Дэд бүтцийн сайд С.Зоригоос гадна дөрвөн хүнийг хөнөөсөн гэх үндэслэлээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэйд анхан шатны шүүх 24-25 жилийн ял оноосон. Шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдаа, тагнуулын тусгайгийн залуучуудын хамгаалалтад дунд хаалттай байдлаар явуулсан тул таван өдрийн хуралдаанаар ямар баримтуудыг ярьсан талаар танхимд суусан өмгөөлөгч, улсын яллагч, шүүх бүрэлдэхүүн, шүүгчдэгчдээс өөр хэн ч үл мэднэ. Сэтгүүлчид шүүх хурлыг бүрэн сурвалжлаагүй тул олон нийт мэдээлэлгүй, зөвхөн хуулийн байгууллагаас гаргасан мэдээллээс өөрийг мэдсэнгүй.
Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газар албан ёсны цахим сайтдаа, “1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байгаа "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болголоо” гэсэн мэдээ тавьсан байна.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчдийн хэргийг захиалагчийн хэргээс тусгаарлаж, түрүүлээд шүүхээр шийдсэн байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдад алагдсанаас хойш 18 жил өнгөрч байна. ҮАБЗ-өөс томилсон тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд баримт, мэдээлэл цуглуулж, ямар ч байсан түүнийг хөнөөсөн гэх үндэслэлээр гурван хүнийг барьж, шүүхийн өмнө авчирсан. 18 жилийн турш шалгахдаа мухарлаж чадсан нь үнэн бол “гүйцэтгэгч” гэх Содномдаржаа, Амгаланбаатар, Чимэгээ нар аллагын “захиалагч”-аа нэрлэсэн байж магадгүй. Тэгэхээр М.Энх-Амгалан прокурорын томилсон ажлын хэсэг “захиалагч”-ийг удахгүй шүүхэд шилжүүлэх биз ээ.
Олноо ил болсноор ардчилсан хувьсгалын зүтгэлтэн, улсын баатар Э.Бат-Үүлийг С.Зоригийн хөнөөгдсөн гэх хэрэгт яллагдагчаар татсан. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татан шалгаж байгаа. Э.Бат-Үүл үүнийг “улс төрийн зорилгоор өөрийг нь хэлмэгдүүлж байна” хэмээн мэдэгдсэн ч УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батжаргал, “С.Зориг нас барсан өдрөөс өнөөдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.
Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Сая мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй” гэсэн байдаг.
Мөн Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээн өөрийн фейсбүүк хуудсанд бичиж, олон нийтэд хандсан.
Улсын ерөнхий прокурорын газар “С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байна” гэх мэдээлэл цацсанаас үүдэлтэйгээр олон жил нийгэмд явж байсан Ш.Отгонбилэг агсан, Э.Бат-Үүл, Б.Булган нарыг энэ хэрэгт оролцоотой гэх мэдээлэл дахин сэдэрлээ. Одоогоор дээрх гурван хүнийг гэм буруугүй, холбогдолгүй, шалгаагүй гэж хуулийн аль ч байгууллага мэдэгдээгүй байна. Уг нь олны хардлагыг хагалаад 18 жил шалгагдсан энэ хэрэгт холбоогүй бол нэр төрийг нь сэргээх хэрэгтэй. Огт шалгаагүй эсвэл шалгаад үзэхэд гэм буруугүй нь тогтоогдсон гэж прокурорын байгууллага олон нийтэд мэдээлэхэд л болно шүү дээ. 18 жил өчнөөн хардлага явлаа.