Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад буюу 2013 оны цэргийн баяраар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гарч цэргийн дээд цол бригадын генерал олгосон. Б.Билэгтийн хувьд Монголын тагнуул, цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагаар ажиллаж, хэд хэдэн хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн гавьяатай гэдэг.
УИХ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахаар хэлэлцэж байна. Энэ төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь тэргүүн комиссар, дэд дарга нь тэргүүн дэд комиссар, газрын дарга нар дэд комиссар цолтой байх бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр цолыг олгох тухай заажээ. Тэгэхээр хуулийг баталсан тохиолдолд ШШГЕГ-ын дарга Б.Билэгт бригадын генерал цолоо биш тэргүүн комиссар цолыг албан тушаал дээрээ хэрэглэх ажээ.
Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд “Хууль батлагдахаар ШШГЕГ-ын дарга генерал цолоо яах юм” гэхэд Д.Дорлигжав сайд “Цолыг нь хурааж авах, зарлиг хүчингүй болгох асуудал байхгүй. Харин ШШГЕГ-ын дарга, тэргүүн комиссар Б.Билэгт гэж явна” гэж хариулжээ.
Зургийг eagle.mn сайтаас авав.
Б.Билэгт нь Монгол Улсад 1944 онд генерал цол бий болсноос хойшхи 159 дэх генерал. Нас 60 дөхөж яваа ч эрэмбээрээ отгон генералуудын эгнээнд багтана. Тэрээр саяхан болж өнгөрсөн Монгол генералуудын өдрөөр ШШГЕГ-ын тусгай хэлтсийн хээрийн хувцас өмсч төрийн арга хэмжээнд оролцсон нь онцгойрч харагдаж байна лээ. Гэхдээ өөрөөс нь өмнө генерал цол хүртсэн ахмадууд ёслолын хувцасаа өмсч, энгэрийн тэмдэг, нэрийн тэмдгээ зүүсэн байхад Б.Билэгт генерал хээрийн хувцас өмссөн нь зохимжгүй бөгөөд хүндэтгэлгүй харагдсан. Мөн ахмад генералуудын өмнүүр орж жагссан, Чингисийн хөшөөнд өмнүүр нь дайрч ёслосон, Төрийн ордонд өөрөөс нь өндөр буюу хошууч, дэслэгч генерал цолтой ахмадуудын өмнө сууж зургаа авахуулсан зэрэг нь төрийн тусгай албанд зүтгэдэг, цэргийн дээд цол зүүдэг хүний хувьд алдаа байлаа. Хойшид анхаарах биз ээ.