Open iToim app
Анализ | 9 мин уншина

Б.Болдсайхан: Жирэмсний үед тосонд уусдаг А, Е, Д витаминыг сайн ууж байх хэрэгтэй

Б.Болдсайхан: Жирэмсний үед тосонд уусдаг А, Е, Д витаминыг сайн ууж байх хэрэгтэй
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 29
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна
-Хавар, намар ан гөрөөнд явсан эрчүүд амьтны халуун цус уух дуртай байдаг. Түүний нөлөө гэж байна уу?
-Сүүлийн арваад жилд монголчуудын дотор вампирын бүхэл бүтэн овог үүсээд байгаа гэж хэлж болно. Тэр нь гөрөөс, янгирын цус их уудаг болсныг хэлж байна. Энэ нь нэг их сайн арга биш. Салхинд гарах нь сайн хэрэг л дээ. Гэхдээ эртний бөө, цэргийн уламжлалт арга шиг ийм юм хиймээргүй байна. Цусыг хоёр янзаар ууж байх шиг. Нэгдүгээрт, шим тэжээлийг боддог байх. Хоёрдугаарт, эрчүүд бэлгийн чадвараа сайжруулах гэж уудаг шиг байгаа юм. Аль аль нь утга агуулга, ач холбогдол багатай. Тэр ууж байгаа амьтны цусан дотор цусны улаан эс, мөн сийвэн байгаа. Түүнтэй дүйх, магадгүй илүү үйлчилгээтэй төмрийн бэлдмэл, малын цус, зайдас зөндөө байна. Иймд ховордож байгаа тэр амьтдыг иймхэн юмны төлөө алж устгах хэрэггүй л гэж хэлмээр байна.
-Хүүхэд төрүүлсний дараа хөхний толгой хагарсныг яаж зүгээр болгох вэ. Биеийн эсэргүүцэлтэй холбоотой байдаг гэх юм. Лааны тос, чацарганы тос дусаах гэх мэтээр их ч оролдлоо. Зүгээр болохгүй юм?
-Эх болгонд тохиолддог учраас уг нь чухал асуулт Энэ асуултыг надаас илүү олон удаа төрсөн эхчүүд сайн хариулах биз ээ. Гэхдээ нэгэнт надад хандаж энэ асуултыг ирүүлсэн болохоор өөрийн мэддэг хэмжээнд хариулах нь зүйтэй байх. Би 400 гаруй хүүхэд эх барьж авч байсны хувьд, мөн өөрөө хүүхэдтэй хүний хувьд хэлье. Анагаахын сургуульд энэ хүндрэлийг сайн заадаг болохоос урьдчилан сэргийлэх талаар их заадаггүй. Нэгдүгээрт, төрөхөөсөө өмнө, жирэмсэн байхдаа хөхний толгойгоо бэлдэж байх ёстой . Хөхний толгой хагарах анхны жирэмслэлт,анхны төрөлтийн дараа их тохиолддог. Тийм учраас сүүлийн гурван сарын хугацаанд хөхний толгойгоо имэрч, тосолж, томруулах гэж бэлдэж байх ёстой. Энэ нь хагарахаас гадна хүүхэд амлуулахад хэрэгтэй. Мөн жирэмсэн үедээ дотроосоо хангалттай витамин ууж байх ёстой. Витаминуудыг дотор нь тосонд уусдаг, усанд уусдаг гэж хоёр ангилдаг. Жирэмсний үедээ тосонд уусдаг А, Е, Д витаминыг сайн ууж бай . Төрсний дараа ч гэсэн витамин хэрэглэж байх хэрэгтэй. Төрснийхөө дараа хүүхдээ зөв сайн амлуулах талын мэдээлэл авч байх ёстой. Залуу эхчүүд зөвхөн толгойг нь аманд нь хийх гээд байдаг. Чацарганатай тос нэг удаа дусаах биш, ер нь тостой байлгаж болно. Хөхөө сайн суллаж байж, нөгөөхөхөө хөхүүлэх хэрэгтэй. Түүнээс биш дутуу хөхүүлж болохгүй. Харин тэр лааны тос дусаах мэт аймшигтай садист эмчилгээг хийх байтугай бодох ч хэрэггүй. Оронд нь хагарсан, өвдөж байсан ч хөхүүлж байвал ердөө4-5 хоноод эдгэрч эхлэнэ.
-Би одоо 41 настай, эмэгтэй. Тархины судасны нарийслыг яаж эмчлэх вэ. Сармис сайн гэж үнэн үү?
-41 настай хүний тархины судас нарийсна гэж бараг байхгүй . Мянгад нэг байдаг уу гэхээс тийм юм байх ёсгуй. 41 настай хүн бол залуу хүн. Тэр тусмаа эмэгтэй хүнд судас нарийсах нь харьцангуй бага тохиолддог. Харин эрэгтэй хүнд гурав, дөрөв дахин их тохиолддог. Тархины судас нарийссаныг тархины судасны ангиограммаар л тогтооно . Судсан дотуур будагч бодис шахаж, зургийг нь аваад, үнэхээр нарийссан эсэхийг харж болно. Эсвэл тархины МА1 будагч бодистой хийлгээд харж болно. Тэрнээс биш толгой өвдөхөөр л судас нарийссан байна гэсэн онош тавьж болохгүй. Тэр тусмаа эмэгтэй хүнд дээрх байхгүй, 41 настай эмэгтэй хүн бол тийм өвчтэй байх ёсгүй. Юунаас болох вэ гэхээр мянга түмэн шалтгаан, арга байгаа. Үүнийг би бүгдийг тоочиж барахгүй. Тиймээс ажил их байна уу, сексийн амьдрал тогтмол байна уу гэдгээ анзаарах хэрэгтэй.
-Миний хэл сүүлийн үед өнгөртөж бэржгэр, цагаан өнгөтэй болоод байна. Энэ юутай холбоотой вэ?
-Хэл бол хүний улаан хоолойноос авахуулад ходоод, нарийн бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах бүх системийн толь нь болдог. Хүний хэл чийгтэй, ягаан, өнгөргүй, элдэв амт үнэргүй байвал хүн хоол боловсруулах систем зүгээр байна гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв хэл нь бэржгэр, цагаан өнгөртэй бол ходоод, бүдүүн гэдэсний ямар нэг өвчин байх магадлалтай. Хоёрдугаарт, хоол нь сайн зохицохгүй байж болох юм. Тиймээс дотор эрхтнээ үзүүлэх хэрэгтэй.
-Зарим өвчинд амьтны мах сайн гэж сонссон. Зүрхэнд туулайн зүрх, ходоодонд чонын ходоод гээд л. Энэ үнэхээр сайн уу?
-Зүрх өвдөхөд туулайн зүрх сайн гээд хүмүүс бараг л зүрхийг нь цохилуулж байгаад залгисан байдаг нь зүгээр болсныг огт сонсоогүй. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Туулайн зүрх хүний ходоод, нарийн гэдсэнд очоод аминхүчлүүд нь нүүрс ус болтлоо бүгд задарчихдаг. Туулайн зүрхэнд эмчилгээний эффект болохоор бодис олдсон юм байхгүй. Харин чонын ходоодыг тэр дор нь цэвэрлээд залгих юм бол тухайн хүний саяхан идсэн хоолыг шингээхэд тус болж болох л юм. Учир нь, энэ нь маш хүчирхэг ходоод. 5-10 кг мах, арьс арьс үс ходоодонд орсон байхад зад шингээхээр бодис чонын ходоодонд агуулагдаж байдаг. Чонын ходоод ходоодны шархыг бол эмнэж чадахгүй юм. Ер нь уншигчдадаа хандаж хэлэхэд чонын ходоод, туулайн зүрх, мах ч бай болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь, чонын дархлаа шиг хүний биед тийм дархлаа байдаггүй учир заавал ходоод, махыг нь идэх гэсний хэрэггүй. Одоо үед хүнийг бүрэн эмчилж чадахаар техник, технологи бий болсон. Ялангуяа ходоодны шарх бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм.
-10 настай эрэгтэй хүүхэд. Их хөлөрдөг, өглөө босоход нь ар нуруу руу нь нил хөлөрсөн байдаг. Эмчид үзүүлэхээр эрүүл гэх юм. Хөлрөх юутай холбоотой вэ?
-Рахит гэхээр хүмүүс тав, зургаан сартайгаас авахуулаад 1-2 настай хүүхдэд л байдаг юм шиг боддог. Гэтэл зарим тохиолдолд тав, зургаа, бүр 10 нас хүртэл рахиттай байх нь бий . Өөрөөр хэлбэл, уургаа хангалттай авахгүй, багаасаа рахиттай, тэр нь зөв эмчлэгдээгүй, витамин Д, кальцийн дутагдалтай, гадаа сайн тоглодоггүй, хөдөлгөөн муутай хүүхэд 10 настай байсан ч рахиттай байх тохиолдол гардаг. Рахитын хамгийн тод илэрдэг шинж тэмдэг бол дээр хэлсэн шиг унтахаар хэвтсэн талаар нь хөлөрдөг.
Нялх хүүхэд жишээ нь, тэгж хөлөрдгөөс болоод дагзанд нь хөлснөөс нь давс үлдээд тэрэндээ арьс нь загатнаж үрсээр байгаад дагзны үс халзардаг. Энэ нь хөлөрснөөс болдог. Тэгэхээр энэ хүүхдэд хамгийн түрүүнд рахитыг сэжиглэх хэрэгтэй. Тийм учраас өсч яваа энэ хүүхдэд кальци, сүү, цагаан идээг өдөрт литр хүртэл өгөх хэрэгтэй. Уурагтай хоол, өндөг, сүү, мах сайн идүүлж, салхинд гаргаж, сайн тоглуулж бай. Биеийн тамирын дасгал сайн зааж өгч хийлгэж байх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ, сүрьеэгийн сорил тавиулаад уушгиа рентгэнд харуулаад үз. Арван настай хүүхэд сүрьеэгийн вакцин хийлгэсэн байх. Сүрьеэгийн үед турдаг, хөлөрдөг шинж тэмдгүүд илэрдэг. Өөр мөн бамбайн өөрчлөлт, бамбайн үйл ажиллагаа ихэссэн байж магадгүй.
-Гурван сартай хүүхдэд диатез өвчний шинж илрээд байх юм. Халуунаас болж ихэнхдээ бэжрүүтсэн зүйл гараад байдаг. Ер нь диатез өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ. Мөн бүрэн эдгээх арга бий юу. Арьс гоо заслын эмчээс зөвлөгөө авсан. Дотроосоо хлорфенамин ууж, гаднаасаа синафлан вазелин хоёрыг 1:1 харьцаатай хольж түрхэж байгаа?
--Хүүхдэд эмчилгээ хийнэ гэхээсээ илүү хамгийн түрүүнд ээж нь зөв хооллож, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Уламжлалт хоолоо идэх хэрэгтэй. Монгол малын мах, Монгол хөрсөнд химийн бордоо ашиглалгүй тарьж ургуулсан төмс, ногоо, даршилж дараагүй хүнс, ногоо идэж байвал хүүхдэд сүүгээр дамжин харшил илрэх нь бага. Сайн унтаж, амраад хэрүүлгүй орчинд сэтгэл санаа тайван байвал хүүхэд тайван, жаргалтай байдаг. Ингээд ч хүүхдийн бие дээр юм гараад байвал ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Диатез гэж бид ерөнхийд нь яриад байдаг болохоос олон төрлийн өөр өөр өвчнийг нийлүүлээд диатез гэдэг. Хлорфенаминыг удаан хугацаагаар ууж болохгүй . Яагаад гэхээр харшлын эмүүд төв мэдрэлийн системийг дарангуйлдаг . Жишээлбэл, харшлын эм уухаар нойр хүрээд байдаг. Харшлын эм уусны дараагаар машин барьж болохгүй гэдэг шүү дээ. Тархи нь гадаад орчинтойгоо харьцаж мэдээлэл авч дөнгөж эхэлж байгаа хүүхдийн тархийг дарангуйлах эм хамаагүй ууж болохгүй. Аль болох зөвхөн өнгөц гаднаас нь хэрэглэдэг эм байвал дээр байх. Тэрнээс илүү бас салхинд сайн гаргаж, хүүхдийн хувцсанд анхаарах хэрэгтэй. Химийн бодисгүй хөвөн давуун, ноосон, байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн хувцас өмсгөж, усанд оруулахдаа хэрэглэх саван даавуугаа бодох хэрэгтэй. Түүнээс тийм багад нь харшлын эм уулгамааргүй байна.
-Нүдний мах авахуулах нь хараанд муугаар нөлөөлөх үү. Нүдний уг руу хүчтэй хатгаж өвдөөд байгаа нь юуных вэ. Нүдний мах ер нь юунаас болж ургадаг вэ. Авхуулахад ахиад ургах уу. Нүдэнд бас өөр ургадаг гэсэн. Энэ нь махнаас өөр үү?
-Нүдний мах авхуулах нь хараанд нөлөөлөхгүй. Ер нь бол нүдний мах байх ёстой . Нүдний мах байгаа өнцөгт нулимсны суваг бий. Өдөржин хүний нүднээс нулимс гарч байдаг. Тэгээд хүн өдрийн турш минутад 5-10 удаа нүдээ цавчиж, гарч байгаа нулимсаараа нүдээ норгож байдаг. Тэр нулимс гадагшаа гарахгүй, нүдний дотор талын булангаар тэр дотор талын булангаар тэр дотор байдаг сувгаар хамар руу орж байдаг. Тэр сувган дээр шороо ороод ч юм уу бохирдоод муухай болчихвий гэж хамгаалсан нүдний мах наалд талд нь байдаг. Тэгэхээр нулимс махандаа сэмхэн шургаад суваг руу орж байх ёстой байх нь. Гэтэл Монгол шиг салхитай нартай, ялангуяа салхитай газар нөгөө мах нь салхинд, хүйтэн агаарт, шороо тоосонд цочроод түүнээсээ болоод томорч ургадаг. Тэр нь гэхдээ махсаад байх юмгүй, өөх байдаг. Өөх бага зэрэг ургасан байх нь гайгүй. Гэтэл ургасаар байгаад нүдний хар руу, ялангуяа хүүхэн хараа руу орж ирээд, хараа хаах хэмжээнд хүрдэг. Хоёрдугаарт, нүдний гадна талын давхарга дээр үрэвсэл явагдаж эхэлдэг. Тийм учраас авахуулах шаардлагатай болдог. Түүнээс биш хараанд нөлөөлөхгүй. Авахуулсны дараа дахин ургадаггүй.
-Цөсөө авахуулсан хүн хэдий хугацаанд ямар дэглэм баримтлах вэ?
-Цөс ч бай, зүрх ч бай, олгой ч бай ямар ч хагалгааны дараа эдгэх хоёр, гурван үе бий . Тэр нь эхний байдлаар шарх аниад эмнэлгээс гарах нэг үе. Түүний дараа 45-60 хоногийн дараа шарх сорвижиж, сорви болж бүрэлдэж эхэлдэг. Энэ нь хоёрдугаар үе. Гуравдугаарт хагалгаанаас зургаан сарын дараа хуучин сорви болж өөрчлөгддөг. Мөн тэр эрхтний үйл ажиллагаа бүрэн тэнцвэрждэг. Энэ гурван үедээ маш сайн дэглэм барих хэрэгтэй. Цөсөө авахуулсны дараа 14 хоног, хоёр дахь үед аль болох цагаан будаатай шөл гэх мэт хөнгөн, амархан шингэдэг хоол өдөрт хоёроос илүүгүй идсэн нь дээр. Цөс нь өөх тосыг задлах үндсэн үүрэгтэй. Элгэнд байгаа хортой бодисуудыг бас цөсөөр дамжуулж гаргадаг. Гэхдээ цөсний хүүдийг авна гэхээр, цөс ялгарахаа болино гэсэн үг биш. Агуулахаас биш шууд элэгнээсээ цөсний замаараа орж ирдэг хэвээр байх нь. Өөх тосыг задалдаг хэвээрээ ч агуулах байхгүй болохоор их хэмжээний өөхийг тэр дор нь задалж чадахгүй болно. Тийм болохоор аль болох өөх тос багатай хоол ид гэдэг. Мөн архи, дарс их хэмжээгээр уухгүй байх, болвол амьдралынхаа турш, болохгүй бол эхний зургаан сарын хугацаанд татгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл, хүн архи дарс уухад тархи толгойноос гадна ходоод гэдэс, цөсний зам ч согтдог. Архи, дарс уусан үед өөх тостой хоол идлээ гэхэд цөсний цоргон дээр байгаа зангилуур булчингууд ч гэсэн "согтдог" учраас өөх тостой хоол орж ирээд байхад цөсөө оруулж ирдэггүй, бас л "согтоод" хаагдчихдаг. Харин сүүний төрлийн бүтээгдэхүүн бол өөх тос уургийн хамгийн зохистой зөөлрүүлсэн хэлбэр байдаг учраас хамгийн сайн.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн