Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хоёр дахь өдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм. Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Төрийн ордны их танхимд эхний хэлэлцүүлэг эхлэв. Хэлэлцүүлэг "Монгол Улсын алсын хараа- гэсэн сэдвийн дор зохион байгуулагдлаа. Монгол Улсад алсын хараа байна уу, байхгүй юу. "Хэрвээ байгаа бол тэр нь юу болох, байхгүй бол яагаад" гэх асуултын дагуу хэлэлцүүлэгт оролцогчид саналаа солилцсон юм. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан Д.Энхбат хөтлөн явуулсан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, эдийн засагч Ц.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оролцлоо.
Монгол Улсын алсын хараа юу вэ?
Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Монголд алсын хараа байгаа
-Монгол Улсад алсын хараа байгаа. Би Ерөнхийлөгч байхдаа хаашаа явахаа мэдэхгүй улс хаана ч хүрэхгүй гэсэн түүхээр нотлогдсон үнэнийг бодож бид Азийн бар болно гэж хэлж байсан юм. Нэг хүн Азийн бар болно гэж хэлээд л маргаашнаас нь болчихгүй. Бид 30 жилийн турш энэ чиглэл рүү ажиллаж хөгжиж дэвшиж явна. Энэ эрчээрээ тууштай явах ёстой. Үүнд мэдээж, итгэлцэл хамгийн чухал. Монголчууд маш том үр дүнд хүрээд байгаа. Жишээ нь, бэлчээр нь малаа даахаа больсон, зам автомашинаа багтаахаа больсон, эдэлж хэрэглэж байгаа утас нь өвөртөө багтахаа больсон байна. Дурын нэг малчин бэлчээр дээрээс дэлхийн аль ч зүг рүү ярьж байх жишээтэй. Энэ нь Азийн барын элемент биш өөр юуны элемэнт юм бэ. Тэгэхээр хөгжлийн зам руу явж байгаа. Бид үүнийгээ чамлаж болохгүй. Чамлахаар чанга атгах хэрэгтэй. Улам ихийг хийж бүтээх хэрэгтэй байна.
Монгол Улсын Төрийн Соёрхолт жүжигчин Д. Сосорбарам: Алсын хараагаа ойрын хараанаас эхэлье
-Өнөөдөр Монголд алсын хараа гэхээс илүү ойрын хараа л байна. Баялаг бүтээгчид өөрсдийнхөө бөндгөрөөр ажиллаж байгаа. Монгол Улсад татвар төлж байгаа гаднын хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлэхгүйгээр эрхийг нь өмөөрсөн хуулийг УИХ өнөө маргаашгүй батлах шаардлагатай байна. Үүнийг ойрын хараанаас үүднээс харж хэлж байгаа юм шүү. Бизнесээ, хүнээ дээдэлсэн хуультай болохгүй юм бол зүгээр л нэг хүмүүсийг айлган сүрдүүлэг Авлигатай тэмцэх газар боллоо. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш. Бид өөрсдийн тогтолцоо, гаргаж байгаа араншингаасаа болоод буруу зам руу хөтлөгдөж нийтээр айдастай амьдарч байна шүү дээ. Хүнээ дээдэлсэн, хүнд боломж олгосон хууль хийх хэрэгтэй. Хүнийхээ эсрэг, хүний ёсонд нийцээгүй хууль битгий гарга л гэж хэлмээр байна. Хүнээ дээдэлсэн хуультай болсон цагт Монгол Улс алсын хараатай болно. Өөрөөр хэлбэл алсын хараагаа ойрын хараанаасаа эхэлье.
Эдийн засагч Ц.Эрдэнэбат: Алсын хараа ярихаас өмнө ойлголтоо нэгтгэх чухал байна
-Монгол Улсын Үндсэн хууль дээр алсын хараатай холбоотой асуудлыг тусгасан байдаг. Жишээ нь, Үндсэн хуульд хувийн хэвшил, хувийн өмчийг хамгаална гэж заасан байдаг. Гэхдээ нийт ард иргэдийн дунд ойлголтын зөрүү их байдаг. Тиймээс нэгдсэн ойлголттой болбол бизнесийнхэн тухайлсан чиглэл рүүгээ эрсдэлээ тооцож хөрөнгө оруулах эсэхээ шийдье. Өнөөгийн нөхцөлд бизнесийнхний хүссэн алсын хараа байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Нэгдсэн нэг ойлголттой болох нэн тэргүүний асуудал. Түүн дотроо цаашдаа улс орны эдийн засгийн хөгжил ямар байх уу. Уул уурхайгаа түшиглэж дараагийн хуримтлал бий болгосноор дараагийнх нь явах ёстой юм байна гэж би боддог.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2040 хүртэлх Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулна
- УИХ Монгол Улсаа алсын хараатай болгож, урт хугацаанд хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэгсийг УИХ дахь гурван бүлгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудал дээр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Монголчууд аливаа томоохон арга хэмжээ баяр ёслолд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дуулж, төрийн сүлдэнд залбирч Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Харин Монгол Улсаа яаж хөгжүүлэх үү, эх орноо хөгжүүлэхэд миний, бидний, чиний оролцоо юу байх вэ. Хүн бүрт эх орноо хөгжүүлэх зорилго, тэмүүлэл зүтгэл итгэл байх нь чухал байна. Үүнийг л бий болгохын төлөө УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Монголын Улсын хөгжлийн урт хугацааны бодлого буюу Монгол Улсын алсын харааг бий болгох гэж ажиллаж байна. Өнөөгийн нөхцөлд алсын хараа байхгүй, алсын хараагаа хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлээгүй учраас Монгол төрийн бодлогыг намын мөрийн хөтөлбөр гээд ойлгосон байдаг. Гэтэл улс төрийн намууд нь төрийн бодлогыг тал тийм нь татаж чангаадаг биш төрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд л мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж л түүнийхээ тэмүүлж, зорьж л ажилладаг байх ёстой. 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсэг ч энэ чиглэлд анхаарч ажиллаж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Өсөлт хөгжил хожим ирдэг юм
-Миний бие 1990 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн болчихоод Монгол Улсын эдийн засгийн бүх нууц тоог авч үзэж байсан. Тэр үед П.Очирбат, Р.Гончигдорж, Б.Бямбасүрэн гуайг маш өрөвдөж байсан. Ийм хүнд хэцүү нөхцөл байдалд энэ улс орныг авч явахад гэрэл гэгээ үнэхээр байна уу, үгүй юү гэж. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг Зөвлөлт холбоот улсын тусламжаар нөхдөг. Хөгжлийн бүх бодлого нь мөн хараат болсон. Тэр үед Монгол Улсыг биеэ даалгаж хөгжүүлэх нь тэдний зорилго байсан. Өөрөөр хэлбэл, ийм хүнд нөхцөлд жинхэнэ утгаараа тусгаар тогтносон хөгжлийн бодлогоо явуулах боломжийг шинэ үеийнхэн тавьсан. 1996 онд Ардчилсан хүчин ялсны дараагаар Элбэгдорж Ерөнхийлөгчийн анхны Засгийн газарт ажиллаж байхад "Эрдэнэт" үйлдвэр төсөвт нэг ч төгрөг өгдөггүй үе таарч байсан. Өөрөөр хэлбэл, найман жилийн дараа Монгол Улсын төсвийн орлогын 70 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг болсон байсан. Бидний хийсэн сонголт зөв байсан гэдэг нь эндээс харагдсан. "Эрдэнэт" үйлдвэр орлого оруулахгүй байхад улсын төсөв орлого зарлагаа хүнд үед ч гэсэн нөхөөд гарч чадсан. Бидний үед буюу 2006 оноос хойш маш өндөр өсөлт эхэлсэн. 2005 онд Монгол Улсын төсөв анх удаагаа нэмэх гарсан. Бидний сонголт 15 жилийн дараа зөв байсан нь нотлогдсон. Тухайн үед 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг маш амжилттай давсан. 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улсын нэг болсон. Монгол Улсын хөгжил одоогийн ДНБ хоёр оронтой тоогоор 10 гаруй жил үргэлжлэх нь. Маш богино хугацаанд бага орлоготой орноос бага дунд орлогтой орон болох нь. Энэ бодлогоо үргэлжлүүлж чадвал дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд бага орлоготой орноос өндөр орлоготой орон болох боломж бүрдэх нь гэж байсан. Харамсалтай нь бид таван жилийн дараа өөрсдийнхөө гаргасан алдаатай үйлдлийг яриад сууж байна.
Манай эдийн засгийн дундаж өсөлт долоон хувь болсон. Тийм учраас бид алсын хараа, бодлогын талаар ярилцах зайлшгүй шаардлага бий боллоо. Үүнийг олон хүн яриад гаргаж ирнэ гэдэгт би маш их эргэлзэж байна. Алсын хараа буюу хөгжлийн бодлогыг маш хүчтэй лидер, түүний баг боловсруулж гаргах ёстой. Түүх ингэж харуулж байна. Зорилгоо маш эрчтэй тавьдаг. Ийм хүмүүс тухайн үеийнхэндээ хэзээ ч сайнаар үнэлэгддэггүй. Харин өсөлт хөгжил хожим ирдэг. Солонгост гайхамшгийг бүтээсэн Пак Жөн Хи гэж Ерөнхийлөгчийн бодитой жишээ ч байна. Бас сая нас бардаг Сингапурын Ерөнхийлөгч ч байна. Жишээ нь, Солонгос улс экспортод түшиглэсэн эдийн засагтай улс болно гэж зарласан. Экспортыг зургаан жилийн дотор нэг тэрбум ам.долларт хүргэнэ. Экспортын өсөлтийг жил болгон 40 хувьд барина. Солонгосын экспортын өсөлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ. Үүний тулд дахин 10 жилд экспортын өсөлтийг 40 хувьд барина гэсэн. Үүнийг бүгдийг хэрэгжүүлсэн. Солонгос өнөөдөр ямар улс болсныг бид бүгд мэдэж байгаа. 1959 онд нэг хүнд оногдох ДНБ 1200 орчим ам.доллар болж, одоо 78 мянган ам.доллар болсон. Нэг хүнд оногдох ДНБ-ий үзүүлэлтээрээ Дэлхийнбанкнаас гаргасан судалгаагаар гуравдугаарт явж байгаа. Ийм боломжуудыг бид алсын хараа гэж үзэх ёстой. Монгол Улс ийм хэмжээний бодлого гаргаж байж хөгжих ёстой гэж би хувьдаа бодож байна гэв.