"Баянгол" зочид буудалд байрлах хоёр компанийн оффист нэгжлэг хийсэн цагдаагийнхан явсны дараа тэнд байсан УИХ-ын гишүүд гарч ирж мэдээлэл өгсөн юм.
-“Шинэ төмөр зам төсөл”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой”-той холбоотой хэргийг шалгах явцад “Баялгийн хувь сан", “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн бичиг баримтад шалгалт хийх шаардлага гарсан гэдэг тайлбарыг хэлсэн. Анх тусгай болон цагдаагийн олон алба хаагч ирснийг миний өмгөөлөгч, “Та нар тусгайгийн энэ олон цагдаагаа явуулахгүй бол үймээн гарах магадлалтай байна” гэсэн. Тэгсэн ч энд олон цагдаа нар, тусгай тасгийнхан ирлээ. Хэдэн сарын өмнө эхэлсэн “Төмөр замын” гэх тодотголтой энэ хэрэг эцэс сүүлдээ хувийн компани руу орж байгаад харамсаж байна. Үүнийг захиалсан хүмүүс нь удахгүй тодорхой болно” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, хуулийг хэрэгжүүлж, компанийн бичиг баримтыг ч шалгаж болно, гэхдээ ингэж сүржигнэж болохгүй гэлээ. Тэрээр мөн "би 20-иод жил улстөрд хамт яваагийн хувьд хэлэхэд Х.Баттулга ийм хэрэг хийх хүн биш" гэв. Үүнийг нь Баянхонгор аймгийн ард түмэн ч мэднэ гэнэ. Хувийн компаниуд бүгд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдчихсан. Ер нь шалгаж болно л доо. Гэхдээ ингэж тусгай тасгийн цагдаа нарыг авчирч, шүржигнэх шаардлага байхгүй гэж Д.Ганбат гишүүн онцоллоо.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Үүсээд байгаа энэ бүхэн Тавантолгойтой л холбоотой. Нам дамжсан Тавантолгойн томоохон бүлэглэл байгаа. Тавантолгойн 98 хувийг гаднынханд өгөх гэж байсан гэрээг батлуулаагүй, зогсоосон учраас энэ бүх асуудал үүссэн гэдгийг хариуцлагатай мэдэгдмээр байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол энэ баривчилгаа цаашдаа үргэлжилсээр байх болно. Дандаа туслах эмэгтэйчүүдийг баривчилж байна. Сонгууль дөхөж байгаа, сонгуулиар Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол энэ баривчилгаа дуусахгүй. Нам дамжсан нүүрсчдийн бүлэглэл сонгуулиар жагсаалтын ард нуугдаж үлдэх магадлалтай байгаа. Тиймээс энэ долоо хоногт Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж жагсаалтын 28-ыг байхгүй болгохын төлөө ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд Цагдаагийн тусгайгийнхан 13 цагаас хойш нэвтрээд байгаа билээ. Үүссэн асуудлаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Сайншандын аж үйлдвэрийн тендерийн хэрэгтэй холбогдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компанийг прокурорын зөвшөөрөлтэй санхүүгийн шалгалт хийхээр тус буудалд нэвтэрсэн гэдгийг хэллээ. Тус компаниудад шалгалт хийх болохоос биш УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэд халдаж баривчлахгүй гэдгийг мэдэгдлээ.
Цагдаагийн тусгай тасгийнхан 13 цагаас эхлэн “Баянгол” зочид буудлыг хамгаалалтад авчээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тендерийн хэрэгтэй холбогдуулсан тусгайгийнхан Баянгол зочид буудалд нэвтэрсэн талаар эх сурвалж хэлж байна. Тус зочид буудалд байрлах "Баялгийн хувь сан", "Түмэн хишигтэн цогцолбор"-ын оффист нэжлэг хийх зорилгоор цагдаагийн иржээ. Баянгол зочид буудалд АН-ын МоаХ фракцынхан хуралдаж байгаа бөгөөд тусгайгийнханУИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийхээр дотогшоо нэвтэрсэн байна.
17.00 цагийн байдлаар Баянгол зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар байна гэсэн мэдээлэл байсан. Удалгүй сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж “Баянгол" зочид буудал иржээ. Тэрээр “твийттерээс мэдээлэл аваад ирсэн” гэдгээ сэтгүүлчдэд хэлэв.
Мөн 17.20 цагт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар Баянгол зочид буудалд ирээд байна. Э.Бат-Үүл хэлэхдээ "Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Сошиалаас мэдээлэл аваад шууд ирлээ" гэж хэлэв. Түүнчлэн олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ирэв.
Мөн Баянгол зочид буудлын захирал, Х.Баттулга гишүүнийн охин Намуун сэтгүүлчдэд тодруулга өглөө. Б.Намуун “Тусгайгийн хан 13 цагийн орчимд манай буудлын ойр орчмыг хамгаалалтад авч эхэлсэн. Аавын өрөө рүү 14 цагийн орчимд нэвтрээд одоо хүртэлд гарч ирээгүй байна” гэлээ.
Болж байгаа үйл явдлын талаар удахгүй УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Цагдаагийнхан тус тусдаа мэдээлэл хийх юм байна.