Хүйтэн сэрүүний улирлаар ихэвчлэн ханиад томуу тусдаг. Харин сүүлийн үед зуны сард ханиад хүрч, халуурч бүлээрэх нь ихэсчээ. Иймд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Зуны улиралд хүрч байгаа ханиадыг яаж эмчлэх вэ. Юунаас гаралтай ханиад вэ. Өвлийн улиралд тусдаг ханиаднаас ялгаатай юу?
-Ханиад бол амьсгалын замын вирусийн цочмог халдварт өвчин. Энэ нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг, вирусийн шалтгаантай өвчин юм. Уг өвчнийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг. Тухайлбал, жил бүрийн арван нэгэн сараас дөрөвдүгээр сар томуу, томуу төст өвчний дэгдэлт нэлээд илэрдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд хүн ханиад хүрэх нь элбэг тохиолддог. Харин жилийн турш рино, РС, сценовирус, энтеровирус зэрэг вирус нь амьсгалын замын цочмог вирусийн халдварыг алаг цоог маягаар үүсгэдэг. Энэ жилийн хувьд рино вирус өндөр хувьтай байсан. Энэ вирус хамрын салст бүрхэвчийг давамгайлан үрэвсүүлдэг онцлогтой. Иймд хамар битүүрч, их хэмжээний шингэн усархаг зүйл гарах, амьсгалын дээд зам цочмог үрэвсэх шинж илэрдэг. Вирусийн халдвар нь удаан хугацаанд 5-7 хоног үргэлжилдэг. Харин хордлогын шинж дунд зэргийн байдлаар үргэлжилж, 37-38 хэм халуурдаг онцлогтой. РС вирус нь уушгины гуурсан хоолойг давамгайлан гэмтээж амьсгалын дээд зам хамрын хавсарсан үрэвслийг үүсгэн цочмог халдварлагдсан үрэвслийг үүсгэдэг. Энтеровирус нь ханиадны шинж тэмдэг илрэхээс гадна ходоод гэдэсний хямралыг хавсран үүсгэх гэх мэт вирус болгон хүний бие махбодод нэвтрэн орохдоо эмнэл зүйн өөр өөр нөлөө үзүүлдэг.
-Ханиад хүрэхэд хүнд, хөнгөн хэлбэрээр илэрч байна. Энэ ямар шалтгаантай байдаг вэ?
-Ямар нэг халдварт өвчинд халдварын эх уурхай байдаг. Нэг хүнээс нөгөөд дамжин халддаг. Тухайлбал, олон хүнтэй газар явах ч юм уу, эсвэл ханиадтай хүнтэй хамт байх ч гэдэг юм уу. Харин ханиад хүний бие махбодод эмнэл зүйн өөр өөр шинж тэмдгийг үзүүлдэг. Жишээ нь, зарим хүний дархлааны тогтолцоо нь хамгаалах чадвар сайтай байгаа тохиолдолд ганц нэг натайлгаад орхигддог бол зарим хүн өндөр халуурах, халдвар хордлогын хам шинж их явагдаж хатгаа болж хүндрэх нь байдаг. Энэ нь нэгдүгээрт вирусийн хоргүй чанарын байдал, хоёрдугаарт дархлааны тогтолцооны онцлог байдал, тухайн хүний хамгаалалт гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг.
-Тэгвэл ханиад томууг ямар хүн хүнд тусч болох вэ?
-Ерөнхийдөө хүн жилд дөрвөөс зургаан удаа томуу, томуу төст өвчин тусч байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр сэрүүн бүсийн уур амьсгалтай орнуудад ханиад томууг хүн бүр тусах нь түгээмэл. Ханиад томуу тусахад эрсдэлт бүлэг гэж байдаг. Энд бага насны хүүхдүүд, настай буюу 65-аас дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хэт таргалалттай хүн, мөн дархлааны дутагдалтай, дархлаа суларсан, архаг хууч өвчтэй, зүрх судас, уушгины өвчтэй хүн ордог. Эдгээрт багтаж байгаа хүнд вирусийн халдвар илүү хүнд байдлаар нөлөөлөх, цаашлаад өвчин даамжрах асуудал байдаг. Иймд энэ бүлгийн хүмүүс вирусийн эсрэг хамгаалалт хийлгэх хэрэгтэй. Яаж хамгаалах вэ гэхээр вирусийн эсрэг вакцин хийлгэх юм. Харин ердийн эрүүл дархлаатай хүн бол ханиад хүрэхэд өөрөө аяндаа эдгэрнэ. Вирус бие рүү ороход дархлааны тогтолцоо харилцан хамгаалалтын хүчтэй урвал явагдаж вирус нь биеэс гардаг.
-Ханиадны шинж тэмдэг илрэхэд хүмүүс эмийн сангаас антибиотик авч уудаг. Энэ нь зөв үү?
-Манайхан маш их дураараа эмчилгээ хийдэг. Юуны түрүүнд ханиалгад антибиотик авч уудаг. Харин вируст ямар ч антибиотик үйлчилдэггүй. Үүнээс гадна антибиотикт хортой химийн бодис байдгаас гадна дархлааны тогтолцоог дарангуйлдаг. Иймээс ханиад томууны үеэр антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь боломжтой бол эм хэрэглэхгүйгээр өөрийн дархлаагаар эдгээж байвал сайн. Халуун аарц, чацаргана, сонгино сармистай хоол, идэж, уух ч гэдэг юм уу эрүүл аргаар эдгээх нь зүйтэй.
-Хүний идэж уудаг бүтээгдэхүүнээс ханиадыг сэдрээх, илүү хүндрүүлэх зүйл байдаг уу?
-Архи уух тамхи татах ч гэдэг юм уу хүний хорт зуршлууд дархлааг дарангуйлдаг. Ялангуяа архи, тамхи нь амьсгалын замын хэсэг газрын дархлааны тогтолцоог хүчтэй дарангуйлдаг үйлчилгээтэй учраас ханиад хүрэх, хатгаагаар өвчлөх нь их байдаг.
-Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дархлаа сайтай байх, хоол ундаа сайн идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Мөн гэр доторх агаарын орчин чухал байдаг. Гэр бүлийн нэг хүн ханиад хүрэхэд агааржилт муутай бол бусад хүмүүст вирус халдварлах нөхцөл болдог. Иймд чийгтэй цэвэрлээгээ хийж байх нь чухал.