Open iToim app
Улс төр | 5 мин уншина

С.Баяр: Улсын гадаад бодлогод намын харьяалал байх ёсгүй

С.Баяр: Улсын гадаад бодлогод намын харьяалал байх ёсгүй
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 12

Хувийн асуудлаа асууна гэх үү, зөвлөнө гэх үү С.Баяр даргатай холбогдохоор утас цохилоо. Амралтын өдөр, ням гариг таарсан учир түүнийг хөдөө гадаа явчихсан болов уу гэж бодсоор залгатал, мань хүн миний бодсоноос ч хол, бүр Өмнөд Солонгост оччихож. Гэхдээ тэнд очсон хэрэг, зорилго нь миний сэтгүүлчийн сонирхлыг татсан учир сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэхээр шийдэв. “Бүс нутгийн аюулгүй байдлын олон улсын хурал”-д оролцоод Өмнөд Солонгост явж байна гэх С.Баяр даргын хариултаас цааш утасны цаана, наанаас бидний дунд зөвхөн албаны яриа өрнөв.
-Та чинь төрийн болон улс төрийн ажлаас хөндийрсөн гээд байсан. Гэтэл улсаа төлөөлөөд аюулгүй байдлын том хуралд оролцож байгаа хэрэг үү?
-Энэ хурал бол өчигдөр товлоод өнөөдөр болж байгаа гэнэтийн үйл явдал биш. Олон улсын арга хэмжээ тийм байдаггүй. Тэр утгаараа урилга заллага нь эртнийх юм. Намайг энэ салбарын судалгаа энэ тэрийг үзэж харж байдаг, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд урьсан юм болов уу. Гэхдээ хараад байхад энэ шалгуурын хажуугаар “Монгол Улсын Ерөнхий сайд асан” гэх хүндлэл, анхаарал ямар нэгэн хэмжээгээр байх шиг байна аа.
-Хурлын агуулгын талаар танаас ганц, хоёрхон зүйл асууж болох уу?
-Чи бид хоёр саяхан танай сайтад томоохон зай талбай эзэлсэн яриа дэлгэсэн биш бил үү.
-Тэгсэн л дээ, гэхдээ олон асуудал, түүний дотор гадаад бодлогын талаар дэлгэрэнгүй асууж чадаагүй. Энэ удаа таны оролцож байгаа хурлын хүрээнд гадаад бодлогын талаар л асууя. Жишээ нь, Монгол Улсын төвийг сахих Ерөнхийлөгчийн бодлогын талаар таны байр суурийг сонирхож асууя. Яагаад гэвэл энд зөв буруу гэсэн маргаан, бас АН-ын Ерөнхийлөгч санаачилсан учраас буруу, эсвэл зөв гэх улс төрийн талцал ч байх шиг байна?
-Би чамтай ярилцаж байхдаа надад төрийн бодлого, шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл алга, мэдээлэлгүй учраас анализ, дүгнэлт хийх бололцоо алга гэж хэлсэн дээ.
-Тэгэхдээ та ямар нэгэн мэдээлэлгүйгээр олон улсын ийм том хуралд очихгүй. Нөгөө талаас мэдээлэлгүй ч гэсэн энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд төвийг сахих Ерөнхийлөгчийн бодлогын зөв, эсвэл буруугийн талаар танд ямар нэгэн сэтгэгдэл, мэдрэмж байгаа биз дээ?
- Улс орны гадаад бодлогын асуудал тухайн орны дотоодын улс төрөөс хавьгүй том. Энэ ач холбогдлынхоо үнэ цэнийн хэрээр нэгдсэн ойлголттой, тогтвортой байх ёстой. Улсын гадаад бодлогод намын харьяалал гэж байх ёсгүй. Төрийн бодлогыг сэтгэгдэл, мэдрэмжийн түвшинд шүүх утгагүй. Гадаад бодлого гэдэг тун нарийн. Тэр дундаа жижиг орны гадаад бодлого бүр ч нарийн. Улсынхаа гадаад бодлогоор буруу улстөржвөл бүгдээрээ нийлж байгаад “байшин”-гаа шатааснаас ялгаагүй . Талийгаач Л.Энэбиш дарга хэлдэг байж билээ. “Шумуулын шодойноос ч нарийн юм гэж бас байдаг юм шүү” гэж . Энэ бол жижиг орны гадаад бодлогыг тодорхойлж орхив уу гэмээр үг.
-Та “Жижиг орны аюулгүй байдал” сэдвийг судалдаг гэж байсан. Онол талаас нь харвал төвийг сахих бодлого нь улсын аюулгүй байдалд эерэг, сөргийн алинаар нөлөөлөх бол?
-Том орон төвийг сахидаггүй . Харин ч том гэдгээрээ түрий барих гээд байдаг. Тиймээс төвийг сахих нь жижиг орны л бодлогын сонголт, хувь заяа юм. Байдал амар жимэр, амгалан тайван байхад бол ч яах вэ. Харин олон улсын байдал хүндрээд, хурцдаад, бүр хиншүү үнэртээд эхэлбэл жижгүүд л хамгийн түрүүнд хэцүүддэг. Тийм учраас “би хэний ч талд орохгүй, хэнтэй ч нийлж талцахгүй, мөрөөрөө л яваа шүү” гэдгээ илэрхийлэхийн тулд л төвийг сахих бодлого гарч ирсэн түүхтэй юм.
-Одоо тэгвэл манай улс ийм бодлого зарлах хэмжээнд олон улсын байдал хүндрээд, хиншүү үнэртээд байгаа хэрэг үү?
-Хараахан хиншүү ханхлаагүй ч, олон улсын байдал амаргүй болж эхэлж байх шиг. “Шинэ хүйтэн дайн” ч гэж ярьдаг, бичдэг болж эхэлж байна. Халуун ч бай, хүйтэн ч бай, аливаа дайны үед томчууд нь жижгүүдээ журамлах, туг далбаан дороо жагсаах гээд байдаг нь гэм биш, зан. Дайны үед талцал газар авдаг, гаардаг. Жижиг оронд тэр нь л нэн аюултай. Томчуудын дайн,үл ойлголцол, муудалцаанаас ч илүү аюултай гэмээр. Томчууд хэрэлдэж зодолдоод эхэлбэл багачууд яаж бэмбэгнэдэг билээ, түүнтэйл адилхан.
-Тэгж журамлах, жагсаах хэмжээний дарамт манай улсад одоогоор ирж байгаа болов уу?
-Мэдэхгүй, надад тодорхой мэдээлэл алга гэж би хэлсэн биз дээ
-Хэрвээ төвийг сахих бодлогоо тунхаглавал зэвсэгт хүчнээ заавал татан буулгадаг, идэвхгүй байх сууринд аваачдаг гэх юм. Онолын хувьд тийм үү?
-Монгол Улс бол олон тулгуурт гадаад бодлоготой, бас Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орон. Хэрвээ төвийг сахих бодлогоо тунхаглавал энэ бүгдээ улам баталгаажуулах уу, эсвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчих үү?
-За Отгоо, одоо ингээд дуусгая. Ганц хоёрхон зүйл асууя гэчихээд чи асуултаа ар араас нь цувруулаад, би ч хөтлөгдөх шинжтэй. Улсын гадаад бодлого гэдэг утас шөрмөсөөр ч ярьчихдаг асуудал биш. Сая ярилцсанаа анх асуусан шигээ ганц, хоёрхон зүйл болгоно уу, арай томруулж дэлгэрүүлнэ үү, чиний хэрэг. Харин би нэг зүйл л хэлье. Энэ сэдвээр асуудал ярихын тулд давын өмнө ойлголтын аппаратаа жигдлэх хэрэгтэй. Шинэ, хуучин баахан томъёо хэлж шуурдаг. Тэдгээр олон томъёогоо тус тусын эвдэрсний хэмжээндээ ойлгох гэж зүтгэдэг. Сая чиний асуултандаа хэлдэг томъёолол ч бас их адармаатай. Тооны томъёо тодорхой, бас тогтмол байдаг. Харин улс төрийн томъёоны агуулга хувирамтгай байдаг. Зарим нь бүр утгаа алддаг. Жишээ нь, “Эвсэлд нэгдээгүй орнуудын эвсэл” гэдэг ойлголт түрүүчийн хүйтэн дайнтай хамт алга болсон гэх мэтээр яривал зөндөө юм бий.
-Сүүлийн асуулт, тэгвэл манай улс төвийг сахих бодлогоо одоо тунхаглах нь цагаа олсон уу, эсвэл эртдэх үү?
-Тодорхой мэдээлэлтэй болж байж л тодорхой хариулах байх даа. Учрыг нь сайн олоогүй, нарийн мэдээлэлгүй байж зөв буруу, цагаа яг олсон, арай олоогүй гээд байх нь хаашаа юм. Юу үнэн гэвэл манай улс аливаа талцал, сөргөлдөөнөөс  хол байх бодлого л тууштай барих ёстой. Тэр бодлогоо хэрхэн нэрлэх, яаж зарлах нь өөр асуудал. Тэгээд ч жижиг орон гадаад бодлогынхоо нарийн ширийнийг ил задгай яриад, маргаад байх нь хол ойрын олон уршигтай байж мэднэ. За ингээд дуусгая, очоод уулзаж болж байна, тэгэх үү?
-Тэгье ээ, танд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн