Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, газар хэлтсийн дарга нарынхаа хамт өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнгөрсөн оны мөнгөний бодлогын хэрэгжилт, 2017 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээллийнхээ эхэнд “2016 оны наймдугаар сард ажлаа авсан даруйдаа эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, гадаад валютын нөөцийг хамгаалах тул бодлогын томоохон өөрчлөлтийг хийсэн. Түүнчлэн төсвийн шинж чанартай санхүүжилтийг хязгаарлах, ханшийн уян хатан байдлыг хангах, гадаад валютын албан нөөцийг хамгаалах, төгрөгийг өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас урьдчилан сэргийлэх, банкны салбарыг тогтвортой байдал алдагдах эрсдэлээс сэргийлэх алхмуудыг цогц байдлаар авч хэрэгжүүлсэн” гэдгээ онцолж байв.
Монголбанкныхан цаашид хүндрэлийг давах туулахын тулд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бодлого, төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Мөн Монгол Улсын өмнө тулгараад байгаа өр, зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Засгийн газар Валютын сангийн хооронд хийгдэж буй хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүдээс өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой олон чухал асуултыг Монголбанкныханд тавьсан юм.
-УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монголбанк Засгийн газартайгаа хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Миний харж байгаагаар хамтарч ажиллаж чадахгүй, хоорондоо ойлголцохгүй ажиллаад байх шиг харагдаад байгаа. Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна. Цаашид валютын орлого нэмэгдэх бодит боломж байна уу, арилжааны банкуудын бодит байдал ямар байгаа, чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн жилээс 50 хувиар нэмэгдэхэд голлон юу нөлөөлсөн, ямар салбарын зээл чанаргүй болж байгаа, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд СЗХ-той хэрхэн хамтран ажиллаж байна вэ гэдгийг тодруулсан.
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Засгийн газартайгаа нягт хамтарч ажиллаж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрын хуралдаанд сууж бодлогын чанартай саналаа тусгах, хамтран ажиллах саналуудаа тухай бүртээ хэлж байгаа учраас хамтран ажиллаж чадаж байгаа гэж бодож байна. Цаашид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд мега төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр Засгийн газартай ярилцаж, хариуцсан яамдуудад тодорхой саналуудыг өгөхөөр ажиллаж байна.
Арилжааны банкууд хувьд хамгийн гол үзүүлэлт болох төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хувь хэмжээ олон улсын заасан төвшнөөс гурав дахин өндөр буюу 40 хувьд хүрсэн байгаа. Харин нийт системийн хэмжээнд чанаргүй зээл найман хувийг эзэлж байна. Салбараар нь авч үзвэл, уул уурхай, их барилгын салбарын зээлүүд чанаргүй болсон. Их барилгын салбарт эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан олон орон сууц хоосон, үхмэл хөрөнгө болоод байна. Сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас болж уурхайн компаниуд зээлээ төлж чадахгүй байдалд орсон. Цаашид системийн хэмжээнд чанаргүй зээлийн асуудлыг шийдэхээр Монголбанк ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банктай хамтран “Активын удирдлагын компани” байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан. Уг компани нь арилжааны банкууд дээр байгаа чанаргүй зээлийг хямдруулж худалдан авах замаар банкуудын санхүүгийн байдлыг сайжруулах зорилготой юм. Удахгүй хууль эрх зүйн орчин нээгдэнэ.
Алт бол өнөөгийн нөхцөлд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр учраас алтны үйлдвэрлэл, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Алт олборлож байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, дэлхийн зах зээлийн хамгийн сүүлийн өдрийн ханшаар тооцож иргэн, аж ахуйн нэгжээс алт худалдан авдаг болсон. Энэ нь урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ. Санхүүгийн зохицуулах хороотой маш сайн хамтран ажиллаж байгаа. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг сар бүр хуралдуулж, мэдээлэл солилцож байгаа.
-УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир: Монголбанкны удирдлагуудыг маш хүнд нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байна. Заавал асуух ёстой нэлээд түвэгтэй асуудлууд байна. Гэхдээ тэдгээрийг хаалттай хэлэлцэж байхад л асуухгүй бол нийгэмд буруу мессеж болж магадгүй байна. Нэлээд хүнд асуудлууд байна. Ирэх гуравдугаар сард 580 сая, наймдугаар сард 1.7 тэрбум долларын своп хэлцэл, он гараад 500 саяын төлбөрүүд төлнө. Тиймээс Валютын сан, Хятадын зээлийг авахаас өөр гарцгүй байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ бүгдийг хаалттай хэлэлцсэн дээр болов уу.Тиймээс цөөн хэдэн санал, тодруулга асуулт тавъя. Цаашид Монголбанк бодлогын хүүгээ бууруулах уу. Хятадын своп хэлцлийг сунгах асуудал яригдаж байгаа юу. Оюутолгойн орлогуудыг Монголдоо оруулж ирэх боломж байна уу, үүнийг судалсан уу.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая долларын өрийг төлөх нөөц дотоодод байгаа юу. Энэ өр төлбөр ханшид нөлөөлөх үү. Хоёрт, банкуудын хадгаламжийн хүүгийн дээд төвшнийг тогтоож, зээлийн хүүг бууруулах боломж байгаа юу?
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Гуравдугаар сард манай улс олон улсаас босгосон бондын төлбөрийг хийнэ. Гэхдээ энэ бол Хөгжлийн банкны гаргасан бонд. Хэдийгээр Засгийн газар баталгаа гаргасан ч Хөгжлийн банкны бонд. Тиймээс Хөгжлийн банк гэдэг хуулийн этгээд бондын төлбөрөө хугацаанд нь барагдуулах ёстой. Хэрвээ Хөгжлийн банк дангаараа төлж чадахгүй бол Засгийн газар, Монголбанк тусална. Хөгжлийн банкны удирдлагуудтай сар бүр уулзаж санал солилцож байгаа. Харин дотоодын зах зээлээс 580 сая долларын өр төлбөрийг барагдуулбал зах зээл гажна. Тиймээс олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах, хайх чиглэлд ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.
Зарим арилжааны банк хадгаламжийн дээд хүүг тогтоож өгөөч гэдэг саналыг Монголбанкинд тавьсан байгаа. Энэ асуудалд Монголбанк захиргааны арга хэрэглэх боломжгүй байгаа. Шууд арилжааны банкуудын хадгаламжийн хүүг зохицуулах эрх зүйн үндэслэл, зохицуулалт алга. Энэ асуудлыг банкуудын холбоон дээрээ санал гаргаж, нэгдсэн шийдвэр гаргаж ажилла гэж зөвлөж байгаа.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Та нарын үйл ажиллагаанд улстөрийн шийдвэр хэрхэн нөлөөлж байгаа вэ. Ирэх онд эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл хэд байх вэ. Хоёрт, арилжааны банкууд дээр байгаа Засгийн газар, Төв банкны үнэт цаас нийт активын хэдэн хувийг эзэлж байна вэ?
-УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан: Улстөрийн шийдлүүд удаад байна, надад валют хэрэгтэй байна. Тэр валютын хэрэгжүүлэхийн тулд олон жил ярьсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөдөлгөх шаардлагатай байна. Яг энэ асуудал дээр УИХ-ын лидерийн байр суурь туйлын чухал байгаа. Ийм асуудлуудыг тусгайлан ярилцах саналыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад уламжилж байна. Энэ онд эдийн засгийн өсөлт 0-1 хувийн өсөлттэй байна гэж Монголбанк төсөөлсөн. Инфляци таван хувьтай гарна гэж тооцсон. Арилжааны банкууд дээр Засгийн газар, Төв банкны үнэт цаас нийлбэр дүнгээрээ 4.1 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийн 3.5 их наяд нь Засгийн газрынх, 0.6 их наяд нь Төв банкны үнэт цаас байгаа. Энэ нь банкны системийн нийт активын 30 орчим хувийг эзэлж байгаа.
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг төлөх боломж байгаа гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Та эхний ээлжид 570 сая долларыг татан төвлөрүүлсэн байх ёстой гэж хэллээ. Зарим эх сурвалжийн мэдээллээс сонсоход арилжаанд оролцохгүй байгаа арилжааны банкуудаас 160 гаруй сая ам.долларыг Монголбанкинд худалдах боломжтой гэдгээ мэдэгдсэн гэсэн. Энэ үнэн үү, та нар ийм хэлцэл хийж байгаа юу. Нөгөө талд, Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчийн үед 400 гаруй сая доллар гадагшилсан гэж ярьж байгаа. Эрдэнэтийн худалдан авалттай холбоотой байж магадгүй гэж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
"Эрдэнэт"-ийн 49 хувийн худалдан авсан "Монголын зэс" корпорацийн мөнгөн дүнтэй холбоотой бүх мэдээллийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Хөрөнгийн эх үүсвэр талдаа "Монголын зэс" корпораци нь дөрвөн аж ахуйн нэгжээс зээл авч бүрдүүлсэн байсан. Үүний зээл өгсөн нэг аж ахуйн нэгж нь Монголбанкнаас 2014 онд 100 тэрбум, 2016 онд 100 тэрбум төгрөгийг зээлсэн байсан. Мөн тодорхой эх үүсвэр нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан байсан. Худалдаа хөгжлийн банкны хувьд Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийн зээл авсан. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн эх үүсвэр гадагшилсан байхыг үгүйсгэхгүй гэж үзээд байгаа.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 2017 он хамгийн хүнд жил байна. 2016 онд эдийн засаг -1.6 хувьтай гарлаа. 2017 онд эдийн засгийн өсөлт хасах хоёр хувьтай байна гэж ОУВС хэлсэн. Хөрөнгө оруулагчид Монгол руу орохгүй, бүгд хүлээлтийн байдал байна. Монгол Улс 11 сарын дараа 1.8 тэрбум ам.долларын гадаад төлбөр барагдуулна. Эдийн засаг агшсан ийм нөхцөлд байдалд томоохон төлбөрүүдийг хийх учраас Монголбанкны бодлого чанга байх ёстой. Зах зээлийн бус захиргаадалтын нэг ч механизм явуулахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Төв банк толгойгоороо хөлөө, хөлөөрөө толгойгоо хийж явсан. Эцсийн үр дүндээ нөөцийг нь шавхсан. Одоо зээлээр валютын нөөцөө бүрдүүлээд сууж байна. Эдийн засгийн бодлогын цаана эдийн засгийн онол байдаг. Үүнээс гажсан бүхэн муу үр дүн авчирдаг гэдгийг ойлгоод сууж байна. Өнөөдөр хэрэгжүүлэхэд хэцүү байж болно. Гэхдээ ирээдүйг харсан зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2017 он гарсаар хэд болсон бэ. 2012 онд өмнөх Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа авахад гадаад валютын нөөц хэд байсан, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч ажлаа авахад хэд байсан бэ. Нөгөө талд валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкууд дээр ямар нөхцөл шаардлага тавигдаж байгаа вэ?
-Монголбанк: Гадаад валютын нөөц 2012 оны долдугаар сард 2.2 тэрбум ам.доллар байсан. Харин 2016 оны зургадугаар сард 1.2 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ оны эцэст 20.3 тэрбум ам.доллар болсноос Засгийн газрынх 4.4, Монголбанкны өр 1.7 тэрбум ам.долларын өр эзэлж байна. Валютын сантай хэлэлцээний хүрээнд банкуудын активын иж бүрэн үнэлгээг хийлгэхийг шаардаж байгаа. Гэхдээ энэхүү үнэлгээг хийхэд нэлээд хугацаа шаардлагатай. Уг үнэлгээг хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэх учраас аудитын байгууллагыг сонгон шалгаруулсны дараа активын үнэлгээг хийхэд хамгийн багадаа гурван сар орно. Банкуудын активд иж бүрэн үнэлгээ хийж, оношоо тогтоочихоод ямар арга хэлбэрээр банкны бүтцийг өөрчлөх вэ гэдэг тодорхой болно.