Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

​С.Баясгалан: Орхоны хөндий болон Баянзаг суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулна

​С.Баясгалан: Орхоны хөндий болон Баянзаг суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулна
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 30
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалантай ярилцлаа.
-Аялал жуулчлалын сезон эхэлж байна. Өнгөрсөн жил манай улсад хэчнээн жуулчин гаднаас ирсэн бэ. Энэ жил аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Манай яамны зүгээс зуны гурван сард жуулчин татдаг хугацааг уртасгаж, жилийн 5-6 сард жуулчин хүлээн авдаг болохоор ажиллаж байна. Тодруулбал, Өвлийн улиралд аялахаар ирсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд тодорхой бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Зуны улиралд Монголд хангалттай жуулчин ирж байгаа ч өнөөгийн байгаа орчин, хүлээн авах хүчин чадал хүрэлцэхгүй асуудал гарч байна. Олон улсын нислэг, зочид буудлын хүрэлцээ дутмаг байдаг. Тиймээс жуулчин хүлээн авах хугацааг уртасгаж, өвлийн улиралд жуулчин хүлээн авдаг болохоор зорьж байна. Өнгөрсөн өвөл Нүүдэлчдийн өвөл, Мөсний баяр, Тэмээний баяр, Бүргэдийн баяр, Улаанбаатар цасны солонго, Шинийн 1-ний нар харах ёслол зэрэг жуулчин татах эвент зохион байгуулсан. Зуны улиралд Архангай, Өвөрхангай аймгуудад жуулчдад зориулсан эвент арга хэмжээн олноор зохион байгуулагдана. Дээр нь аймаг, сумдын наадмын хуваарийг гаргаж, аялал жуулчлалын компаниудад хүргэсэн байгаа. Зөвхөн улсын наадам үзнэ гэж жуулчид төвлөрөхгүйгээр, сум орон нутаг руу явж эвентэд оролцож, үзэж сонирхох боломжтой. 2016 онд манай улс 404 мянган гаднын жуулчин ирсэн бөгөөд эдийн засагт 312 сая ам.долларын орлого олсон. Үүнийг 2015 онтой харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт. Харин 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад ирж байгаа жуулчдын тоо дунджаар 20 орчим хувийн өсөлттэй байна. Оны эцэст өсөлтөө хадгалж чадвал 2017 онд 480 мянган жуулчин хүлээн авах төсөөлөлтэй ажиллаж байгаа.
-Өвлийн улиралд жуулчин татах эвентүүд хэр үд дүнтэй байсан бэ?
-2017 он гарсаар аялал жуулчлалын сезон биш улиралд ирсэн жуулчдын тоо 20 хувиар өссөн байгаа. Тэгэхээр өвлийн улиралд сонирхолтой эвент зохион байгуулж, тодорхой маркетинг хийж чадвал жуулчид олноор татах боломжтой гэж үзсэн. Өвлийн эвентүүдэд тусгай сонирхлын шугамаар аялахаар ирсэн жуулчид нэлээд байсан. Олон улсын гэрэл зурагчид багаараа аялахаар ирсэн. Тэдгээр хүмүүсийн авсан зургуудыг хараад Монголд аялахаар жуулчид ирж байна. Ашиглаж чадвал бидэнд аялал жуулчлалаа хөгжүүлэх олон давуу тал байна. Монгол Улс өвлийн улирлаа жуулчин татах брэнд болгох боломжтой.
-Зуны хувьд жуулчид татах ямар гол эвентүүд байгаа вэ?
-Зургадугаар сараас есдүгээр сар хүртэл эвент арга хэмжээнүүд байгаа. Архангай аймаг Адуучдын баяр, Эсгийний баяр, Өвөрхангай аймагт Сарлагийн баяр, Завхан аймагт энэ жил анх удаа Нүүдэлчдийн баяр гээд том наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Наймдугаар сард Увсад Ойрд түмний баяр зохион байгуулагдана. Жуулчид аялаж гол чиглэлүүдэд тогтмол эвент арга хэмжээ зохион байгуулна.
-Улсын баяр наадмын үйл ажиллагааг сонирхохоор жуулчид нэлээд ирдэг. Гэхдээ нээлтийн үйл ажиллагааны тасалбар олддоггүй гэдэг асуудал байнга гардаг. Улсын баяр наадмаар ирж байгаа жуулчдад юу харж үзүүлье, ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
-Улсын их баяр наадам бол зөвхөн жуулчдад зориулсан арга хэмжээ биш. Монгол түмний баяр наадам. Тиймээс жуулчдад наадмын нээлтийн үзүүлэх 1-2 сектор хуваарилдаг. Хэчнээн хүрэлцээгүй ч гэсэн тухайн компанийн ирүүлсэн саналыг үндэслэн жуулчиддаа хуваарилж өгнө. Гэхдээ наадмын нээлтийг бүх жуулчин үзэж чадахгүй байгаа учраас Нийслэлээс Даншиг наадмыг жуулчны улиралд зохион байгуулдаг болсон. Ямар нэгэн нээлтийн тасалбаргүй, үзэгчдийн тоо хязгааргүйгээр Монголын соёл уламжлалыг таниулах боломжтой болсон.
-Дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол ямар ажил хийж байгаа вэ?
-Улаанбаатараас Хөвсгөл аймаг хүртэл хатуу хучилттай замтай болсноор Хөвсгөл далайг зорьж байгаа дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Дотоодын аялал жуулчлалыг зөв зохион байгуулалттай, зөв чиглэлд явуулах шаардлага бий. Одоогоор гол чиглэл нь Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан байгаа. Зургадугаар сараас наймдугаар сарын дунд хүртэл дотоодын жуулчдын урсгал нэмэгддэг. Энэ гадаадын жуулчдын урсгалтай давхацдаг. Тиймээс хотын наадамд бүх жуулчдаа төвлөрүүлэлгүйгээр аймаг, сумдын наадамд жуулчдыг чиглүүлэх, сонирхуулах боломж нээлттэй болно.
-Энэ жилээс нэлээд олон газрыг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр болсон. Эдгээр ажил хэр ахицтай байна вэ?
-Яамны зүгээс аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх чиглэл барьж байгаа. Уул уурхай бол хэсэг бүлэг хүмүүсийн орлогыг идэвхжүүлдэг салбар бол аялал жуулчлал нь жигд хуваарилагддаг, нэн ялангуяа тухайн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн амьдралд шууд нөлөөлдөг, эдийн засагт үр ашигтай салбар гэж үздэг. Монгол Улсын хувьд тогтсон хэдхэн маршрутаар аялал жуулчлал төвлөрч байна. Цаашид говийн, зүүн, баруун, хангай, төвийн бүс рүүгээ аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайн бүс бүр өөрсдийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж, давтагдашгүй онцлог чанараараа дотоод болон гадаадын жуулчдыг татах боломжтой болно. Дээр нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ жилээс Хэнтий аймгийн Дадал суманд Мянганы суут хүн, Их Эзэн Чингис Хаан гэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар шилдэг зураг төслийн уралдааны зарласан. Дээр нь Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг аялал жуулчлалын цогцолбор болгохоор төслөө боловсруулах шатандаа явж байна. Хөшигийн хөндий онгоцны буудал ашиглалтад орж, олон улсын нисэх онгоцны буудал нүүсний дараагаар Буянт-Ухааг аялал жуулчлалын цогцолбор болгоно. Орхоны хөндийд аялал жуулчлалын үндэсний парк байгуулах, Өмнөговь аймгийн Баянзаг суманд цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эн жилдээ багтаж Элсэн тасархайд жуулчдын түр буудаллах цогцолбор байгуулна . Мөн Хөвсгөл нууран дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нуур орчмын таван суманд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотод жуулчдад зориулсан гудамж байгуулахаар ажилдаа орсо н байгаа. .
-Жуулчид Монголын виз мэдүүлэх нөхцөл нь хүндрэлтэй, тийзийн үнэ өндөр зэрэг түвэгтэй асуудлууд гардаг. Энэ чиглэлд хийж байгаа ажил байна уу?
-2017 оны нэгдүгээр сарын 4-ны өдөр аялал жуулчлалын чиглэлээ авах зарим арга хэмжээний тухай гэсэн тогтоол гаргасан. Уг тогтоолд жуулчны эд сезоны биш улирал буюу 10-5 сард ирж байгаа гаднын жуулчдад дотоодын авиа компаниуд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх тогтоол гарсан. МИАТ болон Иргэний нисэхийн газрууд энэ чиглэлийг хэрэгжүүлэх судалгаагаа хийж байгаа. Мөн Монгол Улсад зорчиж байгаа гаднын жуулчин дараагийн улсад зорчих тийз, визийг үндэслэн дамжин өнгөрч байгаа жуулчдад виз шуурхай олгох шийдвэр гарсан. Голлох зах зээлийн орноос ирж байгаа жуулчдад виз шуурхай олгох ажлыг Хууль зүйн яамнаас судалж байна. Олон улсын жуулчдад визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилдэг болох бодлогыг барьж ажиллана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн