Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Э.Бат-Үүл: Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжихгүй

Э.Бат-Үүл: Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжихгүй
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 26
АН-ынхны ой санамж муудсан бололтой. Жил хүрэхгүй хугацааны өмнө Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад АН болон МАХН-ыг 2016 оны сонгуульд хамтран оролцох гэрээ байгуулж, Н.Энхбаяртай гарын үсэг зурсаныг жигшин зэвүүцэж, шил дарааллан байр сууриа илэрхийлж байсан. Тухайн үед УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Батчимэг, М.Зоригт нарын нэлээд олон гишүүн Н.Алтанхуягийн энэ үйлдлийг ихэд эсэргүүцэж байсан билээ. Мөн Завхан, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо болон Сүхбаатар дүүргийн Ардчилсан намынхан мөн эсэргүүцэж, Нийслэлийн Ардчилсан намын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргаж байсан билээ. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд, УИХ даргатайгаа нийлээд АН-ыхан бүгдээрээ Н.Энхбаяртай нийлж, Засгийн газраа байгуулах гээд явж байна. Үүнээс харахад АН-ыхан ярьж хэлсэн зүйлээ марчихдаг бололтой.
Тухайн үед АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийж байсан гэрээний талаар хэрхэн байр сууриа илэрхийлж байсан талаар эргэн сануулъя.  
М.Зоригт: АН-ыг Н.Энхбаярын намтай гэрээ байгуулахыг нь мэдсэн бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахаар Ж.Батзандантай хамт гарын үсэг зурдаг байж. Та нартай, та наргүй, намтай, намгүй би ингээд явчихаж чадна гэдгээ намынхаа гишүүд бидэнд хэлж байгаа ухаантай юм байна гэж ойлголоо. АН-ын бүлэг дотроо санал нэгдэж чадахгүй, Н.Алтанхуяг суудалдаа үлдэх гэсэн хүсэл сонирхлын баталгаа нь алдагдсан учраас өөрийнхөө чадахыг харуулсан, гаднаас тусламж эрэхдээ шударга, авлигагүй нийгмийн төлөө явж ирсэн бүхнийг баллаад тийм зүйл хийнэ гэдэг дэндүү ёс суртахуунгүй шийдэл боллоо.
Э.Бат-Үүл: Ерөнхий сайд МАХН-тай гэрээ байгуулсан нь намын гишүүд, дэмжигчдээсээ нууцаар хийсэн ёс зүйгүй, тохирооны үйлдэл. Бусад нам, эвсэлтэй хамтарч ажиллах асуудлыг АН-ын ҮЗХ хуралдаж шийдэх ёстой байтал ганцаараа ийм шийдвэр гаргасан тул Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэдгийг ҮЗХ-д сануулсан байна. 2024 оныг хүртэл хүчин төгөлдөр гэж байгуулсан энэ гэрээг хийх эрх Н.Алтанхуягт байхгүй. Н.Алтанхуяг хүний санаанд багтамгүй увайгүй үйлдэл хийлээ. Тэр Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд танхимынхаа долоон сайдыг золиосолсон. Харин одоо бүр намаа золиосолхоор оролдож байна. МАХН-тай хамтран ажиллах гэрээ ёсоор нийслэл, орон нутгийн намын байгууллагууд нэг нэгнийхээ санал болгосон боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэж заасан байна лээ. Гэхдээ манай нийслэлийн АН-ын хороо хэзээ ч МАХН-ыг дэмжихгүй. Энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгох талаар хөөцөлдөнө. Авлигын загалмайлсан эцгийн хувийн намыг хэзээ ч дэмжиж ажиллахгүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдээллэж байсан билээ.
Д.Ганбат: Угаасаа эрх бүхий байгууллагаас нь гэрээ хийх эрх өгөөгүй байхад ингэж болохгүй. Э.Бат-Үүл дарга ч ярьж байна. Шат дамжлагаар нь яваад асуудлаа шийдсэний дараа эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл авч байж гэрээ хийх ёстой. Ардчилсан намд Их хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл гэж байдаг. Ямар нэг гишүүн санал гомдол гарвал Хяналтын хороо дүрмийн дагуу авч хэлэлцээд шийдвэр гаргадаг. Гэрээтэй холбоотой ямар тайлбар өгөхийг мэдэхгүй байна. Мэдээж дүрэм зөрчсөн бол Ерөнхий сайдад хариуцлага тооцож л таарна.
Энэ мэтээр  олон гишүүн тухайн үедээ Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгулсан АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээг эсэргүүцэж байв. Ийм гэрээ байгуулсных нь төлөө, АН-ыг МАХН-ын хамтрагч болгосны төлөө Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж байлаа. Тэгвэл өнөөдөр АН-ынхан буцаад МАХН-ын хаяанд буужээ. тэд Ч.Сайханбилэгийн засгийн газрыг авч үлдэхийн тулд Н.Энхбаярыг Солонгосоос зөвлөхөөр дуудаж /Н.Энхбаяр өөрөө тэгж хэлсэн/, нөхөж томилох зургаан сайдын суудлыг МАХН-тай хуваалцаж байна. АН-ыг дарга нь шүүхийн ялтай МАХН-тай хамтран ажиллуулж болохгүй гэж Н.Алтанхуягийн үед тэд үзэж байсан бол өнөөдөр Монгол Улсын Засгийн газарыг МАХН-тай хамтран ажиллуулж болно гэж үзэж байна. Эндээс АН-ын эрх ашгийн эрэмбийн дараалал харагдана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн