“Бизнесмэн ярьж байна” буландаа энэ удаа Олон улсын тээвэр зуучийн “Интердесижн” компанийн Гадаад харилцаа, бизнес хөгжил эрхэлсэн захирал Ц.Баянмөнхийг урьж оролцууллаа.
-“Интердесижн” компани олон улсын тээвэр зуучийн үйлчилгээгээр улсдаа тэргүүлэх хэмжээнд бичигддэг. Юу танай компанийг энэ хэмжээнд хүргэв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө itoim-ын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани 2007 онд байгуулагдсанаасаа хойш арав дахь жилдээ олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагчиддаа эрсдэлгүй найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Харин бусад компаниас ялгарах давуу тал найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ. Хамгийн гол нь “Интердесижн”-д Монголын номер нэг терминал бий. Бид харилцагчийнхаа ачааг дэлхийн хаанаас ч агаарын болон далайн тээврээр, төмөр замаар, авто тээврээр найдвартай хүргэх хэмжээнд туршлагажсан. Тээвэр зуучийн чиглэлээр дэлхийн олон оронтой хамтарч ирсэн Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэдгээрээ бахархдаг.
-Харилцагч байгууллагууд тээвэр зуучийн компанид ямар шаардлага тавьж, юу хүсдэг вэ?
-Манай экспорт, импортын худалдаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдүүд эхэн үедээ хямд үнээр тээврээ гүйцэтгүүлэх компанийг сонгодог байсан. Гэтэл эдгээр олон улсын худалдаа эрхэлдэг компаниудаас бизнесийн хууль, шаардлагыг хангасан үндэсний хэмжээний томоохон компаниуд шалгарч үлдлээ. Энэ шалгарч үлдсэн компаниудаас хямд үнээс гадна үйлчилгээний чанар, хугацааг илүү ихээр шаардах болжээ. Эдгээр компаниуд эрсдэл дээр маш сайн дүн шинжилгээ хийж, урт хугацааны түншлэлийг бизнесийн гол зарчмаа болгон ажиллаж байгаа нь Монгол Улсад бизнесийн соёл ямар хурдан хөгжиж байгааг харуулж байна. Бид ч энэхүү шаардлагыг ханган эрсдэлгүй найдвартай үйлчилгээ үзүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.
-Эрсдэл гэдгээ нарийн тайлбарлахгүй юу?
-Жишээ нь, АНУ-аас Улаанбаатарт нэг контайнер тахианы мах оруулж ирэхэд тухайн тахианы махыг муутгахгүй оруулж ирэхэд шаардагдах эрсдэлийг нарийн тооцох ёстой. Нэгдүгээрт, тахианы мах муудахгүй байх найдвартай хөргөгч контейнерийг сонгох ёстой. Хоёрдугаарт, тухайн ачааг хамгийн богино хугацаанд бидний сонгосон боомтод авчрах ёстой. Эдгээр хоёр эрсдэлийг тооцвол үнийн маш том ялгаа гарна. Хэрэв олон жил ашигласан хямд контайнер үйлдвэрлэдэг компанийг сонговол үнийн хувьд хямд боловч эрсдэл маш өндөр. Эсрэгээрээ найдвартай компанийн чанартай контайнэрийг сонговол үнэтэй боловч эрсдэлгүй. Хугацааны хувьд, ямар компанийн усан онгоц АНУ-аас Ази руу хамгийн хурдан тээвэрлэлт хийж байгааг тооцох чухал. Хамгийн чухал нь тухайн усан онгоц болон ачааны маш сайн даатгалтай байх нь бидний нэг шалгуур болдог. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи тээвэр зуучийн компани хямд үйлчилгээ үзүүлэхийг гол мөрдлөгөө болгодог. Энэ нь цаанаа миний дээр дурьдсан эрсдэлүүдийг бий болгож байдаг. Хэдийгээр бүх компани тээвэр гүйцэтгүүлэх гэрээндээ эрсдэлийг аль тал нь үүрэх талаар тусгаж өгдөг боловч энэ нь бодит байдал хэрэгжилт муутай байдаг.
-Яагаад хэрэгжилт муутай байдаг гэж?
-Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Манайд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэлээдгүй нь гаднын тээвэр зуучийн компаниудын төлөөлөгч хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тухайн гаднын компанийн толгой компани болон Монголд байгаа төлөөлөгч компани хоёрын хоорондын эрх зүйн харилцаа тодорхойгүй байдаг. Энэхүү гаднын компани нь хямд үнэ санал болгохын тулд дээр дурьдсан тээврийн найдваргүй контайнер, даатгалгүй компаниудыг сонгох нь бий. Мөн дээрээс нь гаднын толгой компани ашгийн ихэнхи хувийг авч, цөөхөн хувийг Монголын төлөөлөгч талдаа өгдөг. Энэ нь Монголын талд татвар бага төлөгдөхөөс гадна бүх эрсдэлийг Монголын төлөөлөгч нь үүрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Гэхдээ манай томоохон компаниуд мэдээлэлд ойр байж, баталгаатай, эрсдэл үүрэх чадвартай компанийг сонгон үйлчлүүлж байгаа нь бидний хувьд давуу тал болж байна.
-Гаднын компаниуд өөрийн салбарыг Монголд байгуулж болдоггүй юм уу?
-Нэгдүгээрт, Монголд гаднын хөрөнгө оруулалттай компани байгуулахад их хэмжээний хөрөнгө байршуулах шаардлагатай. Хоёрдугаарт, эрсдэл ихтэй учир Монголын талд эрсдэлээ үүрүүлж, ашгийг өөрсдөдөө авах зорилго бүхий өөрт хамааралгүй компанийг байгуулах нь тэдэнд ашигтай.
-Одоо бүгдээрээ танай терминалын үйл ажиллагаатай танилцъя. Та терминалынхаа талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач?
-Манай терминал 12144 ам метр бетонон талбай бүхий гаалийн хяналтын бүстэй. Бид компанийн цаашдын эдийн засгийн өгөөжөө харж, дэд бүтэцдээ маш их хөрөнгө оруулалт хийсэн. Жишээлбэл, манайд Монголд гуравхан байдаг 50 тоннын даацтай гүүрэн кран бий. Ийм кран Улаанбаатарт хоёр, “Эрдэнэт” үйлдвэрт нэг байдаг. Мөн 600 чингэлэг хүлээн авах багтаамжтай. Түүнчлэн 32 вагон хүлээн авах чадалтай гурван салаа төмөр замтай. Гаалийн баталгаат болон түр агуулах бий.
-Тээвэр зуучийн компанид гаалийн баталгаат агуулах маш чухал. Агуулахын багтаамж, төрлөөсөө танилцуулаач?
-Манай агуулах ложистикийн терминал нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.3 га талбайтай. Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс дөрвөн км зайд байрладаг. Үйлчлүүлэгчид ачаа нь ирсэн үед төлбөрөө хараахан бүрдүүлж амжаагүй бол бид таны барааг гаалийн баталгаат агуулахдаа найдвартай хадгална. Манай баталгаат агуулах 2012 ам метр. Мөн бид халуун болон хүйтэн агуулахтай. Манай агуулахууд галын аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад бүрэн нийцсэнээс гадна 24 цагийн харуул хамгаалалттай. Үйлчлүүлэгчиддээ ложистиктой холбоотой бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн агуулахуудыг барьж байгуулаад байна. Энэ жил л гэхэд олон улсын стандартад нийцсэн мах болон жимсний хөргүүртэй агуулахыг барьж дуусгахаар ажиллаж байна.
-Гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй юм байна. Ямар үйлчилгээ тэндээс авч болох вэ?
-Бид үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүндрэлгүй, түргэн шуурхай явуулахын тулд гаалийн нэг цэгийг үйлчилгээ нээсэн нь харилцагчдын талархлыг хүлээж байгаа. Энд ирээд хэрэглэгч зөвхөн захиалгаа л өгнө. Бид гаалийн бүрдүүлэлт, үнэлгээг хийх боломжтойгоос гадна мэргэжлийн хяналтын байгууллагын үйлчилгээг эндээс авах боломжийг олгосон. Түүнчлэн банкны үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой.