Сэтгэцийн эмчийн хэлж байгаагаар сэтгэцийн эмгэг, ядаргаа хавар болон намар илүү сэдэрдэг аж. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг гэнэ. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Мөн энэ улиралд зарим нэгэн таагүй гаднын нөлөө, уур бухимдлаас болж сэтгэцийн эмгэг тусахдаа өртөмтгий болдог байна. Тиймээс сэтгэл санаа нь ямар байгаагаа тухайн хүн өөрөө сайтар хянах хэрэгтэй гэдгийг сэтгэцийн эмч К.Елена зөвлөсөн. Таагүй мэдээ дуулж, сэтгэл санаа таагүй байдалд ороход өөрийгөө тайвшруулж чаддаг байх ёстой. Түүнчлэн энэ үед сэтгэл заслын өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглэх хэрэгтэй. Амьсгалаа зөв авах, бясалгалд явах, дасгал хийж болдог байна. Мөн хаврын улиралд ядаргаанд орох нь элбэг тохиолддог байна. Тиймээс биеийн ядаргаа, стрессээ хэрхэн тайлах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Ядаргаанд орсноо яаж мэдэх вэ
Танд амархан ядарч байна, эрч хүчгүй боллоо, биеийн энд, тэнд эсвэл толгой өвдөж байна, ажлаа хийх чадваргүй боллоо гэх мэт мэдрэмж илэрч байгаа бол энэ нь архаг ядаргаа байж болох талтай. Ядаргаа үүсэх олон янзын хүчин зүйл байдаг байна.
Уурлаж бухимдах, сэтгэл гутрах, сэтгэл түгших, аливаа нэг юманд санаа зовох
Норгүйдэлтэй холбоотой хүчин зүйлс:
Нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, унтсан ч амарсан болохгүй, шөнийн айдастай болох, хар дарж зүүдлэх гэх мэт
Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс:
Олон цагаар ажиллах, хийж буй ажилдаа идэвхи сонирхолгүй байх, өдөр бүр архи уух, тогтмол цагт хооллохгүй байх, их хэмжээгээр идэх, таргалах
Бие махбодийн хүчин зүйлс:
Цус багадалт, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, үе мөчний өвчин, бамбай булчирхайн өвчин, халдварт өвчнүүд, тархины судасны өвчнүүд, тархины гэмтэл, ханиуд томуу, амьсгалын дээд замын үрэвсэл, архи болон мансууруулах бодис хэрэглэх
Архаг ядаргааны шинж тэмдгүүд:
-Нойр хулжих, эрт сэрэх, зүүд зүүдлэх, өнгөц унтах
-Яльгүй зүйлд амархан уцаарлах, эмзэглэх, дуу шуугианд дургүй болох, халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх
-Өчүүхэн юманд сэтгэл түгшиж, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовинох
-Биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх
-Толгой эргэх, толгой өвдөх
-Ажлаа гүйцэтгэх чадваргүй болох
-Юм тогтоох чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл сэтгэл заслын эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Хаврын ядаргаа, стрессээ тайлах аргын талаар эмчийн зөвлөгөө хүргэж байна.
-Сонгдо эмнэлгийн эмч Б.Болдсайхан: Хүний биед стрессийн үед катехоламин гэж мэдрэлийг хурдан ажиллуулах, булчинг хүчтэй чанга ажиллуулах, зүрхийг хүчтэй цохилуулах, даралтыг өндөр байлгах энэ бүгдийг хариуцсан бодисууд гарч ирдэг. Амьтанд даралт ихдэх, судас нарийсах, хатуурах өвчин гайгүй байдаг юм шиг байгаа юм. Гэтэл хүн бол нийгмийн юм уу, сэтгэлзүйн, магадгүй биеийн хүчний цочрол ирэхэд тэрийгээ байгалийн жамаар нь арилгаж чаддаггүй. Тэрнээс болоод судас агшдаг. Ялангуяа орчин үед Улаанбаатарт бид өдөр тутам ийм амьдралд орж байна. Өглөө босохоос авахуулаад орой орондоо ортлоо, телевизийн суваг жирэлзэж харагдах хүртэл үргэлж стресст орж байдаг. Тэрнээс болоод хүн үргэлж стресстэй, судсууд агшаастай, даралт ихэддэг, тэрийгээ зөв тайлж чадаагүйгээс болоод зүрх судаснаас авахуулаад бүх эрхтэн, ялангуяа зүрх судас, мэдрэлд нөлөөлдөг нөлөө их гардаг болсон. Үүнийг л хүмүүс стресст орох гэж байгаа. Манайхан ч ойлгож байгаа нь энэ. Зарим хүн стресс гэдгийг ядаргаа гэж ойлгодог. Ядаргаа гэдэг нь анагаах ухааны нэр томъёогоор тайлбарлая. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, тэрнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол бие организм, мэдрэл нь ч бай, булчин ч бай, зүрх нь ч бай бүгдээрээ өөрийнхөө нөөц хүч тамирыг барж эхэлдэг. Жишээлбэл, мэдрэлийн хувьд хэлбэл, анхаарал төвлөрөхөө болидог. Юм санах, унтахдаа ч муу болно. Уур уцаартай, зүрхний хувьд их амархан дэлсдэг, даралт ихэсдэг болно. Үүнийг ядаргаа гэдэг.
Стрессийн үр дүнд үдээс хойш, орой гэхэд хүний биед гарч ирдэг даралтыг ихэсгэдэг, судас булчинг агшаадаг, зүрхний цохилтыг хурдасгадаг, мэдрэлийг хурдан ажиллуулдаг бодисууд байдаг. Хүний биед энэ бодисоос салах ганцхан л арга бий. Тэр нь ерөөсөө биеийн хүчний дасгал хийх ёстой. Үдээс хойш ажлаа тарсны дараа дасгал сайн хийж байх хэрэгтэй. Өөр нэг сайн арга нь саунд орох. Саунд орвол хүний бие хүчний дасгал хийж байгаатай адил маш их хэмжээний энерги зарцуулж эхэлдэг. Тийм ч учраас саунд орсны дараа бие их амарч, булчин тавирч, арьс хүртэл амраад сайхан болдог. Гурав дахь их сайн арга бол секс хийх. Энэ бол магадгүй хамгийн сайн арга байж магадгүй. Хэрвээ унтахынхаа өмнө секс хийвэл таны өдөржингөө хуримтлагдсан бодисуудыг хамгийн үр дүнтэй зарцуулж алга болгоно, хамгийн сайн амраана, хамгийн сайн унтах бололцоо өгнө. Мөн йогийн дасгал хийж болно. Ядаргааг байгалийн жамаар нь л гаргах хэрэгтэй.
Доорх хамрын нүхээр ээлжлэн амьсгалж, стресс тайлах дасгалыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар зөвлөж байна.
Эхлээд баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр тайван, гүнзгий хийгээд удаан амьсгаа авна.
Дараа нь барун эрхий хуруугаа хамрын нүхний баруун хажуугаас холдуулж баруун долоовор хуруугаа зүүн нүхний хажуу талд дарж хамрын баруун нүхээр амьсгаагаа удаан гаргана.
Амьсгаагаа гаргасан хамрын баруун нүхээр удаан гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авч дуусмагч долоовор хуруугаа хамрын зүүн нүхний хажуу талаас холдуулж баруун эрхий хуруугаараа хамрын баруун нүхний хажуу талд дарж хамрын зүүн нүхээр амьсгаагаа удаан гаргана.
Ийм арга техникээр амьсгаагаа гаргаж, авах хэлбэрээр дасгал хийвэл таны сэтгэл санаа тайвшрах, стрессээ мартах болно.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ажлын ядаргаагаа тайлах дараах аргыг зөвлөж байна.