Хүний биен дээр мэнгэ цайвар эсвэл бараан, хавтгай, өнгөц эсвэл суурьтай гээд янз бүр байдаг. Харин биен, эрхтэн дээрх мэнгэ хувирч өөрчлөгдвөл яах вэ, ямар нөлөөтэй вэ гэдгийг Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч Г.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ "Төрөлхийн мэнгэ бус, хожим арьсан дээр гарсан мэнгэ хорт хавдар болох магадлал өндөртэй байдаг. Мэнгэний хэмжээ томорч, өнгө нь өөрчлөгдөх тусам аюултай байдаг. Дунд зэргийн, том, хэт том мэнгэ ихэвчлэн хавдар болдог. Тиймээс үл анзаарагдах газар ургасан, онцгой түвэг уддаггүй мэнгэ гээд тоохгүй яваад байж болохгүй. Жилд нэг удаа эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ер нь арьсны төвшингөөс өндөр ургасан мэнгэ, ургацгыг заавал эмчид үзүүлж байх ёстой. Учир нь, энэ үзэгдэл нь арьсны хорт хавдар болох эхний шинж тэмдэг. Цаашлаад мэнгэнд үүссэн аливаа гэмтэл нь хавдартай болоход хүргэж болзошгүй. Тиймээс мэнгээ хумсаараа оролдож, янз бүрийн зүйлээр хатгаж, шархлуулсан бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.
Мэнгээ өөрөө оролдож, шүүс гаргавал энэ нь арьсны хорт хавдар болох аюулд хүргэнэ. Ер нь мэнгэний хэмжээ нь томорч, өнгө нь өөрчлөгдөж, эсвэл ямар нэгэн шүүс гарч эхэлбэл маш хурдан эмчид үзүүлж авахуулах ёстой. Мэнгээс авсан дээжийг микрософийн шинжилгээнд явуулж, хавдрын эс байна үгүй юү гэдгийг шинжилдэг. Хэрвээ хавдар байхгүй бол ямар нэгэн асуудалгүй гэсэн үг.
Тухайн хүн биед нь байгаа мэнгэ, ургацгаа анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд авахуулж байх ёстой.
Хүзүү суганы оролцоо гарч байгаа арьсны ургацгын дийлэнх нь вирусийн гаралтай үүссэн байдаг. Арьсны төвшингөөс илүү гараагүй бол ихэнхдээ лазерын эмчилгээ хийдэг. Хавтгай нөхөөс толбо, ургацгыг лазерын эмчилгээгээр арилгаж болно. Харин арьсны төвшингөөс дээш гарсан тохиолдол тухайн мэнгэ ургацыг зүсэж авсан хамгийн зөв байдаг" гэлээ.
Дашрамд дурдахад, наранд хэт удаан байхдаа мэнгийг нарны туяанаас алчуур, нарны том хүрээтэй малгай, бүр шархны лент нааж хамгаалах арга хэрэглэж болно. Наран шарлагын газар мэнгээ наранд халаах нь аюултай бөгөөд биендээ олон мэнгэтэй хүн тийм газраас хол явсан нь дээр. Мөн биен дээрээ олон мэнгэтэй хүн усанд орохдоо ширүүн бие угаагч, тэр тусмаа сойзоор үрэлгүй зөөлөн угаагч хэрэглэх шаардлагатай. Энэ мэнгэ шархлаж, гэмтэхээс хамгаалах нэг арга юм.