Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчийн тамгыг гардуулан өгснөөр түүний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа гардан авсны дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тэрээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж байна” гээд Монгол Улсынхаа төрийн далбаанд мөргөлөө.
Тангараг өргөсний дарга УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр “Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та УИХ-д Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн энэ мөчөөс Та Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажил албандаа орж байна. Монгол түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, УИХ, Засгийн газрын эв нийлсэн, бүтээлч харилцан ажиллагааг хангаж ажиллана гэдэгт бид итгэж байна. Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр дээд албанд хичээнгүйлэн зүтгэсэн Ц.Элбэгдорж танд УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан иргэдийн төлөөлөл баяр хүргэж, үг хэлэв.
-Иргэн: Түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс эх орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ болон ард түмэндээ хандаж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл, найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.
Итгэл өгч, найдан дэмжиж Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг дэмжсэн нийт иргэддээ халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.
УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бидний шийдэх ёстой асуудлууд шилээ даран хүлээж байгааг бид бүгд мэдэж байгаа. Би нэн тэрүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө Та бүхэнтээ хамтран ажиллахыг эрмэлзэж байна, хүлээн авна уу. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл ноцтой хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байгааг онцгой анхаарч, бүх боломж бололцоог үүнд чиглүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Энэ зорилгыг төлөө УИХ, Засгийн газартай хамтран нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгаж байна. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. Та бүхний зөв бодлого, зөв шийдэл бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно гэдгээ хэлье. Монголчууд аа, ахан дүүс ээ,
Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Монгол Улс эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн, улс орноо иргэдийхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт би итгэл төгс байна.
Миний бие ажлын зарчимдаа дараахь зүйлсийг дэмжихгүй гэдгээ энд онцлон хэлье.
Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна. Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, хамтрагч үндэстэн байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно оо. Мөнхийн хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлогод онцгой анхаарал хандуулна. Монголын маргаашийг, их орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна. Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дээшлэх болтугай.
Дээдсийн маань хийморь сүлд биднийг уриалан дуудаг ээ
Монгол Улс хөгжин бадартугай, баярлалаа” гэлээ.