Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

​Г.Бат-Эрдэнэ: Хэвлийн таргалалттай хүмүүс өөх соруулах болон харвингийн хагалгаа хийлгэх боломжтой

​Г.Бат-Эрдэнэ: Хэвлийн таргалалттай хүмүүс өөх соруулах болон харвингийн хагалгаа хийлгэх боломжтой
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 15
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн гоо сайхан нөхөн сэргээх мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэтэй хэвлийн таргалалт болон түүнийг засах мэс ажилбаруудын талаар ярилцлаа.
-Хэвлийн таргалалт үүсч байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Хэвлийн таргалалт нь тухайн хүний биеийн жингийн илүүдэлтэй холбоотой. Биеийн жингийн илүүдэл нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг ямар байгаатай шууд холбоотой. Амьдралын хэв маяг гэдэг нь хэдэн цагаас босч, ямар төрлийн өглөөний цай ууж байгаагаас эхэлнэ. Ууж байгаа өглөөний цай нь хэр зэрэг нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн байна вэ. Монголчуудын олонх нь өглөөний цайгаа уучихаад ажилдаа машинаар юм уу, нийтийн унаагаар ирдэг. Ажил дээрээ ирээд оффистоо үд хүртэл суугаад өдрийн хоолоо иднэ. Буцаад оффистоо сууж ажиллаж байгаад орой гэртээ очоод оройн хоолоо идээд, хэвтэж байгаад унтчихдаг. Энэ бол амьдралын буруу хэв маяг.  Дасгал хөдөлгөөн, хоолны зохицуулалт алдагдсанаас биеийн жингийн илүүдэл үүсдэг. Сүүлийн үед хүмүүс турна гээд оройн хоолоо сойдог болсон байна. Тухайн хүн оройн хоол идэхгүй 3, цаашлаад 10 хоног л тэснэ. Учир нь, тодорхой тооцоолол, бодлоготой хийгээгүйгээс хүний бие организм түүнийг тэсвэрлэдэггүй. Хэвийн хэмжээнд идэж байгаад гэнэт 3, 7 хоногоор оройн хоолоо сойсноор биеийн бүх хэсгүүдэд байдаг нөөц өөх түр хугацаанд задарч,  хүний биеийн эсэргүүцлийг хэвийн байлгадаг. Эцэстээ хүний бие организм гэнэтийн өлсөлтийг тэсвэрлэхээ больж, хоол идэх дуршлыг хөдөлгөнө. Ингээд удалгүй тухайн хүн хэвийн хэмжээгээр оройн хоолоо идэж эхэлснээр биед орж ирж байгаа бүтээгдэхүүн болгон нь шууд өөх болж нөөцлөгддөг. Учир нь, организм өөрөө зохицуулга хийж "гэнэт өлсгөлөн зарлалаа, дараа дахиж ийм зүйл болж магадгүй" гэж зориуд нөөцөлж эхэлдэг. Тэгэхээр иймэрхүү буруу арга хэрэглэснээр жин хасагдахгүй, харин ч жин нэмэгдэх магадлал нь өндөр болдог.
-Тэгэхээр хамгийн амар хялбар, өөрт эрүүл байдлаар хэрхэн хоол ундны хэрэглээгээ зохицуулах ёстой юм бэ?
-Маш хялбархан. Хүмүүс өглөө, өдөр, орой гэсэн давтамжаар өдөрт гурван удаа л хооллодог. Тэгвэл энэ давтамжийг зургаа болгох хэрэгтэй. Өглөө хоёр ширхэг талх, шарсан өндөр идэж, цай уугаад гардаг байсан бол үүнийхээ яг талыг нь ид. Өмнө нь авч байснаасаа бага ичлэг авсан учраас хэсэг хугацааны дараа гэдэс өлсөнө. Энэ үед нь буюу 10-11 цагийн үед нэмэлтээр нэг аяга шүүс, эсвэл алим идэж болно. Ингээд өдрийн хоолоо мөн талыг нь ид. Хэсэг хугацааны дараа дахиад л өлсөнө, энэ үед нь нэг аяга ус ууж болно. Иймэрхүү хэв маягаар хооллох байдлаа өөрчилж, дээр нь хоолох тоогоо олшруулж, хоолны орцоо өөрчлөх хэрэгтэй. Гурил, мах, амьтны гаралтай өөх тосны хэрэглээгээ багасгаж, хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнээр оруул. Амттан, чихэр шоколадны төрлийн бүтээгдэхүүнийг аль болох багасгах хэрэгтэй. Ингэснээр биеийн жингийн илүүдэл үүсэхгүй. 
-Сүүлийн үед хэвлийн таргалалттай хүмүүс өөх соруулах болон хэвлийн гоо сайхны хагалгааг ихээр хийлгэдэг болсон байна. Энэ чиглэлийн хагалгааг танай эмнэлэг хийдэг гэж сонссон. Ямар нэгэн эрсдэл байдаг уу?
-Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өөх соруулах болон хэвлийн гоо сайхны хагалгаанд орж байгаа. Гэхдээ энэ ажилбарыг хийлгэх хүмүүс эмнэлэгт, мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстой. Хамгийн түрүүнд хэдий хэмжээний биеийн жингийн илүүдэлтэй байна гэдгээ тогтоолгох ёстой. Дараа нь арга замаа сонгож, хагалгаа хийлгэх боломжтой эсэхээ тодорхойлуулна. Ер нь бол өөх соруулах, хэвлийн гоо сайхны хагалгаа хийлгэснээр богино хугацаанд, хамгийн хялбар аргаар хэвлийн таргалалт болон өөрт тааламжгүй санагддаг арьсны унжилтаасаа салах боломжтой болно. Уг хагалгаануудыг манай эмнэлэгт мэргэжлийн  баг ажиллаж,  өндөр төвшинд  хийдэг. 
-Зарим хүмүүс алхалт хийж хэвлийн таргалалтаас сэргийлнэ гэж ярьдаг. Энэ хэр үр дүнтэй вэ?
-Алхалт бол физик ачааллын нэг хэлбэр. Ачаалал нь харьцангуй бага учраас урт хугацаанд үр дүн харагдана. Харин урт хугацааг давж гарах тэсвэр тэвчээр тухайн хүнд хэрэгтэй. Түүнээс биш өөрийнхөө бодлоор өөрийн жингээ хасах нь үр дүнгүй, цаг алдсан асуудал. Хэвлийн хагалгаа богино хугацаанд хурдан үр дүн өгнө. Энэ нь тухайн хүнийг нийгэмд болон хүн хоорондын харилцаанд илүү сайнаар нөлөөлнө. Саяхан 118 кг жинтэй залуу өөх зоруулах хагалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар тэрээр 87 кг жинтэй байна. Өөх соруулах хагалгаагаар нийт есөн литрийг соруулсан. Цаашид амьдралын зөв хэв маяг, хөдөлгөөнөөс хамаарч жин хаях бүрэн боломжтой байгаа. 
-Өөх соруулах хагалгаа хийлгэснээр ямар нэгэн эрсдэл үүсэх үү? 
-Энэ төрлийн хагалгаа хийлгэснээр ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй. Харин хагалгааны эрсдэл байдаг. Ойролцоох эд эрхтэн гэмтэх, цус алдах эрсдэл бий. Мөн зүрх судас болон цусны даралт өндөртэй хүмүүс нарийн шинжилгээ хийлгэсний дараагаар хийлгэх, эсэхээ тогтооно. Түүнчлэн тухайн хүний арьсны онцлогоос хамаарч өөх соруулах хагалгааг хийх үү, үгүй юү гэдгийг тогтдог. Хэтэрхий сул арьстай хүнд өөх соруулах хагалгаа хийвэл арьс унжих магадлал өндөр байдаг л даа. Эмэгтэй хүнд арьсан доор өөхөн эдийн зузаан их байдаг. Харин эрэгтэй хүнд мөн адил зузаан байдаг ч хэвлийн хөндийн эрхтнүүдийн өөхлөлт нь илүү зузаан байдаг. Эрэгтэйчүүд арьс харьцангуй чанга байдаг учраас хагалгааны дараа арьс хурдан татагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд гормоны өөрчлөлтөөр булбарай, зөөлөн байдаг шүү дээ. Тэгэхээр хагалгаа хийлгэхэд арьсны онцлог маш чухал. 
-Хэвлийн гоо сайхны  хагалгааг ямар хүмүүст хийдэг вэ?
-Олон төрөлтийн дараа арьс нь унжсан, нас ахих тусам  жин нэмэгдсэн хүмүүс эл хагалгага хийлгэж байна. Эхлээд хагалгааны ерөнхий төлөвлөгөө гаргаад өөхөн эдийн илүүдэл болон арьсны илүүдлийг авч, булчингийн сулралыг чангалж өгдөг хагалгаа юм. Гэдсийг нааш нь  цүдийлгээд байгаа хэвлийн булчинг зориудаар хайлдаггүй утсаар чангална. Энэ нь хагалгааны маш чухал хэсэг. Үүнийг хийхгүй байвал хэвлийн хэсгийн цүдгэр байдал засагдахгүй магадлал өндөр. Дээш нь сөхсөн арьсны илүүдэл өөхийг доош нь татаж сунгахад хэдий хэмжээний илүүдлийг тайрах нь илүү тодорхой болдог. Иймэрхүү аргачлалаар хэвлийн гоо сайхны хагалгааг хийдэг. 
Хэвлийн таргалалттай тэмцэх маш олон арга бий. Тэдгээрийн нэг нь өөх соруулах, хэвлийн мэс ажилбарын хагалгаа юм. Хэрвээ зөвхөн өөхөн эдийн илүүдэлтэй байвал өөх соруулах хагалгаа хийлгэдэг. Харин арьс, өөх, булчингийн сулралтай бол хэвлийн гоо сайхан буюу харвингийн хагалгааг хийлгэдэг.
-Өөх соруулаад эсвэл хэвлийн гоо сайхны хагалгаа хийсэн тохиолдолд дахин таргалалт үүсвэл яах вэ?
-Хагалгааны дараа барагтаа бол тийм хүндрэл үүсдэггүй. Арьсны сулрал дахиж хэзээч үүсдэггүй. Зарим тохиолдолд хэвлийгээс бусад хэсгээрээ таргалах хандлагатай байдаг. Мэдээж замбараагүй хүнсний хэрэглээ, чихэрлэг зүйлс байнга хэрэглэдэг бол таргалах магадлалтай учраас тодорхой хэмжээгээр идэж уухдаа анхаарах хэрэгтэй. 
Зарим эмэгтэйчүүдийн хувьд хүйсээс доош, зарим тохиолдолд хүйсээс дээшээ маш их хэмжээний язралттай  байдаг. Үүндээ маш их эмзэглэдэг. Харин хэвлийн гоо сайхны хагалгаагаар язралтыг бүрэн шийдэх боломжтой. Өөрөөр, тос түрхэж, фитнессээр хичээллээд язралт арилахгүй. Тийм зүйлд ч мөнгөө үрэх хэрэггүй. Учир нь, хүний арьс урт хугацаанд зугуухан татаад байвал 10, 20 метр сунах боломжтой. Харин жирэмсний хугацаа буюу богино хугацаанд гэнэт жин нэмснээс арьсны сунах чадвар алдагдаж, арьсан дотор байдаг колагин ширхгүүд хугарч язралт үүсдэг. Хугарсан ширхгүүдийг буцаах боломжгүй учраас язралтыг арилгах боломжгүй гэсэн үг.
-Хэвлийн таргалалтаас үүдэн элэг өөхөлсөн байдаг. Тэгвэл хагалгаа хийлгэсний дараа элэгний өөхлөлт багасах уу?
-Өөх соруулах хагалгааг хийлгэсний дараагаар хамгийн багадаа тухайн хүн 5 кг жин хаядаг.  Тэгэхээр үүнийг дагаж  бусад эрхтний өөхлөлт  багасна гэсэн үг.
-Танай эмнэлэг хэр олон хүнд энэ төрлийн хагалгааг хийсэн бэ. Үнэ ханшийн хувьд хэд вэ?
-Сардаа 2-3 хүнд энэ төрлийн хагалгааг хийж байна. Хамгийн өндөр настай нь 75-тай хүн байсан. Өөх соруулах хагалгаа 3.050.000 ₮ бол хэвлийн гоо сайхны хагалгаа 3.700.000 төгрөгөөр хийж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн