"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.com хаяг руу явуулна уу.
-Хурц олгойн үед но-шпа ууж өвчнийг намдааж болдоггүй. Тэгвэл олгой дотроо хагардаг гэх юм. Энэ үнэн үү?
-Ер нь бол үнэн. Яагаад гэхээр, но-шпа уг нь өвчин намдаах эм биш. Гол нь гилгэр булчинг сулруулах эм. Тэгэхээр хүний гэдэсний ч юм уу, тархинд захирагддаггүй бусад гилгэр булчинг сулруулдаг гэсэн үг. Гэхдээ гилгэр булчинг сулруулахдаа бага зэрэг өвчин намдаадаг. Тэгэхээр олгой өвдсөн үед өвчин намдаах но-шпа ч юм уу өөр эм уувал гайгүй болчихлоо гэж цаг хугацаа алддаг. Түүнээс болоод олгой нь идээлж, хагараад, язрах тохиолдол гардаг. Тэгэхээр хурц олгой гэж мэдсэн бол но-шпа ууж огт болохгүй. Эмчид үзүүлээд хагалгаа хийлгэх ёстой. Айхтар хурц үрэвсэлтэй биш бол намжаах арга байгаа эсэхийг эмчээс асуу. Мэс заслын эмчээс зөвлөгөө авсан нь дээр. Монголчууд мухар олгойн хагалгааг хийгээд бараг зуун жил болж байна. Тийм болохоор мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан нь дээр. Түүнээс но-шпа уудаг, уудаггүй гэх ам яриагаар шийдэж болохгүй. Учир нь маш амархан хагалгаа эмчилгээ юм шиг мөртлөө буруу шийдвэр хүний аминд хүрдэг. Дээр үед, зуун жилийн өмнө монголчуудын дундаж нас 24 байсан гэдэг. Үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ л үхэл их өндөр байсан юм шиг байгаа юм. Тэрний нэг том шалтгаан нь мухар олгой байсан болов уу. Мухар олгойг тэр үед монголчууд газрын, лусын хорлол, бөөгийн хараал гэж боддог байсан. Учир нь, олгойн үед гэдэс өвдөж дүүрч, халуурч хэдхэн хоногийн дотор үхэхээр нь лам юм уу, бөө үзээд тэгж оношилдог байж. Долоо хоногийн өмнө мэдээж тэр хүн галдаа түлээ хийсэн, эсвэл булуунд бүдэрсэн байдаг.
-Манайхан нугасны ус авахуулах муу, сайн гээд л байдаг. Нугасны усыг ямар тохиолдолд авдаг вэ. Яаж авдаг бол?
-Нугасны усыг авах, нугасаар мэдээ алдуулах, нугасны усанд шинжилгээ хийх, эм хийх гээд нэлээд олон мэс ажилбар хийдэг. Тэрнээс болоод хүндрэл гарлаа гэсэн яриа хүмүүсийн дунд их байдаг. Яг эмнэлгийн нөхцөлд, нугасны ус авахаар хатгадаг. Нугасанд мэдээ алдуулахаар хатгадаг цэг дээр тэр хавьд нь нугас байдаггүй. Нугаснаас гарсан, доошоо гарсан салаанууд явж байдаг. Тэгэхдээ бүр хөл, гарыг нь мэдрэлжүүлдэг нугасны мэдрэлийн судал ч биш, аарцаг, ахар сүүл рүү очсон, хэрэглэгдэхгүй байгаа тэр нугасны мэдрэлийн үзүүрүүд байдаг. Нугасанд хатгалт хийхийн өмнө ямар нэгэн судсанд шингэн хийх систем залгаж, дасны уусмал эм тариа хийдэг. Даралтыг хянаж, хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих ёстой. Хүнээ хэвтүүлээд, эсвэл суулгаад хийж болдог.
