Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

​Б.Болдсайхан: Валидол яг зүрхний эм биш, харин тайвшруулах үйлчилгээтэй

​Б.Болдсайхан: Валидол яг зүрхний эм биш, харин тайвшруулах үйлчилгээтэй
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 25
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан эмчээс зүрхний өвчний талаар иргэдийн хамгийн их асуудаг   зарим асуултад хариулт авлаа.
-Цус багадалт, зүрх хоёр ямар холбоотой вэ?
-Энэ хоёр шууд холбоотой. Цус хүний биед бүх л төрлийн тээврийн үүргийг гүйцэтгэж, хүчилтөрөгч, хоол тэжээл, уургийн бодис, бодисын солилцооны үлдэгдэл хортой бодис гээд бүх зүйлийг тээж явдаг. Хүчилтөрөгч зөвхөн цусаар дайгдаж зүрхэнд очдог. Тэгэхээр цус багадах гэдэг нь цусан дотор эритроцит, үүн доторхи гемоглобин, гемоглобин доторхи төмрийн хэмжээ багадна. Төмөр өөрөө хүчилтөрөгчийг өөртөө нааж авч явж байдаг. Тэр нь багадчихвал зүрх өвдөнө. Яагаад гэвэл, хүний биед байгаа бүх цусны дийлэнх хувь нь зүрхэнд очдог. Хамгийн их ажилладаг эрхтэн бол зүрх, тархи. Энэ хоёр нийлээд хүний биед хэрэглэгдэж байгаа бүх хүчилтөрөгчийн 40 хувь нь, үлдсэн бие 60 хувийг хэрэглэдэг байх нь. Их юм бодож сэтгэж байхад тархи бүр 50 хувь хүртэл, гүйж харайж, биеийн хүчний ажил хийж байхад зүрх ч 50 хувь хүртэл хэрэглэгдэнэ. Зүрх 300-хан грамм эрхтэн мөртөө хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Тэгэхээр цус хүчилтөрөгчөө зөөх нь багадвал зүрх өвдөнө. Монгол эмэгтэйчүүдийн гурван хүний нэг нь төмөр багадалтаас үүдэлт цус багадалттай. Үүнээс болж зүрх өвдлөө гэж ирэх нь их. Тиймээс цусан дахь гемоглобин ямар байгааг үзүүлж байх хэрэгтэй.
-Зүрх өвдөхөд зүүн, цөс өвдөхөд баруун гар даагдахгүй болдог гэдэг нь үнэн үү?
-Зүрх өвдөхөд цээжний зүүн хэсгээр, цөс, элэг өвдөхөд баруун гар өвддөг. Гэхдээ заавал ийм байх албагүй.
-Валидол зүрхний эм мөн үү. Ямар тохиолдолд уудаг вэ?
-Валидол бол яг зүрхний эм биш. Энэ эмийн үндсэн найрлагад валериан гэж говийн ургамал байдаг. Мазаалай үндсийг нь иддэг шүү дээ. Энэ эмийн гол нөлөө нь тайвшруулах үйлчилгээтэй. Хүн валидол уухаараа тайвширч, өвдөж байсан зүрх нь гайгүй болчихлоо гэж боддог юм шиг байгаа юм. Тиймээс биш, зориулалтаараа зүрхний эм биш. Ер нь бол айлын эмийн санд заавал байх ёстой эм биш. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бамбайн хордлоготой, түүнээсээ болж сэтгэлийн айхтар цочролд ордог хүмүүс валидолыг эмчийн тусламж автлаа ууж болох юм.
-Шүд цоорох нь зүрхэнд яагаад нөлөөлдөг вэ?
-Шүд цоорохоор тэр хөндийд зүсэн бүрийн нян хадгалагдаж байдаг. Хүнийг амьсгалах, хоол идэх, тоолонд тэр нянгууд бие рүү нь урсч орж байдаг гэсэн үг. Түүнээс болж хүний зүрхнээс гадна бусад эрхтэнд нөлөөлнө. Зүрх муутай хүмүүст шүдний өвчин маш аюултай. Зүрх муутай гэдэг нь органик, өөрчлөлттэй, зүрхэндээ цоорхойтой, эсвэл зүрхний хавхлагийн гажигтай хүмүүс шүү дээ. Ийм өвчтэй хүмүүс шүдээ эмчлэхийн өмнө ба хойно таван хоногийн турш заавал антибиотик ууж байх ёстой. Тэгэхгүй бол шүдийг эмчлэхээр оролдох үед маш их нян цус руу орж байдаг. Эрүүл хүний дархлааны систем эдгээр нянг цэвэрлээд гаргадаг бол зүрхэндээ органик өөрчлөлттэй хэсэгт нь нян суучихдаг. Тиймээс болгоомжтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байх ёстой.
-Зүрхний өвчтэй хүн хүүхэд гаргаж болох уу?
-Зүрхний чухам ямар өвчтэйгөөс шалтгаална. Хүний зүрх ч, бусад эрхтэн ч бай хэвийн үед байгаагаасаа дунджаар 6-7 дахин ачаалал даах чадвартай байдаг. Тийм учраас зүрхний зарим хөнгөн өвчтэй хүн хүүхэд гаргаж болно. Зүрхний маш хүнд өвчин, эсвэл өвчин нь хүндрээд биеийн байдал нь хүнд болсон, өөрөөр хэлбэл, тайван байхдаа амьсгааддаг, хавагнадаг болчихсон хүмүүс хүүхэд гаргахад хэцүү. Энэ ерөнхий асуулт байна. Яг хүн бүрт тодорхой ярих ёстой. Ер нь өвчин нь адил байсан хүн болгоны биеийн байдал өөр. Тэгэхээр заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Хүний зүрх өвдөхөд таргалдаг уу?
-Уг нь эсрэгээрээ. Хүн таргалснаараа зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч, муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Үүнээс гадна, зүрх муудаад хавагнаж болно. Хаванг таргалалтаас ялгах хэрэгтэй.
-Тэгвэл зүрх өөхөлнө гэдэг нь ?
-Зүрхний мэс заслын эмчийн хувьд хэлье л дээ. Бид мэс заслыг хүний зүрхийг ил гаргаж хийдэг. Залуу хүмүүсийн зүрх өөх багатай байдаг бол настай болон хөдөлгөөн багатай хүмүүсийнх тэр чигээрээ өөхөнд хучигдсан байдаг. Зүрх гурван давхрагатай байдаг. Гадна, дотор, булчингийн давхарга гэж. Гэтэл гадна талын давхрага тэр чигээрээ өөхөнд хучигдсан байдаг. Гэтэл гадна талын давхарга тэр чигээрээ см хэртэй зузаан өөхөөр хучигдсан байдаг. Маш удаан хугацаагаар дасгалжаагүй, биеийн хүчний ажил хийгээгүй хүмүүсийнх өөх ихтэй байдаг. Ийм хүмүүс, магадгүй дараа нь биеийн хүчний бөгөөд сэтгэхүйн ачаалалд маш эмзэг төдийгүй ачаалал даах чадваргүй байдаг. Эрүүл зүрх нь дээд тал нь 200 гартал цохиод, даралт нь 200 гараад, тав, арван км газар дунд зэргийн хурдтай гүйлтийг даваад гарахад зүрх яах ч үгүй. Эсвэл маш огцом уурлаж, баярласан үед зүрх нь яадаг ч үгүй. Гэтэл өөхөлсөн зүрх, дасгалжихгүй болсон хүнийх есөн давхарт гарахад ямар нэгэн хүндрэл гарч магадгүй. Огцом уурлах, муу мэдээ сонсох үед ачааллаа даахгүй байж мэднэ. Тэгэхээр зүрхээ өөхлүүлэхгүй байхын тулд дасгалжуулах ёстой. Эмэгтэй хүмүүс харвиндаа байгаа өөхөнд их санаа зовдог. Гэтэл тэрнээс илүү дотор талаараа их таргалдаг. Эмэгтэй хүний өөх уг нь 30 хувиас нэлээд бага байх ёстой. Эмэгтэй хүний биеийн жингийн 20 хувиас бага нь өөх байх ёстой. Гэтэл сүүлийн үед эрэгтэй, эмэгтэйчүүдэд биеийн жингийн 50 хувь нь өөх болчихсон байдаг.
-Зүрх юунаас болж өөхөлдөг вэ?
-Зүрх өөхлөх нь мэдээж таргалахтай холбоотой. Таргалах нь нэгдүгээрт, хөдөлгөөнгүй байх, хоёрдугаарт, буруу хооллосноос шалтгаална. Хүний сэмж, гэдэсний чацархай, бөөрний өөх, зүрхний үнхэлцэг, элэг гэх мэт дотор эрхтнүүдээсээ эхэлж таргална, тэр нь гадагшаа нөлөөлдөг. Гаднаа таргалаагүй хэрнээ дотроо таргалж байж ч магадгүй. Эсвэл таргалсан гэж бодооггүй байтал зүрх өөхөлсөн, улцгар болсон байх магадлал ихтэй. Хүнд хөдөлгөөн хэзээ ч ихдэхгүй гэдгийг дахин хэлье. Бас хоолоо зохицуулах нь чухал. Цагаан талх, нарийн боов, цагаан будаа, чихэр, ундаанаас татгалзах хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн