Open iToim app
Улс төр | 11 мин уншина

​С.Баярцогт: Бизнесийн төслийг парламент нь хэлэлцдэг улс манайхаас өөр байхгүй

​С.Баярцогт: Бизнесийн төслийг парламент нь хэлэлцдэг улс манайхаас өөр байхгүй
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 12
Энэ долоо хоногийн сайдын цаг уулзалтаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцлоо. УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэдгийг уулзалтынхаа эхэнд тэрээр онцлон хэллээ.  Засгийн газраас УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай 40 гаруй хуулийн төслийг УИХ-д  өргөн барьсан талаар хэллээ. Эдийн засгийн хувьд зайлшгүй шийдвэрлэх ёстой Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай болон Гачууртын ордтой холбоотой УИХ-ын тогтоолын төслүүд, улс төрийн шинэтгэлтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Төрийн албатай холбоотой хуулиудын төслүүд, хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн болон зөрчлийн тухай хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад байгууллагуудын тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар 2002 оноос хойш хийгдсэн хамгийн том хууль эрх зүйн шинэтгэл болно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлж байв.
“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд үндсэндээ дуусч байгаа юм байна. Цаашид Туулын хурдны замыг Богд уулыг тойруулан холбоно гэсэн зорилт тавьж байгаа. Улаанбаатар хоттой холбоотой есөн том төсөл хөтөлбөр төлөвлөгдөж байгаа аж. Алтанбулаг- Замын-Үүдийг холбосон гурван эгнээ 1000 гаруй км хурдны зам Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрөх бол Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урдуур гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулсан байгаа юм. Хөшгийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлыг дагасан Аэросити болон төмөр зам, авто замын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв байгуулагдана. 2017 оны эхээр Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орж, олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдоно зэрэг мэдээллийг өглөө. Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Үүнийг тоймлон хүргэж байна.
-Тавантолгойн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэгт гэрээний Англи эх дээрх хувилбарыг өгөхгүй байгаа талаар мэдээлж байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар яагаад Англи эх дээрх хувилбарыг нь өгөхгүй удсан юм бэ?
-УИХ-ын Ажлын хэсэг удаа дараа Засгийн газрын холбогдох яам, компаниудаас Тавантолгойн ашиглалттай холбоотой асуулга саналыг тавьж байгаа. Засгийн газраас Ажлын хэсгийн шаардсан бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал байхгүй.  Шаардлагатай баримт бичгийг нь гаргаж өгсний дараа  дараагийн материалыг шаардах маягаар ажиллаж байна. Бид Ажлын хэсгийн шаардсан материал, мэдээллийг бэлдэж өгч байгаа. Зарим шаардсан мэдээллүүд нь компани, аж ахуйн байгууллагатай холбоотой асуудал байгаа учраас зөвхөн албан хэрэгцээнд хэрэглээрэй гэж өгсөн байгаа.  Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 9-ны өдөр компани хооронд байгуулсан гэрээний лавлагааг шаардсан. Засгийн газрын зүгээс байгаа бүх материалуудаа өгч байгаа. Үүнд ямар нэгэн нуусан, хаалттай зүйл байхгүй. Харин компани хооронд байгуулсан гэрээг өгч чадахгүй учраас компанитай нь шууд харьцах ёстой гэж зөвлөж байгаа. Ер нь Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой УИХ-д таван зүйлтэй тогтоолын төслийг өргөн барьсан. Тэрхүү тогтоолыг дагалдуулж холбогдох материал, гэрээнүүдийг өгсөн байгаа. Тэгэхээр Тавантолгойн Ажлын хэсэгт шийдвэр гаргахад хангалттай боломж байгаа гэж харж байна. Тавантолгойн тогтоолын төслийг Тавантолгойн Ажлын хэсэг УИХ-д өргөн барьснаас хойш тав дахь долоо хоног үргэлжилж байна. Үндсэндээ сар гаруй  хугацаанд ажиллаж байна. Энэ бол дүгнэлт гарахад хангалттай хугацаа гэж харж байна. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн болгон Тавантолгойн талаар мэдлэгтэй болох хугацааг өнгөрлөө гэж ойлгож байна. Төслийн англи хэл дээрх эхийг 10 хоногийн өмнө Ажлын хэсэгт хүргүүлсэн. Ер нь Ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Ер нь Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан.
-Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гадаад зах зээлд нэг тэрбум ам.долларын үнэт цаасыг арилжаалахаар болсон. Засгийн газар дотоодод биш гадаадад гаргаж байгаа шалтгаан нь юу вэ. Гадаад зах зээлд үнэт цаас гаргах эрх албан ёсоор бий юү?
-Төсвийн санхүүжилттэй холбоотойгоор гадаад бонд гаргах эрх Засгийн газарт байгаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамны зүгээс гадаадад Засгийн газрыг бондыг арилжаалахыг зөвшөөрсөн. Саяхан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсаны дараагаар манай улсын гадаад нэр хүнд сэргэж, манай зээллэг өгдөг зээлийн хүүнүүд буурсан. Өөрөөр хэлбэл, Монгол руу орж ирэх мөнгөн урсгал нэмэгдэж байна. Дээр нь хямд боллоо. Гэтэл манай дотоодод гаргаж байгаа бондын хүү Монголбанкны бодлогын хүүгээс өндөр байгаас учраас дотоод бонд гаргавал маш өндөр хүүгээр гаргана. Энэ нь нэг талдаа бондын зардлыг өсгөдөг. Нөгөө талд бусад аж ахуйн нэгжүүд рүү гаргаж болох мөнгийг арилжааны банкуудаас татчихаад байна гэсэн үг. Тэгэхээр бодит эдийн засгаа дэмжих үүднээс гаднаас хямд бонд гаргах зүйтэй гэж үзэж байгаа. Бонд гаргах ажил тодорхой үе шаттай хийнэ. Эхний ээлжинд 350 сая орчим ам.долларын бонд гаргах ажлыг амжилттай тохирчсон. Хүү бага, хямд хангалтай буурсан. Энэ талаар Сангийн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
УИХ-аас Засгийн газар бонд гаргах эрх олгохдоо заавал дотоод юм уу гадаад бонд гэж заагүй. Аль зах зээлээс татах нь хямд байна гэдгээс сонголт хийх боломжтой юм.
-Оюутолгойн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан үйл явдалд та ямар байр суурьтай байна вэ. Зарим хүн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээг олон янзаар ярьж байна. Ер нь энэ төлөвлөгөөг эргэн харж өөрчлөлт хийх боломж байгаа юу?
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ баримт бичиг вэбсайт, хэвлэл мэдээлэл дээр нээлттэй байгаа. Та бүхэн үзэж, төлөвлөгөөнд ямар асуудлуудыг тусгасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн Ерөнхий сайд болон холбогдох компаниудын удирдлагууд УИХ дээр хангалттай мэдээлэл өгсөн гэж ойлгож байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд, дээр нь хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцэж хийгдсэн гэж миний бие ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт ороогүй. Эдгээр гэрээний хүрээнд хийгдсэн зүйл ойлгож байна.
-Иргэдийн дунд ипотекийн зээлийн урьчилгаа төлбөрийг 10 болгоно гэсэн хүлээлт үүсээд байна. Энэ асуудлыг Засгийн газар хэзээ эцэслэн шийдэх вэ. Урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төрөөс батлан даана гэж ярьж байгаа. Ямар эх үүсвэрээр хаанаас нөхнө гэж байна вэ?
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг цааш нь тогтвортой үргэлжүүлэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэртэй холбох ёстой. Өнөөдөр Засгийн газар дээр гаргаж байгаа үндсэн шийдэл бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэй байршдаг. Банкинд хадгаламж хэлбэрээр нэг талдаа орлого үүсгэж байгаа байдлыг өөрчилж нөгөө талд орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах боломж байгаа юм. Дэлхийн улс орнууд тодорхой тогтсон механизмыг бий болгосон. Улс оронд байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр бол тэтгэврийн сан байдаг. Жишээ нь, Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа холбосон учраас дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болж чадсан байдаг. Манайд эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байна. Тэтгэврийн сан, Тогтворжуулалтын сан маш тогтвортой ажиллаж байгаа. Цаашид Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдвал баялгийн сантай болно. Тэгэхээр баялгийн сан нийгмийн даатгалын сантай нийлбэл маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг бий болно. Санхүүжилтийн эх үүсвэрээ эргээд ипотекийн зээлээ санхүүжүүлбэл эргээд найман хувийн хүү өсч байх ёстой. Ийм механизмуудыг хийж, эх үүсвэрүүдтэйгээ холбож байна. Одоо Барилга хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил нийгэм хамгааллын яам, Монголбанк, холбогдох арилжааны банкуудтай гурвалсан гэрээ хийж, энэ ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхлүүлэх боломжтой. Цаашид зохих хуулиудад өөрчлөлт оруулж сангуудаа бодитой ажиллуулах боломж ч нээгдэнэ.
-Улс орны эдийн засаг, төсвийн байдал ямар байна вэ. Цаашдаа орлогын тасалдлыг хэрхэн нөхөх вэ?
-Орлогын эх үүсвэр эхний хоёр улирал дараалан тасалдаж байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын тасалдал өндөр хувийг эзлэхээр байна. Тэр үед төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Орлогодоо тааруулж зарлагаа төлөвлөсөн учраас зайлшгүй тодотгол хийнэ. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн үг.  Хаврын чуулганы төгсгөл юмуу намрын чуулганы эхээр төсвийн тодотгол хийх нөхцөл үүсч байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллүүд гарч байна. Ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж оруулж ирсэн гэж байна. Та ажлын хэсэгт багтаж байгаагийн хувьд зарчмын гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
ндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг маш их идэвхитэй ажиллаж байгаа. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх нь зүйтэй гээд тухайн үед Үндсэн хуультай холбоотой 6-7 заалт боловсруулж УИХ-д өргөн барьсан. Дээр нь 2012 онд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийхэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон 2014 онд байгуулсан бүх намуудын хамтарсан Засгийн газрыг байгуулах гэрээндпарламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуульд өөрчлөх оруулах хэрэгтэй гэж үзсэн. Нэг үгээр бол үзэл баримтлалаа тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ Үндсэн хуулийг батлалцсан гишүүд байна. Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа. Үндсэн хуульд орж байгаа гол өөрчлөлт зүйл заалтын хувьд олон мэт боловч агуулгын хувьд гурван зүйл дээр төвлөрсөн. Гүйцэтгэх эрх мэдэл дээр Ерөнхий сайд нь засаглаж байгаа энэ засаглалыг парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна. Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд дөрвөн ерөнхийлөгчтэй байсан. Ерөнхийлөгч бүрийш үйл ажилгааг хэлбэрээр дүгнэх юм бол дөрвөн өөр хууль, эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр ажилласан байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр. Манайх шиг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэх мэт бизнесийн төслийг парламент нь авч хэлэлцдэг улс бараг байхгүй. Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл. Хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу багасгах гээд байгаа тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байхуу, хууль тогтоох эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгоё гэж байгаа юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намуудын эрх мэдлийг сулруулахаар тусгаж байгаа. Үүнийг дэргэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал. 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа. Дараагийн асуудал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж байгаа. Үндсэн хуулийг батлахад хйиж байсан үзэл санаа нь энэ хоёр ойлголтыг салгаж хийсэн. Гэхдээ энэ нь Сонгуулийн хуулиар дамжиж аймаг сумын иргэдийн хурал байгуулагдаж, үндсэн зарчим нь гажиж явсаар төрийн байгуулага шиг болсон. Учир нь нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон. Тиймээс нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагад нам нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлаж, зөвхөн иргэн өөрсдөө байгуулдаг болье. Дээр нь шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэж байгаа. Ингэж чадвал Монгол Улс дөрвөн жилд нэг удаа төрийн сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламент давамгайлсан юмуу, парламтентаас сонгодог болчихвол хоёр жилд гурван удаа сонгууль хийдэг ,их хэмжээний улстөржилтөөс салах боломжтой. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны асуудал бас яригдаж байна. 1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам хоёр сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байсан. Бүх тойрог ижил байсан. Харин одоо хүн ам гурван сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад шийдэх байх. 99 юмуу 108 болгох бололцоотой. Гэхдээ үүнийг хэлэлцүүлгийн явцад хийнэ.
-Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай байна вэ. Төр 34 хувиа эзэмшихгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Монгол Улсын хүртэх ашгийн талаар намууд зөрчилтэй байр суурьтай байна. Ер нь энэ ордыг ашиглабал манай улсад жилд ямар ашиг орж ирэх юм бэ?
- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гацууртын ордыг ашиглах тогтоол нь хоёрхон заалттай. Эхлээд бид бүгд Ашигт малтмалын хуулиа сайтар ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоосон шүү дээ. Оюутолгой дээр 57 дугаар тогтоолоор 34 хувийг нь улс эзэмшинэ, Цагаан суврага дээр 34 хувийг авъя гэтэл УИХ хувь эзэших шаардлагагүй шийдвэр гаргасан. Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй. Одоо тусгай роялти аван гэдэг хувилбарыг оруулж байгаа вм. Тодорхой хувь авна гээд тэрийгээ роялтигоор орлуулж байгаа асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай роялтигаа авахаар тооцож байгаа юм. Энэ тооцооллыг хийэ ойролцоогоор гурав орчим хувь дээр очих боломжтой гэсэн Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, гурван хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь таван хувийн суурь роялти, таван хувийн өсөн нэмэгдэх роялти, нэмээд гурван хувийн тусгай роялтигээ авбал нийт 13 хувийн татвар болно гэсэн үг. Роялтигийн нэг хувь нь орлогын албан татварын дөрвөн хувьтай тэнцдэг. Тэгэхээр нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байна. Ийм хэмжээний төлбөр авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Дээр нь авч байгаа дүнгээрээ 34 хувийг эзэмшсэн ч бай, тодорхой хэмжээний тусгай роялти авсан ч бай үнийн дүнгээрээ авч байгаа шиг нь ойролцоо гарч байгаа. Гэтэл өнөөгийн үнэ цэнээр тооцвол энэ хоёрын дунд дахиад 10 хувийн зөрүү гарч байгаа. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхээр бид өнөөдөр үнэ цэнтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх хэрэгтэй гэсэн үг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн