Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Бат-Өлзий: Хүүхдийн ханиад, томууг дутуу эмчилснээс олон архаг өвчин үүсдэг

Б.Бат-Өлзий: Хүүхдийн ханиад, томууг дутуу эмчилснээс олон архаг өвчин үүсдэг
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 18
Өсвөр насны хүүхдийн онцлог болоод тэдний эрүүл мэндэд тулгардаг асуудлын талаар “Юнимед” эмнэлгийн хүүхдийн эмч, клиникийн профессор Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.
-Өсвөр насныхан гэж хэдий насны хүмүүсийг хэлээд байна вэ ?
-Хүний насыг олон шинжлэх ухаанд янз янзаар үечилж авч үздэг. Анагаах ухаан 9-19 насныхныг “Өсвөр насныхан” гэж авч үздэг. Нэг хэсэг нь шилжилтийн нас гэж ярьдаг байсан. Энэ насанд бие махбодийн хувьд болон сэтгэхүйн хувьд жил бүхэн өөрчлөгдөж байдаг хүний насны маш өвөрмөц мөчлөг. Дэлхий дээр зургаан хүн тутмын нэг нь өсвөр насныхан гэж үздэг бол манай улсын хүн амын дунд өсвөр насныхны эзлэх хувь илүү олон. Өөрөөр хэлбэл энэ насныхныг хүүхэд ч биш том хүн ч биш гэдэг.
-Өсвөр насныхны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд нь юу байна вэ?
-Нэгдүгээрт эцэг, эхчүүд байтугай эрүүл мэндийн салбарынхан ч энэ насныхныг цоо эрүүл буюу эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ насныхны эрүүл мэндийн асуудал орхигдсон. Бие махбодийн хувьд хүүхэд наснаас насанд хүрэх өөрчлөлтүүд явагдаж байдаг бол сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй энэ насныхан үргэлж шинийг эрэлхийлж алхам тутамдаа ямар нэг эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байдаг. Ирээдүйн ээж, аав болох хөвгүүд охидод бэлгийн бойжилт гэж асар их өөрчлөлт явагддаг. Охидод хөх ургаж анхны сарын тэмдэг үзэгддэг бол хөвгүүдийн суга, цавинд үс ургаж, төвөнх нааш төвийн дуу хоолой бүдүүрдэг. Мөн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, өөрийгөө тодорхойлох үйл явц явагдаж байдаг. 
-Энэ шилжилт өөрчлөлтүүд нь эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудынх нь эх үүсвэр гэж үзэж болох уу ?
-Тийм. Биеийн өсөлт түрүүлэх буюу хоцрогдох аль аль нь өсвөр насныхны гадаад үзэмжийн тулгамдсан асуудал болдог. Мөн дээр өгүүлсэн өөрийгөө тодорхойлох үйл явцтай холбоотой биеийн галбираа голох зүс царай, үсээ голох, эсвэл хэт өндөр буюу хэт намхан байх нь сэтгэхүйн тулгамдсан асуудал болдог. Бэлгийн бойжилт явагдаж байгаатай холбоотой дааврын өөрчлөлтүүд явагддаг нь бие махбодь болон сэтгэхүйд маш хүчтэй нөлөөлдөг. Өсөлт эрчимтэй явагдаж буйтай холбоотой витамин болон эрдэс бодисууд болох кальци, фосфор, төмрийн дутагдал нь маш түгээмэл эмгэг боловч энэ нь өвдөлтгүй учир ямар нэгэн эмгэг болохыг ээж аав нь өсвөр насныхан өөрдсөө ч мэддэггүй. Гэтэл ирээдүйд ээж болох охид өсвөр насандаа л анх цус багадалтад өртдөг ба энэ нь насанд хүрсэн хойноо бие давхар болоход мэдэгддэг. Харин хөвгүүдэд эрдсийн болон витамины дутагдал элбэг байдаг. Энэ нь бие махбодийн өсөлт хөгжилт төдийгүй оюун санааны хөгжилтөд нь ч нөлөөлдөг. 
-Эдгээр өвчнүүдийн шалтгаан нь юу вэ? 
-Хүний бие махбодийн эрүүл мэнд юуны өмнө хоол, дараа нь хөдөлгөөнтэй холбоотой. Монголчууд хоолны үндсэн том найрлага болох уураг, өөх тос, нүүрс усаар ямар ч хөгжилтэй улс орныхоос дутахааргүй. Харин амин чухал хэрэгцээ болсон эрдэс бодис, витаминаар дутмаг байна. Энэ нь цус багадалт, өсөлт хөгжилтийн хоцрогдол улмаар бэлгийн бойжилтын хоцрогдол болох шалтгаан болдог. Мөн гадаад гоо сайхантай холбоотой тулгамдсан асуудал үүсдэг. Жишээ нь улаан хацар, батга, сэвх гэх мэт. Энэ нь цаашлаад тухайн хүүхдэд сэтгэхүйн дарамт болж хувирдаг. 
-Өсвөр насны үр хүүхэдтэй эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?
-Тэднийг загнан зандрах, тушаах аливаа зүйлийг хэт хориглохоос зайлсхийх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хориглохдоо яагаад гэдгийг нь тайлбарладаггүй, тэдэнтэй ярилцдаггүй нь хүүхэд болон эцэг эхчүүдийн хооронд том ан цав үүсгэдэг. Улмаар аль алиныгаа тоохгүй байх нөхцөл үүсдэг. Насанд хүрэгсэд аливаа зүйлийг захиран тушаах хэлбэрээр хориглож байдаг бол өсвөр насныхан өөрсдийгөө насанд хүрсэн мэт сэтгэдэг учир үгийг нь тоодоггүй. Өсвөр насныхан өөрсдийн шүтдэг урлаг спортын одуудаа даган дууриадаг учир аав ээжийнхээ үгийг тоодоггүй. Хүүхэдтэйгээ бүр бага наснаас нь ярилцаж, ойлгож чадаж байвал өсвөр насанд хүрсэн хойно нь харилцахад төвөг маш бага байх болно.
-Манай орны өсвөр насныхны эрүүл мэндийн байдал ямар вэ?
-Харамсалтай нь хөгжингүй улс орнуудаас доогуур. Монголчууд ханиад томуу, шингэн алдалт зэрэг өвчнүүдийг үргэлж дутуу эмчилдэгээс гадна өсвөр насныхан эрдэс бодисын архаг дутагдалтай байдгаас өсөлт хөгжилт хоцрох, дархлаа хомсдох, цус багадах зэрэг эмгэгүүд элбэг байдаг. Мөн хоолойны мах хэмээх ангина, хамар болон дунд чихний архаг үрэвслийн улмаас бөөр үе мөчний эмгэгтэй болсон байх нь элбэг. Сэтгэцийн эрүүл мэнд буюу сэтгэхүйн хувьд анхаарал татсан асуудал хорт зуршлуудаас эхлээд маш их байдаг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн