Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Гё-Ан энэ сард багтаан манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ онд Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй юм. Айлчлалын талаар хэд хоногийн өмнө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНСУ-д айлчлахдаа баталгаажуулаад иржээ. Хван Гё-Ан-ын хувьд БНСУ-ын Хууль зүйн сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Тэрээр Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Ерөнхий сайдын суудалд нэр дэвшүүлсэн зургаа дахь хүн.
Хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсад айлчилсан БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Хван Ү Ё-г хүлээн ав уулзсан. Энэ үеэр мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд БНСУ-ын Ерөнхий сайдыг манай улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.