Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

​Бодлогын хүү нэмсний эерэг ба сөрөг тал

​Бодлогын хүү нэмсний эерэг ба сөрөг тал
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 19

Монголбанкны захирлуудын зөвлөлийн хуралдаанаар өчигдөр бодлогын хүүг 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж 15 хувь болгох шийдвэрийг гаргасан. Өмнө нь Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл гурван сарын хугацаанд удаа дараа хуралдаж, бодлогын хүүг өсгөх үү, бууруулах үү гэдгийг шийдэж ирсэн. Харин энэ удаад эдийн засгийн нөхцөл байдал, ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж Монголбанкны Захирлуудын зөвлөл яаралтай хуралдаж, бодлогын хүүг түүхэнд хамгийн өндөр хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү гэнэтийн шийдвэр нь эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшлийн компаниудад сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид ярьж эхлээд байна. Мөн бодлогын хүү өссөнийг дагаж зээлийн хүү өсөх  магадлал хамгийн өндөр боллоо. Эдийн засгийн хүндрэлээс болж банкуудын зээл олголт хумигдаж байгаа энэ үед бодлогын хүү нэмснээр зээл ойлголт бүрмөсөн зогсоно гэж зарим эдийн засагчид дүгнэж байна. Харин нөгөө талд Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ хумих бодлого баримталж байгаа нь төгрөгийн ханшийн сулрал, ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох нэг арга гэж ярих хэсэг ч байна. Нэг үгээр бол Төв банк зах зээлд нийлүүлсэн төгрөгийн тодорхой хэсгийг эгүүлэн татаж, ам.доллар худалдан авах эрэлтийг сааруулах бодлогыг баримталлаа. 
Бодлогын хүү гэж юу вэ
Бодлогын хүү гэдэг бол арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төвбанкиндаа зээлүүлдэг хүү юм. Монголбанк арилжааны банкнаас байгаа мөнгийг нь 10 хоногийн хугацаатай зээлээд эргүүлж өгөхдөө 15 хувийн хүү бодож өгнө гэсэн үг. Төвбанкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Энэ нөхцөлд иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкинд өндөр хүү төлөхөөс гадна банкууд зээл гаргахаа багасгадаг байна.Бодлогын хүүг өсгөнөөр банкууд Төв банкиндаа мөнгөө зээлүүлж, иргэн аж ахуйн нэгжид олгох зээлээ хумьдаг. Хэрвээ иргэн аж ахуйн нэгжид зээл олгохдоо хамгийн өндөр буюу бодлогын хүүг нэг дахин нугалсан хүүгээр зээл олгодог байна. /Эдийн засагч Д.Ангарын ярилцлагаас эш татав/
Ингээд бодлогын хүүг нэмсэнийг зарим эдийн засагчид өөрийн цахим хуудсандаа юу гэж дүгнэснийг хүргэе. 
-Монголбанк бодлогын хүүгээ 10.5 хувиас 15.0 хувь болгож маш ОГЦОМ, ГЭНЭТ нэмлээ. Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт.
Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт. Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье.
Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэгхэн шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасаныг та бид мэднэ. Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно.
Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай.
-Бодлогын хүүг 4.5 нэгж хувиар өсгөж 15 хувьд хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5 хувиар татна. Засгийн газрын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо.
Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямарч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй. Харин манай Санхүүгийн Зохицуулах Хороо ядаж нэг мэдэгдэл гаргах хэрэгтэй. Учир нь банкнаас бусад санхүүгийн зах зээл дамдуурч дууслаа ш дээ.
Өчигдөр Монголбанк мөнгөний бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасны дараа банкуудаас 60 сая ам.доллар худалдан авах санал ирж, Төв банк саналыг 100 хувь биелүүлж зах зээлд ам.доллар нийлүүлсэн. Хэдий Төв банк ам.долларын нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн ч хар зах дээр ам.долларын ханш 2275 төгрөгтэй тэнцэж байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн