Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “ТАСС” агентлагт ярилцлага өгчээ. Энэ нь түүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа гадаадын агентлагт өгсөн анхны ярилцлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа Оросын талтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг онцолсон байна. Ингээд ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт уялдаатай байх чухал алхмуудыг хийж байна. Ялангуя Азид илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Та үүнийг хэрхэн үнэлж, энэ талаар ямар бодолтой байна вэ? Монгол Улсад энэ чиглэлд юу хэрэгтэй вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Улс орны гадаад бодлогын талаар олон санаа, төлөвлөгөө надад бий. Монгол Улс Ази тивд оршдог, тиймээс Азийн бүх улстай дипломат харилцаа тогтоосон.
Манай орон хоёр том улсын (ОХУ, БНХАУ) хооронд оршдог. БНХАУ-тай бид стратегийн түншлэлтэй, Япон, Энэтхэгтэй стратегийн харилцаатай. Мөн бид БНСУ-тай иж бүрэн түншлэлийг хөгжүүлж байна.
Хамтын ажиллагааны гол сэдэв нь гаалийн тарифын зохицуулалт, томоохон хэмжээний шинэчлэлийг хэрэгжүүлэх явдал байх болно. Мөн бид сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийг ашиглан байгалийнхаа баялгийг боловсруулах төвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Би Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрөөд байна. Хэсэг хугацааны дараа миний төлөвлөгөөнүүд биеллээ олж, тодорхой үр дүн гарна гэж бодож байна.
-Хүн бүр өөрийн улсын ирээдүйн талаар зайлшгүй бодох ёстой байдаг. Та ирэх арван жилд Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Аливаа улсын орны тэргүүн улс орныхоо урт хугацааны хөгжлийн талаар боддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгууль өмнөхүүдээс онцгой байсан. Одоо манай улс хүнд хэцүү нөхцөлтэй тулгарч, ядуурал, ажилгүйдлийн төвшинг бууруулах шаардлагатай байна. Энэ байдлыг өөрчлөх найдлага тээн иргэд намайг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө би улсынхаа хоёр гол яаманд сайдаар ажиллаж байсан. Дараагийн дөрвөн жилд улс орны тогтвортой хөгжлийн анхны суурь болох эдийн засгийн салбарт хийх тодорхой төлөвлөгөө надад бий. Улс орны тогтвортой хөгжилд анхдагч үндэс суурь болдог эдийн засгийн хүрээнд ирэх дөрвөн жилд хийх тодорхой төлөвлөгөөнүүд бий. Дөрвөн жилийн дараа миний албан тушаалын хугацаа дууссаны дараа иргэн бүр хувьцаа хүртэх боломжтой болно . -Ерөнхийлөгчийн хувьд нэн тэргүүний асуудлыг юу гэж харж байна вэ. Таны бодлоор Монголд зайлшгүй шаардлагатай байгаа шинэтгэлийг улс орныхоо уламжлалтай хэрхэн уялдуулах вэ?
- Аливаа улс өөрийн ард түмний уламжлал, олон зуун жилийн настай зан заншлаас хамааран хөгжлийн бодлогоо боловсруулдаг. Монголчууд бол нүүдэлчин цустай, нүүдэлчин ард түмэн. Монголын нүүдэлчдийн уламжлалт зан заншлаас шалтгаалан хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгаа нь Монгол Улсын онцлог шинж юм. Монголчууд хөгжлийн гарцаа бие даан хайж байгаа нь бидний онцлог юм. Өдгөө Монголд олон ажлын байрыг гадаадын мэргэжилтнүүд эзэлж, манай улсын хөгжлийн төлөө ажиллаж байна. Бид үүнийг өөрчлөх болно.
Өнөөгийн нөхцөл байдлаас ялгаатай нь ирээдүйд монголчууд, иргэн бүр уул уурхайгаас тэгш эрхтэйгээр орлого хүртдэг болно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ашигт малтмал, ашигт малтмалын ордыг ашиглах лицензийг цөөн хэдэн хувь хүн, хувийн компани эзэмшдэг байсан. Үүний зэрэгцээ хамтарсан улс төр, бизнесийн цөөхөн группууд л орлогоо нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд нэг талаас улс оронд ядуурал бий болж, ажилгүй иргэдийн тоо өссөн. Нөгөө талаас улс төрийн бүлгүүд нөөц хөрөнгөтэй болсон. Энэ сэдэв нь миний хувьд гол түлхүүр юм.
Бидний бас нэг анхаарах ёстой чухал салбар бол дэд бүтэц юм . Энэ салбарыг өөрсдийн хүчээр хөгжүүлж, хөрш орнууд болох Хятад, Оростой дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны чиглэлд хамтран ажиллах шаардлагатай байна. Далайд гарцгүй орны хувьд бид хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах хэрэгтэй.
-Орос, Монгол сайн, ойр дотно хөршийн харилцаатай улсууд. ОХУ-тай цаашид харилцаагаа хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой гэж харж байгаа вэ?
-Манай хоёр улс нөхөрсөг хөршийн харилцаатай, олон зуун жилийн харилцан түүхтэй хөршүүд. Түүхэн хугацаанд бид бие биеэ өргөн цар хүрээгээрээ хэрхэн дэмжиж байсан нь харагддаг. Хамгийн сүүлчийн жишээ бол Халх голын тулалдаан, үүнийг мартах ёсгүй. Үүнийг санаж явах нь чухал. ОХУ-ын бүс нутаг, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хилийн шугам чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашид бүс нутгийн төвшний харилцааг шинэ төвшинд хүргэх ёстой. Үүнтэй холбогдуулан бид Байгаль нууртай холбоотой асуудлаар чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн талаар судалж болно. Бид Эгийн голын усан цахилгаан станц барих төсөл дээр ажиллаж байна. Хоёр талын харилцан ойлголцол санал зөрөлдөөнтэй байгаа ч үүнийг шийдвэрлэж болно гэж харж байгаа. Бидний хамтын ажиллагаа улам хөгжиж, түүний дотор батлан хамгаалах салбар эрчимтэй хөгжих болно гэж найдаж байна. Учир нь манай цэргийн тоног төхөөрөмж, зэвсгийн 95 хувь нь Оросоос гаралтай байдаг.
-Таны бодлоор Монгол, Оросын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй салбар юу вэ?
- Өмнө нь дурдсанчлан, батлан хамгаалах салбар бол Орос, Монголын хамтын ажиллагааны хамгийн чухал салбарын нэг юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Энэ үеэр тэрээр миний нэрийн өмнөөс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Оросын сайдад дамжуулсан. Монголчууд Сергей Шойгуг тува гаралтай хүн гэж үздэг, түүнийг халуун дотноор хүлээн авдаг.
Хоёрдугаарт, Орос Монголын хамтын ажиллагааны чухал салбар бол хөдөө аж ахуй. ЗХУ-ын үед бид Зөвлөлтийн үйлдвэрлэлийн олон тооны машин механизмыг ашигладаг байсан. Харин одоо бол ОХУ-ын фермийн тоног төхөөрөмжүүд багассан. Тиймээс бид фермерийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Манай хоёр улсын цаг уурын нөхцөл байдал ижил төстэй учир энэ бол боломжтой зүйл. Түүнчлэн Эрхүү мужид Монголоос мах экспортлох талаар олон жилийн туршид яригдаж байгаа ч энэ асуудал одоог болтол шийдэлд хүрээгүй байна.
2016 онд парламентын сонгууль болохоос өмнө Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшлийг 49 хувийг хувьчилсан. Энэ үнэхээр хэцүү асуудал. УБТЗ-ын хувьд үүнтэй төстэй нөхцөл байдал үүсгэхгүй байхыг бид хичээж байна.
Түүнчлэн "Монголросцветмет" зэрэг уул уурхайн ашиглалтын хэд хэдэн лицензтэй компаниуд байна. Энэ компанийн менежментийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд бид хамтран ажиллах шаардлагатай байна. Учир нь, маш их өр төлбөртэй байгаа шүү дээ.
- Монгол бол байгалийн өвөрмөц нөөц бүхий өвөрмөц орон юм. Та Оросын жуулчдыг Монголд татахыг хүсч байна уу?
-Аялал жуулчлал бол сайн зохион байгуулалт, өндөр чанартай үйлчилгээ, зөв зохистой зохицуулалт шаарддаг онцгой салбар. Монгол Улс ирэх жил шинэ нисэх онгоцны буудлаа нээнэ. Энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц блож, Оросын жуулчдын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад Оросоос биш Сибирийн бүс нутгаас жуулчид автобусаар олон ирдэг. Япон, Өмнөд Солонгосын жуулчдыг ӨМӨЗО, Монгол, Буриад буюу “Гурван Монгол”-оор аялуулах тойрон аялал зохион байгуулах асуудлаар Буриадын аялал жуулчлалын агентлагтай санал солилцсон.
-Та Дорнодын бүс нутгийн эдийн засгийн чуулганд оролцохоор төлөвлөж байгаа гэсэн. Та энэ форумд ямар үүрэгтэйгээр оролцох вэ?
-Энэ бол миний гадаад дахь анхны албан ёсны айлчлал болно. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй болон Зүүн Хойд Азийн улс орнуудын тэргүүн нартай уулзах төлөвтэй байна. Хөтөлбөр, хэлэлцэх асуудлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам боловсруулж байгаа.