Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, ханиад томууны халдвар авах эрсдэл нэмэгддэг байна. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн хүүхэд, хөгшидгүй ханиадаар өвчилдөг. Ханиад хүрчихлээ гээд эмийн сангаас дур мэдэн эм авч уух нь элбэг байдаг билээ. Иймд эмийн зохистой хэрэглээ, антибиотикыг ямар үед хэрэглэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эм зүйн албаны дарга Б.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Цаг агаар эрс хүйтэрч байгаа учраас хүмүүс ханиад томуу хүрэх нь ч элбэг байна. Энэ үед хүн амын дунд антибиотикын хэрэглээ эрс нэмэгддэг. Ер нь ханиад хүрчихлээ гээд дур мэдэн эм уух нь хэр зөв юм бэ?
-Манай улсын хүн амын дунд нянгийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчний өвчлөл буурахгүй байгаа. Сүүлийн үед нянгийн тэсвэржилт үүссэнээс иргэдийн эрүүл мэнд, эмчилгээ, оношилгоонд хүндрэл учруулж байгаа нь манай улсын хувьд анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна. Үүнтэй уялдан эмийн эмчилгээн дэх антибиотикын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, үүнийг дагалдан олон хүчин зүйлийн нөлөөгөөр эмийн гаж нөлөө ихсэж байна. Цөөнгүй төрөл зүйлийн нянгууд антибиотикт тэсвэртэй болж, нянгийн хорон чанар нэмэгдэх нь эмийн эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас эмнэлгийн байгууллагуудын нян судлалын лабораторийн оношилгооны чадавх сул, шинжилгээний хариу хурдан гарах боломжгүй зэргээс үүдэн эмч нарын нян судлалын шинжилгээнд өгөх ач холбогдлыг бууруулж байгаа юм.
Дулаан, хүйтний улирал хавсраад цэцэрлэг сургууль эхэлсэн энэ үеэс ханиад томууны вириус идэвхжиж эхэлдэг. Хүүхдүүд нь эсвэл өөрсдөө ханиад хүрэхэд дур мэдээд өрхийн эмчдээ хандалгүйгээр эмийн сангаас эм авч уудаг зохисгүй хэрэглээг ихээр үүсгэж байгаа нь ч үнэн. Наад зах нь толгой нь өвдлөө гээд парацетамол аваад уучихдаг хүмүүс.
-Гэхдээ нөгөө талаар эмийн сангууд бас энэ тал дээр хариуцлагатай байх ёстой байх. Тийм үү?
-Тийм ээ. Эмийн санч бол заавал эмчийн бичиж өгсөн жорын дагуу үйлчлүүлэгчдэдээ зохих хэмжээгээр нь олгож байж эмийн зохистой хэрэглээнд нөлөөлнө. Үнэндээ эмч нарын жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийн жоргүй эм олгох явдал түгээмэл байна. Энэ утгаараа хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага төлөвшөөгүйгээс болж антибиотикыг өөрсдийн дураар эмийн сангаас аван, замбараагүй хэрэглэдэг буруу дадал байсаар байгаа хэрэг. Мөн эм зүйч хүн эмчтэйгээ зөвлөлдөж энэ хүний эмчилгээнд юу бичих үү, хэдэн хоног ямар эмийг ямар тунтай хийх вэ гэдгээс эхлээд ярилцах хэрэгтэй.
-Манай улсад орж ирж байгаа эмийн тухайд харин ямар бодолтой байна вэ?
-Манай улс нийт хэрэглэж байгаа эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм эзэлдэг. Иймээс нянгийн эсрэг эмд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар цаашид антибиотикыг эмчилгээнд зөв сонгох, зөвхөн эмчийн бичсэн жороор эмийн санч олгох хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдийн нянгийн тэсвэржилтийн хор уршиг, сөрөг үр дагаврын талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлуудыг хийх шаардлагатай гэж боддог. Бас хүчтэй эмийн гаж нөлөө ч бий. Иймээс антибиотик эмчилгээний бодлогыг нарийн тодорхойлж, эмийн эмчилгээг оновчтой болгож, нянгийн эсрэг үйлдэлтэй эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж ажиллах нь эмч, эм зүйч бидний хийх ёстой ажил гэж давхар хэлмээр байна.
-Хүчтэй эмийн гаж нөлөө гэж ярилаа. Хүчтэй эмүүд ямар гаж нөлөө үзүүлэх вэ?
-Эм бүхэн гаж нөлөөтэй байдаг учраас тухайн эмийн “хэрэглэх заавар”- тай сайн танилцаж байж эмийг хэрэглэх нь чухал. Тухайлбал, тухайн эмийн найрлага, фармакологийн үйлдэл, хэрэглэх заалт, үйлчлэх механизм, эрхтэн системд ямар үйлчилгээ үзүүлдэг, бусад эмтэй хамт хэрэглэх тохиолдолд анхаарах асуудал зэрэг гаж нөлөө, хэрэглэх арга тун хэмжээ, хориглох заалтууд, хадгалах нөхцөл болон бусад анхаарах асуудлууд бүгд заагдсан байдаг. Манайхны ихээр хэрэглэдэг цитрамоны бүлгийн эмийг дэлхий даяар хэрэглэхийг, үйлдвэрлэхийг хориглосон. Учир нь элгийг хамгийн ихээр гэмтээдэг аюултай. Тэгэхээр цитрамоны бүлгийн эмийг огт хэрэглэж болохгүй. Ходоодны хүчилд тэсвэртэй антибиотик эмийг хоол идэхээс 30 минутын өмнө уух хэрэгтэй. Учир нь таны уусан эм хоолтой холилдсоноос хоол хvнсийг задладаг физин хэмээх ферментийн нөлөөнд vйлчилгээ нь сулардаг. Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэмтгий байдлаас хамаараад өөр өөр байдаг. Эмийн үйлчилгээний гаж нөлөөний тухайд зарим эмийн бодис олон эрхтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай. байдаг. Нэг хэсэг нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөөтэй байж болно. Жишээ нь, ходоодны хүчил ихэдсэн үед атропин хэмээх бодис агуулсан эмийг хэрэглэхэд хүчлийн ялгаралтыг багасгах үр дүн үзүүлэх боловч шүлсний ялгаралт мөн нэгэн адил багассанаас ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрдэг. Мөн антибиотикыг ууж хэрэглэхэд тэр нь өвчин үүсгэгч нянг устгахаас гадна хүний биед байдаг ашигтай бичил биетүүдийг нэгэн адил устгаснаас эмгэг төрөгч мөөгөнцөр ч үүсгэдэг. Харшлын тухайд пеннициллин, прокайн, вакцин гэх мэт эмүүдийн гаж нөлөө харшил хэлбэрээр тохиолддог. Мөн эм нь донтуулах гаж нөлөөтэй. Ялангуяа мансууруулах эм, сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж ирж, уг эмийг хэрэглэхийг цаанаас нь байнга шаарддаг болгодог аюултай.
-Ханиад хүрээд тэр нь эдгэхгүй удаад байдаг хүмүүс байдаг. Ингэж эдгэхгүй удаад байгаа шалтгаан нь юу вэ?
-Нян яагаад тэсвэртэй болчихдог, юунаас болдог вэ гэвэл хамгийн гол нь антибиотикын зохисгүй хэрэглэсэн үйлдлээс л болдог. Ялангуяа томуугийн эсрэг, вирусийн улирлын үе, ханиаданд антибиотик огт хэрэглэж болохгүй. Учир нь, антибиотик нь бие мах бодид дасал үүсгэж байна. Шинээр антибиотик гарч ирж бүртгэгдээгүй байгаа. Тиймээс бид энэ зуунд иймэрхүү хүнд байдалтай байгаа юм. Дараагийн зуунд ямар антибиотикаар хүнээ эмчлэх вэ гэдэг асуудал гарч тулгарч байна. Халдварт өвчин гарахад хүртэл одоо бидэнд эмчлэх антибиотик байхгүй болж байна. Ханиад хүрээд, эсвэл бие чинь эвгүй оргиж л байгаа бол шууд л эмчид хандах хэрэгтэй гэдгийг дахин, дахин сануулмаар байна. Тэгэлгүй шууд эмийн сан гүйгээд л антибиотик авч уусаар байгаад сүүлдээ эм нь үйлчлэхээ больж, байнга уудаг эм чинь дасал болчих вий. Хүн өөрөө өөрийгөө л хамгаалах хэрэгтэй шүү дээ. -Ер нь ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ?
-Мэдээж антибиотик зайлшгүй хэрэглэх үе байгаа. Халдварт өвчин, хүнд мэс заслын үеэр хэрэглэнэ. Хэрэглэхдээ эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэх ёстой. Антибиотикыг нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо чи тавыг нь уучих, би тавыг нь ууя гэж хэрэглэж огт болохгүй. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу төгс хэрэглэх ёстой байдаг. Тэгэхгүйгээр ханиад, өвчний шинж тэмдэг эхлэхээр эм ууж эхэлчихээд, тэр өвчин зовиур нь алга болчихоор би халуурахаа больчихлоо, өвдөхөө больчихлоо гэж бодоод антибиотикаа тасалдуулах юм уу, эсвэл хаячихдаг. Энэ бол хамгийн гол дасал үүсгэх шинж юм.
-Антибиотик уухгүйгээр яаж ханиад томуунаас сэргийлэх вэ?
-Манай орон ямар арвин баялагтай эх орон билээ. Бидэнд ханиадыг эдгээх маш олон арга байна. Би л гэхэд ханиад хүрээд огт антибиотик хэрэглэдэггүй. Манайд олон ургамлууд, уламжлалт аргаар бэлдсэн уусмалууд бий. Аньс, аньсны навч, цацаргана ч сайн хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь дулаан хувцсаа зохицуулан өмсөж, чанарлаг хоол хүнс хэрэглэж, аль болох л дархлааг чинь дэмжих юу л байна тэрийг хэрэглэж байх нь зүйтэй. Дур мэдсэн эмийн хэрэглээнээсээ болоод хүүхдүүддээ болон өөртөө түвэг битгий удаасай гэж хүсэх байна. Хэрвээ ханиад томуу хүрсэн бол маск байнга зүүж байх, чийгтэй цэвэрлэгээ гэртээ хийж, эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмээ яг таг уух хэрэгтэй. Ингэж чадвал ханиадыг даван туулж чадна.