“Бодь” ХХК-ийн үүсгэн байгуулсан охин компаниуд өнөөдрөөс “Бодь групп” гэдэг нэрийг ашиглахгүй болжээ. Энэ нь Захиргааны хэргийн шийдвэр юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Лу.Болдын эзэмшилд одоо байгаа“Бодь” нэртэй охин компаниуд цаашид “Бодь групп” гэдэг нэрийг ашиглахгүй, энэ нэршил “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд үлдэж байгаа юм байна.
“Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн санхүүгийн маргаанаас үүдэж “Бодь групп” нэрийн өмчлөлийн маргаан ч УИХ-ын гишүүн Лу.Болд, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нарын дунд явсан юм.
“Бодь” хэмээх нэр нь миний аав, нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн төрсөн газар гэж Лу.Болд нь хэлдэг бол, Д.Баясгалан үүнийг нь хүлээн зөвшөөрдөг ч, энэ бол аль хэдийнэ зах зээлийн брэнд болсон учраас “Голомт” банкаа дагаж явах учиртай гэж маргадаг байсан юм. Банкаа ч, компаниа ч хуваасан тэдний нэрний маргаан үүгээр дуусав бололтой. Харин УИХ-ын гишүүн Лу.Болдыг дахин банк байгуулахаар болж түүнийгээ Богд гэж нэрлэхээр болж зөвшөөрлөө авчээ.
Хувьцаа эзэмшигчд салах, хувьцаагаа хуваах, хувьцаат компани тарж нийлэх нь зах зээлийн нийгэмд байдаг л хэвийн үзэгдэл. Харин юунаас болж салдаг гэхээр ихэнхдээ мөнгөнөөс, хувьцааны ашгаас үүдэлтэй байдаг. “Голомт” банк тойрсон маргаан ч мөнгө, ашгийн их бага хуваагдал, эрх мэдлийн оролцооноос үүдэж гарсан тухай аль аль нь хэлдэг. Нарийн ярьвал тэнд зөвхөн Лу.Болд, Д.Баясгалан нарын л хувьцаа байгаагүй. УИХ-ын гишүүн М.Зоригтын багагүй хувь, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан зэрэг зарим хүний багахан хувь ч байсан гэдэг. Тэд нь замын дундаас гарсаар, тэднийг гаргасаар, эцэстээ Лу.Болд, Д.Баясгалан нарт хувьцаа хуваагдаж, одоо тэд бүрэн салсан билээ.
Харин эдийн засагт байдаг л санхүүгийн энэ хөдөлгөөнийг дагаж тэдний хувь хүн хоорондын сайхан харилцаа нь хэвээр хадгалагдаж үлдсэн эсэхийг мэдэхгүй. Цагтаа тэд үй зайгүй анд нар, улстөрийн нэг үзэл бодолтой улстөрчид явсныг нотлон нэгэн зураг үлдсэн нь энэ юм. УИХ-ын 1996 оны сонгуульд тухайн үеийн МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авсан тухай мэдээг тэд ингэж тэмдэглэж явжээ. Харин хамгийн харамсалтай нь сонгуулийн энэ хугацаанд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн Сэргээн босголт банкийг хувийн “Голомт” банктай нийлүүлсэн “хэрэг”-ээр огцорч, С.Зориг агсан сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа бусдад амиа алдсан юм.