Open iToim app
Эксперт | 11 мин уншина

​Д.Баярсайхан: Эрүүгийн эрх зүйн хуучин онолоор шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй

​Д.Баярсайхан: Эрүүгийн эрх зүйн хуучин онолоор шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 1
“Эксперт” буланд энэ удаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Должингийн БАЯРСАЙХАН-ыг урьж оролцууллаа. 

-Өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөх учиртай байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхэд хуулийн байгууллагууд бэлтгэлгүй байна гэсэн. Мөн өнгөрсөн хугацаанд энэ хуультай тулж хэрэглэдэг хүмүүсийг сургалтад хамруулаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ёсчлоогүй нь хуулийг хойшлуулах шалтгаан болсон гэж Засгийн газар УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирэхдээ тайлбарласан. Энэ үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байв уу, эсвэл ердийн нэг шалтаг байв уу?
-Би хуулийг шинэчлэн найруулсан гэхээсээ илүү Монгол Улсын түүхэн дэх шинэ Эрүүгийн хууль гэж харж байгаа. 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталж 2016 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно гэсэн. Эрх зүйн агуулга, мөн чанар, хуулийн хэрэглээний ач холбогдол талаас нь авч үзвэл есдүгээр сарын 1-нээс хэрэглээд эхлэх боломжтой л доо. Хүмүүсийн яриад байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ёсчлоогүй, сургалт явуулаагүй гэдэг чухал биш. Олон улсын практик талаас авч үзвэл, Эрүүгийн хууль нь Эрүүгийн байцаан шийтгэх хуультайгаа хамт гарч байж хэрэгжүүлээд явдаг ч юм биш. Гэвч манай Монголын өнөөгийн нөхцөлд хуулийг шууд мөрдөөд, агуулгыг нь зөв тайлбарлаад, хэрэгжилтийг нь зохион байгуулахад хараахан бэлэн биш байна.
-Яагаад?
-2002 оны Эрүүгийн хууль сууриараа өөрчлөгдсөн. Нэгдүгээрт гэмт хэргийн бүрэлдэхүүн, ангиллын онол 100 хувь өөрчлөгдлөө. Социализмын үеийн гэмт хэргийн жагсаалтуудыг өөрчилж, зах зээлд чөлөөтэй шилжсэн орнуудын жишиг рүү нэлээд ойртсон. Хоёрдугаарт бүтэц, гуравдугаарт ялын бодлого 100 хувь өөрчлөгдсөн. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуулийг дагаж гарсан 20 гаруй хуульд шинэ Эрүүгийн хуулийн концепциудыг нэмж оруулаагүй байна.
-Эрүүгийн хуулийг хэрэглэдэг 5000 гаруй хүн байгаа гэдэг. Шинэ Эрүүгийн хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах явцад хамгийн их мэдээлэл авч, харьцуулж судалсан, судалсан байх ёстой хүмүүс нь энэ хуульч нар. Гэтэл одоо дахиад бүтэн жил хуульчдад сургалт явуулж, шинэ Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангана гэж байна.
-Шинэ Эрүүгийн хууль хэвлэгдээд гарчихсан. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, өмгөөлөгч, шүүгч, прокурорууд энэ хуультай бүхэлд нь танилцсан байгаа. Хамгийн хүндрэлтэй нь онол нь өөрчлөгдсөн учраас хуучин онолоор энэ хуулийг хэрэглэхгүй. Эрүүгийн эрх зүйн хуучин онолоор эрүүгийн шинэ хуулийг хэрэглэх боломжгүй гэсэн санаа. Хуучин объект, субъект, объектив тал, субъектив тал гэж хэрэглэдэг зүйлс өөрчлөгдчихлөө. Бас ялыг яаж, ямар нөхцөлд оногдуулах вэ, нөхцөлөө яаж сонгох вэ гэдэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг эцэслэн батлаагүй байна.
-Ёсчлоогүй хуулийг мөрдөх боломж байдаг уу?
-Эрүүгийн хуулийг шууд мөрдөөд, одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зохих өөрчлөлтийг түр оруулаад хэрэглэх боломж бол байсан. Хууль хойшлох нь эвгүй үр дагавартай. Хууль хойшлох максимум хугацаа 2017 оны дөрөвдүгээр сарын 1 гэж би хэлэх гээд байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг яаралтай гаргаж, дагалдах 20 хуулиа өөрчлөөд, 30 гаруй журмыг батлах шаардлагатай. Хуулийг баталснаас нь хойш хоёр жилийн дараа мөрдөж байсан түүх Монголд байхгүй.
-Эрүүгийн эрх зүйн хуучин онол гэж та юуг хэлээд байна вэ. Юу нь болохоо байсан юм?
-Шинэ Эрүүгийн хууль бол цоо шинэ онолоор хийгдсэн хууль гэж түрүүн хэлсэн. Бид гэмт хэргийн дөрвөн бүрэлдэхүүний онолыг ярихаар Баруун Европын 28 орон, Европын өндөр хөгжилтэй орны хуульч нар ойлгодоггүй. Социализмын үеийн, Вышинскийн онол гээд байдаг. 2002 оны Эрүүгийн хууль социалист бус агуулгатай хууль байсан. Гэхдээ л онол нь социалист байсан байхгүй юу. Тийм учраас хугацаа алдахгүй хэрэгжүүлээд, алдаа онооны хажуугаар сургалтуудаа зохион байгуулаад явъя гэж байгаа юм.

-Засгийн газар 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөнө гэсэн. Та бол хугацааг наашлуулах санал хэллээ. Өршөөлийн хууль онцлогтой учраас маш хурдан хэлэлцүүлж, батлаад мөрддөг. Үүнтэй адил Эрүүгийн хуулиас олон үйлдлийг зөрчилд тооцохоор байгаа. Өөрөөр хэлбэл, ингэж удаах нь нийгэмд аюултай юу?
-Надад бол хоёр хувилбар байна. Эхнийх нь Эрүүгийн хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс шууд хэрэгжүүлээд, дагалдаж гарах хуулиудыг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх. Хоёр дахь нь, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулиа үйлчлүүлээд, бусад хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс үйлчлүүлэх. Онолын хувьд аливаа хуулийг батлагдсан цагаас нь хойш нэг жилийн дотор дагаж мөрддөг. Эрүүгийн хуулийн тухайд 2015 оны арванхоёрдугаар сард батлагдаад 2017 оны долдугаар сард мөрдөнө гэвэл эрх зүйн зөрчил үүсээд байгаа юм. Сургалтыг гурван сарын дотор явуулаад ирэх жил шууд мөрдөх, эсвэл бүх хуулиа батлаад дөрөвдүгээр сард зэрэг мөрдөх хэрэгтэй байх. Шинэ Эрүүгийн хууль батлагдсанаараа нийгэмд маш их хүлээлт үүсгэсэн байгаа. Шүүхийн практикт гэхэд өмгөөлөгч, шүүгч, мөрдөн байцаагч, прокурорууд хуулийг судлаад, зохих хэмжээний бэлтгэл хангагдаад эхэлчихсэн байгаа. Онолын хувьд хууль батлагдсан гэдгээрээ эрх зүйн орчин үүссэн гэж үздэг. Эрх зүйн орчин нь шинэ, практик нь хуучин учраас сэтгэлгээний болон хууль хэрэглээний зөрчил үүсдэг. Үүнээс үүдээд ялын бодлого тогтворгүй болдог. Нэг талаар хорих ангид ял эдэлж энэ хуулийг хүлээж байсан хүмүүсийн хувьд сэтгэл зүйн асар их дарамт үүслээ. Нөгөө талаар сургалт хангалтгүй явагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад гэвэл эрүүгийн эрх зүйг шууд хэрэглэж харилцдаг 5000 гаруй хүнээс 1000 гаруй хүнд л сургалтыг хагас дутуу явуулсан байна. Сургалт зайлшгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Сургалт хийнэ гээд бүтэн жил алдсан. Алдсаны хариуцлагыг Засгийн газар болон хариуцсан хүмүүс хүлээх ёстой. Сургалт алдчихаад дахиад жил орчим сургалт явуулна гэдэг байж болохгүй. Цаашлаад хуулийг татаж авах, хэрэгжүүлэхийг болиулах эрсдэл ч үүсч мэдэхээр байна. Ингэж бүтэн жил хойшлуулбал энэ ач холбогдлоо шууд алдана.
-Энэ хуулийг энгийн иргэд мэдэх, судлах шаардлагатай юу?
-Хуучин ойлголтоор Эрүүгийн хууль бол хуульчдад зориулсан тусгай хууль байсан. Орчин үеийн хандлагаар бол иргэн бүрийн мэдэх ёстой суурь хууль. Ерөөсөө суурь гурван хууль байдаг гэж үздэг. Нэгдүгээрт, нийгмийн харилцааны суурь бүтцийг тодорхойлсон Үндсэн хууль. Хоёрдугаарт, нийгмийн харилцаанд оролцогчдын өдөр тутмын харилцааг зохицуулдаг Иргэний хууль. Гуравдугаарт, нийгмийн харилцааг ямар нэгэн халдлагаас хамгаалдаг суурь хууль нь Эрүүгийн хууль байхгүй юу. Тэр утгаараа Эрүүгийн хууль иргэн бүрийн ширээн дээр байх ёстой гэж би үздэг. Тийм учраас хэвлэгдээд гарчихсан энэ хуулийг даруй мөрдөж, үнэт зүйл, ач холбогдлыг нь бууруулахгүй байх учиртай.
-Та шинэ Эрүүгийн хуулиар харьцуулсан судалгаа бас хийсэн. 2002 оны Эрүүгийн хуулиас ямар дэвшилттэй зүйл 2015 оны Эрүүгийн хуульд орж ирэв ээ?
-2015 оны Эрүүгийн хууль бол 2002 оныхтой харьцуулахад суурь, бүтэц, онол, тогтолцоогоороо өөрчлөгдсөн. Ийм шинэ хууль учраас онолын, практикийн, хэрэглээний ач холбогдолтой. Дэлхийн зах зээл хөгжсөн орнуудын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хэрэглэдэг гэмт хэргийн бүрэлдэхүүний онол яг тэр жишгийн дагуу өөрчлөгдсөн. Хуучин бол социализмын үеийн дөрвөн элемэнт бүхий онолоор зүйлчилж байсан. Хоёрдугаарт, гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилж байсныг өөрчилсөн. Ангилалтай байх нь ангиллыг дагасан ялын тогтолцоог бий болгодог. Энэ нь шүүгчийг ухаалаг зөв шийдвэр гаргахад баригдмал болгодог. Одоо бол гэмт хэргээс учирсан хохирол, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн шударга ёс сэргээгдсэн байдлыг харгалзаж ялыг оноодог хандлага руу орж ирж байна. Сүүлийн 20 орчим жил Монголд оногдуулсан ялын 75-80 хувь нь хорих ял байсан. Одоо шинэ хуулиар хорих ялын хэрэглээ мэдэгдэхүйц хязгаарлагдаж байгаа. Хорих ялын эзлэх хувийн жин 50-аас дээшгүй байдалтай болно. Хоёрдугаарт, хорих ялын дээд доод хэмжээ ойртож 5-8 жил, 3-5 жил, 2-3 жил байсныг 5-15 жил, 10-25 жил болгож холдуулсан. Ингэснээр шүүгч сонголттой болж байна. Мөн ял оноохоос өмнө тэнсч болдог. Ялын хугацаа, сонголтыг доош нь татаж болдог боллоо. Өмнө нь ялын доод хэмжээ нэг жил, дээд тал нь 30 жил, цаазын ялтай байсан. Шинэ хуулиар доод ял 7 хоног, дээд хэмжээ 25 жил болж, цаазын ялгүй болсон. Албадан ажил хийлгэдэг байдлыг дэлхийн олон орон хориглосон учраас манайх бас хуулиасаа хасч нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх, сургалт, хөтөлбөрт хамруулахаар шийтгэдэг боллоо. Хүүхдээ хүчирхийлдэг аавыг 5-10 жил хориход гарч ирээд хүчирхийлэл үйлдээд эхэлдэг. Үүний оронд өнчин, ядуусын газар асрагчаар ажиллуулбал зан байдал нь засрана шүү дээ. Сүүлийн 20 жилийн дунджаар авч үзэхэд шоронд ял эдлээд гарч ирсэн хүмүүсийн 45-47 хувь нь буцаж шоронд ордог. Ял ийм үр нөлөөгүй байсныг шинэ хуулиар засч хорихоос өөр төрлийн ялын сонголтыг нэмлээ.

-Хуулийн үйлчлэх хугацаа наашлах тусам эерэг үр дагавар нь дээшлэх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Бид 2013 онд хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа “Энэ ондоо багтааж шоронжсон эрүүгийн эрх зүйн дэглэмийг зогсоохгүй бол цаашдаа аюул учирлаа” гэж дүгнэлт хийж байсан. Гадаадын улсад шүүхээр шийдсэн хэрэгт хорих ялын эзлэх хэмжээ 35-аас дээш болох юм бол онцгой байдал тогтоодог байхгүй юу. Гэтэл манайх шүүхийн ялын хорих ялын хэмжээ 75 хувь нь 85 хувь болсон байсан. Шоронд хийсэн хүмүүсийн 47 хувь нь эргэж шорондоо ордог аймшигтай нөхцөл байдал үүссэн байсан. Энэ байдал дахиад үргэлжлэх тусам л муу. Эрүүгийн эрх зүй хамгийн энэрэнгүй байх ёстой.
-Хуулийг хойшлуулсан бас нэг шалтгааныг улс төртэй холбож тайлбарлаж байгааг та хэвлэлээс уншсан байх. Ялтайд тооцох хугацаа зэргийг хуулиас хассантай холбож?
-Уншсан. Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлбэл ялтайд тооцох энэ ойлголт байхгүй болно. Энэ нь хүнийг гэм бурууд нь нэг л удаа яллана гэдэг зарчим. Одоогийн хуулиар найман жил хорих ял эдлээд гараад ирсэн хүн дараагийн 5-8 жил ялтайд тооцогддог. Социалист системээс улбаатай, хүний эрхэнд маш харш энэ зарчим манайд хэрэглэгддэг. Сүүлийн үед улс төртэй холбож байгаа Н.Энхбаяр гуайн асуудал үүнтэй холбоотойг үгүйсгэхгүй. Нэмж хэлэхэд, эрх зүйн өндөр хөгжилтэй орнуудад гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, давтан гэмт хэрэг зэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцдоггүй юм байна. Ерөөсөө л 800-850 төрлийн гэмт хэргийг шинжээр нь детальчилж зүйлчилдэг. Тэрүүгээрээ л шийддэг юм байна. Тэрнээс манайх шиг гэмт хэрэг бүрийн ард хүндрүүлэх бүрэлдэхүүн заадаггүй. Шинэ хуулиар “Чи өмнө нь ял шийтгүүлсэн байна” гээд ялыг нь хүндрүүлдэг байдал үгүй болно.
-Эрүүгийн хуульд байсан ямар үйлдлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан бэ?
-2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцож байсан гүтгэх, доромжлох, танхайрах, захиргааны журам зөрчих зэрэг 20 гаруй хэргийг зөрчилд тооцож байна. Эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан зүйлд халдаж байгаа үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн зөрчил гэж хоёр хуваадаг. Тэр зөрчлүүдийг жагсаагаад 250 гаруй хуульд байсан зөрчлийг нэг мөр тодорхойллоо. Мөн Эрүүгийн хуульд байхгүй байсан 30 гаруй үйлдлийг нэмж тусгасан байдаг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх. Хуучин гэр бүлийн хүрээнд, ёс суртахууны хүрээнд үйлдсэн гэмт үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Эхнэр нөхөр хоорондоо маргалдсанаас үүдэж нэгнээ сэтгэл санааны дарамтад оруулсан, хүчирхийлсэн шинжтэй үйлдэлд цагдаа дуудахаар, “Гэр бүлийн дотоод асуудал” гээд тоодоггүй байсан. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор боллоо. Ингэснээр хүний сэтгэл санаа амар тайван байх, бие, эрүүл мэнд бүрэн бүтэн байх 40 гаруй заалтыг шинэ Эрүүгийн хуульд оруулж, иргэнийг хамгааллаа. Дээр нь шинэ төрлийн гэмт хэргүүд, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, компьютер кибер гэмт хэргийг задалж оруулсан. Бас нэг дэвшил нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээгээд, хохирогчтой эвлэрээд, хохирлоо 100 хувь төлсөн бол ял эдлэхгүй байхаар заасан.
-Бас хууль зөрчсөн аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцдог боллоо.
-Хуулийн этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллагыг хэлдэг. Хуулийн этгээд гэмт хэргийн субъект болж орж ирж байгаа. Хүн наймаалцсан, хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан, мөнгө угаасан зэрэг 40 гаруй гэмт хэргийг хуулийн этгээдэд хамааруулж оруулсан. Торгох, татан буулгах зэрэг ялын хариуцлага хуульд орсон. Энэ дээр бизнес эрхлэгчид нэлээд эмзэглэдэг юм билээ. Замбараагүй, хуулийг буруу ойлгодог, байгаль орчныг бохирдуулдаг, хөдөлмөр хамгааллыг зөрчдөг аж ахуйн нэгжүүдийг хариуцлагын тогтолцоонд оруулахад шинэ Эрүүгийн хууль шинэ үзэгдэл боллоо.
-Захиргааны хариуцлага руу, эрүүгийн ял шийтгэл рүү хууль хооронд гулгуулж болдог хэчнээн давхардал, хийдэл энэ хуулийн өөрчлөлтөөр арилсан бэ?
-Эрүүгийн хууль дотор өмнө нь 50 гаруй давхардсан зөрчил, гэмт хэрэг байсан. Яг адилхан бичигдээд зөрчил рүү ч, гэмт хэрэг рүү ч гулгуулах боломжтой. Зааг ялгааг нь тодотгож хуульд бичсэн нь маш том дэвшил. Хоёрдугаарт, эрүү шүүлт тулгах, хууль бусаар хорьж мөрдөх, хэргийг тулган хүлээлгэх, дарамт шахалт үзүүлэх зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн сөрөг нөлөө шинэ Эрүүгийн хуулийг дагаад ариллаа.

-Хоёулаа, шинэ Эрүүгийн хуулийн дэвшилттэй талыг тоочиж ярилцлаа. Одоо та зөрчилтэй зүйлүүдийг нь судлаачийн хувиар дурдвал ямар вэ?
-Энэ хууль хоёр Засгийн газар дамнаж батлагдсан. Аливаа хууль төгс гардаггүй. Шинэ Эрүүгийн хууль харьцангуй хийдэл багатай. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэгт тооцож болох үйлдлийг захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудаар тайлбарлаж болох тухай заалтууд бас байна. Тэр нь эрүүгийн эрх зүйд харшлах зөрчилдөөн. Нөгөө талаар монгол ёс заншилд нийцэхгүй зүйлүүд байна. Жишээлбэл, орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орох, хүүхэдтэй зүй бус харилцахтай холбоотой гэмт хэргүүд байна. Дэлхийн эрүүгийн загвар хуулийн жагсаалтыг хуулж оруулсан нь үндэсний зарим онцлогт нийцэхгүй боллоо. Мөн булаалтыг гэмт хэргээс хассан. Нөгөө талаар авлига, хүн худалдаалах, бэлэгсийн гэмт хэргийн ялын бодлого дэлхийн хандлагатай харьцуулахад харьцангуй хөнгөн орсон байна. Нөгөө талаар, энэ хуулиар хэрэг зүйлчлэхэд хүндрэл үүсэхээр байна. Гэмт хэргийн ангилал, хохирол үгүй болохоор шүүгч нарт өмнө хайрцаглагдсан сэтгэлгээнээс гарахад хүндрэлтэй. Торгох ялыг нэгж гэдэг ойлголт руу оруулсан нь учир дутагдалтай болсон. Нэгж бол common law буюу Английн загвар л даа. Манайх бол эх газрын системээр явдаг орон. Баруун Европын ихэнх орон 7 хоногийн дундаж орлогоор хохирол тооцдог болсон.
-Хавар эмч нар жагсаал хийж “Эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нараа шорон руу явуулах хууль боллоо” гэсэн. Сонгуулийн өмнө Ц.Нямдорж гишүүн шинэ Эрүүгийн хууль дахь эмчийн хариуцлагатай холбоотой хэсгийг хуучнаар нь буцаах хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Эрүүл мэндийн салбар бол хуулийн салбартай адилхан. Хуулийн салбарынхан нийгмийг нийгмийн халдварт өвчин буюу гэмт үйлдлээс хамгаалахад чиглэсэн эмч нар. Эрүүл мэндийн салбар бол хүний бие, эрүүл мэндийг хамгаалдаг улсууд. Эмч нарыг хариуцлагажуулсан нь зайлшгүй бөгөөд дэлхий нийтийн хандлагатай харьцуулахад байж болох л зүйл. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийг эмч нарын шахалтаар дахин өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Үүгээрээ эмч нарыг хэлмэгдүүлэх гэсэн оролдлого огт биш. Эмч нар Эрүүл мэндийн тухай, Эмчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиа яаралтай шинэчлэн гаргуулах ёстой. Ер нь миний тооцоогоор 150 гаруй хууль Эрүүгийн хуультай шууд болон шууд бусаар холбогдсон байдаг. Тэр хуулиудыг Эрүүгийн хуультай нийцүүлж гаргасан цагт Эрүүгийн хууль бүрэн амьдрах боломжтой.
-Сүүлийн асуулт. Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөөд эхэлбэл 2000 гаруй хүн суллагдана гэсэн тоо сонссон. Энэ хуулийг яг хэдэн хүн хүлээж байна вэ?
-Нэгт, Эрүүгийн хуулийг хэрэглэдэг 5000 орчим хүн энэ хуулийг яаралтай гаргахыг хүлээж байгаа гэдэгт би итгэж байна. Өргөн утгаараа, Монголын гурван сая иргэн хүлээж байгаа. Энэ хууль миний гэр бүлийг цагдаа хамгаалсан шиг хамгаалах цаг хэзээ ирэх вэ, миний ёс суртахуунд дарамт шахалт үзүүлж байгаа, намайг стресстүүлж байгаа бухимдлыг маань эрүүгийн эрх зүйгээр хэзээ зогсоох вэ, татвараар дарамталдаг төрийн албаны дарамт шахалтаас хэзээ намайг хамгаалах вэ гээд хүлээж байгаа. Тэр утгаараа хойшлуулах ямар ч аргагүй хууль байхгүй юу.
Гэрэл зургийг Э.ГАНЗОРИГ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн