Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан иргэдийн асуултад хариулж байна. Энэ удаа витамины хэрэглээний талаарх асуултад хариулав.
-Витамин C-г өдөрт 2-3 ширхэгээр уух ёстой гэдэг. Гэтэл ажиглаад байхад хүмүүс, ялангуяа манай монголчууд хоёр, гурваар нь ууж байснаа хажууд нь байвал чихэр шиг л иддэг. Бүр 50 ширхэгийг нэг дор идэх нь бий?
-Тэгэж болохгүй л дээ. Үндсэн витаминуудыг өдөрт хэрэглэх тунгууд гэж бий. Жишээ нь, А витамин 900 нанограмм байх хэрэгтэй. Нанограмм гэдэг нь нэг микрограммыг арван зургаан зэрэгт хуваасантай тэнцэхээр байгаа. Маш бага хэмжээтэй. Витамин B1 гэхэд 1,2 мг байхад л хангалттай. Мг нь нэг граммыг мянга хуваасны нэг. Витамин B2 гэхэд 1,2 мг гэдэг юмуу, ийм л маш бага тунгаар хүний биед хэрэглэгддэг. Витамины нэг онцлог нь гэвэл орчин үеийн хүн хоёр эх үүсвэрээс витаминаа авч байгаа. Үүнийг интернэтээс ороод харж болно. Нэг нь хоол тэжээлээс. Ихэнх нь жимс, ногоотой хоол тэжээлд витаминууд байдаг. Сүү, маханд байгаа. Монголчуудын идэх дуртай элгэнд ч байдаг. Маш бага хэмжээтэй, мг-аар авч болдог байх нь. Хоёр дахь нь бидний гаднаас эм маягаар ууж байгаа витаминаас авдаг. Эмээр авч байгаа бэлэн витаминыг их уугаад эхлэхээр хүн хоолноос авахаа больчихдог. Дашрамд хэлэхэд,витаминыг ууж болдог. Тариулах ямар ч шаардлага байхгүй. Тариагаар бол маш цөөхөн витамин бий. Ихэнх хөгжилтэй оронд тариагаар тарьдаг витамин байдаггүй. Эмнэлэгт ч, эмийн санд ч байхгүй. Манайд орж ирээд байгаа тарьдаг витаминууд ямар учиртай вэ гэхээр, манайх шиг хүмүүс нь тариулах дуртай, бүдүүлэг, хоцрогдсон, эрүүл мэндийн боловсрол муутай оронд зориулаад мөнгө хийх сонирхолтой компаниуд хийдэг. Тэрнээс биш АНУ-д, Японд витамин тариулна гэвэл эмч нар байтугай жирийн хүмүүс ойгохгүй.
-В витамины комплексыг мэдрэлийн гаралтай өвчтэй хүмүүс түлхүү хэрэглэдэг болсон гэнэ. Мөн үс ургахгүй үед үсэндээ тэжээл өгөх зорилгоор эмийн сангаас тариаг нь аваад хуйхандаа түрхдэг. Тэгснээр үс сайхан ургадаг, ядаргаа арилдаг гэдэг. Энэ зөв үү, буруу юу?
-В төрлийн витамин мэдрэлийн эсүүдийн хооронд явж байгаа бодисын солилцоонд нэмэр болдог нь үнэн. Тэрнээс мэдрэлийн өвчин эмчилдэг юм ерөөсөө биш. Мэдрэлийн төрлийн нэг ч өвчнийг В-гийн төрлийн витаминаар тарьж эмчлэх юм байхгүй. Хажуугаас нь харин дэм болох юм байгаа. Гадуур нь үсэндээ түрхдэг ч юмуу тэгж хэрэглэнэ гэдэг нь шулуухан хэлэхэд мөнгөтэй бөгөөд боловсролгүй тэнэгдүү хүний хийж буй үйлдэл юм. Тэгэх юм бол арьс, хумс хуурай байвал ванндаа, эсвэл усандаа витамин хийгээд орох нь. Тийм байж болохгүй. Витамин бол дотроосоо, элгэн дотроо боловсроод, элэгнээсээ хүний бодисын солилцоонд, уургийн синтезэнд, метаболизмд, оролцож байдаг маш бага тунтай бодис. Жишээ нь, Д витамин яг тэр чигээрээ ясанд ордоггүй. Заавал Д3 болж байж, тэрнээсээ кальци, фосфортой холбогдож байж ясанд очдог маш нарийн үйлчилгээтэй. Түүнээс биш гаднаас нь тэгж В витаминыг түрхэхээр үсний мэдрэл сайжирдаг юм байхгүй. Нийгмийн баялгийг ч гэсэн үсэндээ наагаад угаагаад хаячихаж болохгүй л гэж хэлмээр байна. Хоол тэжээлээс хэрэгтэй хэмжээгээр аваад, хэрэггүй болсон нь шээсээр, өтгөнөөр, цөсөөр гараад явдаг. Монголчууд харьцангуй азтай. Монголд чацаргана, аньс ургадаг. Дэлхий өөр ямар ч жимс энэ хоёртой адилхан өндөр хэмжээгээр витамин агуулдаггүй. Бүх л төрлийн жимсэнд, ногоонд, жимсний ундаануудад витаминууд байгаа. Тэр тусмаа монголчуудын хэрэглэдэг мах, элэг, сүүнд бол нэлээд хэмжээгээр байдаг. Тэгэхээр чацаргана өндөр үнэтэй болоод байхад заавал энэ жимсийг авч уух гээд байх шаардлага байхгүй. Чацарганд онцгой, ханиаднаас хамгаалдаг ч юмуу үйлчилгээ байхгүй. Бусад жимстэй адилхан гэж хэлмээр байна. -Тэгэхээр заавал жимсээр нь гэлтгүй жүүс ууж байхад болох юм байна, тийм үү? Дотроо А,В,С,Д витаминтай гэсэн бичигтэй байдаг болохоор эдгээр витаминуудыг нөхөж байна гэсэн үг биз дээ?
-Ийм төрлийн жимс ундаанууд их төлөв анхны жимснээсээ витаминууд агуулсан байдаг. Дээр нь хүмүүст хангалттай өдрийн тунг нэмж тааруулаад өгсөн байдаг.
-Аминдэмийн тун хэмжээ нь илүүднэ гэсэн ойлголт байх уу?
-Хэт их хэрэглэж болохгүй. Тэгвэл хоол хүнснээсээ тэжээл авч чадахаа больчихдог сөрөг талтай. Бага насны хүүхэд юм уу 40-өөс дээш насныхан кальци илүү хэрэглэх нь чухал. Яагаад гэвэл, хөдөлгөөн багатайгаас болоод бага хүүхдүүд ясны сийрэгжилтээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн центрум, олигавит ууж болно. Үүнд бүх төрлийн аминдэм, микроэлементүүд байдаг. Өдөрт нэг удаа уух хэрэгтэй. Хүүхдэд ч өгч болно. Дээр нь Е витамин, аспирин, бугын цусан эвэр, женшень нэмж ууж болно. Эдгээрийг хэрэглэвэл ядрах нь бага. Байнга хэрэглэж чадвал залуу нас, амьдралаа уртасгаж байна гэсэн үг. Дахин хэлэхэд, эмнэлэгт хэвтэхийг урьтал болгож, оюун санаа сэтгэлээрээ “хөгшрөхөөс” зайлсхийх нь чухал гэж хэлье.
-Сүүлийн үед гарсан жимсний шүүснүүдийг уувал энэ хэрэгцээг хангаж чадах болов уу? Эмч болгон л ингэж зөвлөх юм байна шүү дээ.
-Зуны цагт шинэ жимс хэрэглэх шаардлагатай. Гэхдээ бусад улиралд манайд ургадаг жимс гэж байхгүй болохоор шүүс сайн уух хэрэгтэй. Үүний дээр глюкоз, саахар багатай юм уу, орлуулагчтай шүүсийг аминдэм хослуулж хэрэглэх нь зохистой.
-Витамин аминдэмийг бөөнөөр нь юмуу, ар араас нь уух ёстой юу, эсвэл завсарлаж хэрэглэх нь дээр үү?
-Өглөө бүгдийг нь уучихаж болно. Харин Д,Е витамин нь капсул дотроо тостой байдаг учраас тусад нь уух шаардлагатай.
-Амин дэмийг чанар сайтай гээд манайхан өндөр үнээр худалдаж авах нь элбэг. Энэ зөв үү?
-Дашрамд хэлэхэд, витаминыг заавал эмийн сангаас авч байх нь чухал. Тэгэхгүй бол янз бүрийн сүлжээний эм, аминдэмд найдах хэрэггүй. Тэр нь хэдий хоргүй ч 4-5 дахин их үнэтэй байдаг. Америк, япончууд өндөр насалж байгаа нь витамин, кальци, аспирин зэргийг зүй зохистой хэрэглэж чаддагтай холбоотой. Түүнийг байнга зөв зохистой хэрэглээ болгож чадсан байдаг.
-Сүлжээний бизнесийн эм бэлдмэлүүд хэр найдвартай вэ?
-Сүлжээний эм хоёр хэлбэрээр орж ирдэг. Нэг нь хүлээн зөвшөөрөгдөөгүй. Энэ бол маш аюултай. Нэг орос ирээд “Хүний дархлааг 473 дахин сайжруулдаг эм” гээд лекцэндээ сууж байсан хүмүүстээ зарж байсан. Хувь хүн бол үүнийг авахгүй байх хэрэгтэй. Харин төрийн зүгээс үүнийг таслан зогсоох ёстой. Төрийн үндсэн үүргийн нэг нь энэ. Иргэдээ аюулт хандлагаас хамгаалах, газар дээр нь таслан зогсоох хэрэгтэй. Био хандлага бол хамгийн аюултай. Нөгөө нь хоргүй эм. Гэхдээ энэ нь поливитаминыг 3-4 дахин нугалаад зарчихаж байгаа юм. Дээр нь өтгөн шингэрүүлдэг, өдөр болгон хүндрүүлдэг эм өгөөд бага идвэл турна гэдэг. Гэтэл энэ эмүүд аптект 5-10 дахин бага үнэтэй байгаа. Маркетингийг нь ч юмуу сайн хийсэн бол хүмүүс үүнийг нь 100-300 доллараар худалдаж аваад уучихдаг. Энэ хоргүй байж болно. Гэхдээ энэ бол цэвэр мөнгөний луйвар. Тиймээс энэ дахиад л сүлжээгээр орж ирдэг. Гоо сайхны бараа ч мөн адил ийм байгаа.