Нурууны таван нугалмын хоёр гурав дахийн хооронд эсвэл гурав дөрөв дэхийн хоорондуур хийдэг. Энэ түвшинд нугас ирээд дуусдаг. Нугасны хөндийн гадуурхи хатуу хальсыг нэвтлээд мэдээ алдуулах тариа хийдэг. Менингит юм уу, менингококкцемийн халдварын үед эндээс шингэнийг авч болдог. Нугасанд мэдээ алдуулах, шингэн авахтай төстэй өдөр тутам эмнэлэг дээр хийдэг арга бол нугасны хатуу хальсанд мэдээ алдуулах. Их ойролцоо хатгалттай. Нэг нь хатуу хальсыг нэвтлээд нугасны шингэн рүү ордог, нөгөө нь гадна талд нь хийдэг. Кесаревоос авахуулаад биеийн доод хэсэгт байгаа гэмтлийн хагалгаа, манай тасагт бол судасны хагалгаа гээд бүгдийг нь нугасны мэдээ алдуулалтаар хийж болдог. Нугас хатгалтыг ч мэдрэлийн тасгуудад хийдэг. Хүндрэл бараг байдаггүй, байх ч магадлал багатай. Нугас байхгүй учраас нугас хатгана гэж байхгүй, гарч байгаа жаахан үзүүрүүд хүний бие рүү очихгүй, ууцны ясан дотроо дуусчихдаг тийм хэсэг. Анагаахын хэллэгээр морины сүүл гэдэг юм. Үүрэг нь байхгүй болчихсон гэсэн үг. Дээрх үед сүүлтэй байх үед сүүл, бөгсөн хэсгийг их сайн мэдрэлжүүлдэг байгаад хүн сүүлгүй болоод үүрэг нь багассан. Ийм мэдрэлийн судлууд дээр хатгана гэсэн үг. Тэрнээс болоод нугас гэмтээд, тахир дутуу болно гэсэн ойлголт байдаггүй. Дахиад хэлэхэд, нугасны шингэн авахдаа ч маш их хэмжээний шингэнээс 3-4 мл л авдаг. Энэнээс болоод хүндрэл гарна гэж байдаггүй.
-Монголд сүүлийн үед ботокс гэдэг тариаг хүүхнүүд илүүтэй хэрэглэх боллоо. Энэ бүтээгдэхүүнийг дэлхийд гарсан хамгийн сайн бүтээгдэхүүн гэж байна. Үнэн үү. Үүнийг захын нэг гоо сайхны салонууд хийх эрх байдаг уу. Бодвол нүүрнийх нь цэгийг олох гээд нарийн ажил байдаг байх. Энэ тариаг яаж хийдэг юм бэ?
-Ботокс бол сүүлийн 10 жилийн хугацаанд гоо сайхны хамгийн түгээмэл хэрэглэж байгаа, ямар ч гоо сайхны ажилбараас хамгийн үр дүнтэй ажиллагааны нэг. Ботокс гэдэг энэ бүтээгдэхүүн дээр нэг том парадокс байдаг. Ботокс бол хүнтэй байгаль дээр таарсан хамгийн хортой бүтээгдэхүүний нэг. Клостридиум потелинус гээд одоо монголчуудын сайн мэдэх хиамтай хоолны хамгийн хортой хэлбэрийг үүсгэдэг нянгийн хор байгаа юм. Үхэлд хүртэл хүргэдэг. АНУ-д жилд 60-70 хүн яг энэ бактерийн нянгаар хордож үхдэг гэж ярьдаг. Түүн дээр 3-4 хүн энэ ботоксыг тариулж байгаад гэж нөлөөгөөр нь нас бардаг. Үүнийг хиамны нөлөөгөөр нас барсан гэсэн статистикт нийлүүлдэг.
Маш бага тунгаар, 0,3-0,5 микрограмм байхад л 100 хүнд тариа хийхэд 50 хүн нь үхэж болдог. Тэгэхээр ботокс тариа бол яг тэр хорыг агуулсан, тэрнээс маш их шингэлсэн, тун бага хэмжээгээр агуулсан байдаг гэсэн үг. Гоо сайханчийн оронд эмч хүнээр тариулах нь зүйтэй санагддаг. Ямар нэгэн байдлаар буруу хэрэглэх юм бол, эсвэл нөгөө хүн нь гаж нөлөө үзүүлэхээр харшилтай, булчингийн сулрал үүсэх фонтой байвал үхэлд ч хүргэж магадгүй.
Ямар механизмаар үйлчилдэг вэ гэхээр, мэдрэлийн эсийн үзүүр булчин дээр хүрч цочроодог. Мэдрэлийн эсээс булчин руу сэрэл дамжаад булчин агших энэ дамжуулалтыг саажуулдаг. Саажуулахдаа 4-6 сарын турш үйлчилдэг. Орчуулбал хүн цус харваад өрөөсөн тал мэдээгүй болдог шүү дээ. Тэрнээс долоон дороор таг чулуу шиг болгоод саажуулдаг. Ийм айхтар үйлчилгээтэй хор. Тэгэхээр зөв газраа хэрэглэхгүй бол маш аюултай. Нүүрний булчингууд дээрээ хаана нь гүн үрчлээ гараад байна тэр хэсгийн үрчлээг арилгая гэж хийлгэдэг. Хоёр нүдний хооронд гүн үрчлээ гарч байвал тэр хэсгийн булчинг, дух үрчлээтвэл дээд хоёр булчин руу тариад ажиллуулахгүй болгож саажуулдаг. Тэр хэсэг ер ажиллахгүй, гөлийсөн болно гэсэн үг. Зүгээр харахад үрчлээс арилсан сайхан харагдаж байгаа боловч уурлавал уурласан нь илрэхгүй, нүүрний илэрхийлэл алга болчихдог муу талтай. Робот шиг гөлийж ярьдаг хүн л болно гэсэн үг. Зургаан сарын дараа тариулсан булчин хордлогоноосоо гараад сэргэж эхэлнэ. Ботокс ийм хор нөлөөтэй, аюултай тариа учраас зөв л хэрэглэх ёстой. Гоо сайхны газраар тариулна гэдэг байж болохгүй. Эмэнэлэгт мэргэжлийн хүнээр л тариул.
-Хоолойны мах хэрэгтэй эрхтэн, авахуулбал биеийн өсөлт зогсоно гэдэг. Авахуулах хэрэгтэй юу, эсвэл?
-Хоолойны махыг авхуулаад өсөлт зогсохгүй. Гэхдээ илүүдээ гарсан эрхтэн бас биш. Хоолойны махны бүтэц тунгалгийн зангилаанууд байдаг. Тунгалгийн зангилаа болон тунгалгийн систем нь дархлааны систем. Хүний нийгмээр бол дотоодын цэрэг, цагдаа гэсэн үг. Тэгэхээр хоолойны махыг том дүүргийн цагдаагийн хэлтэс гэж ойлгож болно. Амьсгалын зам, хоол боловсруулах зам руу гаднаас агаартай болон хоолтой орж байгаа гаднын бүх хорт бодис эхний байдлаар шимэгдэж, түүгдсэн нь хоолойны махан дээр ирж байдаг. Тэгэхээр аль болохоор авхуулахгүй, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэхдээ яах аргагүй авхуулах тохиолдол бий. Хоолойны махны эмийн гол эмчилгээ нь пенициллин байдаг. Пенициллин бол Флеминг гэдэг докторын XX зуунд гаргасан хүн төрөлхтний хамгийн том нээлтийн нэг. Зөвхөн хоолойны мах ч биш, энэ антибиотикийг гаргатал хүмүүс нянгийн эсрэг, нян дийлж, устгаж чадах хүчтэй эмийг хэдэн мянган жилийн турш бодож олж чадаагүй. Пенициллин анх гарч ирэхэд гудамжид хүртэл рекламдаж байсан. Үндсэн гол эмчилгээ болох пенициллин G-г 21 хоногт нэг удаа тарьдаг. Гайгүй эмийн эмчилгээ авч болохоор үед эхний 10 хоног нь ампициллин юм уу, пенициллин уугаад, араас нь яг дууссан өдрөөс нь тоолоод яг 21 хоног пенициллин G-г нэг удаа хийх ёстой. 12 хүртэлх насны хүүхдэд 1.2 саяар хийж болно. Харин 12-оос дээш насны хүүхдэд 2.4 саяар 1-2 жилийн турш хийгээд, давхар хүүхдээ чийрэгжүүлэх, хоолойг нь хүйтэн усаар зайлах, витаминжуулах, сайн амраах зэргийг хийхэд гайгүй болдог. Хагалгаа хийхээс өөр аргагүй болдог хэдхэн тохиолдол бий. Нэгдүгээр, хоолойны мах нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, хөвсийгөөд идээ бээр цугладаг, өвчний үүр болчихсон, яаж ч эмчлээд эмчлэгдэхгүй үед мэс заслаар авдаг. Хоолойны мах хөвсгөр бүтэцтэй, нүх ихтэй байдаг тул тэр болгонд нь идээ хуримтлагддаг. Хэчнээн эмчлээд ч идээ байж байдаг, зүгээр боллоо гээд хоолойны махан дээр нь дарахад идээ гарч байдаг тохиолдолд өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт. Бага насны хүүхдийн дунд ажиглагддаг чихний үрэвсэл хоолойны махнаас мөн болдог. Хэвийн үедээ маш жижигхэн үрэвсэлгүй байх ёстой хоолойны мах үрэвсээд ирэхээр хэвийн хэмжээнээсээ хэд дахин том болдог. Энэ үед зөөлөн тагнайн хоёр нугалааны хооронд нуугдаж байдаг юм гарч ирдэг. Халуурах, хоолой өвдөх, юм залгиж чадахгүй болох эргэн тойрны тунгалгийн булчирхайнууд томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхдүүдийн хувьд чихний үрэвсэл болж идээлж, хэнгэргэн хальс цоорч, сонсгол муудах нэг том шалтгааны нэг нь хоолойны махны томролт. Яагаад гэвэл гадар чих явж байгаад мембранаар битүү байгаад, дунд чих явдаг. Дунд чихний хөндий нь Евстахын гуурсаар дамжаад залгиурын хөндийтэй холбоотой байдаг. Хоолойны мах яг залгиурын хэсэг дээр томорчихоор энэ сүвийг бөгөлдөг. Энүүгээр илүүдэл салст, шингэнүүд нь гадагшлаад, агаарын даралт өөрчлөгдөж байх ёстой байтал таглаад битүү нүх болгочихдог. Битүү нүх болчихоор үрэвссэн хоолойны махнаас ч нүх рүүгээ ороод идээ үүсгэдэг. Энэ тохиолдолд хоолойны мах их өвдөхгүй, үрэвсэхгүй байсан ч дунд чихний үрэвсэл үүсгээд байдаг тул авахаас өөр аргагүй болдог.
-Хоолойны махыг аваад эргэж ургадаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Эргэж ургахгүй. Бүр угаар нь авчихдаг. Тэгэхээр бүр байхгүй болно гэсэн үг.
-Тэгэхээр дахиж хэзээ ч өвдөхгүй гэж ойлгож болох уу?
-Бас яг тийм биш. Байхгүй болсон хоолойны мах өвдөхгүй. Гэхдээ залгиур, зөөлөн тагнай, хүүхэн хэл өвдөж болно. Тийм учраас яг санаагаар болдог бол хоолойны мах авхуулахаас бүтэн жилийн өмнө пенициллин жи-г хийгээд, нэлээд эрүүлжүүлээд, хоолойныхоо махыг авхуулсны дараа дахин нэг жил хиймээр байгаа юм. Тэгж байж зөвхөн хоолойны мах биш, залгиур, зөөлөн тагнай тэр орчмын тунгалгийн буюу дархлааны системийг эрүүлжүүлэх юм. Дахин хэлэхэд энэ бол их жижигхэн өвчин, хоёр, гурав хоног халуураад эм өгөөд зүгээр болчихож байгаа юм шиг санагдаж байгаа боловч сайн эмчлэхгүй бол зүрхний дотор гадна давхарга гэмтдэг, үе мөч, бөөр, элэг бүх системийн өвчин ихэнх нь хоолойны өвчнөөс үүсдэг. Аспирин, парацетамол уугаад тав хоног пенициллин тариад зүгээр болчихдог өвчин биш. Тиймээс хоолой өвдсөн тохиолдолд заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Гэрийн нөхцөлд 21 хоног хоног тариад байж болох уу. Заавал эмчийн хяналтад хийлгэх ёстой юу. Удаан хийлгэхэд сөрөг нөлөө юу юу?
-Над дээр пенициллин жи-г долоо хоногт хоёр удаа тариулсан гээд 46 настай эмэгтэй үзүүлж байсан. Ядарч байна пенициллин жи тариулъя гээд хэсгийн эмнэлэгтээ долоо хоногт хоёр удаа тариулсан гэж байсан. Үүнээсээ болоод бие нь бүүр муудсан юм билээ. Пенициллин жи бол ядаргааны тариа биш. Хавар, намар дархлаа сайжруулах гэж хийлгэдэг тариа бүүр ч биш. Ерөөсөө пенициллин G 21 хоногт үйлчилдэг. Ердийн пенициллин бол 6-8 цаг болсны дараа тал нь задраад, биеэс гараад явчихдаг. Харин пенициллин жи 21 хоногийн турш хүний биед эргэлдээд, нянг дарангуйлж байдаг. Тэгэхээр ядаргаатай ямар ч хамаагүй нянгийн эсрэг бэлдмэл. Мөн гэрээр тарьж болохгүй. Хэсгийн эмнэлэг дээр сувилагчаар тариулах хэрэгтэй. Их өтгөн тариа судас руу оруулсан тохиолдолд шоконд орох эрсдэл байгаа. Бүр амь насанд ч аюултай. Удаан хийхэд муу тал бий. Жишээлбэл, мөөгөнцөр гарч болно, мөн бүдүүн гэдэсний бактери дарангуйлснаар амархан гүйлгэдэг болно. Сайн тал нь гэвэл бусад нянгийн гаралтай өвчнүүдийг хатги, батга зэргийг дарж өгнө.
-Миний хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн. Гар хөл байнга өвддөг. Хоолойны махаа авахуул гэсэн. Заавал авахуулах ёстой юу. Цус багадалттай болохоор айгаад байна л даа?
-Цус багадалттай бол авахуулж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хоолойны махаа авахуулахаас өмнө цус төлжүүлдэг эм ууж болно. Дашрамд хэлэхэд, Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь төмөр хомсдолын цус багадалттай байдаг. Яагаад гэвэл сарын тэмдэг их ирдгээс болж цусаа нөхөж чадахгүй байх нь бий. Мөн төрх үед цус их алдаж, түүнийгээ нөхөж чадаагүй байдаг. Тэгэхээр төмрийн бэлдмэлийг ууж байх хэрэгтэй. Тэр нь аль болох фолийн хүчилтэй байвал зүгээр. Цус багадалттай байсан ч сарын тэмдэг ирэхээс өмнөх үеэс эхлээд дуусах үе хүртэл заавал төмөр нөхөж уух хэрэгтэй. Төмөр хомсдолын цус багадалтыг эмчлэхгүй байснаас ходоод муудаж, ходоодны салстад нөлөөдөг . Цус багадалтаас илүү цусны бүлэгнэлийг анхаарах хэрэгтэй. Цусны бүлэгнэлийн шинжилгээ хийлгэ.
-Хоолойны маханд цахилдаг сайн гэдэг. Ялангуяа дөнгөж ургаж байгаа шинэ цахилдаг идэж, шүүсийг нь уух сайн гэж сонссон. Хоолойны махыг авхуулахгүйгээр эдгээдэг гэх юм. Энэ үнэн үү?
-Дахин хэлэхэд аспирин, пенициллин-жи хоёрыг хэрэглэх ёстой. Цахилдаг хоолойны махыг анагаахад туслахгүй. Цахилдгийг сайн боловсруулж байж ардын эмнэлэгт хэрэглэдэг. Цахилдаг бол яргуйтай адил халуун чанартай ургамал. Тиймээс хоолойны мах томтой хүүхэд, багтраа, зүрхний өвчтэй хүмүүс ууж хэрэглэвэл багтрах, астма, зүрхний өвчин хөдлөх гаж нөлөөтэй.
-Нойр хүрэхгүй хөрвөөдөг, эсвэл унтаж байгаад ойр ойрхон сэрэх нь бий. Үүний ялгаа нь юунд байна вэ?
-Нойргүйдэл янз янз байдаг л даа. Ерөөсөө нойргүй болчих нь хүнд хэлбэртээ орсон гэсэн үг. Орондоо хэвтсэн даруйдаа унтаж чаддаггүй хүмүүс бий. Эсвэл унтаж байгаад шөнө дунд сэрдэг нойрны дунд хэсэгт нойр алдагдаж болно. Бас нойрны төгсгөл хэсэгт нойр алдагдах нь бий. Өөрөөр хэлбэл, өглөөгүүр унтаж чадахаа байчихдаг. Эсвэл дөрөв дэх хэлбэр нь унтсан ч бие амарч чадахгүй, унтсан унтаагүй хоёрын хооронд байгаад өглөө босоход бие нь амраагүй байдаг. Нойр бол хоёр давалгаалсан шинжтэй. Хоёр, хоёр цагийн хэлбэлзэлтэй байдаг. Тархины үйл ажиллагаа хоёр цаг гүн, хоёр цаг хөнгөн унтаад, дахин хоёр цаг гүн унтах гэх мэтээр сөөлжиж байдаг юм. Үүрээр гол төлөв хамгийн гүн унталтдаа ордог. Энэ үедээ хүн их зүүдэлдэг. Нойргүй байлаа гэхэд ядаж өглөөгүүр, үүрээр хоёр, гурван цаг ч гэсэн маш сайн гүн унтвал амарч чадна.
-Ер нь нойр хүрэхгүй байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
-Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй. Хэтэрхий өлсөөд эвсэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарч гарч, болохгүй бол гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй. Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж, унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байршуулах хэрэгтэй. Ор дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй. Орой унтахын өмнө 100, 200 гр халаасан улаа дарс, эвсэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө. Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтдаг зөв эм бол люминал . Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй. Ямар нэг юм тоолж их стресстэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандвал надаас хамаагүй дээр, сайн зөвлөгөө өгөх байх.
-Нэгэнт стресс туссан хүн стрессээс хэрхэн яаж ангижрах вэ?
-Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэг, судас, булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Тэр бодисуудын илүүдэл хүний биеэр шуурч байдаг. Хүн удаан хугацаагаар ингэж явбал, өвчин тусдаг. Тиймээс болж өгвөл байгалийн амьтан шиг тэрийгээ хэрэглэж устгах ёстой. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийж буга чоно хоёрын ноцолддог, зугтдаг, хөөдөг тэр үйлдлийг л ямар нэгэн байдлаар хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Америкийн кинонууд дээр гардаг даа. Брокерууд юм уу, оюуны ачаалал ихтэй хүмүүс ажлаа тарсны дараа хоорондоо теннис тоглодог. Эсвэл сквош гээд жижигхэн резинэн бөмбөг тоглодог. Их гүйдэг, хөлөрдөг тоглоом байдаг. Тэгэхээр өдрийн турш хуримтлагдсан бодисоо тэгж л зарцуулах өөр арга байхгүй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний биеийн хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчих тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Түрүүний хэлж байсан бодисуудыг бүгдийг устгаад, хэрэглээд, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргачихаж байна гэсэн үг л дээ. Гэхдээ өдөр бүр саунд орно гэж байхгүй. Гурав дахь сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Гэхдээ байгалийнх нь, өөрийнх нь сайн арга биш. Яагаад гэвэл байгаль дээр амьтан жилд нэгээс хоёр удаа л ороо ордог. Ихэвчлэн нэг удаа. Тэр үедээ л сексийн идэвхтэй үйл ажиллагаа явагддаг. Гэтэл хүн, сармагчин, дельфин гээд оюун ухаан нэлээд хөгжсөн амьтад бол сексийн үед хүний тархинд, биед таатай мэдрэмж төрүүлдэг эндорфин зэрэг бодисыг дахин дахин үүсгэх гээд жилийн турш хэрэглэдэг болчихсон. Тэгэхээр үүнийг зөв хэрэглэж болох юм. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно , хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Хүн ер нь бие махбодь, сэтгэл санаа, тэр байтугай оюун ухаанаа ч гэсэн дасгалжсан чадавхитай байлгаж чадах юм бол стресстэх нь арай гайгүй байдаг. Хүний дасан зохицох чадварын босготой, 6-8 дахин их ачаалал авдаг. Хэрвээ хүн таргалаад, хөдөлгөөнгүй, ууртай уцаартай байх юм бол энэ босго нам л байна гэсэн үг. Бага хэмжээний цочрол үзүүлэхэд л улам их стресст орсон байсан ч даван туулах чадвартай болдог. Мөн йогийн дасгалууд хийж болно. Үүний механизмыг европын анагаах ухаанд үздэггүй. Ямар ч байсан тэр үлдэгдэл бодисуудыг биеэс зайлуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. Үүнээс өөр арга байхгүй. Шинжлэх ухаанд арын хаалга, хааны зам байхгүй гэдэг шиг стресс тайлах өөр арга байхгүй. Байгалийн жамаараа л гаргах хэрэгтэй.
-Хэлний өнгөр бэржийх нь юутай холбоотой вэ?
-Хэл бол ходоод хэдсэний замын өвчлөлийг таних оношилгооны хэрэгсэл гэж анагаах ухаанд үздэг. Гэхдээ аль хэсэг нь гэдгээс их шалтгаална. Жишээ нь, хоёр хажуугаас нь бэржийгээд, шүдний ор гараад пэмбийгээд байвал бөөр муу, хэлний үзүүр хэсгүүдээр жижигхэн бор хар туяатай цэгүүд гарвал зүрх муугийн шинж. Харин гол хэсгээрээ, ялангуяа уг рүү нь том том бэржгэртэй өнгөртэй байвал бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж. Үндсэн их биеийн хэсэг нь хуулсан юм шиг өнгөргүй болоод, улаан ягаан болоод байвал ходоод муу байна гэдэг. Гэхдээ энэ бол өнгөцхөн үзлэгийн онош. Үүнээс цааш шинжилгээ хийлгэж, эмчид үзүүлж оношоо тодотгох хэрэгтэй. Хоолоо зөв тохируулж, бага болгох хэрэгтэй. Хоол ихэдсэн үед хэл өнгөртөх нь бий.