөө сайн угаачихаад бусад хэсгийг усаар зайлаад явж байх хэрэгтэй. Тэгвэл харин чийрэг явна.
-Хүүхдийн өсөлт юунаас болж зогсдог вэ. Охин маань есдүгээр анги. Биеэр намхан, бас сарын тэмдэг нь ирэхгүй байгаа нь юутай холбоотой бол?
-Есдүгээр ангийн хүүхэд гэхээр 15, 16-тай хүүхэд байгаа болов уу. Ер нь хүүхдийн өсөлт нэг, хоёрдугаар шинж тэмдгүүд харилцан адилгүй хугацаагаар илэрдэг. Зарим хүүхдийнх эрт илэрдэг бол заримынх нь 17, 18 хүрсэн ч жаахан хүүхдээрээ байдаг. Хоёр асуулт байна. Нэгдүгээрт, биеэр намхан. Хоёрдугаарт сарын тэмдгийн тухай асуусан байна. Тусад нь хариулах хэрэгтэй. Зарим хүүхдийн сарын тэмдэг хүүхдэрхүү байдлаас болоод оройтдог. Энэ тохиолдолд хүлээх л хэрэгтэй. Сандрах хэрэггүй. Харин намхан байх тухайд 15, 16 нас хүрсэн охин цаас, нэг хоёр см л өсөх байх. Гэхдээ өсөхгүй мөртлөө биеийнх нь хөгжил эмэгтэйлэг чанар нь хөгжинө. Бүр санаа зовохоор намхан, өөрөөр хэлбэл 150 см-аас нэлээд намхан бол эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гарын сарвууны рентгэн зураг авахуулж, ясны өсөлтийн зон байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, өсөлтийн зон байвал өсөлтийн даавар тарьж болно. Тэгвэл өндөр болно.
-Өсөлтийн булчирхай гэж байдаг уу?
-Ийм булчирхай байдаг. Гэхдээ дангаараа биш, өнчин тархины нэг хэсэгт өсөлтийг хариуцсан зон бий. Тэнд хүний өсөлтийн даавар ялгарч байдаг. Зарим хүн санаж байгаа байх. Сталлоне Австралийн хилээр оргохдоо өсөлтийн гормон олныг авч яваад баригдан шийтгүүлэх гэж байна гэж нэгэн үе ярьж байсан. Энэ гормон нь хүүхдийн бага насанд биеийн өсөлтийг хариуцдаг. Мөн хүний биеийн чадал тэнхээ, булчингийн хэмжээ, чалхыг хариуцаж байдаг. Тэгэхээр зөвхөн бага насны хүүхдийн өсөлтийн үед л байгаад бусад үед алга болчихдог гэсэн үг биш. Хүнд байж л байдаг. Харин өнчин тархиндаа хавдартай болчихсон хүмүүс их том биетэй, өндөр өсгөлүүн болчихдог. Дэлхийн хамгийн өндөр хүн гээд байгаа 2 м 40 см хүн бол зүгээр өндөр хүн биш. Өнчин тархины давхартай хүн байгаа. Ер нь хүн нэг м 90 см-ээс илүү өндөр болно гэдэг нь гол төлөв өнчин тархины буюу өсөлтийн зоны хавдартай холбоотой гэсэн үг.
-Гарын сарвуун дахь ясны өсөлтийн зон нь байна уу гэдгийг шалгах ясны рентгэн зургийг хаана авахуулж болох вэ?
-Аль ч эмнэлгийн рентгэн хэсэг дээр зургаа авахуулж болно. Тэгээд эмчээс зөвлөгөө авахад өсөлтийн зон байгаа эсэхийг хэлээд өгнө. Шилжилтийн насны хүүхдүүд, тодруулбал 15-25 насны хүнийг л үзнэ шүү дээ. Түүнээс дээш насны хүмүүст өсөлтийн зон хаагдсан байдаг. Үзүүлэх шаардлага ч байхгүй.
-10 настай эрэгтэй хүүхэд. Их хөлөрдөг, өглөө босоход нь ар нуруу руу нь нил хөлөрсөн байдаг. Эмчид үзүүлэхээр эрүүл гэх юм. Хөлрөх юутай холбоотой вэ?
-Рахит гэхээр хүмүүс тав, зургаан сартайгаас авахуулаад 1-2 настай хүүхдэд л байдаг юм шиг боддог. Гэтэл зарим тохиолдолд тав, зургаа, бүр 10 нас хүртэл рахиттай байх нь бий. Өөрөөр хэлбэл, уургаа хангалттай авахгүй, багаасаа рахиттай, тэр нь зөв эмчлэгдээгүй, витамин Д, кальцийн дутагдалтай, гадаа сайн тоглодоггүй, хөдөлгөөн муутай хүүхэд 10 настай байсан ч рахиттай байх тохиолдол гардаг. Рахитын хамгийн тод илэрдэг шинж тэмдэг бол дээр хэлсэн шиг унтахаар хэвтсэн талаар нь хөлөрдөг.
Нялх хүүхэд жишээ нь, тэгж хөлөрдгөөс болоод дагзанд нь хөлснөөс нь давс үлдээд тэрэндээ арьс нь загатнаж үрсээр байгаад дагзны үс халзардаг. Энэ нь хөлөрснөөс болдог. Тэгэхээр энэ хүүхдэд хамгийн түрүүнд рахитыг сэжиглэх хэрэгтэй. Тийм учраас өсч яваа энэ хүүхдэд кальци, сүү, цагаан идээг өдөрт литр хүртэл өгөх хэрэгтэй. Уурагтай хоол, өндөг, сүү, мах сайн идүүлж, салхинд гаргаж, сайн тоглуулж бай. Биеийн тамирын дасгал сайн зааж өгч хийлгэж байх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ, сүрьеэгийн сорил тавиулаад уушгиа рентгэнд харуулаад үз. Арван настай хүүхэд сүрьеэгийн вакцин хийлгэсэн байх. Сүрьеэгийн үед турдаг, хөлөрдөг шинж тэмдгүүд илэрдэг. Өөр мөн бамбайн өөрчлөлт, бамбайн үйл ажиллагаа ихэссэн байж магадгүй.
-Охин маань гурван сартай, хөхөө хөхдөггүй, мелазин гэдэг нэмэлт тэжээлээр угждаг. Энэ сүүнээс гадна нэмэлт хоол өгөх шаардлагатай юу. Тараг ч юм уу?
-Мелазин бол бүрэн хангалттай, бүх төрлийн тэжээл аминдэмийг агуулсан хүүхдийн тэжээл. Гэхдээ дан мелазин өгөхөөс гадна дөрвөөс зургаан сар хүртэл хөхөө бас хөхүүлж байх ёстой. Хөхний сүүнд сүүн тэжээлээс илүү дархлааны бодисууд байдаг. Монгол хүүхдийн хувьд гурван сар болж байгаа юм бол тараг өгч эхэлж болно. Бас хүүхдийн будуу, бор хоол бага багаар өгч болно.
-Гурван сартай хүүхдэд диатез өвчний шинж илрээд байх юм. Халуунаас блж ихэнхдээ бэржрүүтсэн зүйл гараад байдаг. Ер нь диатек өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ. Мөн бүрэн эдгээр арга бий юу. Арьс гоо заслын эмчээс зөвлөгөө авсан. Дотроосоо хлорфенамин ууж, гаднаасаа синафлан вазелин хоёрыг 1:1 харьцаатай хольж түрхэж байгаа?
