Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

С.Баянжаргал: Ууж, идэж байгаа зүйлээрээ бөөрний өвчлөлөө намжаах боломжтой

С.Баянжаргал: Ууж, идэж байгаа зүйлээрээ бөөрний өвчлөлөө намжаах боломжтой
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 30
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хэрэглээний хоолзүйч С.Баянжаргалын бэлтгэсэн бөөрний өвчтэй хүмүүсийн хэрэглэхэд тохиромжтой хоол, шим тэжээлийн талаарх зөвлөгөөг хүргэж байна. 
                                                 Бөөрний өвчний үеийн хоол, шим тэжээл 
Бөөр нь шош хэлбэртэй гөлгөр гадаргуутай, улаан өнгөтэй, дунжаар 9-11см урттай, 5-6 см өргөн, 150-200 г жинтэй маш их цусан хангамжтай цуллаг эрхтэн юм. Бөөр нь биемахбодид дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
  • Ялгаруулах /шээс, шээсний хүчил, азотын үлдэгдэл, натри, кали, кальци, фосфор, хлор/
  • Зохицуулах /ус, натри, кали, ус төрөгч, магни/
  • Бодисын солилцоо /цус төлжүүлэх үйл ажиллагааг дэмжих, Д аминдэмийг идэвхижүүлэх/
Бөөрний өвчний үеийн хоол шим тэжээлийн эмчилгээ. Таны ууж, идэж байгаа зүйлс таны бөөрний өвчлөлийг бууруулах боломжтой. Хүрэлцэхүйц хэмжээний илчлэг агуулсан, уураг, эрдэс бодисыг зохицуулж хооллох нь чухал.
Хоол эмчилгээний зорилго нь:
-Бөөрний ачааллыг хөнгөлөх
-Бөөрний үйл ажиллагааг дэмжих
-Шээсний хордлогоос сэргийлэх
-Хаван үүсэхээс сэргийлэх
-Үрэвслийг намдаах
-Хүрэлцээтэй шим тэжээлээр хангах
-Хүчил шүлтийг хянаж зохицуулах
-Бусад хүндрэлийг бууруулахад туслана.
Бөөрний өвчний үеийн хооллох зарчим. Таны өвчний онош, үе шат, хавсарсан өвчин зэргээс хамаарч хооллох зарчим ялгаатай боловч үндсэндээ хоолны давс, уураг, шингэн, калийн хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй.
  • Илчлэг тодорхойлох: Хоногт авах илчлэгийн хэрэгцээ нь хүн бүрт өөр өөр байдаг. Өдөр бүр илчлэгийг тохиромжтой хэмжээгээр хэрэглэх нь жин нэмэгдэх болон алдагдахаас сэргийлдэг. Та өөрийн өдөрт хэрэглэх илчлэгийн хэрэглээг тооцоод үзээрэй. Байх ёстой жин (БЁЖ)=Өндөр (м2) х 22, Хоногийн илчлэг(ХИ)=БЁЖ(кг) х 30-35ккал
  • Уураг хянах: Хүний биед уураг боловсроход шээсээр азот ялгардаг ба энэ хаягдал нь бөөрөөр гадагшилдаг. Уураглаг бүтээгдэхүүн ихээр хэрэглэхэд биед хэрэггүй бодис хуримтлагдаж, хордлогын шинж хурцдан бөөрний ачааллыг ихэсгэдэг. Тиймээс хоногт 35-40г\өдөр хэмжээний уураг хэрэглэвэл зохино. Хэрэв цусан дахь шээсний азотын хэмжээ нэмэгдвэл уургийг 20г\өдөр хүртэл хязгаарлана. Бөөрний өвчний үед амьтаны гаралтай уургийн хэрэглээг багасгах ургамлын гаралтай уургаар орлуулах нь хордлого бууруулах, бөөрний ачааллыг хөнгөвчлөхөд тустай. Амьтны гаралтай уураг /Мал, гахай, тахианы мах, Өндөг, Сүү, тараг, бяслаг гэх мэт сүү, сүүн бүтээгдэхүүн, Загас, Хиам, зайдас/ Ургамлын гаралтай уураг /Шош, буурцаг, вандуй, сэвэг зарам, Шар буурцгийн сүү, дүфү зэрэг шар буурцгийн бүтээгдэхүүн, Төрөл бүрийн самар, Наранцэцгийн үр/
  • Өөх тос: Хоногийн өөх тосны хэрэглээг тооцохдоо хэрэв жингийн алдагдалтай бол нийт илчлэгийн (ХИ) <30%-ийг, жингийн илүүдэлтэй бол 10%-ийг өөх тосноос авахаар тооцоолно. Холестерины хэмжээг <200 мг байлгах хэрэгтэй. Бөөрний дутагдалаас шалтгаалан хордлогод орох, хэт уураг хязгаарласнаас жин алдагдах тохиолдолд өөх тосыг хоногт 30г-аас доошгүй хэрэглэнэ.
  • Натри хянах (Давс): Бөөрний нэгэн чухал үүрэг нь натрийг бие махбодоос шүүж шээсээр гадагшлуулдаг. Өвчилсөн бөөр эрүүл бөөртэй адил сайн шүүж чадахгүй. Натрийг их хэмжээгээр хэрэглэх нь бөөрний ачааллыг нэмэхээс гадна ам цангах, хаван үүсэхэд хүргэдэг. Натри нь хоолны давсанд их хэмжээгээр байх ба дараах бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг. Үүнд: Нөөшилсөн бүтээгдэхүүн, Утсан мах, гахайн утсан мах, хиам зэрэг дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн, Чипс, давсалсан жигнэмэг,самар зэрэг давсалсан бүтээгдэхүүн гэх мэт.
Шинэ хүнс худалдан авч хэрэглэж байх, хоолны давсыг хоол хийж дууссаны дараа бага зэрэг тохируулан хийх, цайг давсгүй хэрэглэх, түргэн хоол, нөөшилсөн бүтээгдэхүүн, дахин боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг нь давс ихээр агуулдаг учраас эдгээр хүнснээс татгалзах, хоногийн давсны хэрэглээ 1,5-2 г байлгах хэрэгтэй.
  • Шингэний хэрэглээ: Бөөрний ус боловсруулах чадвар суларсантай холбоотойгоор хэт их ус хэрэглэснээс хаван үүсэх, ус бага хэрэглэсний улмаас усгүйжих аюултай. Шээсний гарц бага, хаван ихтэй үед хоногийн шингэний хэмжээг урьд өдөр ялгарсан шээсний хэмжээнээс 400-500 мл илүү шингэнийг тооцож хэрэглэнэ. Үрэвслийн улмаас өндөр халуунтай хордлого ихтэй болон бөөрний чулуутай хүмүүст шингэн уухыг зөвөлнө. Шингэнд ганц ус биш шүүс, мөхөөлдөс, сүү, шөл, ундаа зэрэг шингэн хоол хүнс багтана. Мөн орой 17 цагаас хойш шингэн бага уух хэрэгтэй.
  • Калийг хянах: Кали нь хоол хүнсэнд агуулагддаг өөр нэгэн чухал эрдэс бодис юм. Кали нь булчин болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Цусан дахь калийн хэмжээ хэт багасах, ихсэх нь маш аюултай. Өвчилсөн бөөр нь калийг хангалттай цэвэрлэж чадахгүй тул калийн хэрэглээг хянах хэрэгтэй. Цусан дахь калийн хэмжээ хэвийн үед кали хязгаарлах хэрэггүй. Кали бага агуулсан жимс, хүнсний ногоо Жимс: Алим, алимны шүүс, чангаанз (нөөшилсөн), жимсгэнэ, аньсны шүүс, жимсний коктейл, усан үзэм, усан үзмийн шүүс, амтат гуа, нимбэг, тоор, чавга, лийр, хан боргоцой, тарвас, мандарин Хүнсний ногоо: Амтат чинжүү, брокколи байцаа, байцаа, лууван, цэцэгт байцаа, цоохор майлз, сонгино, эрдэнэ шиш, өргөст хэмх, чэс, буржгар байцаа, ногоон сонгино, мөөг Кали их агуулсан жимс, хүнсний ногоо Жимс: Киви, чангаанз (шинэ), банана, хар чавга, жүрж, жүржийн шүүс, үзэм Хүнсний ногоо: Брокколи (чанасан), төмс, манжин, бууцай, амтат төмс, ногооны шүүс, улаан лооль, лоолийн шүүс, хүрэн манжин, халуун чинжүү,
Хальстай түүхий эдийг хальслах, тухайн хүнсний түүхий эдийг хэмжээнээс нь 4-5 дахин их усанд 2 цаг байлгаад цэвэр усаар сайтар зайлж хэрэглэнэ. Мөн буцалсан усанд дүрж авсны дараа хэд хэдэн удаа зайлаад хоол хийж болно.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн