Ард түмний онц зөвлөл үүсгэн байгуулагдаад 100 хоног болж байгаа аж. Иймд өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн ажлаа тайлагнахаас гадна Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Уг зөвлөл нь оффшорчдын асуудлыг шийдэх шаардлагыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлснээс гадна УИХ-ын дарга М.Энхболд бол УИХ-ын зарим гишүүдэд оффшор данстай улс төрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх, шалгах ажлын хэсгийг даруй байгуулах, оффшор дансан дахь орлогоо нуусан гишүүдэд хариуцлага тооцох тухай “Тулган шаардах бичиг” хүргүүлсэн боловч хариулт аваагүй байгаа юм байна. Иймээс оффшор дансан дахь мөнгийг оруулж ирэх асуудлыг мөрийн хөтөлбөрт оруулаагүй нэр дэвшигчийг сонгох үндэслэлгүй" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ талаар “АТОЗ” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Ганц ч нэр дэвшигч оффшортой холбоотой асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулахгүй байна. Харьд хулгайлагдсан байгалийн баялаг, уул уурхай төсвийн орлого болон оффшор дансан дахь мөнгийг оруулж ирэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан нэр дэвшигчийг “Ард түмний онц зөвлөл” дэмжинэ. Харин уг асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулахгүй бол тухайн нэр дэвшигчийг ард түмэн дэмжихгүй байхаар уриалах болно” гэж хэллээ.