-Хүүхдэд эмчилгээ хийнэ гэхээсээ илүү хамгийн түрүүнд ээж нь зөв хооллож, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Уламжлалт хоолоо идэх хэрэгтэй. Монгол малын мах, монгол хөрсөнд химийн бордоо ашиглалгүй тарвж ургуулсан төмс, ногоо, даршилж дараагүй хүнс, ногоо идэж байвал хүүхдэд сүүгээр дамжин харшил илрэх нь бага. Сайн унтаж, амраад хэрүүлгүй орчинд сэтгэл санаа тайван байвал хүүхэд тайван, жаргалтай байдаг. Ингээд ч хүүхдийн бие дээр юм гараад байвал ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Диатез гэж бид ерөнхийд нь яриад байдаг болохоос олон төрлийн өөр өөр өвчнийг нийлүүлээд диатез гэдэг. Хлорфенаминыг удаан хугацаагаар ууж болохгүй. Яагаад гэхээр харшлын эмүүд төв мэдрэлийн системийг дарангуйлдаг. Жишээлбэл, харшлын эм уухаар нойр хүрээд байдаг. Харшлын эм уусны дараагаар машин барьж болохгүй гэдэг шүү дээ. Тархи нь гадаад орчинтойгоо харьцаж мэдээлэл авч дөнгөж эхэлж байгаа хүүхдийн тархийг дарангуйлах эм хамаагүй ууж болохгүй. Аль болох зөвхөн өнгөц гаднаас нь хэрэглэдэг эм байвал дээр байх. Тэрнээс илүү бас салхинд сайн гаргаж, хүүхдийн хувцсанд анхаарах хэрэгтэй. Химийн бодисгүй хөвөн давуун, ноосон, байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн хувцас өмсгөж, усанд оруулахдаа хэрэглэх саван даавуугаа бодох хэрэгтэй. Түүнээс тийм багад нь харшлын эм уулгамааргүй байна.
-Хоёр нас долоон сартай хүүдийн уруул байнга хагараад байх юм. Бага байхаасаа л өтгөн нь хатдаг байсан. Одоо ч хэвээрээ. Өтгөн нь хэчнээн зөөлөн, шингэн байсан ч дүлж зовиурладаг. Энэ нь юутай холбоотой вэ. Яавал зүгээр болох бол?
-Энэ хүүхдэд хамгийн түрүүнд бүдүүн гэдэсний дурангийн юм уу, шохойтой рентгэний шинжилгээ хийлгэсэн нь дээр. Энд тэндээ нарийсалтай юм уу, эсвэл цүлхэн үүссэн, магадгүй, бүдүүн гэдэс нь урт байж болно. Ялангуяа эмэгтэй хүүхдэд ийм шинж нэлээд тааралддаг. Бүдүү гэдэсний ийм өөрчлөлтийг эн тэргүүнд оношлуулах хэрэгтэй. Хэрэв зүгээр гарвал хоолыг нь өөрчлөөд үз. Хоёр нас долоон сартай хүүхэд бор хоолонд орсон байгаа. Хэрвээ бүдүүн гэдсэндээ өргссөн цүлхэн юм уу, нарийсалтай эсвэл урт бүдүүн гэдэстэй биш бол аль болох борог хоол, арвайн гурил, хивэг, байцаа, манжин, хар талх, хөх тарианы хоол идүүлэх хэрэгтэй. Мөн шингэн сайн уулга. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах эм ч өгч болох юм. Ингэвэл өтгөн зүгээр болно. Өтгөнөө өдөр бүр, ядаж өнжөөд нэг зовиургүй гаргаж чаддаг болвол уруул хагарах нь бага болно. Хүн тосонд уусдаг бүх витаминаа бүдүүн гэдэснээсээ авдаг. Тодруулбал, А, Е, Д зэрэг. Эдгээрийн дутагдлаас, ялангуяа Е витамин биед хангалттай ирэхгүй байгаагаас уруул хагарах тохиолдол бий. Ер нь удаан хугацаагаар гурав хоногоос дээш өдөр өтгөн хатдаг бол биеэс гарах ёстой ялгадас, бодисын солилцооноос хэрэггүй болсон үлдэгдлүүд хүний биед эргэн шимэгдээд, бага зэргийн хордлоготой байгаа гэсэн үг.
-Хааяа орондоо шээж, хоолонд дургүйлхээд байх юм?
-Орондоо шээх тухайд бага насны хүүхдэд байдаг л зүйл. Орой их юм уусан үед, хөөрч тоглосон үед тэгдэг. Хэрэв энэ нь ойр ойрхон давтагдаад байвал хүүхдээ тайван байлгах, дэргэд нь хэрэлдэж муудалцахгүй байх хэрэгтэй. Орондоо шээх нь хүүхдийн далд неврозын нэг шинж тэмдэг гэж үздэг. Тэр хүүхэд ямар нэг далд түгшүүртэй байх үед орондоо шээх нь бий. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн