Улсын төсөв эхний хагас жилийн дүнгээр 534 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт төсөв хагас их наяд төгрөгөөр тасрахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж ярьжээ. Нэгд, импортын бараа бүтээгдэхүүний татвар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурсан. Хоёрд, манай улсын газрын тосны экспортын хэмжээ, үнэ хоёр дахин буурснаас болж улсын төсөв тасалдахад хүрсэн байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа оны эцэст төсөв 200-300 тэрбумаар нэмж тасрах магадлал өндөр байгаа гэжээ. Учир нь, эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, төсвийн орлого тасалдаж байгаа юм байна. Ялангуяа газрын тосны үнэ огцом буурч байгаа нь төсөвт ачаалал үүсгэж магадгүй байна. Хагас жилийн байдлаар газрын тосны экспортын орлого хэдий хэмжээгээр тасарсан, сүүлийн хагас жилд ямар байх талаар Газрын тосны газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Эрдэнэсайханаас тодрууллаа.
-Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад газрын тосны үнэ болон экспорт хэр хэмжээгээр буураад байгаа юм бэ?
-Оны эхний долоон сарын байдлаар газрын тосны экспортоос төсөвт 126 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байх ёстой. Гэхдээ эхний долоон сард нийт 58 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөсөн орлогын хэмжээ 70 орчим тэрбум төгрөгөөр дутуу биелэлттэй байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад орлого нэг дахин буураад байна. Өнгөрсөн жилийн өдийд орлогоо давуулан биелүүлж байсан. Энэ жил олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ унасан учраас манай экспортолсон газрын тосны үнэ хямд байгаагаас үүдэлтэй.
-Дэлхийн зах зээл дээр үнэ өсөх хандлага ажиглагдаж байна уу. Үнэ буурсаар байвал олборлолтоо нэмэгдүүлэх үү?
-Уг нь энэ жилийн төлөвлөгөөгөөр нэг сая тонн баррель олборлох ёстой. Анх удаа олборлолтоо сая тонн хүргэхээр зорьж ажиллаж байна. Үнийн хувьд бага багаар өсөх хандлагатай байгаа. Нэг тонн баррель 50 ам.доллар болж байсан бол одоо 70 ам.доллар руу орсон байна. Үнийн байдлаас шалтгаалж төлөвлөсөн орлого тасалдаж байна. Түүнээс бол олборлолт хэвийн явагдаж байгаа юм. Мэдээж үнэ өсөхгүй бол олборлолтоо нэмэгдүүлж ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ.
-Өнгөрсөн оны сүүлээс эхлэн газрын тосны үнэ буурч эхэлсэн. Одоо ч бууралттай, төсвийн орлого тасалдаж байна. Гэхдээ бараг жил хагас газрын тосны үнэ буурч байхад манай дотоодод худалдаалж буй шатахууны үнэ нэг ч төгрөгөөр буурахгүй байна. Ер нь цаашид бензиний үнэ өсөх үү, буурах уу?
-Өнгөрсөн жил Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жижиглэнгийн шатахууны үнэ тогтвортой болсон байгаа. Мөн шатахуун импортлогч компаниудад Монголбанк тогтсон нэг ханшаар ам.доллар худалдах, улсаас шатахуун импортлогчдоос авдаг байсан татварыг тэглэсэн. Харин энэ жил улсын төсөв хүнд, газрын тосны үнэ зах зээл дээр буурсантай холбогдуулан тэглэсэн татвараа авдаг болохоор болсон. Тиймээс үнэ буурах боломж тун хомс байгаа. Нөгөө талд ам.долларын ханш өндөр хэвээр байгаа нь нөлөөлж байна.
-Газрын тосны салбарт нэлээд төсөл дээр хөрөнгө оруулалт яригдаж байсан. Төсөл эхлээд, хөрөнгө оруулалтаа оруулж ирсэн компани байна уу?
-Энэ жилийн хувьд газрын тосны салбарт гурван төсөл дээр Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан. “Увс-1” талбай дээр хөрөнгө оруулалтаа хийж хайгуулын ажлаа эхлүүлсэн байна. Энэ жилд ойролцоогоор таван сая долларын хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажил хийнэ. Саяхан "Петроматат" компанийн Онги, Богд талбай дээр “Бридж газ” компани зарим хувийг нь худалдан авч, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ жилдээ багтаан хайгуул хийх төлөвлөгөөтэй байгаа юм.
-Танай газар Тавантолгойн ордод байгалийн хий нөөц тогтоохоор ажиллаж буй Солонгосын "Ко газ" компанитай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?
-Манай яамнаас байгуулсан ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа. Тавантолгой ордод хайгуул хийж байгаа "Ко газ" компанийн судлаачидтай газар дээр очиж уулзсан. Удахгүй, наймдугаар сарын дундуур нарийвчилсан судалгаагаа эхлүүлэх нээлт хийхээр төлөвлөсөн байгаа. Хаврын чуулганаар Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж уламжлалт бус газрын тосны нөөцийг тогтооход өрөмдлөгө хийх боломжтой болсон. Тиймээс "Ко газ" компани Тавантолгойн ордод өрөмдлөгө хийж байгалийн хийн нөөцөө нарийн тогтоох боломжтой болж, өрөмдлөгийн хайгуулыг ирэх сарын дундуур албан ёсоор эхлүүлэх юм.