Open iToim app
Эксперт | 7 мин уншина

​Д.Батсүх: Цэцийн зөв, бурууг Тамгын газар тогтоодог болж, төр хяналтгүй боллоо

​Д.Батсүх: Цэцийн зөв, бурууг Тамгын газар тогтоодог болж, төр хяналтгүй боллоо
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 23
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, “Advocate” хууль зүйн товчооны захирал Д.Батсүхтэй ярилцлаа.
-Академич Ж.Амарсанааг УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татлаа. Эгүүлэн татах үйл явцыг хуульч хүний хувьд харж байхад ямар санаа бодол төрөв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-УИХ, Үндсэн хуулийн Цэцийн хооронд нэлээдгүй маргаатай асуудлууд яваад байна л даа. Цэц УИХ-аас гаргасан тодорхой шийдвэрүүд, баталсан зарим хуулиуд дээр хяналт тавьж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ бол маргааны зангилаа болов уу гэж харж байна. Үндсэн хуулийн Цэцээс эгүүлэн татах процесс ажиллагааны талаас нь харахад хууль тогтоомжид нийцээгүй зүйлүүд гарлаа гэж хуульч хүний зүгээс харсан. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд Цэцийн гишүүнээс татахтай холбоотой зохицуулалт тодорхой бий. Тодруулбал, 65.4-т Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн ерөнхий зохицуулалт байна. Энэ ерөнхий зохицуулалтыг Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар нарийвчилсан байдаг. Цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсвэл түүнийг хууль зөрчсөн гэдэг нь шүүхээр тогтоогдсон” гэх хоёр нөхцөлийг заасан байдаг. Аль алинд нь шүүхээр тогтоогдсон байх шаардлага тавигдаж байна.
-УИХ-аас саяхан баталсан хуульд “эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн” гэсэн өгүүлбэр ороод ирсэн юм биш үү?
-Шинэ баталсан хууль дээр Үндсэн хуулийн Цэц дээр мэдээлэл өгөгдөөд маргаан үүсээд шалгагдаад явж байсан. Шинэ хуулийн зохицуулалтыг оруулсан байдал нь Үндсэн хуулийн агуулгаас өөр болоод эхэлж байгаа юм. Хоёрдугаарт, аливаа төрийн захиргааны байгууллагын болон албан тушаалтны гаргасан шийдвэр, үйл ажиллагаа бол шүүхийн хяналтад л байх ёстой. Тэр үед тэдгээр шинэ хуулиуд ёсчлогдоогүй, Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнгөрөөгүй байсан гэж яриад байсан шүү дээ. Тийм учраас хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиудын хүрээнд авч үзэх ёстой. Цэцийн дарга гэдэг бол төрийн албан тушаалтан. Цэцийн даргын шийдвэр, явуулсан үйл ажиллагааг захиргааны акт гэж үзнэ. Захиргааны актын зөв, бурууг шүүхээр тогтоох ёстой . Хуульд үүнийг “эрх бүхий албан тушаалтан” гэж оруулж байгаа нь буруу. Тэр тусмаа Цэцийн дарга, гишүүний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан шүүж болохгүй . Сая хар л даа, эгүүлэн татахтай холбоотой асуудал дээр УИХ-ын Тамгын газрын дарга нь Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын ажлын албаны л ажлыг хийдэг субьект . Тамгын газар Цэцийн дарга, гишүүний хууль зөрчсөн эсэхийг тогтоодог эрх бүхий этгээд байж болохгүй.
-Яагаад?
-Цэцийн бие даасан, Цэцийн гишүүн хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг байх зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгсөн. Хэрвээ УИХ-ын ажлын алба болох Тамгын газар нь Цэцийн дарга, гишүүний үйл ажиллагааг хянадаг, тэрний зөв бурууг дүгнэдэг болоод ирвэл эдгээр зүйл огт байхгүй болно. Үндсэн хуулийн Цэцийн хяналтад байдаг субьектүүд Цэцийн үйл ажиллагааг хянадаг болоод ирвэл хяналтгүй төр бий болохын үндэс . Сая болж өнгөрсөн процесс Монгол Улсын төр хяналтгүй болох хууль зүйн үндсийг бүрдүүллээ.
-Цэцтэй холбоотой гурван хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар иргэд Цэцэд хандсан. Цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэр гараагүй байхад эдгээр хуулийг түр хугацаанд хэрэглэхгүй байх тухай албан бичгийг УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгчид Ж.Амарсанаа гуай хүргүүлсэн. Бас УИХ-ыг эдгээр хуулийг баталснаараа Үндсэн хууль зөрчсөн гэсэн ярилцлага өгсөн. Маргааны талаар Цэцийн, гишүүнийхээ урьдчилсан дүгнэлтээ илэрхийлсэн нь хууль зөрчлөө гэж эгүүлэн татах үндэслэл болсон юм биш үү?
-Тэр бичиг Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгаар илэрхийлэгдээгүй гэж харж байгаа. Хэрэглэх гэж байгаа хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд маргаан үүсгэгдчихсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл, маргаан үүсгэсэн бол тэр хуулийн заалтыг шүүх болон төрийн байгууллагууд хэрэглэж шийдвэр гаргаж болдоггүй зарчим үйлчилдэг. Энэ агуулгын хүрээнд Цэцтэй холбоотой хуулиуд дээр маргаан үүссэн байгаа гэдгийг мэдэгдсэн албан бичиг байна лээ. Ийм учраас хуульч хүний хувьд Ж.Амарсанаа гуайг хууль зөрчсөн гэж харахгүй байгаа.
-Дунд суудлын хуралдаанаас шийдвэр гарч байж хуулийг түдгэлзүүлдэг юм уу, маргаан үүсгэлээ гэнгүүт түдгэлзүүлдэг юм уу?
-Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд дунд суудлын хуралдаанаас дүгнэлт гарснаар хуулийг хэрэглэхийг түдгэлзүүлнэ гэсэн байдаг. Түрүүн миний хэлсэн тохиолдолд бол тухай хуулийн заалтыг хэн ч хэрэглэж болдоггүй. Маргаан үүссэн тохиолдолд маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл болохгүй гэсэн үг шүү дээ. Үүнийг л мэдээлсэн албан бичиг гэж хуульч хүний хувьд үзсэн. УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, Тамгын газраас нь явуулсан албан бичигт бол хууль зөрччихлөө гээд байгаа юм л даа. Хэрвээ Тамгын газар Цэцийн гишүүний албан бичгийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол шүүхээр тогтоолгох ёстой байсан. Монгол Улсад шүүхийн хяналтаас гадуур нэг ч үйлдэл, үйл ажиллагаа байж болохгүй. Хуульд тодорхой зохицуулаагүй бол гомдол гаргагч иргэн Үндсэн хуулийн Цэцээр харьяаллаа тогтоолгоод аль нэг шүүхээр асуудлыг шийдүүлэх ёстой.
-УИХ-ын Тамгын газарт Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийн гарын үсэгтэй хариу очсон. “Хуулийн дагуу шийдвэрлэ, манайх тусгайлан саналгүй байна” гэсэн байна лээ. Энэ албан бичиг санал мөн үү?
-Би тэр албан бичгийг хэвлэлээс уншсан. Үндсэн хуулийн 65.4, Цэцийн тухай хуулийн 5.3-т “Илгээсэн байгууллагын саналыг үндэслэж” гэсэн байгаа. Илгээсэн байгууллагын санал бол “Манайхаас нэр дэвшүүлсэн гишүүнийг эгүүлэн татъя” гэсэн санал байх ёстой. Ийм текстээр бичигдэж байж эгүүлэн татах тухай санал болох ёстой. Гэтэл тэр албан бичгийг үзэхэд эгүүлэн татах саналын утга илэрхийлэгдэхгүй байгаа. Ерөөсөө л “Манайх энэ дээр ямар нэгэн санал байхгүй” гэсэн байна лээ. Санал байхгүй гэдэг нь харин ч эгүүлэн татах санал байхгүй гэдэг утга, агуулгаар бууж байна . Хоёрдугаарт, Ж.Амарсанаа гуайг илгээсэн байгууллага нь Улсын Дээд шүүх. Дээд шүүх анх санал болгосон журмаараа шийдэх ёстой.
-Анх илгээхдээ нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, өндөр оноо авсан хүнээ УИХ-д нэр дэвшүүлсэн юм байна лээ. Та тэрийг хэлж байна уу?
-Тийм. Ерөнхий шүүгчийг л Улсын Дээд шүүх гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн 51.1-т Улсын Дээд шүүх нь ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Х.Тэмүүжин болохоор ерөнхий шүүч гадаад, дотоод харилцаанд Улсын Дээд шүүхийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж байна лээ. Үндсэн хууль, Цэцтэй холбоотой асуудал дээр Үндсэн хуулийн заалтаа л баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар хуралдаж шийдээд, саналаа тодорхой тавих ёстой. Ийм шаардлага хангагдаагүй байгаа.
-Ж.Амарсанаа академичийг Цэцийн гишүүнээс эгүүлэн татах ямар шаардлага байсан бол. Та юу гэж хардаж байна вэ?
-Аливаа ажил хийж байгаа хүнд том, жижиг алдаа гардаг. Алдаа гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль зөрчсөн эсэхийг шүүхээр л тогтоолгох ёстой. Би бол хуульчийн нүдээр л харж байна. Ж.Амарсанааг эгүүлэн татахтай холбоотой гаргаж тавьж байгаа үндэслэлүүд солих шалтгаан биш шалтаг л байж. Илүү том өнцгөөр нь харах ёстой нэг асуудал байна аа энд. Сонгуулийн тухай хуульд заасан зарим маргааныг Үндсэн хуулийн Цэцэд хянан шийдвэрлэдэг. Сонгуулийн жил гарсны дараахан Цэцийн гишүүдтэй холбоотой олон асуудлыг хөндөж гаргаж ирж байгаа байдлыг зарим иргэд сонгуулийн бэлтгэл юм биш үү гэж байна лээ. Өөрөөр хэлбэл, сонгуультай холбоотой асуудал дээр эрх барьж байгаа нам өөрсдийнхөө бэлтгэлийг хангаж байна гэж хардаж байна лээ .
-Гэхдээ бас эрх зүйн шинэтгэлд саад болдог, Үндсэн хуулийг үзэл санаагаар нь биш үг үсгээр нь өөрсдийнхөөрөө тайлбарладаг гэсэн шүүмжлэл явсан?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг сонгогдсоноос хойш, Ардчилсан нам УИХ-д олон суудал авснаас хойш эрх зүйн шинэтгэл нэлээд эрчимтэй явсан. Нийгмийн харилцаанд эрс шинэчлэл авчирч байгаа зүйлс үнэхээр байгаа. Огцом энэ өөрчлөлт Монголын ард түмний сэтгэхүй ухамсар, зан заншил, бодит амьдралтай зарим талаар нийцэхгүй байх тохиолдол байгаа. Ийм учраас яг таг нийцүүлэх шаардлага гараад байгаа юм. Хуулийн байгууллагуудыг дамнасан асар их хөдөлгөөн, шүүхийн бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлууд байна. Шинэчлэл болгон зөв гэж харж болохгүй. Шинэчлэл, хууль амьдралд нийцэхгүй бол хэрэгжиж чадахгүй. Үүнээс улбаатайгаар Үндсэн хуулийн Цэц энэ удаагийн парламентын баталсан маш олон хуулийг унагаасан. УИХ өөрийнхөө хийж байгаа болгоныг зөв гэж хараад, үүнийг хянадаг тогтолцоогоо үгүйсгээд, устгаж байгаа бол 1990 оноос өмнөх төрийн удирдлагын менежмэнт рүүгээ орно. Ямар ч хяналтгүй төртэй болж, бүх зүйл төрийн л зөв болно . Харьцангуй тэр үеийн төрийн удирдлагуудад эх орноо гэсэн сэтгэл байж дээ.
-Та Цэцийн гишүүнийг эгүүлэн татсан үйл явцаар Үндсэн хуулийн Цэцэд хандах уу?
-Би иргэн, хуульчийн хувиар энэ асуудалд анхаарал тавиад явж байгаа. Энэ бол хуульч хүний үүрэг. Төр засгийг хяналттай байлгах, хуулийг дээдлэдэг байлгахад, хуулийн засаглалыг Монголд тогтоохын төлөө ажиллах нь хуульч бүрийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг. Энэ утгаараа судалж үзэж байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн