Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Б.Баярдаваа: Хэрвээ тийм шийдвэр гаргавал бодлогын хүүг дахиад өсгөнө

​Б.Баярдаваа: Хэрвээ тийм шийдвэр гаргавал бодлогын хүүг дахиад өсгөнө
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 9
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2017-2019 онд инфляцийг найман хувьд барих зорилтыг 6 болгож бууруулах санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Монголбанк болон ОУВС-ийн тооцооллоор 2018 оны эхээр инфляци 7 орчим хувьд хүрэхээр байгаа. Тэгэхээр инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулж байгаа бол Монголбанк ирэх оны сүүлээр бодлогын хүүгээ дахин өсгөх болж таарна” гэлээ.
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан горимын санал гаргасан юм. Тэрээр инфляцийн зорилтыг 6 хувиар хязгаарлах тухай санал нь эдийн засгийн идэвхжлээ хязгаарлах, Төв банкны бодлогын орон зайг хумьсан шийдвэр болж байгаа тул уг санал хураалтыг хүчингүй болгох талаар санал гаргалаа. Гэсэн ч байнгын хороонд оролцсон гишүүдийн олонхи нь горимын саналыг дэмжсэнгүй.
Хэрвээ байнгын хорооны саналыг УИХ-аар дэмжвэл Монголбанк Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2017-2019 онд 6 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээх юм.
Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын төсөлдөө хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг 2017-2019 онд 8 хувиас ихгүй төвшинд барина хэмээн тусгасан. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед мөнгөний бодлогоор эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж буй. Тийм учраас инфляцийн зорилтыг 6 хувь болгож бууруулсан нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих орон зайг хязгаарласан шийдвэр болж байна. Өөрөөр хэлбэл, инфляци 6-аас дээш хувь руу гарсан тохиолдолд Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөр аргагүй болно.
Монголбанк өнгөрсөн наймдугаар сард эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бодлогын хүүг 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж, 15 хувь болгосон билээ. Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн дөрөвдүгээр улирлын ээлжит хурал ирэх сарын 16-нд болох тов гарсан. Уг хурлаар бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд байгаа юм. Харин ирэх оны мөнгөний бодлогод инфляцийн төвшинг 6 хувь руу бууруулбал бодлогын хүүг дахин өсгөх нөхцөл бүрдэнэ гэдгийг Монголбанкныхан анхаарууллаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн