Ирэх сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Үүнтэй холбогдуулаагүй ч энэ хаврын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Уг төслийн санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-2013 оны байдлаар Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа байдаг. Эдгээрийн дотор үйл ажиллагаа нь тогтмол, сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлага хангасан нь хэд байсан бол. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө боловсруулж байхдаа ямар нэгэн судалгаа хийж үзсэн үү?
-Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллага арилжааны утгаар өөрөө оршин тогтнох боломжтой. Тэгэхдээ хуулийн хүрээнд, өрсөлдөөний зарчим дээр суурилж оршин тогтнодог байх ёстой. Харин гурван сая хүн амтай манай улсад зах зээл дээрх сонин, сэтгүүл, телевиз, сайтын тоо хэтэрхий олон, багтаамжаасаа давсан байна гэдгийг салбарынхан ч хэлдэг. Хүлээж авах чадвар, шингээх зах зээлээсээ хэд дахин давсан нь ч ойлгомжтой байгаа. Тэгэхээр нэгэнт эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй учир бизнесийн утгаараа оршин тогтнох боломжгүй. Тэгэхдээ эдгээрийн дунд олон жилийн туршлагатай, үйл ажиллагаа нь тогтмол, илүү мэргэжлийн төвшинд ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээж олон. Түүний зэрэгцээ зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөж мөнгө олохгүй боловч ямар нэгэн зорилгоор, хэн нэгний ивээн тэтгэлгээр оршин тогтнодог хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч олон байна. Тэр хэсэг бол захиалгат сэтгүүл зүй шүү дээ . Тодорхой зорилгоор, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн нэгэн барьж байгаа нь захиалгатай, сэтгүүл зүйг хараат байлгаж, хянах гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүй. -Таны хуулийн төсөлд ийм, тодруулбал захиалгат сэтгүүл зүйг хөгжүүлэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг багасгах, зах зээлээс шахах зохицуулалт байгаа юу?
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг яагаад шинэчлэн найруулах болсон шалтгааныг эхлээд тайлбарлая. Хоёр зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, энэ хууль нийгмийн сайн сайхны төлөө хууль. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа Монгол Улсын иргэн бүр үнэн бодитой мэдээлэл авах эрхтэй . Энэ эрхийг хангахын төлөө гарч байгаа хууль. Түүнээс биш, хэн нэгэн төрийн албан хаагч, төрийн түшмэл, эсвэл мөнгөтэй хүн энэ эрхийг өөртөө өмчилж, хэвлэл мэдээллийн зах зээл дээр хүссэн мэдээллээ цацаж, эс хүссэнээ хааж хязгаарлан дураараа тоглож болохгүй . Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэг талаас үнэн бодитой мэдээлэл авах эрх чөлөө. Тийм учраас энэ хууль иргэдэд очих мэдээллийг гуйвуулахгүй, харин ч баталгаажуулахын төлөө чиглэсэн. Монголын иргэн нэг бүрийн эрх ашгийг хамгаалж, нийтийн сайн сайхны төлөө гаргаж байгаа хууль гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөг дэлхий нийтээрээ онцолж үздэг нь ч ийм учиртай. Хоёрдугаарт, нийгмийн сайн сайхныг бий болгож байгаа, тийм болгох үүрэгтэй энэ салбар бие даасан, мэргэжлийн, ёс зүйтэй хөгжих ирээдүйн баталгааг энэ хуулиар хангаж, суурийг нь тавьж өгөөсэй гэж хууль санаачлагчид хүсч байгаа. Хуулийн төсөл дээр зөвхөн санаачлагч хэдэн гишүүн ажиллаагүй, салбарынхны дуу хоолой, энэ салбарт олон жил хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьсан мэргэжлийн хүмүүсийн байр суурь, иргэдийн санал бодлыг тусгасан. Өргөн барихаасаа өмнө олон улсын хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагуудын саналыг тусгасан. Одоо өөрийн чинь асуултад чиглүүлж хариулахад, энэ хууль гарснаар Монгол Улсын сэтгүүлзүйн салбар харьцангуй эрүүл болох, хэвлэлийн эрх чөлөө хангагдах, хэвлэлийн салбар өөрөө өөртөө эзэн байх, арилжааны утгаараа оршин тогтнох боломж, суурь хөрс нь урт хугацаандаа хангагдана гэж харж байгаа юм. Мэдээж хууль батлагдсаны маргаашнаас өргөс авсан мэт бүх асуудал шийдэгдэхгүй. Энэ хуульд суурилаад Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль зэрэг бусад хуулиудыг шинэчлэн батлах ёстой. Энэ бүгдэд аж ахуйн үйл ажиллагааны зохицуулалт шаардлагатай учраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар бүгдийг цогц шийдэх боломжгүй. Анх Ерөнхийлөгчийн өргөнбарьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ дээр хэлэлцэж байхад аж ахуйн асуудалтай холбоотой зарим зохицуулалтыг оруулах санал ажлын хэсгээс гаргаж оруулсан ч тухайн үед салбарынхнаас нэлээд шүүмжлэл авч байсан. Тиймээс бид энэ хуулийн төсөлд салбарын бусад хуулиар зохицуулах аж ахуйн шинжтэй зохицуулалтыг бараг тусгаагүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний суурь зарчмыг л гол болгосон. Тиймээс урт хугацаандаа энэ хууль жинхэнэ мэргэжлийнхэн нь шигшигдэж үлдэх эерэг нөлөөллийг авчирна гэж харж байгаа. -Өнгөрсөн хаврын чуулганаар төсөв хэлэлцэж байхад “Хаалтын гэрээ”-ний асуудал нэлээд маргаан дагуулсан. Тухайн үед энэ асуудлыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулахыг эрх бүхий хүмүүс хэлж байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?
-Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийн салбарыг өөрт нь үлдээх нь маш чухал гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, төр болон мөнгөтэй хүмүүс хаалт гэж их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ эсвэл эрх мэдлээр хэвлэлийг удирдах биш, харин хэвлэл мэдээллийн салбар нь өөрөө өөрийгөө авч явах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлсэн. Энэ үзэл санааг төсөлд тусгасан. Товчхондоо энэ хуулийн төсөл салбарынхаа ирээдүйд маш их хэрэгтэй хууль болно.
-Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төрийн байгууллага, улстөрчидтэй хийсэн гэрээ хэлэлцээрийг ил болгоно гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, энэ заалтаар хаалтын гэрээ гэж зүйл байхгүй болно гэж ойлгож болох уу?
-Шилэн дансны хуулийн үйлчлэлээр төрийн байгууллагын гүйлгээ одоо ил болсон. Төрийн аль нэгэн байгууллага аль нэгэн хэвлэлийг онцолж байнга гэрээ байгуулж, их хэмжээний үнийн дүнтэй гүйлгээ хийвэл шууд л харагдана гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд зарим талаар бодитой баримт хэлдэг, нөгөө талаар зарим зүйл дээр хардах ч тал бий. Ямар хардлага явдаг уу гэхээр нэг нам гарахаараа нэг хэсэг хэвлэлийг төсвийн мөнгөөр ивээн тэтгэдэг. Нөгөө нам нь гарахаар үлдсэн хэсэг рүү нь очдог гэж. Энэ нь эрх барьж байгаа нам Засгийн газрын хөрөнгийг, татвар төлөгчдийн хөрөнгийг тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү шилжүүлдэг гэсэн хардлага байсан. Харин одоо Шилэн дансны хуулиар зохицуулагдаад явж байгаа. Ер нь ил тод байдал бол хэвлэлийн хараат бус байдал, хариуцлагыг бэхжүүлэх хамгийн сайн зохицуулалт.
-Хэвлэлийн эзэд, хөрөнгө оруулагчид редакцын бодлогод нөлөөлөхгүй, мөн хэвлэлийн эзэд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийг нийтэд ил болгоно гэж төсөлд тусгасан байсан. Эдгээр заалтуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломж хэр байна вэ?
-Хэвлэлийн хараат бус байдал, хариуцлагыг давхар бий болгодог олон улсын сэтгүүлзүй, олон улсын чөлөөт хэвлэлийн алтан зарчмууд байдаг. Хуулийн төсөл дээр ажиллах явцдаа энэ талаар нэлээд судалгаа хийсэн, гадаад дотоодын салбарын мэргэжилтнүүдтэй ч олон удаа уулзлаа. Суурь зарчим нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн байгууллага төрөөс хараат бус байх зарчим. Үүнийг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажуулж өгсөн. Энэ хуулийн заалтыг илүү тодотгож оруулсан. Наад зах нь төрөөс шилжүүлж байгаамөнгө ил байна гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэлийг атгаад байж болохгүй гэдгийн нотолгоо болох юм. Энэ үүднээс асуудлыг улам тодотгож оруулсан. Өөрөөр хэлбэл, төрөөс хараат бус байх зарчим л даа. Хоёрдугаарт тусгасан маш чухал зарчим бол өмчлөгч нь ил тод байх тухай. Энэ бол олон улсын сэтгүүлзүйн үндсэн чухал зарчим. Өнөөдөр Монгол Улсад банкны хувь эзэмшигчид ил байх ёстой гэдэг. Яагаад гэвэл банк, банкны эзэд иргэдийн мөнгөн хадгаламжаар бизнесээ авч явдаг . Хэвлэл мэдээллийн байгууллага бол гутал үйлдвэрлэхтэй адил бизнес биш. Хэвлэл мэдээлэл бол ардчилсан орны иргэн бүрийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй онцгой салбар. Энэ утгаараа олон улсын хэмжээнд өмчлөгч нь ил байх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Тэгэхээр хэрвээ бид дэлхийн хэвлэлийн эрх чөлөө, олон улсын сэтгүүлзүйн зарчим гэж ярьж л байгаа бол редакцын эзэн, өмчлөгч нь ил байдаг суурь зарчмыг нь мөрдөх, баримтлах л ёстой. -Хэрвээ хэвлэлийн эздийг ил болговол тухайн редакц илүү хариуцлагатай болох байх. Бас уншигч үзэгчийн сонголтод хэрэг болох нь гарцаагүй.Харин тухайн редакцтай холбоотой санал гомдлыг сэтгүүлч, эзэн хоёрын хэн нь хүлээх вэ?
-Тухайн хэвлэлийг өмчилж байгаа хүнийг ил гаргаад ирэхээр нийгмийн хариуцлага бий болдог. Энэ хэний хэвлэл мэдээллийн хэрэгсэл вэ гэдэг нь хүмүүст тодорхой болно, ингэснээр тухайн эзэн хэвлэлээрээ хууль зөрчсөн, туйлширсан, нийгмийн эв нэгдлийг бутаргасан, хүн гүтгэсэн үйл ажиллагаа явуулж чадах уу, үгүй юү, мэдээж багасна. Тиймээс тухайн хэвлэл мэдээллийн хараат бус байдал ч, хариуцлагын асуудал ч өмчлөгчийг ил болгохоос эхэлдэг нь олон улсын зарчим. Үүнийг Монголд нэвтрүүлэх цаг болсон. Хоёрдахь зарчим бол 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хуульд нийтлүүлсэн зүйлийнхээ төлөө редакц хариуцлага хүлээнэ гэж заасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжээгүй, эцсийн эцэст редакц биш, сэтгүүлч хариуцлага хүлээх болдог. Олон улсын сэтгүүлзүйн чухал зарчим бол редакц хариуцлага хүлээнэ гэж заадаг. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн байгууллага бол агуулга зардаг байгууллага . Тэгэхээр олон нийтэд хүргэж байгаа тэр агуулгын эзэн нь хэн бэ гэдэг нь нийтэд ил байлгах ёстой. Тэр өмчлөгч, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу ерөнхий редакторын мэдэлд тухайн редакцийн бодлого байдаг. Тийм учраас хариуцлагыг редакц хүлээдэг алтан зарчим байна. Хэрвээ редакц тухайн сэтгүүлчид сурвалжлага, нийтлэл, мэдээ мэдээллээ тавих эрхийг нь олгоогүй болбол тухайн хувь сэтгүүлч, иргэн Батчимэг хоёр адилхан гэсэн үг. Өөрт байгаа мэдээллээ нэг, хоёр хүнд л амаар дамжуулан ярина уу гэхээс телевизээр гарч, сонин, сайтаар материалаа хүргэх боломжгүй. Харин тухайн мэдээллээ нийтэд хүргэх эрхийг нь редакц олгож өгч байгаа гэдэг утгаараа үнэн бодитой мэдээлэл түгээх хариуцлага нь дэлхийн нийтээрээ редакцад байдаг юм байна. Чөлөөт хэвлэлтэй бүх оронд тийм байдаг. Харин редакц сэтгүүлчтэйгээ ёс зүйтэй ажиллуулах гэрээгээ байгуулж ажиллах ёстой. Энэ зарчмыг л тусгасан. -Бас төлбөртэй мэдээ мэдээллийн захиалагчийг ил зарлаж явна гэж тусгасан байсан байх аа. Төлбөртэй мэдээ мэдээллийн үнэн бодит байдлыг редакц хариуцахгүй биз дээ?
-Тэгсэн. Энэ бас чухал зарчим. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын гаргаж байгаа мэдээ мэдээллийн нэг хэсэг нь өөрсдийнх нь бэлдсэн мэдээлэл байдаг. Нөгөө хэсэг нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл арилжааны утгаар оршин тогтнох ёстой учраас реклам, зар сурталчилгаа, төлбөртэй мэдээ, мэдээлэл нийтлүүлэх, захиалгат байгууллагыг сурталчилсан мэдээ мэдээллийг хүргэдэг. Гэхдээ энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн бэлтгэж байгаа агуулга биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөртэй мэдээ мэдээллийг тавих боломжтой. Төрийн байгууллагуудын хууль тогтоомжийг сурталчилж болно. Хамгийн гол нь нэвтрүүлж нийтэлж байгаа агуулга нь олон нийтэд худлаа биш, бодитой гэдгийг нотлохын тулд захиалагчийг ил болгож, зарлаж явах хэрэгтэй. Тухайн төлбөртэй материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхдээ ямар нэгэн байдлаар ялгах тэмдэг тавьж, тухайн нэвтрүүлэг, нийтлэлийг хэн захиалсан, захиалагчийн нэр, бэлтгэсэн уран бүтээлчдийн нэр нь ил тод гарч байдаг олон улсын зарчмыг тусгасан. Хэвлэлийн хараат бус байдал, хариуцлага хоёрыг өнөөдөр ил тод байдлаар дамжиж хангаж байна. Захиалагчийг ил зарлахаар тухайн төлбөртэй материалын эзэн нийтийн өмнө ч, редакцын өмнө ч хариуцлага хүлээх болж байгаа юм. Одоо хэний ч юм нэрээр нэвтрүүлэг, нийтлэл олон нийтэд хүргэдэг. Тэрийг нь хаанаас хэн өгсөн бэ гэж асуухадредакц нь “мэдэхгүй нэг хүн л ирүүлсэн ш дээ. Тэр аймгийн тэр сумын иргэн гэдэг. Гэтэл тэр хүн нь бодитой ч юм уу. Хуулийн нарийвчилсан зохицуулалт байдаггүй учраас мушгин гуйвуулсан гүтгэсэн, нэг талыг барьсан мэдээллүүд очиж тэр нь бидний амьсгалж чаддаггүй, хорддог нүүрсний утаанаас дутахгүйгээр нийгмийн сэтгэлзүйг хордуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс энэ хуулиар өмчлөгчийн ил тод байдал, төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн захиалагчийн эзэн ил тод байх ёстой гэж байгаа. Зайлшгүй нөхцөлд редакц сэтгүүлч дээр тодорхой хуулийн зохицуулалтаар хариуцлага хүлээлгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ л тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээллийн үндсэн хариуцлагыг редакц хүлээнэ гэж заасан нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн гол зарчим нь. Манайд л хэрэгжихгүй явж ирсэн. -Эзэд болон захиалагчдыг ил болгоно гэж ярьж байна. Гэтэл хэвлэлийн эзэд захиалагчдын гол төлөөлөл нь энэ Төрийн ордонд сууж байгаа.Тэгэхээр тэд энэ хуулийн төсөлийг, төсөл доторхи энэ заалтыг дэмжиж батлах нь эргэлзээтэй санагдаж байна?
-Өнөөдөр шилэн данстай болж төр шилэн байх тухай шаардлага тавьж байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага ч мөн хариуцлагатай шилэн байхыг манай хэвлэлийнхэн дэмжиж хүлээж авах байх гэж найдаж байгаа. Энэ зарчмыг эсэргүүцэх нь өөрөө хэр ёс зүйтэй үйлдэл болохыг эрхбиш бодох байлгүй дээ. Үнэхээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг, олон арван жил хөл дээрээ тогтсон хэвлэлийн байгууллагуудын эздийг хэн гэдгийг салбарынхан нь мэддэг. Олон нийт ч гадарладаг. Тэр хүмүүс ил гарлаа гээд өөрөө өөртөө тавих шаардлага, тухайн байгууллагын хариуцлага л илүү тодорхой болж, засаглал илүү сайжирна уу гэхээс мэргэшсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүнээс болж сөрөг асуудал үүснэ гэж бодохгүй байгаа. Харин нөгөө талд түрүүн эхэнд хэлж байсанчлан арилжааны утгаараа мөнгө олдоггүй хэрнээ оршин тогтноод байдаг хэвлэлийн эзэд эсэргүүцэж магадгүй. Эдгээр хэвлэлийн эзэд ил тод болохыг хүсэхгүй. Тэгэхээр Монголын сэтгүүлзүй олон улсын энэ зарчмаар явах, үгүйгээ УИХ-ын гишүүдэд найдах бус, салбар өөрөө дэмжих, үүнийгээ илэрхийлэх нь хамгийн чухал. -Сэтгүүлч ямар нэгэн алдаа хийвэл редакц хариуцлага хүлээж, редакц сэтгүүлч хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж та ярилаа. Редакын ёс зүйн алдааг Хэвлэлийн зөвлөлөөр дамжуулан шийдвэрлэнэ гэж төсөлд мөн заасан байсан. Манайд Хэвлэлийн зөвлөл гэдэг байгуулалга дөнгөж хоёр гурван сарын өмнө байгууллагдсан. Тэгэхээр хууль батлагдвал энэ байгууллага ёс зүйн алдааг шүүгээд эхлэх юм уу?
-Хуульд тусгасан Хэвлэлийн зөвлөл гэдэг бол цэвэр хэвлэл мэдээллийн салбарын өөрийнх нь зохицуулалтын газар гэж харж байгаа. Энэ зөвлөлд хэн нэгэн улстөрч гаднаас оролцох, УИХ, төрийн байгууллагаас удирдлага бүрэлдэхүүнийг томилох зүйл байж болохгүй. Энэ хуулийн үзэл санаа ч тийм биш. Хуулийн төсөлд Хэвлэлийн зөвлөлийн талаарх үзэл санааг оруулахаар дэмжсэн нь нөгөө л хэвлэлийн салбарыг төрөөс хараат бус байлгах, хууль шүүхийн байгууллагын шууд дарамтаас хараат бус байлгах нөхцөлийг хангах том үндэс нь гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хэвлэл мэдээлэлтэй холбоотой, эсвэл нийтэлсэн зүйлтэй холбоотой гомдол гарах юм бол нийгэмд сэтгүүлч, редакцыг хууль шүүхийн байгууллагад гомдол гаргаж явахаас илүү салбарынхан нь ёс зүйн зохицуулалтын байгууллага дээр очиж асуудлаа шийдэх эрхийг олгож байгаа юм. Танай салбарынхан алдаа гаргаж байгаа бол түүнийг тогтоож өгөх хүсэлтийг салбарт нь гарга. Ардчилсан нийгэмд чөлөөт хэвлэлийг хууль шүүхийн байгууллагад өгөхөө түрүүнд тавихыг оролддог байдлыг арилгах л үзэл санаатай юм. Нийгэмд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Хэвлэлийн зөвлөл бол салбарынхаа хараат бус байдлыг нь бэхжүүлэх чухал бүтэц юм. -Хэвлэлийн зөвлөлийг төсөвөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлж явахаар тусгасан байсан болохоор төрийн оролцоо байх юм болов уу гэж харагдсан?
-Энэ байгууллагад төрийн оролцоо байх ёсгүй. Европын олон ардчилсан оронд Хэвлэлийн зөвлөлдөө төрөөс санхүүжилт өгдөг жишиг байна. Бид ч гадна дотнын олон хүнтэй уулзаж байхад хэвлэлийн эрх чөлөө өөрөө нийтийн сайн сайхны төлөө, нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг ёс зүйтэй салбар. Тиймээс энэ салбарын Хэвлэлийн зөвлөл өөрийнхөө санхүүжилтээр хөл дээрээ зогсох амаргүй байдаг. Дөрөвдэх засаглалынхаа хараат бус байдлыг бэхжүүлье, дэмжье гэж байгаа бол нийтийн төлөө үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагад татвар төлөгчдөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгч болох юм гэж олон улсад үздэг юм билээ. Олон орны Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтийг харьцуулж судалсан. Төсөвт их хэмжээний ачаалал учруулах хэмжээний зардал биш. Харьцангуй бага зардлаар чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх боломжийг олгохын тулд төрөөс 40 хүртэлх хувийн санхүүжилт олгоно гэж тусгасан байгаа.
-Хамгийн гол нь Хэвлэлийн зөвлөлийг яаж байгуулах нь зохицуулалтгүй. Одоо байгуулагдаад байгаа Хэвлэлийн зөвлөлийг салбарын зарим төлөөлөл, телевизүүдийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж сонссон. Зарим нь цахимаар санал бодлоо илэрхийлсэн байна лээ?
-Хэвлэлийн зөвлөлийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юү гэдэг нь цэвэр салбарынхны өөрийнх нь асуудал. Хэрвээ ийм байгууллага бидэнд хэрэггүй гэвэл асуудлаа шүүхээр шийдүүлж болно. Ер нь Хэвлэлийн зөвлөлийг хүлээн зөвшөөрөх процесс, үйл явц нь ардчилал хөгжинө гэдэгтэй адилхан хэцүү, удаан үргэлжлэх процесс байдгийг гаднын олон улсын жишээг уншиж байхдаа ойлгосон. Бие биеэ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй, дүгнэлт зөв буруу гээд л ярьдаг. Хэрвээ Хэвлэлийн зөвлөл өөрөө аль нэг тал руу хэлтийж, эсвэл хүсэн хүлээж байгаа мэргэжлийн төвшинд ажиллаж чадахгүй байх юм бол аяндаа оршин тогтноход хэцүү болох байх. Салбар өөрөө хүсэл эрмэлзэлтэй байгаад тал талаасаа сайжруулаад сайн ажиллаад явбал нийгэм хүлээн зөвшөөрч, зөв хандлага тогтоно. Манайд Хэвлэлийн зөвлөл үүсэн байгуулагдсан талаар мэдээлэл авсан. Энэ зөвлөлийн үүсгэн байгуулалт энэ хуультай хэрхэн уялдах уу гэж салбарынхан хүсэлт тавьж уулзаж, чөлөөт ярилцлага хийсэн. Миний байр суурь бол бид үзэл баримтлалын талаарх саналаа л хэлье, ямар нэгэн байдлаар Хэвлэлийн зөвлөлд улстөрчид бид оролцох ёсгүй гэдгээ хэлсэн. Үүнийг салбарынхан өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн Хэвлэлийн зөвлөлтэй байх л хэрэгтэй. Хэрвээ Хэвлэлийн зөвлөлгүй явъя гэж байгаа бол салбар өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй зүйлийг бий болгохыг хүсэхгүй байна, дурын хэн нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагатай шүүхдэх орон зайг бий болгож байна л гэсэн үг.
-Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах, илчлэх тохиолдолыг хуулийн төсөлд яаж заасан бэ? Яг ямар тохиолдолуудад эх сурвалжаа ил болгох вэ?
-Төсөлд сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хамгаалахаар заасан байгаа. Онцгой нөхцөлд буюу хүний амь нас, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр зайлшгүй сэтгүүлчээс мэдээлэл авах шаардлагатай гэж үзвэл тухайн асуудал дээр эх сурвалжаа нууцлах асуудлыг шүүхийн төвшинд түдгэлзүүлэхэр тусгасан . Бүх эрхийг бүгдийг нь түдгэлзүүлнэ гэсэн үг биш. Зөвхөн тухайн гэмт хэрэг дээр нууцлах эрхийг нь шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, сэтгүүлчээс мэдээлэл авах зохицуулалтыг хийсэн. Энэ мөн л олон улсын хэмжээнд байдаг зохицуулалт. -Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас эх сурвалжаа хэлэх ёстой гэж сэтгүүлчээс шахах хандлага нийгэмд нэлээд байдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Одоо төсөл дээр шүүмжлэл дагуулж байгаа нэг асуудал нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд эх сурвалжийг нууцлахгүй гэж заасан байгаа. Энэ тал дээр олон нийт, сэтгүүлч, мэргэжлийн хүмүүсийн зүгээс ямар болгоомжлолыг хэлдэг гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг өөрөө маш өргөн хүрээтэй асуудал. Тэгэхээр ямар ч асуудлыг үндэсний аюулгүй байдал руу холбон уялдуулах боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл энэ заалт үнэ цэнгүй болчих юм биш үү гэж байгаа. Тийм учраас хэлэлцүүлгийн шатанд энэ заалтыг анхаарч хязгаарлалт хийж өгөх ёстой байгаа. Ер нь энэ хуулиар нууцлах эрхээ хамгаалуулах эрхийг баталгаажуулж өгснөөр ажлаа амар тайван хийх боломж сэтгүүлчдэд олгогдох юм. Редакц сэтгүүлчтэйгээ гэрээ байгуулж ажиллахдаа сэтгүүлчийг мэргэжлийн хувьд хараат бусаар ажиллуулах нь олон улсын сэтгүүлзүйн зарчим. Энэ ойлголцлыг редакц сэтгүүлч хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулсан цагаасаа хоорондоо бий болгох ёстой гэсэн санааг хуульд тусгасан байгаа. Гэхдээ үүнийг хэтэрхий туйлшруулж ойлговол буруу болно. Сэтгүүлч, хэвлэлийн байгууллагын удирдлага хоорондын харилцаа нь ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа. Гэтэл сэтгүүлчдийг үг хэлэх эрхгүй, халах, солих эрхгүй юм уу эсвэл сэтгүүлч бол ямарч юманд захирагдахгүй хүн гэдэг хуулийн зохицуулалт орсон гэж ойлговол буруу болно. Нийгэмд тийм ойлголт яваад байгаа л даа. Хууль гарчихаар л сэтгүүлч хуулийн хамгаалтад орж, ажилд авсан ажил олгогчийнхоо үгийг сонсохгүй ажиллах боломжтой болно гэж бодож байгаа бол ташаа ойлголт.
-Редакц сэтгүүлчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ёс зүйн дүрмээ биелүүлээд явна гэсэн үг биз дээ?
-Тийм ээ. Сэтгүүлч ч редакцын өмнө, байгууллагын өмнө үүрэг хүлээх ёстой. Нэн түрүүнд ёс зүйн дүрмээ чанд баримталж ажиллана. Учир нь, арилжааны байгууллага зах зээл дээр оршин тогтонож байна гэж үзвэл сэтгүүлч ёс зүйгүй үйл ажиллагаа явуулаад байвал тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй болно. Тиймээс харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээнэ. Гэхдээ үндсэн агуулга нь үнэн бодит мэдээлэл хүргэнэ гэдэг дээр харилцан үүрэг хүлээх зохицуулалт явж байгаа.
-Төр хэвлэл мэдээллийн байгууллагатай байна гэсэн заалт байсан. Яг ямар тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагатай байхаар заасан бэ?
-Засгийн газар улсынхаа тухай мэдээ мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлах үйл ажиллагаа эрхэлдэг мэдээллийн хэрэгсэлтэй байж болно гэсэн ганцхан тохиолдолыг хуулиар зөвшөөрсөн байгаа. Одоогийн МОНЦАМЭ шиг үүрэгтэй байгууллага гэсэн үг. МОНЦАМЭ одоо дотооддоо мэдээ мэдээлэл хүргэж эхэлсэн. Төрөөс санхүүждэг ийм мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн гадагшаа мэдээлэл түгээх зорилгоор Гадаад харилцааны яамныхаа дэргэд байгуулагдсан байдаг. Ийм байдлаар ажиллаж болно. Төрөөс санхүүжсэн атлаа дотоодын зах зээл дээр арилжааны хэвлэл мэдээлэлтэй өрсөлдөж мэдээлэл хүргэх нь буруу юм.
- Үндэсний олон нийтийн радио телевизийг ингэж шүүмжилдэг шүү дээ. Ер нь МҮОНРТ-ийн хуульд юу гэж тусгасан байгаа юм бэ?
-МҮОНРТ рүү онцгойлон чиглэсэн заалт байхгүй. Харин энэ хууль батлагдсаны дараа МҮОНРТ-ийн хуулийг сайжруулах ёстой юм байна гэж үзэж байгаа. Шинэ хуулийн үзэл санаа дээр суурилж өөрчлөх хэрэгтэй. Бүх улс оронд үндэсний олон нийтийн телевиз байдаг. Ашгийн бус, дотоододоо иргэддээ үндэсний агуулгатай мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг хүргэдэг үүрэгтэй. Арилжааны хэвлэл мэдээлэл мөнгө зараад хийхэд хүндрэлтэй боловч улс үндэсний үнэт зүйл, үзэл санааг нэгтгэж байхад Олон нийтийн радио телевиз гэдэг байгууллага зайлшгүй хэрэгтэй, байх ёстой байгууллага. Өнгөрсөн намар төсөв баталхад төсөв мөнгө нь нэлээд танагдлаа. Тухайн үед ажиллаж байсан удирдлагатай нь холбоотой хариуцлага нэхсэн уур амьсгал УИХ дээр их байснаас ч болсон байх. Төсвийг нь танасныг би буруу гэж хэлэхгүй. Гэхдээ МҮОНРТ-ийн хариуцлагатай байдал, санхүү мөнгөний ил тод байдлыг сайжруулах талыг л түлхүү авч үзэхээс бус, төсвийг нь улам танаад байвал улсад үндэсний хэмжээний хохирол болно. Тиймээс энэ байгуулалгыг хариуцлагатай ил тод, сайн ажиллуулах тал дээр хуулиа сайжаруулах шаардлага тавигдах ёстой.
-Сүүлийн үед дэлхий нийтээрээ сошиал ертөнцөөс мэдээллээ түлхүү авдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө ч сошиал ертөнцөд эдэлж байна. Энэ талын зохицуулалтыг яаж хийсэн бэ?
-Цахим ертөнц, цахим сэтгүүлзүй бол үнэхээр шинэ хандлага . Маш хурдтай хүч түрэн орж ирж, бас маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Тийм учраас олон улсын хэмжээнд ч энэ зохицуулалт маргаантай байдаг. Хэрвээ энэ төсөл батлагдаж, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг баталгаажуулсан суурь хуультай болчихвол үүн дээрээ суурилаад салбарын зохицуулалтын шинжтэй бусад хуулиа гаргах боломжтой. Удахгүй болох Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэж “Интернэт эрх чөлөө” гэсэн нэртэй олон улсын том хурал болно. Энэ хуралд манай хэвлэл мэдээллийнхэн, мэргэжилтэнүүд анхаарч олон улсын туршлагыг сонсох боломж бүрдэнэ. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээ мэдээлэл дээр ямар зохицуулалт хийх үү гэдгийг дэлгэрэнгүй ярина. Тэнд хувь хүний эрх чөлөөг зөрчсөн, хохироосон янз бүрийн үйлдлүүд байна гэж иргэд бухимдлаа илэрхийлдэг, санаа зовинох зүйл ч байна. Тэгэхээр энэ талын зохицуулалтыг хэрхэн зөв явуулах, иргэдийнхээ дуу хоолойг хориголохгүй байх, интернэт орчны мэдээлэл нь үнэн бодитой байх, эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй эсэх талаар ярилцах л хэрэгтэй. Тийм шаардлага байгаа. -Эцэст нь танаас асуухад Эрүүгийн хуулийн төсөлдсэтгүүлчдийг “гүтгэх” гэдэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж барьж хорих заалт оруулсан байна лээ. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сэтгүүлчийн хариуцлага, эх сурвалжийн нууцлалыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар хамгаалах гэж байна. Гэтэл үүний нөгөө талд, Эрүүгийн хуульд сэтгүүлчдийг яллах төсөл явж байна шүү дээ?